Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 0091

 

 

 

 

 

 

      Ж.Дд холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

                                             

           Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

    Прокурор                                                     Г.А

    Шүүгдэгч                                                      Ж.Д

    Шүүгдэгчийн өмгөөлөгч                           О.С

 Хохирогч                                                      Н.Б

 Хохирогчийн өмгөөлөгч                          М.М

 Нарийн бичгийн дарга                            Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

 Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 310 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч М.М нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэл зэргийг үндэслэн шүүгдэгч Ж.Дд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   М овогт Ж-н Д,

 

   Ж.Д нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр     аймгийн      сумын      багийн “О” худалдааны төвийн     дугаартай лангууны дотор иргэн Н.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн үед лангуун дээр нь байсан эд зүйлсийг хууль бусаар устгаж, гэмтээн 326.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Ж.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.А-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ж-н Дд холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Н.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,

мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хохирогч Н.Б нь эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээс хохирлоо нөхөн төлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн “О” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцгийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Н.Б давж заалдах гомдолдоо:

... Ж.Д нь  дэлгүүр сонирхож явсан намайг өөртэй нь мэндэлсэн гэж мэдүүлсэн. Би ерөөсөө мэнд ус асуугаагүй худлаа ярьж байгаа нь камерын бичлэгээр харагдаж байгаа. Манай дэлгүүрийн камерын бичлэг маш тод дуутай бичдэг, тодоос тод байхад худлаа яриад байдаг нь ямар учиртай юм. Хүний боолгох гэж өгсөн винотой шоколадны набортой бэлгүүдийг лангуун дээрээс бүгдийг нь түлхэж унагасан, хагалсан бас өрөөтэй давсан цэцэг, хос аягатай бэлгийг бас унагаж хагалсан. Одоо ч надад хадгалагдаж байгаа. Би цагдаа дуудах гээд утсаа авахаар утсыг маань булааж авч шидээд ерөөсөө яриулаагүй. Арын жижиг өрөөндөө би орсон утсаар ярих гээд. Гэтэл араас орж ирж тархи толгойгүй цохисон.

Миний шүд Дг орж ирж зодохоос өмнө бүгд бүтэн шүд байсан. Д нь орж ирж тархи толгойгүй зодож гарсан. Би зодуулаад босоход аман дотор шүд үүрсэн гаран дээрээ тосоход шүдний паалан үүрч унасан байсан. Би өөрөө цагдаа дуудаагүй. Миний урд талын хүүхэн Т-г дуудсан.

Би Т-д цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Хоёр цагдаа Д-г явсан хойно ирсэн. Д-г доороос дэлгүүрийн хамгаалагч та согтуу байна дараа ир ээ гэж хэлж авч гарч байгаа бичлэг тодоос тод байна. Хоёр цагдаа ирэхэд би шүдээ үзүүлсэн.

Эвдэлж хэмхэрсэн зүйлсэд ерөөсөө гар хүрээгүй, зургийг нь дарж аваарай гэхэд энгэр дээрх камераараа биччихдэг юм гэж хэлсэн. Би энэ хүнтэй мөнгөний асуудлаар маргаантай шүүхээр явж байгаа. Тэр үед энэ хүнд өгөхөөр гарсан шүүхийн шийдвэрийн мөнгийг 50 хувь төлсөн мөнгө төлөөгүй биш төлөөд яваад байхад мөнгө зээлдүүлсэн давуу эрхээрээ хүнийг олон нийтийн газарт шинэ хамт олон дотор хэлэх хэлэхгүйгээр хэлж зодох ёстой юу?. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болж байсан бид чинь баярын үеэр л ганц орлого олно биз дээ. Орлогоо хийж мөнгөө төлнө.

Гэтэл тэр өдрийн орлогыг хүртэл хаасан. Өдөржин толгой өвдөж арай хийж өнгөрөөсөн сүүлдээ бүр хий огиулаад эхлээд цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Дараа нь хүлээн авах орж анхны тусламж авсан. Надад хоёр тариа хийсэн. Даралт 172 байсан буулгаад 150 болгож эмнэлгээс явсан. Маргааш нь бүх нийтийн амралт байсан учир 2022 оны 03 дугаар сарын 09-нд хойд эмнэлэг орж гэмтлийн эмчид үзүүлсэн. Надад эмчилгээ бичиж өгсөн. Цагдаа шүүх эмнэлэгт хандах уу гэсэн би цагдаагаас бичиг авч 03 дугаар сарын 11-нд шүүх эмнэлэгт хандсан хувийн эмнэлэгт үзүүлж бариулсан. Зодож байхыг нь харсан хүн байхгүй гэж байгаа боловч Дгийн ярьж байгаа яриа болон үйлдэл камерын бичлэгээс бүгд зөрж байгаа. Тэгэхээр энэ хүн хүн зодоогүй бараг хажууд нь дөхөж очоогүй гэж худлаа ярьж байгааг нотолж байна.

Миний хувьд маш их гомдолтой хохирлоо барагдуулна, үргэлж маск зүүж явж байна. Шүднээсээ болж эрүүл мэндээрээ ч их хохирлоо энэ хугацаанд. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 310 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч М.М давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын 6-7 дахь талд шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт тусгагджээ.

Тодруулбал тогтоолын 6 дахь талд “....Н.Бын амбулаториор эмчлүүлэгсдийн картад тархи доргилт оношлогдоогүй байхад шинжээч эмч нь яагаад, юуг үндэслэж “... Н.Бын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй, эргэлзээтэй болжээ ” гэж дүгнэсэн байна.

Хэргийн 164-170 дахь талд хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт авагдсан. Энэхүү картыг хэрэгт хавсаргахдаа хуудасны дараалал зөрүүтэй хавсаргагдсанаас шалтгаалан картын бичилтүүд дарааллын хувьд алдаатай үдэгдсэн байна. Картын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн гэмтлийн эмчийн бичилтийн төгсгөл хэсэг нь хэргийн 169 дэх талд бичигдэж эмч гарын үсэг зурсан байна. Харин амбулаториор эмчлүүлэгсдийн картын үргэлжлэлд бичигдсэн өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн эм бичсэн бичилт нь энэ хэрэгт хамааралгүй бичилтүүд юм.

Миний үйлчлүүлэгч нь элэгний В, Д вирус мөн элэгний хавдар гэх оношоор байнгын эмчийн хяналтад байдаг ба сар бүр элэгний вирусийн эмийг өрхийн эрүүл мэндийн төвийн эмчээр бичилт хийлгэж хөнгөлөлттэй худалдан авч уудаг.

Энэ талаарх бичилт нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн эмчийн элэгний вирусийн эм бичсэн хэсгийг шүүх хэрэгт хамааруулан дүгнэсэн нь буруу шийдвэр гаргахад хүргэсэн байна.

Энэ асуудлыг буюу шинжээч эмчийг дүгнэлт гаргасан үндэслэл нотолгоог тайлбарлуулах зорилгоор шүүх хуралдаанд оролцуулсан шинжээч нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ Амбулаторийн эмчийн үзлэг дээрх он, сараар нь шинэ гэмтэл гэж үзсэн. Н.Б нарийн мэргэжлийн эмчид үзүүлчхээд 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр картаа бариад над дээр ирсэн” хавтаст хэргийн 169 дүгээр талд тархи доргилт гэж оношилсон байна ” гэж тодорхой мэдүүлж улмаар уг оношийг шинжээч үндэслэл болгож дүгнэлт гаргасан гэж мэдүүлсэн.

Шинжээч эмчийг дүгнэлт гаргах үед Өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн элэгний вирусийн эмийн хөнгөлөлттэй худалдан авах бичилт хийгдээгүй байсан учир шинжээч мэргэжлийн хүний хувьд Амбулаторийн картын гэмтлийн эмчийн үзлэг хийсэн, онош тавьсан хэсгийг таньж үнэн зөв мэдүүлэг өгсөн.

Гэтэл шүүх Амбулаторийн картын гэмтлийн эмчийн үзлэг хийсэн, онош тавьсан хэсэг, шинжээчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохицуулалтыг дутуу хэрэгжүүлсний улмаас шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт хийхдээ алдаа гаргасан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдож байх тул хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлд хамаарч байна.

Хэргийн 21-23 дахь талд хохирогчоос 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 24-26 дахь талд гэрчээр 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус тус мэдүүлэг авсан тэмдэглэл авагдсан. Энэхүү мэдүүлэгт Ж.Дд хохирогч хэрхэн, хэзээ зодуулсан тухай мэдүүлсэн. Анхан шатны шүүх хохирогчийн дээрх мэдүүлгийг няцаасан үгүйсгэсэн үндэслэлийг бичээгүй нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Хэргийн 13-16 дахь талд Н.Бын Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар авагдсан ба 14-16 дахь талд гэмтлийн эмчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, дэс дараалалтай, ойлгомжтой байдлаар авагдсан байна. Шүүх энэхүү амбулаторийн картын хуулбарыг хэргийн 164-174 дэх талд авагдсан Амбулаториор эмчлүүлэгсдийн картын эх хувьтай харьцуулан шалгаж үнэлэлгүй орхигдуулсны улмаас гэм буруугийн талаарх дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2-т “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай” гэжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байх ба 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтойд тооцогдох зөрчилд хамаарч байна.

Ийнхүү дээрх үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 310 дугаартай цагаатгах тогтоолд гомдол гаргаж байх тул цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Хохирогч Н.Бын... “утсаараа цагдаа дуудах гээд ажлын байрныхаа хойд өрөөний буйдан дээр сууж байтал утсыг маань булааж аваад дээрээс тархи толгойгүй гараараа нүдсэн, миний шүдний гадна шаазан эвдэрч аманд бутарч унасан. Д бид хоёр эд хөрөнгийн маргаантай, Орхон аймгийн иргэний хэргийн шүүх дээр бид хоёрын маргаан байгаа, түүнээс болж л манай ажил дээр ирж намайг зодсон. Миний буйл улайсан байсан, дээрээс дарж байгаад хоёр гараараа тархи толгойгүй цохиод байсан” гэх мэдүүлэг,

гэрч Б.Т-н... “Цаана нь Б эгч нэг гараа амныхаа урд барьчихсан, амны хэсэгт нь цус болчихсон, шүд нь бололтой цагаан өнгийн зүйлсийг нэг гартаа барьчихсан харагдаж байсан” гэх мэдүүлгүүд мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар авагдсан байна.

Дээрх хохирогч болон гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 242 дугаартай “...Н.Бын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлтээр тогтоогдож байгаа болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Дг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Н.Быг зодож, биед нь тархи доргилт гэмтэл учруулсан, хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж буруутгах үндэслэлүүд тогтоогдоогүйгээс гадна талуудын мэтгэлцээнээр шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд үндэслэл бүхий- эргэлзээ үүссэн ... гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

Тухайн гэмт хэрэг болсон гэх газарт хохирогч, шүүгдэгч нараас гадна хажуу лангуунд сууж байсан Б.Т, Д.О, хамгаалалтын ажилтан Л.Б нар байсан ба тухайн гэрчүүдийн мэдүүлэг үйл явдлыг тодорхой харсан, хэрүүл маргаан хийж, лангуун дээрх эд зүйлсийг унагааж хашхирч байсныг мэдүүлсэн байхад “... хохирогч Н.Быг зодож, биед нь тархи доргилт гэмтэл учруулсан гэх, хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж буруутгах үндэслэл үүд тогтоогдоогүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Мөн анхан шүүх нь “... хохирогч Н.Б, гэрч Б.Т, А.Н нарын мэдүүлгийг хэрхэн няцаасан тухай хууль зүйн дүгнэлтээ хийгээгүй байна. Хохирогч Н.Б тухайн үйл явдал болох үед өөрийн биед учирсан толгой өвдөх, дотор муухайрч огиулах шинж тэмдгээс гадна “Бүсийн оношилгоо эрүүл мэндийн төв”-ийн гэмтлийн эмчид үзүүлсэн, тухайн өдрийн 13 цагийн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тухай мэдүүлгийн эх сурвалжийг шүүх анхаарч, нотлох баримтыг харьцуулан болсон үйл явдлыг сэргээн дүгнэлт хийж, үнэлж чадаагүй.

Хохирогч Н.Бд учирсан гэмтлийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш 80 хоногийн дараа “... г/мозга...” гэж оношилсон, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогчийн картад “тархи доргилт гэсэн онош тэмдэглэгдээгүй, шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй, эргэлзээтэй болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь шинжээч эмч нь амбулаториор эмчлүүлэгсдийн картад бичигдсэн “...г/мозга...” буюу головной мозга-ийг энэ бол бол тархи доргилт гэсэн онош юм гэж тодорхой дурдаж гэмтлийн зэргийн зааварт заасны дагуу хохирогчийн бие учирсан гэмтлийн зэргийг тогтоон тус мэдлэгийнхээ хүрээнд Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч нь 242 дугаартай дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс хохирогч Н.Бын гаргаж хэрэгт хавсаргуулсан тухайн үед устгаж, гэмтээсэн гэх эд зүйлийн фото зурагт 12.000 төгрөгөөр үнэлэгдсэн том шоколадны, мөн 45.000 төгрөгөөр үнэлэгдсэн улаан виноны зураг авагдаагүй, хагарсан эд зүйл дотор улаан виноны шил байхгүй, энгийн нүдээр харахад урссан шингэн зүйлд улаан вино харагдахгүй байх тул дээрх эд зүйлийг хагарсан, эвдэрсэн, устгагдаж гэмтсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дээрх үнэлгээ болох 326.000 төгрөгөөс улаан виноны 45.000 төгрөг, том шоколадны 12.000 төгрөгийг хасаж тооцоход бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэх боломжгүй гэж хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр, зөвхөн хохирогчийн гаргаж өгсөн фото зурагт энгийн нүдээр харахад урссан зүйл харагдахгүй байна гэж дүгнэлт хийн хохирлын хэмжээг багасган, хохирлын хэмжээ хүрээгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна.

Хохирогчоос гаргаж өгсөн устгаж, гэмтсэн эд хөрөнгийн жагсаалт болон гэрэл зургийн үзүүлэлт буюу хавтаст хэргийн 90 дүгээр талд хогийн сав мэт мөнгөлөг гялгар зүйл дотор 1 ширхэг хар өнгийн виноны шил, мөн сандал дээр том шоколадны зураг, хавтаст хэргийн 89 дүгээр талд бор өнгийн дээгүүрээ улаан цагаан оруулгатай, улаан өнгийн тууз мэт зүйлээр ороосон виноны шилний зэрэг зураг нотлох баримтуудыг шүүх хэрхэн *дүгнэж, үгүйсгэж байгаа хууль зүйн дүгнэлтээ хийж чадаагүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Дд холбогдох хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж илтэд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 310 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч Ж.Д болон түүний өмгөөлөгч О.С нар тайлбартаа:

... 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ж.Д нь О худалдааны төвд Бын лангуунд сууж байхыг харж, ороход Б сонин юу байна гэсэн. Ж.Д нь тухайн үед нөхрөө хүнд өвчний улмаас /ходоодны хорт хавдрын/ алдсан байсан би Д 2016 онд Н.Бд 85 сая төгрөг зээлдүүлээд тэр мөнгөө авч чадаагүй. Б уг мөнгийг нь өгөхгүй 2021 оны 12 сар хүртэл өгөхгүй гомдол гаргаж байсан ба 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл хүнд өвчтэй нөхрөө сахиж, гадаад улс руу эмчилгээнд аваад явсан бол гэж шаналж байсан, стресст өртсөн үед нь мөнгийг өгөөгүйгээр барахгүй 2021 оны 09 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мөнгө төлөхийг шаардахад төлбөр хийхгүй, 2021 оны 12 дугаар сард Н.Бын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагаа хийхэд уг ажиллагааг эсэргүүцэж охин Х.М-аа нэхэмжлэл гаргуулан, уг иргэний хэрэгт Дг гуравдагч этгээдээр татан шүүхэд дуудуулах зэргээр маш их стресс, зовлонтой байхад нь /49 хоног ч дуусаагүй/ улам хохирол чирэгдэл учруулж байсан тул Ж.Д энэ байдалд тэсэж чадаагүй мөнгө төгрөгийг минь өгөөч намайг үхэл зовлон ирснийг мэдэж байж гээд тухайн өдрийн үйл явдал өрнөсөн байдаг.

Н.Б тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэсэн дүгнэлт гарсан боловч уг гэмтэл учирсан гэдэг нь хангалттай тогтоогдоогүй.

Шүүх хуралд шинжээч эмч Г Н.Быг би эмчид үзүүлээд ир, эмнэлгийн бичиг баримтаа авчир гэж хэлсний дагуу харж авчирсан уг картад эмчийн үзлэг хийсэн байсан. Түүнийг үндэслэн дүгнэлт гаргасан гэдэг.

Гэмтлийн зэргийг тогтоохдоо журмын гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжүүдийг баримталдаг бөгөөд үүнд: Амь насанд аюултай эсэх, Эрүүл мэнд сарниулсан хугацаа, Гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, Хөдөлмөрийн чадвар алдалт гэсэн шинжүүдийг баримталдаг юм.

Гэмтлийн хөнгөн зэргийг тогтоохдоо 2.4.1 гэмтлээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, 2.4.2 ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10%/ алдагдсан байх ёстой юм байна.

Шинжээч эмч үзлэг хийж, мөн эмчилгээний шинжилгээний материал хангалттай байвал дээрх материалд үндэслэж, дүгнэлт гаргаж болдог. Шинжээч эмч магадлуулагчийг өөрөө үзэж, бодит үзлэгийг бүрэн дүүрэн хийж дүгнэлт гаргана. Мөн шинжээч дутуу үндэслэл муутай гэж үзсэн эмнэлгийн бичиг баримтаар дүгнэлт гаргахгүй буюу хэрэгсэхгүй байж болно.

Шаардлагатай бичиг баримт хангалтгүй бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах эмнэл зүйн болон багажийн шинжилгээ хийлгэх эрхтэй юм байна. Бын үзүүлэх гээд очиход нь эмнэлгийн баримт бичиг байхгүй байсан тул эргэж бичиг баримтаа авчир гэсэн. Авчирсан баримтад эмнэл зүйн болон багажийн шинжилгээ хийж оношийг тогтоосон гэх байдал тогтоогдоогүй.

Н.Б КТТ юм уу, рентген зураг авахуулах зэргээр багажийн шинжилгээ хийлгээгүй нь эмчийн бичгийн сотресение головного мозга гэдэг онош бол яг батлагдсан онош гэж үзэх боломжгүй, иймээс зөвхөн тухайн оношийг нягталсан байх шаардлагыг шинжээч эмч хэрэгжүүлээгүй. Энэ талаар шүүх хуралдаанд нэлээн нухацтай, дэлгэрэнгүй асуулт хариултаар яригдсан тул мөн эмнэлгийн бичиг баримтад тавигдах шаардлага хангасан эсэх талаар гэмтлийн зэрэг тогтоох журам болон гэмтлийн зэрэг тогтоох аргачлалын тайлбар зэргийг үндэслэн хэлэлцэгдсэн. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

Н.Бд 326.000 төгрөгийн хохирол учирсан талаарх дүгнэлт гарсан боловч хохирогчийн гаргаж өгсөн хохирсон гэсэн эд зүйл нь бүрэн тогтоогдоогүй, хагарсан эд зүйлийн жагсаалтад байгаа улаан дарсны хагарсан талаарх зураг огт байхгүй зэрэг нь 326.000 төгрөгийн хохирол учирсан нь хангалттай тогтоогдоогүй. Иймд шүүхийн цагаатгах тогтоолд хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар судалсан нотлох баримтад үндэслэн хийсэн бодит дүгнэлт болно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Д тайлбартаа: ...03 дугаар сарын 07-нд Орхон моллыг сонирхож явсан. Мөнгөнөөс болж маргалдсан. Сэтгэл санааны хүндрэлтэй явснаас болж стресстэй байсан. Утас шидсэн асуудал байхгүй. Набор шок унагаасан нь үнэн, вино байсан. 3 Вино, хос аяга хагалаагүй. Шүд нь үйрч унасан юм бол хамгаалагч намайг явуулахгүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: .... Лангуун дээр байсан эд хөрөнгийн талаар тодорхой мэдүүлээгүй. Зодох үед шүд нь үйрсэн юм бол гэрч мэдүүлээгүй. Хамгаалагч бас гэрчлээгүй. О бас зодуулсныг мэдээгүй гэдэг. Картад бичсэн эмчийн бичиг шаардлага хангаагүй байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Н.Б тайлбартаа: ... Мөнгөний асуудлаас болд бид хоёр маргалдсан. Мөнгийг нь төлөөд явж байсан. 03 дугаар сарын 07-нд О-д орж ирсэн. Ширээн дээрээс түлхэж асгасан. Утас шидсэн. Пос машиныг авч шидсэн. Тэр хавиар орилж чарласан. Цаанаа жижиг өрөөтэй, араас орж ирээд тархи толгойгүй намайг нүдсэн. Аман дотор бутраад байсан. Тэр үед цагдаа ирээгүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: ... Цагаатгах тогтоолын үндэслэл болсон картын бичилт байгаа. Карт буруу үдэгдсэн. Шинжээчийн дүгнэлтийн талаар шинжээч тодорхой дүгнэсэн. Хохирогчийн мэдүүлгийг няцаасан дүгнэлт хийгээгүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А  дүгнэлтдээ: ... Цагаатгах тогтоол нь хуульд нийцээгүй. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь буруу ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Ж.Дд холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч М.М нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэл зэргийг тус тус хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “М” овогт Ж-н Дг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр      аймгийн       сумын       булаг багийн “О” худалдааны төвийн    дугаартай лангуун дотор Н.Бтай хэрүүл маргаан үүсгэж, гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн лангуун дээр нь байсан эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж 326.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж “...шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд эргэлзээ үүссэн...” гэж дүгнэн Ж.Дд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг эс хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч М.М нар давж заалдах гомдол, прокурор эсэргүүцэл гаргасан байна.

 

Шүүгдэгч Ж.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ:

“... Би Н.Быг ерөөсөө зодоогүй. Тухайн өдөр “О” худалдааны төвд юм сонирхоод явж байтал 2 давхарт Н.Б нь лангуун дээр зогсож байсан. Н.Б намайг хараад “сонин юу байна” гэхээр нь “сонин юу байлгах гэсэн юм бэ? миний нөхөр үхээд удаагүй байна. Би чамаас мөнгө төгрөгөөр авмаар байна, хэцүү байна, яагаад чи миний мөнгийг өгөхгүй байгаа юм бэ” гэсэн. Гэтэл Н.Б нь жижиг өрөө рүү хальт орж утсаар яриад хүн дуудсан. Тэгээд би буцаж гарахдаа лангуун дээр байсан 2-3 зүйлийг унагаасан. Юу байсан талаар сайн хараагүй, өрөөд тавьсан бэлэг дурсгалын зүйл л байсан. Би цагдаа иртэл байж байя гэж дотроо бодож байтал харуул “та одоо гараа” гэж хэлээд намайг гаргасан ...” гэж /хх-52-53/

анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “... би Н.Бд өр төлбөрөө авмаар байна гэхэд цаашаа гүйгээд ороод Т гэх хүн рүү утсаар ярьсан байсан. Т гэх залуу нь өөрийнх нь төрсөн дүүгийн хүү нь, тэр залуу орж ирэхэд би дэлгүүрийнх нь гадна талд гарсан байсан. Би энэ хүнийг огт зодоогүй гар хүрээгүй байхад тархи хөдөлсөн гээд дүгнэлт гаргуулаад явж байгааг нь гайхаж байна ...” гэж тус тус мэдүүлсэн байна.

Шүүгдэгчийн өгсөн дээрх мэдүүлгүүд нь гэрч Д.О-н “ ... Би өөдөөс харсан лангууны Б гэх эмэгтэйг зодуулж байхыг хараагүй. Гэхдээ харагдах байдлаас нэг эмэгтэй ороод ирсэн, дуу нь өндөрсөж “чи миний нөхрийг алсан, миний мөнгийг өг” гэхээр нь хажуугийн лангууны залууг дуудаад өөрийнхөө лангуунд орж ирсэн. Хамгаалагч ирж харагдсан, зодоон болсон талаар хараагүй, мэдэхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-н 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай ... магадлуулагчийн нүүр ам шүдэнд гэмтэл тогтоогдоогүй байна. Шүүх эмнэлэг хиймэл эрхтэнд үзлэг хийж дүгнэлт гаргахгүй ... гэсэн дүгнэлт /хх-181-182/,

Эрүүл мэндийн төвийн эмч 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш 80 хоногийн дараа “...г/мозга...” гэж оношилсон, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогчийн картад “тархи доргилт” гэсэн онош тэмдэглэгдээгүй зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогджээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.

   Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан шинжээчээс авсан мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэрэг нь хэрэг болсон цаг хугацаанд хохирогч Н.Бын биед Ж.Д нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж шууд хөтөлбөргүй зааж гэрчилсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн дүгнэж хэргийг шийдвэрлэснийг буруутган дүгнэх  үндэслэл тогтоогдохгүй байна.

Хохирогч Н.Б түүний өмгөөлөгч М.М-н ... цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... ” гэсэн давж заалдах гомдол, мөн прокурорын ... анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй, хүчингүй болгож өгнө үү ... гэсэн эсэргүүцлийг тус тус гаргасан байх боловч хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, прокурорын эсэргүүцэл нь дээр дурьдсан нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдсэн болно.

Мөн тухайн цаг хугацаанд дуудлагаар ирсэн гэх цагдаагийн албан хаагч нараас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал  буюу иргэн Н.Б нь бусдад зодуулсан гэх нөхцөл байдал байсан эсэх, түүний лангуун дээрээс унасан гэх эд зүйлс болон хагарсан гэмтсэн эд зүйлсийн талаар мэдүүлэг аваагүйгээс гадна хэрэг болсон гэх газарт үзлэг хийж бэхжүүлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

Хохирогч нь унаж, хагарсан эд зүйлсийн зураг гэх баримтыг гаргаж өгсөн байх боловч Ж.Дгийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Н.Бд 326.000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бага хэмжээнээс дээш хохирол” учирсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын бүхий л баримтуудыг харьцуулан, шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Ж.Дг хохирогч Н.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн түүний эд хөрөнгийг устгаж гэмтээн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж үзэж, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан Ж.Дд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч М.М-н нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хүлээн авах үндэслэлгүй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих зүйлсийг заасан бөгөөд анхан шатны шүүх Ж.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ бичвэрийн алдаа гаргасан байх тул цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, зөвтгөх боломжтой байна.

Хохирогч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол болон прокуророос “... цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн агуулгатай эсэргүүцэл гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт буюу “Давж заалдах шатны шүүх ... анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэсэн заалт нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсон бөгөөд хуулийн энэхүү өөрчлөлт нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгааг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 310 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын

“... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ж.Д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай ...” гэснийг

“ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогч Н.Б болон түүний өмгөөлөгч М.М нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.УРАНЧИМЭГ

               ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР