Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01014

 

Капитал фаундэйшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00985 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1331 дүгээр магадлалтай,

Капитал фаундэйшн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Жавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Капитал фаундэйшн ХХК-ийн хувьд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүрэгт байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 100 м.кв талбай бүхий хэмжээтэй 1781300429 дугаарт бүртгэлтэй газар тариалангийн зориулалттай газрыг 1,624,211,000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаа явуулах болсонтой холбогдуулан уг үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур зарим нэг шинж байдлуудыг огт үнэлэлгүй үнэлгээг гаргасан байна. Мөн уг үнэлгээний тайланг үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хэд хэдэн зүйлийг зөрчсөн нөхцөл байдал харагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан шинжилгээ хийх тухай зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл үнэлгээний тайлан Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн байх ёстой. Ямар үндэслэлээр нийцээгүй гэж үзэж байна вэ гэвэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д үнэлгээчин буюу тусгай зөвшөөрөлтэй этгээд үнэлгээ хийх талаар болон үнэлгээчний эрх, тусгай зөвшөөрөлгүй ч гэсэн гэрээ, хэлцлийн үндсэн дээр өөр этгээдийг оролцуулж үнэлгээ хийж болохоор зохицуулсан байдаг. Үнэлгээчний туслах н.Ган-Очир гэдэг тусгай зөвшөөрөлгүй, үнэлгээ хийхэд яаж оролцсон тодорхойгүй, хамтран оролцсон гэх ямар нэгэн гэрээ, хэлцэлгүй этгээд үнэлгээ хийхэд оролцсон байна. Энэ хүн үнэлгээ хийхэд оролцсон байгаа хэдий ч тусгай зөвшөөрөлгүй, ямар нэгэн гэрээ, хэлцлийн үндсэн дээр оролцоогүй байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хууль бус бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээ хийсэн байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг гаргахдаа өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хэрэглэхээр заасан байх боловч хавтаст хэргийн 27 дугаар талд байгаа баримтаас харахад өртгийн болон жишгийн аргыг хэрэглэсэн байна. Гэхдээ өртгийн аргыг ашиглан үнэлсэн хэмжээг гаргасан байх боловч үүнийгээ ашиглалгүй зөвхөн жишиг үнийн аргыг хэрэглэж үнэлгээг гаргасан байна. Тухайн хөрөнгийн өөрийнх нь үндсэн зориулалт, шинж байдал нь газар тариалангийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө юм. Энэ үл хөдлөх хөрөнгийн хувьд зайлшгүй орлогын аргыг авч үзэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгийг үнэтэй болгож байгаа гол хүчин зүйл нь орлого юм. Газар тариалангийн зориулалттай хөрөнгийг хэрхэн ашиглаж жилд хэдий хэмжээний орлого олж болохыг зайлшгүй тодорхойлох ёстой байсан. Тиймээс хуульд нийцсэн аргаар үнэлсэн гэж үзэхгүй байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн онцлогт үндэслэсэн байх ёстой гэж заажээ. Дээр дурдсанчлан тухайн хөрөнгийн суурь онцлог нь газар тариалангийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэдэгт байгаа юм. Гэтэл газар тариалангийн зориулалттай хөрөнгийн гол онцлох арга болох орлогын аргыг хэрэглээгүй нь хууль бус байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх ёстой. Жишиг үнийг тогтоосон аргын дагуу 3 хөрөнгийг жишсэн байна. Эдгээр хөрөнгөнүүд нь манай хөрөнгөтэй жишиг болохуйц хөрөнгө биш юм. Жишиг болохуйц хөрөнгө гэдэг нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил хэмжээтэй юм уу, эсхүл ижил хэмжээний эзэмших эрхийн гэрчилгээтэй байх ёстой. Гэтэл жишиг хөрөнгөнүүд нь 2.1 га, 2.5 га, 1 га хэмжээтэй байгаа бөгөөд өнөөдөр яригдаж байгаа хөрөнгөнөөс огт өөр хэмжээтэй газрууд байна. Мөн дээрээс нь зөвхөн жишиг үнийн аргыг хэрэглэж үнэлгээг гаргасан байгаа нь үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлгээчин үнэлгээ хийхдээ тусгайлан төлөвлөгөө болон хуваарийг батлах ёстой. Гэтэл хөрөнгийн үнэлгээг харахад ямар төлөвлөгөө, ямар хуваарийн дагуу үнэлгээ гаргасан болох нь тодорхойгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд яг юу гэж заасан байна түүний дагуу үнэлгээ явагдах ёстой боловч энэ үнэлгээ нь хуульд нийцээгүй, хуульд заасан аргуудыг хэрэглээгүй, хуульд заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийн үндсэн зориулалт, онцлогийг ашиглан үнэлгээг гаргаагүй байгаа нь хууль бус байна. Эдгээр хууль зөрчсөн үндэслэлүүдээс улбаалж хэт доогуур үнэлэгдсэн байна. Иймд уг нэхэмжлэлийг хангаж, үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага тухайн газрыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад үнийн санал зөрөлдсөн учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж үнэлгээг тогтоолгосон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол үнэлгээг тогтоодог байгууллага биш. Үнэлгээг Виннэр вэй ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин н.Бат-Эрдэнэ гэдэг хүн гаргасан байна. Манайх шинжээчийг томилж байгаа болохоос биш үнэлгээг гаргаагүй. Тиймээс Виннэр вэй ХХК-ийг хариуцагчаар татах ёстой байсан гэж үзэж байна. Манай байгууллагын үнийн санал авч, шинжээч томилсон ажиллагаа хууль зөрчөөгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал авахад үнийн санал ирүүлээгүй байх бөгөөд одоогийн байдлаар анхны албадан дуудлага худалдаанд орсон байна. Манай байгууллагын зүгээс явуулсан шинжээч томилсон үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй. Үнэлгээний асуудал манай байгууллагад хамааралгүй. Үнэлгээг Виннэр вэй ХХК гаргасан гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00985 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эзэмших эрхийн улсын бүртгэлийн Ү-000305836 дугаарт бүртгэлтэй, 1780410437 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 100,000 м.кв /10 га/ талбайтай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар болох үл хөдлөх Хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Капитал фаундэйшн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 182/ШЗ2020/04074 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1331 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00985 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Жавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Капитал Фаундэйшн ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдуулан Виннер вэй ХХК-ийн 2020.01.30-ны өдрийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба Сүхбаатар дүүргийн 2020.05.05-ны өдрийн 182/ШШ2020/00050 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.22-ны өдрийн 1331 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүхээс хөрөнгийн үнэлгээний тайланд Барьцаа хөрөнгийн үнийг 1,624,211,000 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцсэн байна гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасныг зөрчсөн байна. Учир нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх тухай тусгайлан заасан байна. Гэтэл хөдөө аж ахуйн зориулалттай газрыг үнэлэхдээ тус хөрөнгийн онцлогт нийцүүлж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан аргуудаас аль тохирохыг хэрэглэж үнэлэх ёстой байсан ч зөвхөн жишиж үнэлж 1,624,211,000 төгрөгийн үнэлгээг гаргаж өгсөн байна. Учир нь энэхүү эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Эд хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль зэрэг хуульд нийцүүлж хийсэн эсэхийг заавал шүүхээс дүгнэх ёстой байна. Эд хөрөнгийн үнэлгээний тухай хуульд шинжээч буюу үнэлгээчин гэх ойлголтыг нэгэнт тодорхой тусгасан бөгөөд гагцхүү үнэлгээчин нь хуульд заасан аргын дагуу эд хөрөнгийн үнэлгээг гаргах ёстой атал шинжээчийн дүгнэлт энэ төрлийн хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь үнэлгээчний эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь бодит байдал болон хуульд нийцээгүй талаарх нэхэмжлэлийг гаргасан байхад шинжээчийн дүгнэлт хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхээс хөрөнгийн үнэлгээ хийх төлөвлөгөө батлах эсэх нь үнэлгээчний дотоод үйл ажиллагаанд хамаарахаар байна гэж дүгнэсэн нь мөн л илт үндэслэлгүй нэгэнт шинжээчийн эд хөрөнгө үнэлэх ажиллагаа нь хууль зөрчсөн хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа учир эд хөрөнгийн үнэлгээ бүхэлдээ хуульд нийцсэн эсэх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргах ёстой. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. хөрөнгийн үнэлгээ хийх төлөвлөгөө, хуваарийг боловсруулж, баталсан байх гэх хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу энэ талаар шүүхэд хариуцагч баримт гаргаж өгөөгүй, төлөвлөгөө батлаагүй гэж тайлбарласан нь эд хөрөнгийн үнэлгээ нь хууль нэгэнт зөрчсөн болохыг илтгэж байхад шүүхээс энэ талаар оновчтой дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй талаар маргаагүй бөгөөд зөвхөн тус газрыг үнэлсэн үнэлгээ нь хууль бус болон бодит байдалд нийцээгүй талаар маргаж байгаа боловч шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн учир үнэлгээ хуульд нийцсэн байна гэх илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Мөн шүүх нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг бусад хөндлөнгийн байгууллагаар хийлгээгүй түүнчлэн шүүхэд шинжээч томилуулж үл хөдлөх хөрөнгийн хийлгэх хүсэлтийг гаргаагүй гэж хэргийн бодит байдлыг явцууруулсан байна. Иймд Анхан шатны шүүхийн 2020.05.05-ны өдрийн 182/ШШ2020/00985 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.22-ны өдрийн 1331 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Капитал фаундэйшн ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үнэлгээ хуульд нийцсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна гэж үзэв.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.26-ны өдрийн 182/ШШ2018/00007 дугаар шүүгчийн захирамжаар Капитал фаундэйшн ХХК-иас 865,282,603 төгрөгийг гаргуулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор, хариуцагч хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2019.5.09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх ба 2019.12.05-ны өдрийн 19300632/119 дугаартай тогтоолоор барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 100,000 м.кв /10 га/ талбай бүхий газрыг битүүмжилж, 2020.01.08-ны өдрийн 19300632/02 дугаартай тогтоолоор хураан авч, улмаар төлбөр авагч, төлбөр төлөгч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2020.01.30-ны өдрийн 88 дугаар тогтоолоор шинжээчээр томилогдсон Виннер Вэй ХХК нь барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-000305836 дугаарт бүртгэлтэй, 1780410437 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 100,000 м.кв /10 га/ талбай бүхий газрыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлж, үнийг 1,624,211,000 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан ...тодорхойлно гэж заасантай нийцжээ.

Шинжээч нь хуульд нийцүүлэн хөрөнгийн үнэлгээний аргуудаас сонгон хэрэглэх боломжтой бөгөөд Виннэр Вэй ХХК нь үнэлгээ хийхдээ жишиг үнийн аргыг хэрэглэж, үнэлэгдэж буй газар /Хан-Уул дүүрэгт байрлах/-ыг ойролцоо орших, Сонгинохайрхан дүүрэгт байрлах ижил төстэй объектуудтай жишиж харьцуулан үнэлгээ хийсэн бөгөөд үнэлгээний тайланд газрын бүсчлэл зориулалтаас хамаарч түрээсийн орлогыг нарийн тодорхойлох боломжгүй, мэдээлэл хомс зэргээс шалтгаалан үнэлгээ тогтооход орлогын аргыг хэрэглэх боломжгүй үндэслэлийн талаар тодорхой дурдсан байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хөдөө аж ахуйн зориулалттай газрыг үнэлэхдээ ...зөвхөн жишиж үнэлэн 1,624,211,000 төгрөгөөр үнэлсэн. ...бид үнэлгээ нь хууль бус, бодит байдалд нийцээгүй талаар маргаж байгаа ...гэтэл шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн учир үнэлгээ хуульд нийцсэн гэх илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Шүүхүүд тухайн маргаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00985 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1331 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ