Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 857

 

   Б.Б-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1086 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн улсын яллагчийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д  холбогдох 1806039030827 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И Т овгийн Б-н Б, 19... оны ... дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........ ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ......... дүүргийн 1 дүгээр хороо, ........ тоотод оршин суух,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: .............../.

Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Шинэ зуун айл” цогцолборын баригдаж байгаа барилга дээр иргэн Г.У-г барилгын тулаас төмрөөр толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-г тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.4 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б.Б-д  3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр өмнөх 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 40 хоногийн хорих ялаар сольж, уг ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д  оногдуулсан 3 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-н  цагдан хоригдсон нийт 80 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гантулгабат бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заажээ. Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтаас авч үзэхэд шүүхээс торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болох агуулгатай байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмын дагуу шүүгдэгч Б.Б-н  600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэх боломжийг хууль тогтоогч олгожээ. Гэвч анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д  өмнө оногдуулсан торгох ялыг хорих ялтай дүйцүүлэн нэмж нэгтгэсэн нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 1086 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах буюу шүүгдэгч Б.Б-д  оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ. 

            Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг гарсан өдөр хохирогч гэх Г.У-т би 2 цагийн турш зодуулсан. Мөрдөн байцаалтын шатанд энэ талаар ярьсан. Хоёр цаг гаруй хугацаанд зодуулж байгаад сүүлдээ биеэ хамгаалах гэж барилгын хашаанд байсан төмрөөр Г.У-ыг цохисон. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Замын хажуугийн камерийн бичлэгийг шалгуулмаар байна...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Шинэ зуун айл” цогцолборын баригдаж байгаа барилга дээр иргэн Г.У-г барилгын тулаас төмрөөр толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.У-н “... Тэр өдөр Б.Б бид хоёр барилгын хашааны гадна муудалцаад би ч юм бодоогүй, бид хоёр орж унтахаар болоод хашааны баруун урд талаар шургаж ороод хашаан дотор гэр лүү явж байтал гэнэт Б.Б миний ардаас барилгын тулдаг урт төмрөөр миний толгой руу 2 удаа цохисон. Би цохиулаад эргээд хартал Б.Б төмөр барьчихсан зогсож байсан. ...” /хх-15-17/,

гэрч Б.Л-н “...Намайг очиход У-н нүүр нь цус болчихсон хэвтэж байсан. У-с би “юу болсон” талаар асуухад “түргэн дуудаад өг” гээд өөр юм хэлээгүй. ...” /хх-24-25/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Г.У-н биед зулайн ясны цөмөрсөн ил хугарал, зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 38/ гэсэн дүгнэлт,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-10/, компьютер томографийн дүгнэлт /хх 36/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Б-д  холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б.Б-д  3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 40 хоногийн хорих ялаар сольж, уг ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Прокурор Ц.Гантулгабатаас шүүгдэгч Б.Б-д  шүүхээс оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоолд өөрчлөлт оруулъя гэсэн улсын яллагчийн эсэргүүцэл бичснийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Учир нь, Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба уг ялыг хэрхэн биелүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих…”-оор, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр…” тус тус заасныг журамлан Б.Б-н  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэхээр байна.  

             Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1086 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Гантулгабатын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.