| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2017/0157/з |
| Дугаар | 426 |
| Огноо | 2018-11-05 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 426
“Э Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: М.Батсуурь,
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Х.Батсүрэн,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн “Э Э Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 128/ШШ2018/0343 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0469 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-ыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 128/ШШ2018/0343 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн “Э Э Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Э Э Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0469 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасны дагуу төлбөрийн баримтаа хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлж мэдэгдээгүй нь нэхэмжлэгч маргаан бүхий акт гарахаас өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн гэж үзэхээргүй байна гэж дүгнэж, шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөхдөө хэт нэг талд үндэслэлгүй тайлбарлаж дүгнэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Хариуцагч байгууллагад өнөөдрийг хүртэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд нь төлж байсан бөгөөд нэг удаа ч төлбөрийнхөө баримтыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж байгаагүй. Төрийн байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь буруутгах үндэслэл болохгүй хэмээн дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан зарчмыг зөрчсөн.
4. Нэхэмжлэгч төлбөрөө төлсөн байхад 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд шүүхээс “хугацаандаа төлбөр төлөөгүй буюу 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хугацаа нь дууссан байна” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх зарчмыг хэрэгжүүлээгүй хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын буруутай үйл ажиллагааг зөвтгөсөн. Хариуцагч төрийн байгууллага нь хуулиар олгогдсон мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй үйлдлийг хэт нэг талд буюу хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлан дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим хэрэгжсэнгүй.
5. Нэхэмжлэгч эмчилгээ хийлгэж байсан талаарх баримтууд, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд байсаар байтал үүнийг тогтоогдохгүй байна гэсэнд гомдолтой байна.
6. Мэдэгдэл хүргүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь хариуцагчийн буруутай үйлдэл байхад шүүхээс нэхэмжлэгч өөрөө мэдэх боломжтой байсан гэж дүгнэсэн ба нэхэмжлэгч төлбөрөө төлсөн байхад төлбөр төлсний дараа тусгай зөвшөөрлийг цуцалсныг төрийн байгууллага энэхүү эрхээ хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй байна гэж, хуулиар хэн нэгэнд олгогдсон эрх мэдлийг явцууруулан тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
7. Иймд шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэгч “Э Э Д” ХХК нь Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд уг шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
10. Маргаан бүхий тусгай зөвшөөрлийг анх 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон, ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлөх тухай үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, гагцхүү төлбөр төлөх хуулийн хугацаа хэтрүүлсэн үйл баримттай холбогдуулан маргасан байна.
11.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө” гэж, 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл хоног байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ. Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх хугацааг 30 хүртэл хоногоор хэтрүүлж болох бөгөөд харин уг хугацаа хэтэрсэн тохиолдолд захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах байна.
12.Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч төлбөр төлөх хугацааг 30 хоногоор хэтрүүлсэн байхад захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд цуцлах шийдвэр гаргаагүй атлаа зөрчил нэгэнт арилсан буюу нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлбөрийг алдангийн хамт төлсний дараа 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, захиргааны үндэслэл болсон үйл баримт үгүйсгэгдсэн байгааг анхаараагүй гэж үзэв.
13. Тодруулбал, захиргааны байгууллагын шийдвэр гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн байсан буюу захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл нь бодит нөхцөл байдалтай тохироогүй, захиргааны байгууллагын илрүүлсэн зөрчил нэгэнт арилсан учир Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь хэсэгт заасныг захиргааны байгууллага зөрчсөн, маргаан бүхий шийдвэр нь бодит нөхцөлд тохироогүй, шийдвэрийн үндэслэл үгүйсгэгдсэн, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчжээ.
14. Нөгөө талаар, захиргааны байгууллага “мэдэгдэх ажиллагааг зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй” буруутай байна. Учир нь захиргааны байгууллагаас цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн “11 дүгээр хороо, Рашаант, 40-2-1” гэсэн хаягаар хүргүүлээгүй, харин “11 дүгээр хороо, Рашаант, 10-2-1” гэсэн хаягаар хүргүүлсэн болох нь Ашигт малтмалын газрын баримт бичиг хүлээлцэх дэвтэр, “Монгол шуудан” ХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 08/422 дугаар албан бичиг, Хүргэлтийн дэвтэр зэрэг баримтаар тогтоогдсон байна.
15.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хаягийг андуурч явуулах боломжгүй, манайд ажилладаг зарим нэг хүмүүсийн санаатай үйлдэл” гэж тайлбарласан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй, гаргасан шийдвэр, үйл ажиллагааны үр дүнг захиргааны байгууллага өөрөө хариуцах бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43 дугаар зүйлийн 43.8-т “захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагчийн үүрэг юм.
16. Анхан болон давж заалдах шатны шүүхээс захиргааны байгууллагын хаяг буруу бичсэн үйлдлийг тогтоосон атлаа “мэдэгдлийг хүлээн аваагүй, мэдээгүй нь түүнийг тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөх үүргээс чөлөөлөхгүй” гэх агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш 10 өдөрт багтаан мэдэгдэл хүргүүлэх бөгөөд хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол түүнийг нотлох эрхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон байна. Хэрэв, захиргааны байгууллагаас хуульд заасан хугацаанд, албан ёсны бүртгэлтэй хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол нэхэмжлэгчид нотлох эрхээ хэрэгжүүлэх боломж үүсэх байжээ.
17. Анхан шатны шүүхээс захиргааны байгууллагын цуцлах шийдвэр гаргасан өдөр нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлбөр төлөгдсөн байгааг анхаараагүй, захиргааны шийдвэрийн үндэслэл нь бодит нөхцөл байдалд тохироогүй, хэргийн нөхцөл өөрчлөгдсөн байгаад дүгнэлт хийгээгүй, зөвхөн “30 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш төлбөр төлсөн” үйл баримтыг дүгнэж, маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
18. Давж заалдах шатны шүүхээс “төлбөрийг төлсөн талаар баримтыг захиргааны байгууллагад хүргүүлж, энэ талаар мэдэгдээгүй нь нэхэмжлэгч маргаан бүхий акт гарахаас өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн гэж үзэхээргүй байна” хэмээн дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг анхаараагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар холбогдох баримтыг шаардах, тодруулах замаар өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлийг бүрэн судлах нь захиргааны байгууллагын үүрэг болно.
19. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0343 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0469 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Э Д” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн “Э Э Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ