Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2020/01251

 

 

 

 

 

 

  2020         04            10                                          101/ШШ2020/01251

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХБ ХХК

Хариуцагч: Б.Б

Зээлийн гэрээний үүрэгт 103,138,458.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Б.Б, Г.Амарбаясгалан нар тус банктай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр №ЗГ-RCC2013121603-1 тоот Зээлийн  гэрээ болон №БГ-RCC2013121603-1-1 тоот “Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 59,000,000 төгрөгийг жилийн 19,20 хувийн хүүтэй, 180 сарын хугацааатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч Б.Б нь №ЗГ-RCC2013121603-1 тоот Зээлийн  гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201006424 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 29 дүгээр байрны 9 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус тус баталгаажуулсан болно.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчилж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахт хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус зааснаар банкны зүгээс нэг  талын санаачлагаар, шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй болно.

Зээлдэгч нар нь 2015 оны 8 дугаар сарын 14-ий өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 54,269,176.52 төгрөг, зээлийн үндсэн хүү 48,759,294.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109,988.27 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Б.Бгаас нийт 103,138,458.96 төгрөгийг гаргуулж Худалдаан хөгжлийн банкинд олгоно уу. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч Б.Б болон Г.Амарбаясгалан нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 54,269,176.52 төгрөг, зээлийн үндсэн хүү 48,759,294.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109,988.27 төгрөг, нийт 103,138,458.96 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч Г.Амарбаясгалангаас татгалзаж, зээлийн болон барьцааны гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагч Б.Бд холбогдуулан шаардсан.

Хариуцагч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэйгээ танилцсан, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдаанд оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хэргийн материалтай танилцсан, нэхэмжлэгч тал хариуцагч Г.Амарбаясгалангаас татгалзсан талаар ойлгож мэдсэн ба өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа эрхээ эдэлж, шүүх хуралдааныг хойшлуулсан.

Гэвч хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

ХХБ нь зээлдэгч Б.Б, Г.Амарбаясгалан нартай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр №ЗГ-RCC2013121603-1 тоот Зээлийн  гэрээ болон №БГ-RCC2013121603-1-1 тоот “Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 59,000,000 төгрөгийг жилийн 19,20 хувийн хүүтэй, 180 сарын хугацааатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар улсын бүртгэлийн Ү-2201006424 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 29 дүгээр байрны 9 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалжээ.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үндсэн 54,269,176.52 төгрөг, зээлийн үндсэн хүү 48,759,294.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109,988.27 төгрөг, нийт нийт 103,138,458.96 төгрөгийн төлбөр үүссэн болох нь зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байх бөгөөд хариуцагч Б.Б нь энэхүү зээлийн гэрээний үүргийг дангаар гүйцэтгэснээр өөрт хохирол учирсан гэж үзвэл уг хохирлоо барагдуулахаар Г.Амарбаясгаланд холбогдуулан шаардлага гаргах эрхтэйг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч Б.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 103,138,458.96  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө улсын бүртгэлийн Ү-2201006424 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 29 дүгээр байрны 9 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч ХХБинд олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 743,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 743,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.УНДРАА