Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1364

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01457 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “У” ХХК-ийн хариуцагч “З” ХХК-д холбогдуулан гаргасан 78 463 295 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“У” ХХК нь “З” ХХК-тай 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан ба 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн нэмэлт гэрээгээр 1 м.кв талбайн түрээс 7 ам.доллар байхаар харилцан тохиролцсон. Түрээслэгч манай өмчлөлийн Ү-2202015059 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн Г блокийн 1, 2, 3 дугаар давхраар нь буюу тус бүр 220 м.кв нийт 660 м.кв талбайг түрээсэлж байгаад 2015 оны 01 дүгээр давхрыг хүлээлгэн өгч, 2, 3 дугаар давхарт нийтийн хоол, караокены үйл ажиллагаа явуулж байсан. Талуудын байгуулсан түрээсийн гэрээтэй холбогдох маргаан өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж гэрээ дуусгавар болсон. Хэдий гэрээ дуусгавар болсон ч гэсэн “З” ХХК түрээсэлж байсан Чингэлтэй дүүргийн 5 дугаар дугаар хороо, Тэнгис кино театрын байрны Г блокийн 3 дугаар давхарт оффис нь ажиллаж, караоке нь байрлаж байсан. “З” ХХК түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан учраас бид шүүхэд хандан улмаар 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 602 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж байсан. Хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлж авах талаар “З” ХХК-ийн захирал Г.Цогтгэрэлтэй уулзаж 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагаа талбайгаа хүлээлцье гэж тохирсон ч түүнээс хойш элдэв шалтаг тоочиж тухайлбал шүүхээр маргаантай байгаа учраас чөлөөлөхгүй, өвчтэй байна. Завгүй байна, 1 дэх өдөр очиж авна, эд хөрөнгөө зөөх агуулах олохоор авна гэх зэргээр манай компанид хамааралгүй шалтгаанаар түрээсэлж байсан талбайгаа чөлөөлж өгөхгүй алга болсон. Түүний манай ажилтнууд руу явуулсан мессеж, гэрчүүд ч бий. Ийнхүү хариуцагчийн хаяг олдохгүй байсны улмаас манай компанийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаар татгалзаж улмаар манай компанийн хүсэлтээр “З” ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал Г.Цогтгэрэл нарыг эрэн сурвалжилж 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1433 дугаартай шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс хариуцагчийг эрэн сурвалжилж Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 11Б байр, 47 тоот хаягт хариуцагч компанийн гүйцэтгэх захирал оршин суудаг талаар олж тогтоон Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтыг гаргуулан бидэнд өгсөн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Түрээслэгч гэрээ дуусгавар болсны дараа түрээсийн хөрөнгийн хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй бол Түрээслүүлэгчид учирсан хохирол, хэтэрсэн хугацаанд ногдох түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй” гэж заасан. Түрээсийн 1 м.кв талбайн үнэ сарын 7 ам доллар байхаар талуудын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1 тоот нэмэлт гэрээнд харилцан тохиролцож төлбөр төлөх үеийн валютын ханшаар бодохоор тохиролцсон байсан. Г блокийн 3 дугаар давхар нь 220 м.кв буюу сарын түрээс нь 1450 ам.доллар байсан. Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд бид “З” ХХК-аас 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд дахь төлбөрийг нэхэмжилж байсан. Харин энэхүү нэхэмжлэлээр 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 19 сар 4 хоногийн буюу 29 413 ам.доллар нэхэмжлэл гаргаж буй өдрийн монгол банкны зарласан ханш 1 ам.доллар 2667.64 төгрөгөөр тооцон нийт 78 463 295 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“З” ХХК нь “У” ХХК-тай 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг 15 жилийн хугацаагаар байгуулж Тэнгис кинотеатрын Г блокийн 3 давхар, 660 м.кв талбайг ашиглаж эхэлсэн. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “У” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр гаргуулах, түрээсийн талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрлэсэн. Уг шүүх хурал болохоос өмнө нэхэмжлэгч нь түрээсийн талбайг чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсаны дараа хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 17/06/16 тоот албан бичгээр түрээсийн гэрээ цуцлах мэдэгдэл нэхэмжлэгчид өгснөөр түрээсийн гэрээ цуцлагдсан байна гэж шүүх дүгнэсэн болно. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зарим нэг өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн бөгөөд Улсын дээд шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр магадлалыг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн бүх эд хөрөнгүүдийг битүүмжлүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2016/13028 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гарч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1328/01 тоот Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор “З” ХХК-ийн бүх эд хөрөнгүүдийг 101 120 675 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн, мөн түрээслүүлэгчийн байнгын дарамт, шахалтын дор ажиллахад хүндрэлтэй болсон тул хариуцагч нь гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс түрээсийн талбайг ашиглахаа больсон бөгөөд битүүмжлүүлсэн эд хөрөнгүүдийн бүрэн бүтэн байдлыг шалгах зорилгоор үе үе түрээсийн байрыг эргэж очдог байсан. Гэтэл “У” ХХК 2017 оны 11 дүгээр сард түрээсийн талбайн цахилгаан хангамжийг тасалсан. 2018 оны 2 дугаар сард “Улаанбаатарсииема” ХХК нь дахин “З” ХХК-ийг шүүхэд өгч, 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 2 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зарим нэг өөрчлөлт оруулсан бөгөөд Улсын дээд шүүхээс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/02167 тоот шийдвэрийн үндэслэх хэсэг буюу шийдвэрийн 6 дугаар талд ...хариуцагч буюу түрээслэгч талаас гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгснөөр Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3-т зааснаар түрээсийн гэрээ дуусгавар болсон байх бөгөөд энэ талаар дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд дүгнэсэн байна, мөн дараагийн 7 дугаар талд Иймд дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээ дуусгавар болсноос хойш гэрээний үүрэгт 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг нэхэмжлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. “У” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай 26 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэгт Тэнгис кинотеатрын байр Г блокийн 2, 3 дугаар давхрыг ЗМН ХХК-аас хүлээлцэх акт үйлдэж, талбайг чөлөөлж, эд хөрөнгийн жагсаалт гаргахыг үүрэг болгосон байдаг. Уг ажлын хэсэг “З” ХХК-ийн захирлыг хүрэлцэн ирээгүй гэсэн шалтгаанаар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дангаараа 3 дугаар давхарт гарч, хаалганы цоожийг сольж, уг давхарт байсан “З” ХХК-ийн эд хөрөнгүүдийг тоолж, жагсаалт үйлдэн түрээсийн талбайг өөрийн эзэмшилд авсан. Дараа нь уг ажлын хэсэг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр мөн “З” ХХК-ийн захирлыг хүрэлцэн ирээгүй гэсэн шалтгаанаар дангаараа 2 дугаар давхарт гарч, хаалганы цоожийг сольж, уг давхарт байсан “З” ХХК-ийн эд хөрөнгүүдийг тоолж, жагсаалт үйлдэн түрээсийн талбайг өөрийн эзэмшилд авсан. Нэхэмжлэгч нь өмнөх түрээсийн төлбөрийн маргааны явцад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 210/MА2017/02116 тоот магадлалаар “З” ХХК-ийн хийсэн хөрөнгө оруулалтын зардлыг “У” ХХК төлөхөөр болсон тул одоо “З” ХХК-ийн эд хөрөнгүүд бүгд нэхэмжлэгчийн өмч болсон гэсэн тайлбар гаргаж, 2 дугаар давхрын эд хөрөнгүүдийг дараагийн түрээслэгчид өгч ашиглуулсан, 3 дугаар давхрын эд хөрөнгүүдийг өөрийн агуулах руу зөөсөн байсан. Түрээсийн гэрээ 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон байхад түрээсийн гэрээний 12.3 дахь заалтыг үндэслэн, мөн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн талбайгаа өөрийн эзэмшилд авсан байж тэрнээс хойших хугацааны түрээсийн төлбөр гэж мөнгө нэхэмжлэх эрх хариуцагчид байхгүй. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэл нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “З” ХХК-аас 78 463 295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 550 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо:

... Түрээслэгчтэй анх 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөр огт төлөөгүй учраас шүүхэд хандсан. Улсын Дээд шүүхийн тогтоолоор энэ гэрээг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэсэн. Энэ өдрөөс хойш бид өөрийн талбайгаа өмчилж, бусдад түрээслэн үр шимийг хүртэх нь зүй ёсны асуудал. Шүүх 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2, 3 дугаар давхрыг хүлээж авахаар акт үйлдэж байтал түрээслэгч талын нягтлан Сийлэгмаа 3 дугаар давхрыг гадуураа циллодтой тросон цоожоор цоожлоод явсан учраас хүлээж авч чадаагүй. Талбай хүлээлцсэн баримт үйлдэгдээгүй. Гэтэл шүүх хүлээлцсэн мэтээр буруу дүгнэсэн. Бид энэ өдрийг хүртэл хүлээсэн нь нэг талаас түрээслэгч талын захирал н.Цогтгэрэл эд хөрөнгөө авна гэж удаа дараа хэлж хойшлуулж байсан, холбогдохоо больж сүүлдээ хаана оршин суугаа олдохгүй болж бид шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж гэрийн хаягийг нь тодруулж байсан. Нөгөө талаар тэдний эд хөрөнгийг хадгалах агуулах сав байхгүй, дүүрэн эд хогшилтой байсан. Бид арга буюу агуулахад байсан өөрийн эд хогшлоо чөлөөлөөд түрээслэгчийн эд хөрөнгийг хадгалсан. Манай хүсэлтийн дагуу битүүмжлэгдсэн тул бид эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс агуулахдаа хадгалж талбайгаа ашиглах боломжийг өөртөө үүсгэсэн. Бид түрээслэгчийн эд хөрөнгөөс нэг ч эд зүйл дутаалгүй, гэмтээлгүй, үрэгдүүлэлгүй хадгалж битүүмжлэлийг шударгаар биелүүлсэн. Энэ ч үүднээс түрээслэгч өнөөдрийг хүртэл хугацаанд манай хадгалсан эд хөрөнгөөс дутсан тухай асуудал, шийдвэр гүйцэтгэлээс мөн асуудлаар маргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно” гэж заасан ба шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүлсэн нь эд хөрөнгийг хөдөлгөж болохгүй гэсэн ойлголт биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч “З” ХХК-д холбогдуулан 78 463 295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч “З” ХХК нь нэхэмжлэгч “У” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Жуулчны гудамж-17, Тэнгис кино театрын Г блокийн 660 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар 2008 оноос түрээсэлж байсан, тус гэрээний харилцаа 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Мөн 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжилсэн зохигчдын маргааныг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/02167 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

            Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ дуусгавар болсон, маргааныг шүүх шийдвэрлэснээс хойш түрээсийн байрыг суллаж, түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч “З” ХХК биелүүлээгүй, байрыг суллаж өгөөгүйгээс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 19 сар 4 хоногт түрээсийн байрыг бусдад түрээсэлж олох байсан орлогоор хохирсон гэж тайлбарлан, хэмжээг өмнөх түрээсийн гэрээний дүнгээр тооцож нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан энэ тохиолдолд түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх хуулиар тогтоосон үүргээ биелүүлсэн эсэх, нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх маргааны үйл баримтыг тогтоох шаардлагатай.

 

            Нэхэмжлэгч “У” ХХК нь түрээсийн талбай буюу Тэнгис кино театрын Г блокийн 2, 3 дугаар давхрыг түрээслэгч “З” ХХК-ийн эзэмшлээс чөлөөлж, эд хөрөнгийн жагсаалт гаргаж, хүлээлгэж өгөх, талбайг чөлөөлөх “Ажлын хэсэг”-ийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулж, түрээслэгчид энэ талаар мэдэгдсэн, “З” ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Э.Сийлэгмаа эд хөрөнгө тоолох, 2 дугаар давхрыг чөлөөлөх ажиллагаанд оролцсон болох нь зохигчдын тайлбар, Э.Сийлэгмаагийн гэрчийн мэдүүлэг, эд хөрөнгийн жагсаалт үйлдсэн баримтаар тогтоогдсон байна. /хх-95,150-162, 239-240/

 

            Тухайн Ажлын хэсэг ажиллах үед 2 дугаар давхрыг суллаж түрээслүүлэгч өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан, харин 3 дугаар давхрыг “З” ХХК-ийн нягтлан бодогч Э.Сийлэгмаа цоожилсон тул 220 м.кв талбайг хүлээн авах боломжгүй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

            Зохигчид анх 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Түрээсийн гэрээг бичгээр байгуулахдаа гэрээний 13.1-т “гэрээг дуусгавар болсноос хойш түрээслэгч нь түрээсийн талбай, эд хөрөнгийг түрээслүүлэгчийн тогтоосон хугацаанд хүлээлгэж өгөөгүй, түрээсийн талбайг чөлөөлөөгүй бол түрээслэгчийн эд хөрөнгийг өөр газарт шилжүүлж, түрээсийн талбай, эд хөрөнгийг чөлөөлөх бөгөөд энэ талаар нэн даруй түрээслэгчид мэдэгдэнэ” гэж түрээсийн талбайтай холбоотой авах арга хэмжээний талаар харилцан тохиролцсон байна. Нэхэмжлэгч компани нь гэрээний уг заалтын дагуу ажлын хэсэг томилон, эд хөрөнгийг түрээслэгчийн төлөөлөгчийг байлцуулан тоолж жагсаалт үйлдсэн, гэрээнд зааснаар талбайг чөлөөлөх боломжтой байхад 3 дугаар давхрыг цоожилсон гэх шалтгаанаар суллаж аваагүй, харин 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээнд заасан дээрх заалтын дагуу чөлөөлсөн байна. /хх-194-214/

 

            Дээрхээс үзвэл гэрээний дагуу талбайг чөлөөлөх боломжтой байхад эрхээ хэрэгжүүлэлгүй 19 сар 4 хоног талбайгаа бусдад түрээслүүлэх зэргээр ашиглаагүй хариуцагч талбайг чөлөөлөөгүйтэй холбоотой гэж буруутгах үндэслэлгүй байна.

 

            Түүнчлэн, түрээсийн байран дахь түрээслэгчийн эд хөрөнгийг нэхэмжлэгч “У” ХХК-ийн хүсэлтээр шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 13028/01 дүгээр захирамжаар битүүмжилснийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 19/12 дугаар тогтоолоор чөлөөлсөн, дурдсан шийдвэрүүд гарсан эсэхээс үл хамааран нэхэмжлэгч компани нь Г блокийн 2 дугаар давхрыг 2018 оны 02 дугаар сард чөлөөлсөн, мөн 3 дугаар давхрыг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Иймд хөрөнгийг битүүмжилсний улмаас талбайг чөлөөлөх боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хариуцагчаас хохирол гаргуулах үндэслэлгүй.

 

Дээрхээс дүгнэвэл түрээсийн гэрээний 13.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эд хөрөнгийг албадан шилжүүлж, өөрийн агуулахад хадгалсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 550 266 төгрөгийг нөхөн төлүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ