| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2023/00591/И |
| Дугаар | 152/ШШ2024/00458 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 152/ШШ2024/00458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.О-ийн /М.Б/-ийн төлөөлөн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч М.Б-д шүүх хуралдааны товыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр Миний бие М.Б цаг агаарын нөхцөл байдлын улмаас шүүх хуралд очих боломжгүй болсон тул миний өмгөөлөгч Д.Б-г оролцуулж намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр, хариуцагч Б.А-д шүүх хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь Ирцийн асуудлаар гаргах саналгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Б.А-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Ургамал сумын 2 дугаар багийн иргэн М.Б 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ноолуур авч явсан Увс аймгийн Өндөрхангай сумын иргэн Д.А түүний эхнэр Д.И нарт 603 кг ноолуур худалдсан байна. Д.А, Д.И нар ноолуурыг аваад сүлжээнд ороод мөнгийг нь шилжүүлнэ гэж хэлээд явсан боловч одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. М.Б өөрөө хөдөө мал ахуйтай учир ирэх боломжгүй байна. Д.А, Д.И нар нь холбоо барих утсаа авахгүй байгаа. Тиймээс миний бие төлөөлөн нэхэмжлэл гаргаж байна. Иймд Д.А-ээс 603 кг ноолуурын үнийн үлдэгдэл болох 10,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Б 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ц.О нь маргаантай хэргийн талаар сайн мэдэхгүй байгаа учраас миний бие түүнд олгосон итгэмжлэлээсээ татгалзжээ.
2. Нэхэмжлэгч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрөө холоос ирж чадаагүй учраас О-т итгэмжлэл хийж нэхэмжлэл гаргасан. Ц.О нэхэмжлэл гаргахдаа 635 гэдгийг 602 гэж андуурч бичсэн байсныг би холоос зорьж ирээд тодорхой бичиж өгсөн ба үүнд: 2023 оны 5 дугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат А-д 635,2 кг ноолуур өгсөн бөгөөд 85,200,000 төгрөг болсон. Одоо үлдэгдэл 10,200,000 төгрөг өгөхгүй байгаа тул танай шүүхэд хандсан юм. Эхнэр нь гарын үсэг зурсан баримт цуг өгөв. Би Д.А-д 635.2 кг ноолуур өгсөн. Тухайн үед над руу 30,000,000 төгрөг хийсэн. Сүлжээнд ороод үлдэгдэл мөнгийг нь хийнэ гэсэн боловч 5, 10 саяар цувуулж 30 гаруй хоногийн дараа гэхэд 75 саяыг нь өгөөд 10,200,000 төгрөгийг нь үлдээгээд одоо болтол өгөхгүй байгаа. Надаас нийт авсан ноолуур, өгсөн мөнгөн дүнгээ тэмдэглээд гарын үсгээ зурсан, би өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр зуруулж авсан. Тухайн үед миний ноолуурыг эхнэртэйгээ хамт бүгдийг нь задалж үзсэн. Хариу тайлбартай танилцахад миний нэр төрд халдсан, явган яриа зэргийг дурдсан байсныг анхаарч өгнө үү. Би эхний ноолуураа өгөх гээд ачаад явж байхдаа Д.А-тэй таарсан. Би ноолуураа Ц-д 134,500 өгөх гэж байхад Д.А надад нэг тонн ноолуур хэрэгтэй байна 134,000 авъя гээд ирээд гэрийн гаднаас тохироод, зүсэж, цохиж үзээд авсан. Дөрвөн уут ноолуурыг стандартад тэнцэхгүй байна гээд үлдээсэн. Манай суманд тэр үед ноолуур 134,000 төгрөгийн ханштай байсан. Тухайн үед 134,000 төгрөгөөр авчхаад одоо 124,000 төгрөг байсан гэж гүтгэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг гүтгэлэг гэж үзэж байна. Би ноолуураа Цогоод 134,500 төгрөгөөр өгсөн гэх баримт надад байгаа. Д.А надтай наймаа хийгээд 4-5 хоногийн дараа та Улаанбаатарт ирж хамт ноолуур өгөлцөх арга байна уу? гэхээр нь би очих боломжгүй, чи манай гаднаас ноолуураа жинлээд ачаад явсан наймаа шүү дээ, би явах шаардлагагүй гэж хэлсэн. Д.А нь хөдөөгөөс ирээд авч байгаа учраас 500 төгрөгийн зөрүүг тооцож үзсэн. Ургамал сум Увс аймаг хоёрын хооронд зай байгаа, энэ хоёрын хооронд ноолуураа очоод аваад ирэхэд зардлын мөнгө гарсан. Б.А хөдөө ирж авсан учраас зардлын мөнгөө тооцож үзээд 134,500 биш 134,000 өгсөн. Дэвтэр дээрх гарын үсэг Д.А-ийн эхнэрийн гарын үсэг гэж яаж нотлох вэ гэж байна. Д.А-ийн эхнэр өөрөө гарын үсэг зурсан учраас өнөөдөр ирнэ гэж би бодсон. Би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шиг статистик, толгой эргүүлсэн тоо ярихыг бодоогүй, болсон үйл явдлыг үнэн бодитоор нь яръя гэж орж ирсэн. Тухайн үед хамт байсан, харсан хүмүүс учраас нөхөр дүү хоёроо гэрчээр асуулгасан. Би эвлэрүүлэн зуучлалд хандаад хугацаа тохиролцож, төлж барагдуулахаар ярилцсан боловч хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй учраас дараагийн шатанд нь хандаж нэхэмжлэл гаргасан. Хүний 10,200,000 төгрөг дутуу хийчхээд сүүлийн гүйлгээний утган дээрээ тооцоо дуусав гэж бичээд өөрийн дураар тооцоо дуусчихдаг юм бол би ч бас тэгмээр байна. Тийм худал зүйл хийж болохгүй учраас шүүх, цагдаагийн байгууллага байгаа байх гэж бодож байна. Би найздаа итгэмжлэл хийж өгөөд эвлэрүүлэн зуучлалд хандахад төлөөлөгч маань нэхэмжлэлийн шаардлагыг буруу тооцож бичсэн байсан. Нийт 635,2 кг ноолуурыг 134,000 төгрөгөөр үржээд 85,115,000 болж байгаагаас 75,000,000 хасаад 10,115,000 болж байгаа дээр нотариатын зардал 40,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө 23,000 төгрөг болсныг нэмж нэхэмжилсэн гэв.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн үйл баримтаар зохигчдын хооронд 635,2 килограмм ноолуурыг 134,000 төгрөгөөр үнэлж нийт 85,116,800 төгрөгийн худалдах худалдан авах гэрээ иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг үндэслэж байгуулагдсан гэж үзэж байна. Хариуцагчийн хариу тайлбарууд зөрүүтэй байгаа, дээр дурдсан хариу тайлбаруудаа нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
4. Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.О-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч А би хариу тайлбар гаргаж байна. Болсон явдал бол нэхэмжлэгчийн өгүүлж байгаагаас арай өөр бөгөөд би сумандаа бизнес хийж амьдардаг сүүлийн 16 жил орчим нутаг орчмын ноос ноолуурыг авч ченж хийж байгаа энэ хугацаанд надтай холбоотой хэн нэгэн ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй өөрөөр хэлбэл би хэнтэй ч нөхөрлөж хэнийг ч хуурч мэхэлж байгаагүй. Тухайн үед би ноолуур авч байсан бөгөөд Завхан аймгийн Ургамал сумын нутаг Зөөхий гэх газарт явж байхад Б нь мөн ноолуур авч явж таарсан. Нутгийн иргэд Б-ийн хил нь бид нарын хилтэй таарахгүй байна өөрийн чинь хилтэй тааруулж үзье гэхээр нь шалгаж үзэхэд миний хил зөв байсан ба Б надад тухайн үед гоморхож байсан боловч би тоогоогүй. Үүнээс хойш хэд хоногийн дараа Б над руу ярьж надад 1 тонн ноолуур байна үнэ ханшаа тохироод ав гэсэн. Би ноолуур сайн бол би авч болно гэсэн. Би эхнэр И болон Ц.М нарын хамт өөрийн ланд 80 маркийн машинтай очсон. Намайг очиход ноолуураа үзүүлсэн би өөрийн болон Н.Б-ийн нийт 5 тонн ноолуурыг П гэдэг жолоочид ачсан байсан тул яарч байсан учир ноолуурыг нь уутнаас нь гаргаж үзээгүй бөгөөд асуудал байхгүй биз гэхэд зүгээрээ асуудал гарвал ярина гэж тохирсон. Би хот ороод ноолуураа ченжүүдэд үзүүлэхэд Бгээс авсан ноолуураас их хэмжээний элс гарч ирсэн энэ үед миний хажууд Н.Б болон жолооч П нар байсан. Ноолуураа олон хүнд үзүүлсэн боловч огт аваагүй бид нар 5 хоног явж Улаанбаатар хотын ихэнх ченжүүдэд үзүүлээд огт аваагүй энэ хооронд Б-тэй яриад ийм зүйл болж байна танай ноолуур элстэй байна үүнээс болоод миний ноолуур давхар гологдоод байна та яаж ийгээд хүрээд ир энэ ноолуураа надаас ав гэхэд би малтай хөдөө байгаа учир очиж чадахгүй чи зарчих гэхээр үнэ ханш унана шүү анх Өндөрхангайд ноолуур 134,000 төгрөг байна танай суманд 131,000 төгрөг гэж байна би хэзээ ч Өндөрхангай сумын ханшаар авч чадахгүй гэхэд та ямар ч байсан зар тэгээд тооцоо хийе гэсэн өөрөөр хэлбэл ноолуураа элстэй гэдгээ мэдэж байсан. Тэгээд би Б-ийн зуучилснаар ноолуураа 118,000 төгрөгөөр зарсан. Ноолуураа 118,000 төгрөгөөр зарж байна гэдгээ өөрт нь хэлж мэдэгдсэн. Би анх ноолуур авахдаа 603 кг ноолуур авсан бөгөөд 30,000,000 төгрөг өгсөн үлдэгдэл мөнгөө ноолуураа зараад тооцоо хийхээр тохирсон. Нэгэнт авсан ноолуур гологдсон үүнийг эзэнд нь мэдэгдсэн дагаад би өөрөө хохирсон. Тухайн үед ноолуурын үнэ буусан байсан бөгөөд намайг Өндөрхангай суманд ноолуур авч байхад 134,000 төгрөг байсан бол хотод 120,000 төгрөг болсон жолооч П машин хурдан суллаж өг мөн ачаатай байсан хоногийн тоогоор нэмэлт хөлс өг гэж шаардаж байсан. Ноолуур борлуулж мөнгөө 118,000 төгрөгөөр тооцож бүрэн төлсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ноолуурын 603 килограмм байсан ба шаардлагаа тодруулсан гэх агуулгатай бичигт 635,2 кг гэж бичсэн байдаг. Тухайн баримт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-ыг зөрчсөн нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байна. Энэ баримтыг хэн, хэзээ, хаанаас өгсөн нь тодорхойгүй баримт байна. Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байсан дэвтэр, дэвтэр дээрх гарын үсгийг шинжээч дүгнээд гаргасан хариуг гаргасан байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй мөн ноолуурын статистик мэдээг эргэлзээ бүхий гэж үзэж байна, холбогдсон баримт статистик мэдээг харьцуулж үзээд шинжээчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
6. Нэхэмжлэгч талаас М.Б, Ц.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, төлбөрийн даалгаврын баримт, улсын тэмдэгтийн хураамж төгрөг төлсөн баримт, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай тайлбар, 635,2 кг ноолуурыг авч 85,116,800 төгрөг өгөх гэх бичвэрийн хуулбар, Ц.О-т олгосон итгэмжлэлээс татгалзах тухай хүсэлт, М.Б-гийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д.Б, М.Ж нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
7. Хариуцагч талаас итгэмжлэл, Б.А-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.А-ийн Хаан банкин дахь 5811042319 харилцах дансны 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн.
8. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Д.Б, М.Ж нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 33 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхээс шинжээч томилж 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 306 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б-гийн хариуцагч Б.А-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.Б-гээс Ц.От олгосон итгэмжлэлийн дагуу Ц.О нь нэхэмжлэгчийг төлөөлж, хариуцагч Д.А-ээс ноолуурын үнэ 10,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан боловч нэхэмжлэгч М.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-т олгосон итгэмжлэлээсээ татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгджээ.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Нийт 635,2 кг ноолуурыг 134,000 төгрөгөөр үржээд 85,115,000 болж байгаагаас 75,000,000 хасаад 10,115,000 болж байгаа дээр нотариатын зардал 40,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө 23,000, бусад зардал нийт 10,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Ноолуур борлуулж мөнгөө 118,000 төгрөгөөр тооцож бүрэн төлсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч М.Б нь 2023 оны 5 дугаар сард хариуцагч Б.А-д ноолуур худалдан борлуулахаар тохиролцож, Б.А нь Завхан аймгийн Ургамал сумын нутагт байх М.Б-гийн гэрт очиж ноолуурыг худалдан авсан ба ноолуур авах үедээ буюу 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 8,000,000 төгрөг, 6 дугаар сарын 10-ны өдөр 17,000,000 төгрөг, 6 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг 5 удаагийн үйлдлээр Б.А-ийн Хаан банкин дахь харилцах данснаас 5509004025 гэх харилцах дансанд шилжүүлжээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй.
5.1. Харин зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэхээр тохиролцсон ноолуурын хэмжээ, үнийн талаар харилцан зөрүүтэй тайлбар гаргасан. Нэхэмжлэгч нь анх 635,2 кг ноолуурыг килограммын үнэ 134,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон, худалдан авагч тал 10,200,000 төгрөгийг дутуу төлсөн гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь худалдагчаас анх 603 кг ноолуурыг килограммын үнэ 118,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу 75,000,000 төгрөгийг худалдагч М.Б-гийн арилжааны банкин дахь харилцах дансанд бүрэн шилжүүлсэн гэж маргаж байна.
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1156 дугаартай Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар Завхан аймгийн Ургамал суманд 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1 кг ноолуур хэдэн төгрөгийн үнэ, ханштай байсныг тогтоолгохоор шинжээч томилсон ба 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 306 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Завхан аймгийн Ургамал суманд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1 кг ямааны ноолуур 131,600 төгрөг байсан хэмээн дүгнэлт гаргажээ.
5.2. Харин хариуцагчийн шүүхэд гаргасан дээрх тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн, хариуцагч Б.А нь нэхэмжлэгч М.Б-тэй 635,2 кг ноолуурыг 134,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 30,000,000 төгрөг төлж, ноолуурыг худалдан борлуулсны дараа үлдэгдэл 55,116,800 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч М.Б-гээс худалдан авсан ноолуур нь элстэй байсан гэх шалтгаанаар үнийг хямдруулж, килограммын үнийг 118,000 төгрөгөөр тооцон 635,2 кг ноолуурын үнэ 74,953,600 төгрөг буюу 75,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Б-д төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч талаас худалдаж авсан ноолуур элстэй буюу доголдолтой байсан гэж маргасан боловч энэ талаар нотлоогүй. Хэдийгээр зохигчдын зүгээс худалдах, худалдан авах гэрээний гол зүйл болох худалдахаар тохиролцсон ноолуурын хэмжээ, үнийн талаар маргаж байгаа боловч шүүхээс хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судалсны үндсэн дээр талуудын хооронд 635,2 кг ноолуурыг килограммын үнэ 131,600 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан бөгөөд дээрх гэрээ нь хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
6. Иймд нэхэмжлэгчийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 8,592,320 төгрөгийг хариуцагч Б.А-ээс гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,607,680 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 8,592,320 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 152,427 төгрөгийг хариуцагч Б.А-ээс гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ээс улсын тэмдэгтийн хураамж 152,427 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР