Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 569

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга
Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч З.С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймаг Өргөн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн их сургуулийн  2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй / С д холбогдох хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч З.С  нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БСБ төвийн орчимд иргэн М.Сэргэлэнгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

          

Шүүгдэгч З.С  шүүхийн хэлэлцүүлэгт “ 2017 оны 11 дүгээр сарын 12-нд манай сургуулийн урлагийн үзлэг болоод тарсаны дараа харих гээд найз Тэмүүлэнтэй явж байтал миний араас нэг согтуу хүн тэврээд намайг ална гээд байсан. Тэр хүн надаас зууралдаад явахгүй байхаар нь  манай найз Тэмүүлэн хоёр ч удаа надаас салгасан. Тэгсэн чинь нөгөө согтуу хүн намайг дахиад зуурч аваад салахгүй болохоор нь өөрөөсөө холдуулахын тулд би гараараа нэг удаа цохичихсон юм. Хохирогчид учирсан гэмтлийг би ганцаараа учруулсан гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч М.Сэргэлэн мөрдөн байцаалтанд ”Би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эхнэр болох Мөнхзулын хамтаар өдөр 12 цагийн үед найзууд болох Улаанаа, Өнөрбат нартай уулзаад Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Фалкон нэртэй пабад орж суугаад тэнд үйлчлүүлэн 1 шил 0,75 литрийн архи дахин 1 шил 0,5 литрийн Соёрхол архи аваад тэрийгээ 3 уулаа хувааж уусан, 21 цагийн үед эхнэр найзтайгаа уулзах гээд гараад явсан би тэнд үлдээд авсан юмаа ууж дуусгаад 12 цаг 00 минут арай болоогүй байхад тэр газраас гараад эхнэр рүүгээ залгаад хорооллын БСБ төвийн урд уулзахаар болоод тэр зүг алхаад зам гараад явж байгаад БСБ төвийн урд зогсоод эхнэрээ хүлээгээд зогсож байсан тэгсэн хажуугаар 20 орчим насны 2 залуу өнгөрөөд явсан өнгөрөх үедээ намайг шүргэсэн тэгээд эргэж хараад би “аятайхан яваарай ална шүү” гэж хэлэхэд нэг нь буюу С  дөхөөд ирэхэд нь би бариад авсан тэр үед С  миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон ба доошоо сөхрөөд унах үед тэр 2 залуу ертөнцийн зүгээр баруун тийшээ хорооллын эцэс талруу зугатаад гүйсэн би араас нь хөөж гүйж байгаад “Уулзвар” төвийн замын уулзварын харалдаа 2 залуу такси бариад дотор нь суугаад зугатаах гэхэд нь би  урд талын зорчигчийн хаалгыг татаад тэр 2-ын нэгийг нь татаж буулгасан тухайн үед би нилээн согтуу байсан бас сандарсан байсан болохоор яг хэнийг нь татаж буулгасныг санахгүй байна тэгсэн нөгөөдөх нь хойд талын хаалгыг онгойлгож бууж ирээд би нэгийг нь зуураад газар өнхөрч унасан ба нэг нь намайг салгах гээд ноцолдоод байж байтал цагдаа ирээд тэр 2-ыг барьж авсан...Надад учирсан гэмтэлийг С  намайг БСБ төвийн тэнд цохиж учруулсан намайг цохиод зугтаахад миний шүд унасан /хх-ийн 14-15/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч  Б.Мөнхзул мөрдөн байцаалтанд”...нөхөр маань гэртээ ирэхэд уруул нь хавдаад цус гарчихсан шүд нь уначихсан байсан. Тэгээд би юу болов гэсэн чинь чамтай уулзах гээд явж байтал 1 залуу намайг зодчихлоо...” /хх-ийн 16/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч П.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтад ”Би өөрийн найз болох С гийн хамтаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр СУИС дээр урлагийн үзлэгээ давтаж байгаад тараад гэрлүүгээ алхаад явсан тэгээд 12 цаг 00 минутын үед хороололын БСБ төвийн тэнд явж байгаад нэг утсаар ярьсан хүний хажуугаар зөрсөн чинь тэр хүн хөөе гэж дуудсан тэгээд эргээд хартал тэр хүн С г бариад авсан би та болиоч гэж хэлсэн чинь С г тавихгүй байсан тэгсэн С  тэр хүний нүүр рүү нэг удаа гараараа цохисон тэгээд бид 2 хороололын эцсийн тийшээ зугтаасан нөгөө хүн араас хөөсөн, зугатаж байгаад бид 2 такси бариад явах гэтэл хажууд ирээд хаалга онгойлгоод бас дахиж Саруултай тэр хүн ноцолдсон тэгээд би салгах гэсэн чадаагүй тэгээд байж байтал цагдаа ирээд бид 2-ыг бариад аваад явсан. /хх-ийн 19/ гэсэн мэдүүлэг

 

Яллагдагчаар З.С  мөрдөн байцаалтад “2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр СУИС дээрээ урлагийн үзлэгээ тараад гэрлүүгээ буюу Саппоро руу явах гээд автобусанд суух гэтэл зогссон болохоор нь гэрлүүгээ хороололоор дайраад найз Тэмүүлэнгийн хамтаар алхсан. Алхаад 00 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо БСБ төвийн урд явж байтал бид 2-ын зүүн урд талд нэг хүн ганцаараа утсаар ярьчихсан зогсож байсан ба бид 2 хоорондоо инээлдээд хойд талаар нь өнгөрөөд явтал араас би сүүлд нэрийг нь мэдсэн  Сэргэлэн гэх хүн хөөе гэж дуудахаар нь эргээд хартал хажууд ирсэнээ надад хандаад яагаад инээгээд байгаа юм гэж хэлэхээр нь би яасан юм гэж хэлтэл Тэмүүлэн  хажуунаас бид 2  хоорондоо юм ярьж байнаа гэж хэлээд явах гэтэл Сэргэлэн миний цамцнаас татаад ална шүү пацаан минь гэж хэлэхээр нь та явчих гээд Тэмүүлэн түлхтэл нөгөө хүн миний цамцнаас татсан хэвээрээ тавихгүй болохоор нь би Сэргэлэнгийн нүүр рүү нэг удаа гараараа цохиход арагшаа газар суусан тэр хооронд нь бид 2 гүйгээд зугтаасан  чинь араас Сэргэлэн хөөж байгаад бид 2 хороололын эцсийн тэнд гүйж явтал Сэргэлэн Тэмүүлэнг бариад ноцолдоод байсан би харин такси барих гэж байтал цагдаа ирээд барьсан. Тухайн үед Сэргэлэн их согтуу бид 2-ыг дарамтлаад явуулахгүй болохоор нь салахын тулд бас намайг цохих гэж байна гэж айсандаа нэг удаа цохисон өөрөөр би Сэргэлэн гэх хүнийг танихгүй өмнө нь харж байгаагүй. Би өөрийнхөө учруулсан бодит хохирлыг төлж барагдуулна мөн би Сэргэлэнгийн шүдийг мэргэжлийн эмнэлэгт эмчлүүлж өгнө, хэргийг хялбаршуулан шийдэж өгнө үү”  /хх-ийн 27/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14272 дугаартай: ”...М. Сэргэлэнгийн биед дээд үүдэн зүүн 1 дүгээр шүдний хугарал, буйланд цус хуралт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч З.С гийн хувийн байдалтай холбоотой оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 29/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 30/, ял шалгах хуудас /хх-ийн 31/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.С   2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БСБ төвийн орчимд иргэн М.Сэргэлэнгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Сэргэлэнгийн”...С  миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон...”, гэрч П.Тэмүүлэнгийн”...С  тэр хүний нүүр рүү нэг удаа гараараа цохисон...” яллагдагч З.С гийн “...би Сэргэлэнгийн нүүр рүү нэг удаа гараараа цохиход арагшаа газар суусан...” гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч З.С гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч З.С  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч З.С  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирогч Сэргэлэнгийн хохирлыг барагдуулна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогч Сэргэлэнгээс гаргаж өгсөн С тай 500.000 төгрөгөөр тохирч эвлэрсэн тул хэргийг хялбаршуулж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, З.С  хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг З.С д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.С г хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.С д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

             

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ