Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/310

 

2022         9            13                                    2022/ШЦТ/310

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э, 

улсын яллагч Г.А,

шинжээч эмч Ж.Г,

хохирогч Н.Б өмгөөлөгч М.М,

шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч О.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,

Ж.Д-д холбогдох эрүүгийн 2225001870200 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Ж.Д

Шүүгдэгч Ж.Д нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “Орхон Молл” худалдааны төвийн 3026 дугаартай лангууны дотор талд 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн “Орхон Молл” худалдааны төвийн 3 давхрын 3026 дугаартай лангуунд байсан Н.Б-н эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн 326.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ж.Д“...би 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “Орхон молл” худалдааны төвийг сонирхох журмаар явж байсан юм, гэтэл надад 93.000.000 төгрөгийн өглөгтэй Н.Бгэх эмэгтэй 3 дугаар давхрын лангуунд сууж байсан. Намайг ороход Н.Бөөдөөс “сонин сайхан юу байна” гэж асуусан, гэтэл миний дургүй хүрч “чи надаар сонин сайхан юу байлгах гэсэн юм, сониноос миний нөхөр үхчихсэн, чи өөр надаар сонин юу байлгамаар байна, яагаад намайг тавлаад байгаа юм, би чамаас өр төлбөрөө авмаар байна тэгэх үү” гэж хэлтэл Н.Б“өгнө шүү дээ” гээд байсан. Тэгэхэд нь би “яагаад өдий болтол өгөхгүй намайг хохироогоод, энд лангууны үйл ажиллагаа хийгээд ингээд байж байдаг юм, яагаад намайг тавлаад байгаа юм” гэсэн. Ер нь бол харилцаанаас л харилцаа үүсдэг, ингэж бид хоёрын маргаан үүссэн, тэгээд би Н.Бадамд “өр төлбөрөө авмаар байна” гэхэд цаашаа гүйж ороод Тэмүүжин гэх хүн рүү утсаар ярьсан байсан. Тэмүүжин бол төрсөн дүүгийнх нь хүү байгаа юм, тэр залуу ороод ирэхэд би дэлгүүрийнх нь гадна талд гарсан байсан. Би энэ хүнийг огт зодоогүй, гар хүрээгүй байхад “тархи хөдөлсөн” гээд дүгнэлт гараад байгааг гайхаж байна. Энэ хүнийг цохиж зодох боломж ч олдоогүй, би тэгж хүн цохиж явж үзээгүй, би энэ 7 жилийн хугацаанд Н.Бадамд ганц ч удаа муухай ааш гаргаж яваагүй. Энэ удаад  би нөхрийгөө алдаад, миний хань 1 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан, өмнөх хугацаанд Н.Ббид хоёр шүүхээр явж байсан. Н.Бманай нөхрийн хамаатан учир сайн дураараа бидний эмчилгээнд хэдэн төгрөг өгчих байх гэж бодож байсан, гэтэл энэ хугацаанд надад нэг ч төгрөг өгөөгүй. Тэгээд 1 дүгээр сард хань минь нас бараад сэтгэл санаа маш хүнд явж байхад Н.Бнадад “сонин сайхан юу байна” гэж хэлсэн нь маш их сэтгэлийн дарамт болж би бухимдсан, би хүний вино, лаа хоёр унагааснаа мэднэ, тэрийгээ хүлээн зөвшөөрнө, гэхдээ би хүн зодоогүй, гар хүрээгүй. Би гадна талд нь “мөнгөө авъя” гээд зогсож байхад доороос харуул ирээд “ингэж болохгүй, гар” гэж хэлсэн, харин би “би өөрөө гараад явъя” гээд явсан. Тэнд өөр юу ч болоогүй, үнэхээр энэ хүн надад зодуулаад, шүд нь үйрсэн гэж байгаа бол тухайн үедээ түргэн дуудаад, тэр өдрөө үнэлгээ, дүгнэлт хийлгээгүй байж гэнэт 3 дугаар сарын 09-ний өдөр ийм дүгнэлт гаргуулах болсныг гайхаж байна, магадгүй 3 дугаар сарын 08-ны өдөр энэ хүн яасан ч юм билээ, би мэдэхгүй шүү дээ, “хүний нөхөр салгасан” гээд маш их маргаантай хүн, нөхөртөө зодуулсан ч юм уу тэрийг би мэдэхгүй. Тэмүүжин гэх залуу бол төрсөн дүүгийнх нь хүүхэд, намайг тэндээс гарахад Н.Бмаскаа зүүчихсэн зүгээр сууж байсан. Гэтэл яагаад надад ингэж аймар зодуулсан хүн тэнд сууж байдаг юм, хоёр гэрч буюу өөдөөс харсан лангууны хүн, харуул хоёр “зодсоныг нь хараагүй” гэж хэлсэн байсан. Тэнд ийм процесс болоогүй, би үнэхээр зодож тийм аймар болгосон бол цагдаа иртэл би гарахгүй байх байсан, ямар ч юм болоогүй учраас харуул намайг гарахыг шаардаж, би гарсан. Намайг “согтуу явж байсан” гэж хэлж байна, би машинтай явж байсан, мөн би угаасаа архи уудаггүй байтал ах, дүү, аавыгаа гэрч болгож хүнийг ингэж гөрдөж болдог юм уу, маш их гайхаж байна. Өнөөдрийг хүртэл хүнд гүжирдүүлж, сэтгэл санааны дарамтад байгаад харамсалтай байна. 2016 онд надаас 90.000.000 төгрөг аваад “маш их баярлалаа” гэдэг байсан, өнөөдөр намайг “зодсон” гээд 8.000.000 төгрөг нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

шинжээч эмч Ж.Г “...Н.Бадамын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдсон нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, би өвчтөний зовуурь, нарийн мэргэжлийн эмчийн оношилгоог үндэслэж дүгнэлтээ гаргасан. Тархи доргилт нь мохоо зүйлийн үйлчлэлээр унах, цохих, сэгсрэх үед, алгадсан ч үүсдэг бөгөөд 28 хоногт үүссэн гэмтлийг шинэ гэмтэл гэж үздэг. Амбулаторын эмчийн үзлэг дээрх он, сараар шинэ гэмтэл гэж үзсэн. Н.Бнарийн мэргэжлийн эмчид үзүүлчихээд 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр картаа бариад над дээр ирсэн, эхлээд над дээр ирсэн байхыг ч үгүйсгэхгүй, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ажлын байран дээрээ цохиулж гэмтсэн гэж гэмтлийн эмчийн үзлэгт бичигдсэн байна. Хэвтрийн дэглэм сахих, хөдөлгөөн хорих бол тархи доргилт өвчний үед нэгдүгээрт авах эмчилгээ байдаг. Хавтаст хэргийн 169 дүгээр талд “тархи доргилт” гэж оношилсон байна.” гэв.

         Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

         хохирогч Н.Б-н “...2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр...“Орхон Молл” худалдааны төвийн 3026 дугаартай бэлэг дурсгалын лангуун дээрээ байхад Ж.Дирээд “чи муу миний мөнгийг өгөөч, би чамаас мөнгөө авъя, миний нөхрийг алсан алуурчин минь” гэж хэлээд зарж байсан бэлэг дурсгалын зүйлийг, мөн боож байсан бэлэг сэлтийг, карт уншдаг пос машиныг авч шидсэн. Түүний дараагаар би цагдаа дуудах гэтэл миний гар утсыг 2-3 удаа авч шидсэн, миний гар утасны шилэн наалт үзүүр хэсгээрээ эмтэрч хагарсан. Утсаараа цагдаа дуудах гээд ажлын байрныхаа хойд өрөөний буйдан дээр сууж байтал утсыг маань булааж аваад дээрээс тархи толгойгүй гараараа нүдсэн, миний шүдний гадна шаазан эвдэрч аманд бутарч унасан. Би 2014 онд бүх шүдэндээ шаазан паалан хийлгэсэн, 2018 онд дээд шүднүүддээ шаазан паалан хийлгэж байсан. Намайг зодож байхад манай хажуу талын лангууны Тэмүүжин орж ирээд Ж.Дунгармаад хандаж “та одоо болиоч ээ” гэж хэлсэн, Тэмүүжин цагдаа дуудаж өгсөн. Тухайн үед хамгаалагч ирээд Дунгармаад хандаж “та одоо болиоч, олон нийтийн газарт согтуу ингэж болохгүй, дараа ирээд учраа ол” гэж хэлээд аваад гарсан. Дунгармаа бид хоёр эд хөрөнгийн маргаантай, Орхон аймгийн Иргэний хэргийн шүүх дээр бид хоёрын асуудал байгаа, түүнээс болж л манай ажил дээр ирж намайг зодсон. Мөн дараа нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 10 цагийн үед ирээд “мөнгөө авъя” гэж хэлээд орилоод байсан, би Дунгармааг гаргах гэтэл гарахгүй байхаар нь лангуун дотроо цоожлоод цагдаа дуудсан. Цагдаа ирсэн байхад надтай хэрүүл маргаан хийж, цаастай гараараа ард дагз руу цохисон. ...Миний шүд Дунгармааг ирэхэд зүгээр байсан, Дунгармаа миний шүд рүү цохисон байх, өөрөөр шүдний шаазан паалан унах ёсгүй. Миний буйл улайсан байсан, дээрээс дарж байгаад хоёр гараараа тархи толгойгүй цохиод байсан. ...Би 120.000 төгрөгөөр толгойны зураг авхуулсан, толгойгоо 7 удаа бариулсан, нийт барианы мөнгө 65.000 төгрөг болсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

         гэрч Б.Т-н “...2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үдээс өмнө лангуун дээрээ сууж байтал Бадам гэх хүний лангууны харалдаа урд талын лангууны эгч манай лангуун дээр ирээд “Бадам эгчийг хүн зодоод байна салгаад өг”гэсэн. Бадам эгчийн лангуун руу ороход зодсон гэх эмэгтэй гарах гээд үүдэн дээр нь зогсоод “90.000.000 төгрөг болон миний нөхрийг бөөдөж алсан” гэсэн утгатай зүйл яриад байсан. Цаана нь Бадам эгч нэг гараа амныхаа урд барьчихсан амны хэсэгт нь цус болчихсон, шүд нь бололтой цагаан өнгийн зүйлсийг нэг гартаа барьчихсан харагдаж байсан. Тэгээд “эгчдээ цагдаа дуудаад өг” гэхээр нь цагдаа дуудаж өгсөн, цагдаа дуудаж байхад Бадам эгчийг зодсон эмэгтэй орилоод бэлэг дурсгалын зүйлс болон барааг нь авч шидээд байсан. Тухайн үед тус худалдааны төвийн харуул ирээд Бадам эгчийг зодсон эмэгтэйг аваад гарсан, ...Бадам эгчийг зодсон гэх эмэгтэйгээс архи үнэртэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

         гэрч А.Н-н “...2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр миний гар утас руу Дунгармаа залгаад “Бадам бид хоёр мөнгө төгрөгнөөсөө болж маргасан,  би уур хүрээд ажил дээр нь цохиод авсан, та аргалаад миний мөнгөний учрыг олоод өгөөч.” гэж байсан. Бадам хэлэхдээ “Дунгармаа ажил дээр ирээд зодсон” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

         гэрч Д.О-н “...Би өөдөөс харсан лангууны Бадам гэх эмэгтэйг зодуулж байхыг хараагүй. Гэхдээ харагдах байдлаас гаднаас нэг эмэгтэй ороод ирсэн, дуу нь өндөрсөж, “чи миний нөхрийг алсан, миний мөнгийг өг” гэхээр нь хажуугийн лангууны залууг дуудаад өөрийнхөө лангуунд орж ирсэн. Хамгаалагч ирж харагдсан, зодоон болсон талаар хараагүй, мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

гэрч Л.Б-н “...намайг ээлжтэй үед Туул үйлчлэгч “3 давхарт хэрүүл болоод байна” гэхээр нь 3026 лангуун дээр очиход түрээслэгч нь дотор талдаа, гадна талд нь нэг эмэгтэй хашгираад байсан, “90.000.000 төгрөгийг маань луйвардаж авсан, тэр мөнгөө авмаар байна” гэсэн зүйлийг яриад байсан, би гаргах гэсэн чинь өөдөөс “мөнгө, төгрөг авна” гэж хэлээд лангуун дээр байсан барааг түлхэж унагаасан. ...Лангуун дотор нь бараа бүтээгдэхүүн хагарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Ж.Д-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би Н.Бадамыг ерөөсөө зодоогүй. ...Н.Бнамайг хараад “сонин юу байна” гэхээр нь “сонин юу байлгах гэсэн юм, миний нөхөр үхээд удаагүй байна, би чамаас мөнгө, төгрөгөө авмаар байна, хэцүү байна, яагаад чи миний мөнгийг өгөхгүй байгаа юм бэ” гэсэн. Гэтэл Бадам жижиг өрөөрүү хальт орж утсаар яриад хүн дуудсан, тэгээд би буцаж гарахдаа лангуун дээр байсан 2-3 зүйлийг унагаасан, юу байсан талаар сайн хараагүй, өрөөд тавьсан бэлэг дурсгалын зүйл байсан. ...би 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зодоогүй, гар хүрээгүй, шүд болон нүүр хэсэг рүү нь цохиж зодоогүй. ...Бадамыг шүдний асуудалтай явдаг талаар мэднэ, “Инээмсэглэл” шүдний эмнэлгийн эмчээр хийлгэсэн гэдэг. ...Бадамын тархи доргисон, хөдөлсөн гэх үеийн эмчид үзүүлсэн карт, шинжилгээ хийлгэсэн үеийн баримтыг хэрэгт хавсаргуулмаар байна. Хэрвээ нүүр болон шүд рүү нь цохисон бол уруулын дотор талд ямар нэгэн хөхрөлт, хавдалт байсан бол картанд тусгагдсан байх ёстой.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна, би Н.Бадамын биед гар хүрээгүй, уур бухимдалтай байсан, мөн сэтгэл санааны хямрал ихтэй, мөнгө төгрөгөө авах гэж уурандаа лангуун дээр нь байсан вино, шар өнгийн бэлэг дурсгалын зүйлийг нь гараараа түлхэж унагаасан нь үнэн. ...Би Бадамын толгой болон биед нь огт гар хүрээгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний гараараа татаж унагаасан зүйл нь 336.000 төгрөг хүрэхгүй, би уурандаа вино нэг ширхэг, шар өнгийн бэлэг дурсгал унагаасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/, 

гэрч Э.Э-н “...Би 2006-2016 оны хооронд “Эмаль” шүдний эмнэлэгт ажиллаж байсан, тухайн үед Н.Бнь шүдний паалан бүрээс хийлгэж байсан, 2013-2014 он гэж санаж байна. Тухайн үед Н.Бүзүүлсэн баримт нь “Эмаль” эмнэлгийн журнал дээр байгаа байх, тухайн үед хэдээс хэдэн төгрөгөөр засуулсан талаар сайн мэдэхгүй. Н.Бнадаас “дахин шүдээ хийлгэвэл хэдээр хийх вэ” гэхээр нь “21 шүд 8.400.000 төгрөг болно, эмчилгээг хийж байж эмчилгээний төлбөр мөнгө нь тогтоогдоно” гэсэн утгатай тодорхойлолт гаргаж өгсөн. Н.Б“хүнд цохиулаад шүд эмтэрсэн” гэж байсан. ...Гадны нөлөөгөөр доргих, цохих, цохиулах үед эвдэрч үүрч унах боломжтой, энгийн үед өөрөөрөө үүрч унах боломжгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 178-179 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 242 дугаартай; “...1.Н.Бадамын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 6.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай; “...1.Магадлуулагчийн нүүр, ам, шүдэнд гэмтэл тогтоогдоогүй байна. 2.Шүүх эмнэлэг хиймэл эрхтэнд үзлэг хийж, дүгнэлт гаргахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 181-182 дахь тал/,

“Бэйкер Тилли Далайван Аудит” ХХК Орхон аймаг дахь салбарын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 02/02-18 дугаартай; “...жижиг давсан цэцэг 4 ширхэг 80.000 төгрөг, давсан жижиг лааны суурь 3 ширхэг 60.000 төгрөг, шоколадтай вино 1 ширхэг 56.000 төгрөг, улаан вино 1 ширхэг 45.000 төгрөг, давсан ваартай цэцэгтэй лааны суурь 1 ширхэг 45.000 төгрөг, том шоколад 1 ширхэг 12.000 төгрөг, жижиг шоколад 1 ширхэг 3.000 төгрөг, хос аяга 1 ширхэг 35.000 төгрөгөөр тус тус үнэлэгдэж нийт үнэлгээг 336.000 төгрөгөөр тогтоов.” гэсэн тайлан /хавтаст хэргийн 44-48 дахь тал/,

“Бэйкер Тилли Далайван Аудит” ХХК Орхон аймаг дахь салбарын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 02/02-33 дугаартай; “...бэлэг дурсгалын 4 ширхэг давсан цэцэг 80.000 төгрөг, бэлэг дурсгалын 3 ширхэг давсан лаа 60.000 төгрөг, 1 ширхэг шоколадтай вино 56.000 төгрөг, 1 ширхэг улаан вино 45.000 төгрөг, бэлэг дурсгалын 1 ширхэг давсан лаан цэцэг 45.000 төгрөг, 1 ширхэг том шоколад 12.000 төгрөг, 1 ширхэг жижиг шоколад 3.000 төгрөг, хос аяга 25.000 төгрөг, нийт үнэлгээг 326.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн тайлан, фото зургууд /хавтаст хэргийн 112-117, 118-119 дэх тал/,

хохирогч Н.Б-н “...2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед танил Дунгармаа намайг зодож, цохисон.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

хохирогч Н.Б-н Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

хэрэг болсон гэх “Орхон Молл” худалдааны төвийн 3026 дугаартай лангуунд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-7, 8 дахь тал/,

хохирогч Н.Б-с гаргаж хэрэгт хавсаргуулсан;

“Мөнгөн лувсан” ХХК-ийн захирал Э.Эрдэнэбилэгийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “...Н.Бадамд үзлэг хийхэд дээд, доод шүд үргэлжээрээ байгаа тул бүтэн солигдох шаардлагатай. Дээд, доод нийт 21 шүд солигдоно. 21 x 400.00 = 8.400.000 төгрөг.” гэсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 12 дахь тал/,

         амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,

         “Орхон Молл” худалдааны төвийн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 17 дахь тал/,

         “Орхон Молл” худалдааны төвийн камерын бичлэгт 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгч тэмдэглэл /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

Ж.Дэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67, 69 дэх тал/,

         амбулаториор эмчлүүлэгсдийн карт эх хувиараа /хавтаст хэргийн 164-170 дахь тал/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Бат-Эрдэнийн “...Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн хүлээн авах тасгийн “Иргэдийг хүлээн авсан бүртгэл”-ийн дэвтэрээс хохирогч Н.Бадамын үзүүлсэн 36 дугаартай хоёр баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 172-173 дахь тал/ зэрэг болно.

         Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, гэрч нараас, Ж.Дунгармаагаас сэжигтэн, яллагдагчаар  мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Д-йн гэм буруугийн талаар;

шүүгдэгч Ж.Д-г Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “Орхон Молл” худалдааны төвийн 3026 дугаартай лангууны дотор талд 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.Бадамтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж,

мөн “Орхон Молл” худалдааны төвийн 3 давхрын 3026 дугаартай лангуунд байсан Н.Б-н эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн 326.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

         Хавтаст хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэвэл;

         1.Шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг нотлох гол баримт болох шинжээч эмчийн 242 дугаартай дүгнэлт эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн тул хяналтын прокурор болон хохирогчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтээр шүүх хуралдаанд шинжээч эмч Ж.Гэрэлмааг оролцуулж гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулахад “...Н.Бнь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр БОЭТ-ийн төвийн гэмтлийн эмчид үзүүлсэн талаарх бичилт амбулаториор эмчлүүлэгсдийн картад тусгагдсан байна. Энэ эмчийн тавьсан оношийг үндэслэн би Н.Бадамын биед үзлэг хийгээд “тархи доргилт” гэмтэл учирсныг тогтоосон.” гэсэн болно.

         Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1 дэх хэсгийн 1.3-т “Эмнэлгийн бичиг баримт /өвчний түүх, эмчлүүлэгчийн карт, шинжилгээний хариу зэрэг/ эх хувиараа байх ба тухайн байгууллагын тамга, тэмдгээр баталгаажсан байна.” гэж заажээ.

         Хохирогч Н.Б-н амбулаториор эмчлүүлэгсдийн карт нь эх хувиараа хавтаст хэргийн 164-170 дахь талд авагдсан байх бөгөөд уг картад 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр бичилт хийгдсэн байна. Гэхдээ аль эмнэлгийн, хэн гэж эмч болох нь тодорхойгүй, тамга тэмдгээр баталгаажаагүй бичилт хийгдэж,  “...Н.Б54/эм, 2022.03.07-нд 13 цагийн орчим “Орхон молл” худалдааны төвийн 3 давхарт ажлын байран дээрээ бусдад цохиулж гэмтсэн гэв. Тухайн үедээ БОЭТ-ийн хүлээн авах тасагт үзүүлж анхны тусламж  авсан.

         Одоогийн зовуурь; толгой их өвдөнө, дотор муухайрна, огиулна.

         Үзлэгээр; Биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа эрүүл, орчиндоо харьцаатай, даралт хэвийн, арьс салст цэвэр.” гэж тэмдэглэгдэж, “тархи доргилт” оношлогдоогүй байхад шинжээч эмч нь яагаад, юуг үндэслэж “...Н.Бадамын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй, эргэлзээтэй болжээ.   

         Шинжээч эмч Ж.Гэрэлмаа нь хавтаст хэргийн 169 дүгээр талд авагдсан амбулаториор эмчлүүлэгсдийн картад бичигдсэн “...г/мозга...” буюу /головной мозга/-ийг “энэ бол тархи доргилт гэсэн онош юм, энэ оношийг үндэслэн 242 дугаартай дүгнэлтийг гаргасан.” гэж тайлбарласан боловч эрүүл мэндийн төвийн эмч 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш 80 хоногийн дараа “...г/мозга...” гэж оношилсон, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хохирогчийн картад “тархи доргилт” гэсэн онош тэмдэглэгдээгүй байгааг дурьдах нь зүйтэй.

         2.Шүүгдэгч Ж.Дбусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас хохирогч Н.Бадамд учирсан хохирлыг үнэлсэн “Бэйкер Тилли Далайван Аудит” ХХК Орхон аймаг дахь салбарын хоёр удаагийн;

         2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 02/02-18 дугаартай; “...нийт 336.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт хавтаст хэргийн 44-48 дахь талд,

2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 02/02-33 дугаартай; “...нийт 326.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт хавтаст хэргийн 112-117 дахь талд тус тус авагджээ.

Үнэлгээний байгууллага хохирогчийн гаргаж өгсөн жагсаалтын дагуу “...4 ширхэг жижиг давсан цэцэг, 3 ширхэг давсан жижиг лааны суурь, 1 ширхэг шоколадтай вино, 1 ширхэг улаан вино, 1 ширхэг давсан ваартай цэцэгтэй лааны суурь, том шоколад, жижиг шоколад, хос аяга зэрэгт үнэлгээ хийж 336.000 төгрөг, 326.000 төгрөг гэсэн үнэлгээнүүдийг гаргажээ.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “...45.000 төгрөгөөр үнэлэгдсэн улаан вино байгаагүй” талаар маргаж тайлбарласан бөгөөд хохирогч Н.Б-с гаргаж хэрэгт хавсаргуулсан тухайн үед эвдүүлж, хэмхлүүлсэн гэх эд зүйлийн фото зурагт 12.000 төгрөгөөр үнэлэгдсэн том шоколадны, мөн 45.000 төгрөгөөр үнэлэгдсэн улаан виноны зураг авагдаагүй, хагарсан эд зүйл дотор улаан виноны шил байхгүй, энгийн нүдээр харахад урссан шингэн зүйлд улаан вино харагдахгүй байх тул дээрх эд зүйлийг хагарсан, эвдэрсэн, устгагдаж гэмтсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дээрх үнэлгээ болох 326.000 төгрөгөөс улаан виноны 45.000 төгрөг, том шокладны 12.000 төгрөгийг  хасаж тооцоход бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж,

         3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж хуульчилсан байна.

         Хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, гэрч Б.Тэмүүжин, А.Намхайцэрэн, Л.Батсүрэн, Д.Оюунсүрэн нарын мэдүүлгүүдээр хохирогч Н.Бадамыг шүүгдэгч Ж.Дзодсон нь,

         мөн яг ямар эд зүйл хагарч, эвдэрсэн нь тодорхойгүй байх тул шүүгдэгч Ж.Дунгармааг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Н.Бадамыг зодож, биед нь тархи доргилт гэмтэл учруулсан гэж,

         хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж буруутгах үндэслэлүүд тогтоогдоогүйгээс гадна талуудын мэтгэлцээнээр шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн болно.

         Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэж, шүүгдэгч Ж.Д-д холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав.

         Бусад асуудал;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Н.Б-н нэхэмжилсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хохирогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж, эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээс хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Орхон молл” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

         битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ж.Д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 36.6, 36.9, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Д-д холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ж.Д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Н.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,

мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хохирогч Н.Б нь эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээс хохирлоо нөхөн төлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Орхон молл” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

         битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

         5.Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХТУНГАЛАГ