Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1331

 

 

 

 

 

 

 

 

 

 

“КФ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00985 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “КФ” ХХК-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“КФ” ХХК нь Хан-Уул дүүрэгт байрлах 100 м.кв талбай бүхий хэмжээтэй 1781300429 дугаарт бүртгэлтэй газар тариалангийн зориулалттай газрыг 1 624 211 000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаа явуулах болсонтой холбогдуулан уг үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур зарим нэг шинж байдлуудыг огт үнэлэлгүй үнэлгээг гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан шинжилгээ хийх тухай зохицуулсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т үнэлгээчин буюу тусгай зөвшөөрөлтэй этгээд үнэлгээ хийх талаар болон үнэлгээчний эрх, тусгай зөвшөөрөлгүй ч гэсэн гэрээ, хэлцлийн үндсэн дээр өөр этгээдийг оролцуулж үнэлгээ хийж болохоор зохицуулсан. Үнэлгээчний туслах н.Ган-Очир гэдэг тусгай зөвшөөрөлгүй, үнэлгээ хийхэд яаж оролцсон тодорхойгүй, хамтран оролцсон гэх ямар нэгэн гэрээ, хэлцэлгүй этгээд үнэлгээ хийхэд оролцсон байна. Энэ хүн үнэлгээ хийхэд оролцсон байгаа хэдий ч тусгай зөвшөөрөлгүй, ямар нэгэн гэрээ, хэлцлийн үндсэн дээр оролцоогүй байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хууль бус бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээ хийсэн байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг гаргахдаа өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хэрэглэхээр заасан байх боловч өртгийн болон жишгийн аргыг хэрэглэсэн байна. Гэхдээ өртгийн аргыг ашиглан үнэлсэн хэмжээг гаргасан байх боловч үүнийгээ ашиглалгүй зөвхөн жишиг үнийн аргыг хэрэглэж үнэлгээг гаргасан байна. Тухайн хөрөнгийн өөрийнх нь үндсэн зориулалт, шинж байдал нь газар тариалангийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө юм. Энэ үл хөдлөх хөрөнгийн хувьд зайлшгүй орлогын аргыг авч үзэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгийг үнэтэй болгож байгаа гол хүчин зүйл нь орлого юм. Газар тариалангийн зориулалттай хөрөнгийг хэрхэн ашиглаж жилд хэдий хэмжээний орлого олж болохыг зайлшгүй тодорхойлох ёстой байсан. Тиймээс хуульд нийцсэн аргаар үнэлсэн гэж үзэхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх ёстой. Жишиг үнийг тогтоосон аргын дагуу 3 хөрөнгийг жишсэн байна. Эдгээр хөрөнгөнүүд нь манай хөрөнгөтэй жишиг болохуйц хөрөнгө биш юм. Жишиг болохуйц хөрөнгө гэдэг нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил хэмжээтэй юм уу, эсхүл ижил хэмжээний эзэмших эрхийн гэрчилгээтэй байх ёстой. Гэтэл жишиг хөрөнгөнүүд нь 2.1 га, 2.5 га, 1 га хэмжээтэй байгаа бөгөөд өнөөдөр яригдаж байгаа хөрөнгөнөөс огт өөр хэмжээтэй газрууд байна. Мөн дээрээс нь зөвхөн жишиг үнийн аргыг хэрэглэж үнэлгээг гаргасан байгаа нь үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлгээчин үнэлгээ хийхдээ тусгайлан төлөвлөгөө болон хуваарийг батлах ёстой. Гэтэл хөрөнгийн үнэлгээг харахад ямар төлөвлөгөө, ямар хуваарийн дагуу үнэлгээ гаргасан болох нь тодорхойгүй байна. “Виннэр вэй” ХХК-ийг шинжээчээр томилж байгаа этгээд нь НШШГГ- мөн юм. Мөн хөрөнгийн үнэлгээний дагуу анхны дуудлага худалдаа явуулж байгаа нь НШШГГ- юм. Үнэлгээг хүлээн зөвшөөрч, тухайн үнийн дагуу худалдан борлуулах гэж байгаа этгээд нь НШШГГ- болохоос биш “Виннэр вэй” ХХК биш юм. Хэрэв үнэхээр үнэлгээний талаар мэдэхгүй байсан юм бол тухайн үнэлгээ гаргасан шинжээчийг гэрчээр оролцуулах боломжтой байсан. Хэргийн оролцогч биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хуульд заасан үндэслэл журмыг баримтлаагүй, хуульд заасан хөрөнгийн үнэлгээний гурван аргыг хэрэглэлгүй зөвхөн жишиг үнийн аргыг хэрэглэсэн байна. Мөн хөрөнгийг жишиж болохуйц эд хөрөнгөтэй нь харьцуулж үнэлээгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага тухайн газрыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад үнийн санал зөрөлдсөн учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж үнэлгээг тогтоолгосон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол үнэлгээг тогтоодог байгууллага биш. Үнэлгээг “Виннэр вэй” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин н.Бат-Эрдэнэ гэдэг хүн гаргасан байна. Манайх шинжээчийг томилж байгаа болохоос биш үнэлгээг гаргаагүй. Тиймээс “Виннэр вэй” ХХК-ийг хариуцагчаар татах ёстой байсан. Манай байгууллагын үнийн санал авч, шинжээч томилсон ажиллагаа хууль зөрчөөгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал авахад үнийн санал ирүүлээгүй байх бөгөөд одоогийн байдлаар анхны албадан дуудлага худалдаанд орсон байна. Манай байгууллагын зүгээс явуулсан шинжээч томилсон үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй. Үнэлгээний асуудал манай байгууллагад хамааралгүй. Үнэлгээг “Виннэр вэй” ХХК гаргасан. Нэхэмжлэгч талаас хэрэглэх ёстой байсан аргыг хэрэглэж үнэлгээг гаргаагүй гэж тайлбарлаж байна. Тусгай мэдлэг шаардсан гэдэг үндэслэлээр шинжээч томилсон гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох эзэмших эрхийн улсын бүртгэлийн Ү-000305836 дугаарт бүртгэлтэй, 1780410437 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 100 000 м.кв /10 га/ талбайтай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар болох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн “КФ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 сарын 22-ны өдрийн 182/ШЗ2020/04074 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс хөрөнгийн үнэлгээний тайланд барьцаа хөрөнгийн үнийг 1 624 211 000 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцсэн байна гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх;” тухай тусгайлан заасан байна. Гэтэл хөдөө аж ахуйн зориулалттай газрыг үнэлэхдээ тус хөрөнгийн онцлогт нийцүүлж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан аргуудаас аль тохирохыг хэрэглэж үнэлэх ёстой байсан ч зөвхөн жишиж үнэлж 1 624 211 000 төгрөгийн үнэлгээг гаргасан. О.Бат-Эрдэнэ үнэлгээчний тусгай зөвшөөрөл байх бөгөөд үнэлгээчний туслах гэх хүний тусгай зөвшөөрөл байхгүй байна. Туслах үнэлгээчин гэх хүнд хууль сануулсан баримт мөн байхгүй бөгөөд үнэлгээчний туслах гэх хүн үнэлгээ хийх эрхтэй талаар түүнчлэн үнэлгээчин гэж тооцох талаар зохицуулалт дээрх хуулиудад байхгүй. Ийнхүү хууль бус бүрэлдэхүүнтэйгээр бусдын үнэтэй эд хөрөнгийг үнэлсэн байхад хууль зөрчсөн эсэх асуудалд шүүхээс хангалттай тайлбар өгөөгүй. Учир нь энэхүү эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Эд хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль зэрэг хуульд нийцүүлж хийсэн эсэхийг заавал шүүхээс дүгнэх ёстой байна. Эд хөрөнгийн үнэлгээний тухай хуульд шинжээч буюу үнэлгээчин гэх ойлголтыг нэгэнт тодорхой тусгасан бөгөөд гагцхүү үнэлгээчин нь хуульд заасан аргын дагуу эд хөрөнгийн үнэлгээг гаргах ёстой атал шинжээчийн дүгнэлт энэ төрлийн хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь үнэлгээчний эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь бодит байдал болон хуульд нийцээгүй талаарх нэхэмжлэлийг гаргасан байхад шинжээчийн дүгнэлт хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхэд хөрөнгийн үнэлгээ хийх төлөвлөгөө батлах эсэх нь үнэлгээчний дотоод үйл ажиллагаанд хамаарахаар байна гэж дүгнэсэн нь мөн л илт үндэслэлгүй нэгэнт шинжээчийн эд хөрөнгө үнэлэх ажиллагаа нь хууль зөрчсөн хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа учир эд хөрөнгийн үнэлгээ бүхэлдээ хуульд нийцсэн эсэх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргах ёстой. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.1.3-т хөрөнгийн үнэлгээ хийх төлөвлөгөө, хуваарийг боловсруулж, баталсан байх гэх хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу энэ талаар шүүхэд хариуцагч баримт гаргаж өгөөгүй, төлөвлөгөө батлаагүй гэж тайлбарласан нь эд хөрөнгийн үнэлгээ нь хууль нэгэнт зөрчсөн болохыг илтгэсэн. Мөн “КФ” ХХК-ийн хөдөө аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн жилд олж болох орлогыг тооцоолж үзэх шаардлага байхад тооцоолоогүй 1 624 211 000 төгрөгийн үнэлгээтэй гэх байдлаар үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “КФ” ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00007 дугаар захирамжаар “КФ” ХХК-аас 865 282 603 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 6956 дугаар Шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу мөн өдөр 182/ГХ2018/00634 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 19300632 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

 /хх51-54, 56/

 

Барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-000305836 дугаарт бүртгэлтэй, 1780410437 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 100 000 м.кв /10 га/ талбай бүхий газрыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19300632/119 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 19300632/02 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Дээрх хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг төлбөр төлөгч М.Баярсайханд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4/1594 дугаар албан тоот хүргүүлснийг төлбөр төлөгч хүлээн авсан ч үнийн саналаа ирүүлээгүй тул 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 88 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцнэ.

/хх 81, 83/

 

Шинжээч эрхийн улсын бүртгэлийн Ү-000305836 дугаарт бүртгэлтэй, 1780410437 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 100 000 м.кв /10 га/ талбай бүхий газрыг нийт 1 624 211 000 төгрөгөөр үнэлсэн талаарх 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4/4047 тоот мэдэгдлийг “КФ” ХХК-ийн захирал М.Баярсайханд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч мөн оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шинжээч үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардсан үндэслэлээр үнэлгээ хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Хөрөнгийн буюу газрын үндсэн зориулалт, үнэтэй болгох гол хүчин зүйл нь орлого байхад үнэлгээнд орлогын аргыг хэрэглээгүй гэж нэхэмжлэгч маргасан ч үнэлгээчин орлогын аргыг хэрэглэх боломжгүй талаарх үндэслэлийг дүгнэлтэд тодорхой заасан, уг аргыг хэрэглээгүйгээс газрын үнэлгээ буруу тогтоогдсон гэж үзэхээргүй байна.

 

            Мөн үнэлгээний дүгнэлтэд үнэлгээчний туслах гарын үсэг зурсан нь дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Иймд үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн, үнэлгээг хуулийн дагуу явуулаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00985 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ