Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1329

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/01251 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 103 138 458.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б-, Г.А нар тус банктай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр №ЗГ-RCC2013121603-1 тоот зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 59 000 000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч Б.Б- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201006424 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 29 дүгээр байрны 9 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус тус баталгаажуулсан болно. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус зааснаар банкны зүгээс нэг талын санаачлагаар, шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч нар нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 54 269 176.52 төгрөг, зээлийн үндсэн хүү 48 759 294.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109 988.27 төгрөг болж байна. Иймд хариуцагч Б.Б-гаас нийт 103 138 458.96 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Б.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 103 138 458,96 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Б.Б- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө улсын бүртгэлийн Ү-2201006424 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 29 дүгээр байрны 9 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгохыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 743 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 743 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Б.Б- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн 103 138 458.96 төгрөг бүхий үүргийн гүйцэтгэлээс 20 000 000 төгрөгийг хасуулахаар миний бие хүсэлт өгсний дагуу тус банк хүлээн зөвшөөрсөн. Иймд нийт үүргийн гүйцэтгэл 103 138 458.96 төгрөгөөс 20 000 000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

 

                                                         ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 103 138 458.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, мөн өдөр эрх, үүрэг тайлбарласан баримтад гарын үсгээ зурж баталгаажуулсан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар гаргаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр №ЗГ-RCC2013121603-1 тоот “Зээлийн гэрээ”-гээр 59 000 000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, мөн өдрийн №БГ-RCC2013121603-1-1 тоот “Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр улсын бүртгэлийн Ү-2201006424 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 29 дүгээр байрны 9 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх10-11, 14-15/

 

Зээлдэгч Б.Б-, Г.Амарбаясгалан нар нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үндсэн зээл 54 269 176.52 төгрөг, зээлийн үндсэн хүү 48 759 294.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109 988.27 төгрөг, нийт 103 138 458.96 төгрөгийн төлбөр үүссэн болох нь зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдсон, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Г.Амарбаясгалангаас татгалзсан байна.

 

Хариуцагч Б.Б- нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ. Гэвч 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч Б.Б- нь хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэх баримтгүй байх тул шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

            Мөн 20 000 000 төгрөгийг хасуулах хүсэлтийг зээлдэгчид гаргаагүй болохыг зохигчид тайлбарласан тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/01251 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                       ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ