Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2020/01457

 

 

 

 

 

 

 

 

                           2020        04        28                             

                             101/ШШ2020/01457

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 000 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг,0 дугаар хороо, 00дугаар хороолол 00 байр 0 давхарт оршин байх “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо00 байрны 0 тоотод оршин байх “З” ХХК-нд холбогдох, 

78,463,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэвээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У” ХХК нь “З” ХХК-тай 2008.08.15-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулсан ба 2014.05.12-ны өдрийн нэмэлт гэрээгээр 1 мкв талбайн түрээс 7 ам доллар байхаар харилцан тохиролцсон. Түрээслэгч манай өмчлөлийн Ү-2202015059 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн Г блокийн 1, 2, 3 дугаар давхраар нь буюу тус бүр 220 мкв нийт 660 мкв талбайг түрээсэлж байгаад 2015 оныд 1-р давхрыг хүлээлгэн өгч,  2, 3 дугаар давхарт нийтийн хоол, караокены үйл ажиллагаа явуулж байсан. Талуудын байгуулсан түрээсийн гэрээтэй холбогдох маргаан өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж гэрээ дуусгавар болсон. Хэдий гэрээ дуусгавар болсон ч гэсэн “З” ХХК түрээсэлж байсан Чингэлтэй дүүргийн 5-р дугаар хороо, Тэнгис кино театрын байрны Г блокийн 3 дугаар давхарт оффис нь ажиллаж, караоке нь байрлаж байсан. “З” ХХК түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан учраас бид шүүхдэж улмаар 2019.04.30-ны өдрийн УДШ-ийн 602 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж байсан. Хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2018.02.26-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлж авах талаар “З” ХХК-ийн захирал Г.Цогтгэрэлтэй уулзаж 2018.02.28-ны өдрийн 14:00 цагаа талбайгаа хүлээлцье гэж тохирсон ч түүнээс хойш элдэв шалтаг тоочиж тухайлбал шүүхээр маргаантай байгаа учраас чөлөөлөхгүй, өвчтэй байна. Завгүй байна. 1 дэх өдөр очиж авна, эд хөрөнгөө зөөх агуулах олохоор авна гэх зэргээр манай компанид хамааралгүй шалтгаанаар түрээсэлж байсан талбайгаа чөлөөлж өгөхгүй алга болсон. Түүний манай ажилтнууд руу явуулсан мессеж, гэрчүүд ч бий. Ийнхүү хариуцагчийн хаяг олдохгүй байсны улмаас манай компанийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаар татгалзаж улмаар манай компанийн хүсэлтээр “З” ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал Г.Цогтгэрэл нарыг эрэн сурвалжилж 2019.08.27-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1433 дугаартай шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс хариуцагчийг эрэн сурвалжилж Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 11Б байр, 47 тоот хаягт хариуцагч компанийн гүйцэтгэх захирал оршин суудаг талаар олж тогтоон БЗД-ийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтыг гаруулан бидэнд өгсөн учир Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу уг хаягийн дагуу нэхэмжлэл гаргалаа. Талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээний 12.3-т “Түрээслэгч гэрээ дуусгавар болсны дараа түрээсийн хөрөнгийн хугацаанд нь хүрээлгэн өгөөгүй бол Түрээслүүлэгчид учирсан хохирол, хэтэрсэн хугацаанд ногдох түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй” гэж заасан. Түрээсийн 1 мкв талбайн үнэ сарын 7 ам доллар байхаар талуудын 2014.05.12-ны өдрийн 1 тоот нэмэлт гэрээнд харилцан тохиролцож төлбөр төлөх үеийн валютын ханшаар бодохоор тохиролцсон байсан. Г блокийн 3 дугаар давхар нь 220 мкв буюу сарын түрээс нь 1450 ам доллар байсан. Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд бид “З” ХХК-аас 2017.04.01-2018.02.15-ны өдрийн хооронд дахь төлбөрийг нэхэмжилж байсан. Харин энэхүү нэхэмжлэлээр 2018.02.15-ны өдрөө схойш 2019.10.03-ны өдрийг хүртэлх 19 сар 4 хоногийн буюу 29,413 ам доллар нэхэмжлэл гаргаж буй өдрийн монгол банкны зарласан ханш 1 ам доллар 2667.64 төгрөгөөр тооцон нийт 78,463,295 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З ХХК нь У ХХК-тай 2008-08-15-ны өдөр Түрээсийн гэрээг 15 жилийн хугацаагаар байгуулж Тэнгис кинотеатрын Г блокийн 3 давхар, 660 м.кв талбайг ашиглаж эхэлсэн. 2016-03-11-ний өдөр У ХХК нь 2015-01-01- ний өдрөөс 2017-04-01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр гаргуулах, түрээсийн талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017-07-17-ны өдөр шийдвэрлэсэн. Уг шүүх хурал болохоос өмнө нэхэмжлэгч нь түрээсийн талбайг чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсаны дараа хариуцагч нь 2017-06-16-ны өдөр 17/06/16 тоот албан бичгээр түрээсийн гэрээ цуцлах мэдэгдэл нэхэмжлэгчид өгснөөр түрээсийн гэрээ цуцлагдсан байна гэж шүүх дүгнэсэн болно. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх 2017-09-25-ны өдөр зарим нэг өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн бөгөөд Улсын дээд шүүхээс 2018-02-02-ны өдөр магадлалыг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн бүх эд хөрөнгүүдийг битүүмжлүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-03-30-ны өдрийн 101/LLI32016/13028 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж гарч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016-04-05-ны өдрийн 1328/01 тоот Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор З ХХК-ийн бүх эд хөрөнгүүдийг 101,120,675 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн, мөн түрээслүүлэгчийн байнгын дарамт, шахалтын дор ажиллахад хүндрэлтэй болсон тул хариуцагч нь гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн 2017-06-16-ны өдрөөс түрээсийн талбайг ашиглахаа больсон бөгөөд битүүмжлүүлсэн эд хөрөнгүүдийн бүрэн бүтэн байдлыг шалгах зорилгоор үе үе түрээсийн байрыг эргэж очдог байсан. Гэтэл У ХХК 2017 оны 11-р сард түрээсийн талбайн цахилгаан хангамжийг тасалсан. 2018 оны 2 дугаар сард У ХХК нь дахин З ХХК-г шүүхэд өгч, 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 2 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018-10-30-ны өдөр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх 2018-12-26-ны өдөр зарим нэг өөрчлөлт оруулсан бөгөөд Улсын дээд шүүхээс 2019-04-30-ны өдөр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-10-30-ны өдрийн 182/ШШ2018/02167 тоот шийдвэрийн үндэслэх хэсэг буюу шийдвэрийн 6 дугаар талд “...хариуцагч буюу түрээслэгч талаас гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгснөөр Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3-д зааснаар түрээсийн гэрээ дуусгавар болсон байх бөгөөд энэ талаар дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд дүгнэсэн байна”, мөн дараагийн 7 дугаар талд “Иймд дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээ дуусгавар болсноос хойш гэрээний үүрэгт 2018-02-28-ныг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг нэхэмжлэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэж, 2017-06-16-наас 2018-02-28-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. У ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018-02-26-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 26 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэгт Тэнгис кинотеатрын байр Г блокийн 2, 3 дугаар давхрыг З ХХК-аас хүлээлцэх акт үйлдэж, талбайг чөлөөлж, эд хөрөнгийн жагсаалт гаргахыг үүрэг болгосон байдаг. Уг ажлын хэсэг З ХХК-ийн захирлыг хүрэлцэн ирээгүй гэсэн шалтгаанаар 2018-02-28- ны өдөр дангаараа 3 дугаар давхарт гарч, хаалганы цоожийг сольж, уг давхарт байсан З ХХК-ийн эд хөрөнгүүдийг тоолж, жагсаалт үйлдэн түрээсийн талбайг өөрийн эзэмшилд авсан. Дараа нь уг ажлын хэсэг 2018-03-01-нд мөн З ХХК-ийн захирлыг хүрэлцэн ирээгүй гэсэн шалтгаанаар дангаараа 2 дугаар давхарт гарч, хаалганы цоожийг сольж, уг давхарт байсан З ХХК-ийн эд хөрөнгүүдийг тоолж, жагсаалт үйлдэн түрээсийн талбайг өөрийн эзэмшилд авсан. Нэхэмжлэгч нь өмнөх түрээсийн төлбөрийн маргааны явцад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-09-25-ны өдрийн 210/MА2017/02116 тоот магадлалаар З ХХК-ийн хийсэн хөрөнгө оруулалтын зардлыг У ХХК төлөхөөр болсон тул одоо З ХХК-ийн эд хөрөнгүүд бүгд нэхэмжлэгчийн өмч болсон гэсэн тайлбар гаргаж, 2 дугаар давхрын эд хөрөнгүүдийг дараагийн түрээслэгчид өгч ашиглуулсан, 3 дугаар давхрын эд хөрөнгүүдийг өөрийн агуулах руу зөөсөн байсан. Түрээсийн гэрээ 2017-06- 16-ны өдөр дуусгавар болсон байхад түрээсийн гэрээний 12.3 дахь заалтыг үндэслэн, мөн 2018-02-28-ны өдөр түрээсийн талбайгаа өөрийн эзэмшилд авсан байж тэрнээс хойших хугацааны түрээсийн төлбөр гэж мөнгө нэхэмжлэх эрх хариуцагчид байхгүй. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэл нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч “З” ХХК-нд холбогдуулан 78,463,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Г блокийн 3 дугаар давхрын түрээсийн талбайг чөлөөлж өгөөгүй улмаас түрээслүүлэгчийн хувьд тухайн талбайг түрээсэлж олох ёстой байсан орлого буюу хохирлыг гэрээнд заасан түрээсийн төлбөрийн хэмжээгээр тооцож гаргуулна” гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... түрээсийн гэрээтэй холбоотой өмнө нь хоёр удаа шүүхэд маргаан үүсэж, эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд тухайн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг гаргаснаар Г блокийн 3 дугаар давхрын түрээсийн талбайд байсан хариуцагчийн эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилж, тус хөдлөх хөрөнгүүдийг зөөх боломжгүй болсон бөгөөд энэ талаар Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан, нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар маргаж байгаа нь үндэслэлгүй байхаас гадна талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч 2018 оны 02 дугаар сарын 28-ний өдөр эд хөрөнгийг албадан шилжүүлж, өөрийн агуулахад хадгалсан” тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж маргасан.

Зохигч талуудын хооронд 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Түрээсийн гэрээ” 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаар “Нэмэлт гэрээ”-г тус тус байгуулж, нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, жуулчны гудамж-17, “Тэнгис” кино театрын Г блокийн 660 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар түрээслэхээр хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх үүргийг, хариуцагч нь түрээсийн төлбөр төлөх үүргийг харилцан хүлээж, тус гэрээний харилцаа 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон үйл баримтын талаар талууд маргахгүй байхаас гадна энэ үйл баримт нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1510, 2167 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2116 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 197, 602 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 9-20, 36-51,57-72 дахь талд/

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан “Түрээсийн гэрээ”-ний харилцаа үүсэж, тус гэрээний харилцаа дуусгавар болсон болох нь тогтоогдсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсны дараа өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон тул энэ үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д “Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй” гэж, 326.2-д “Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно” гэж тус тус зохицуулсан.

Түрээслэгч үүргээ гүйцэтгээгүйгээс ийнхүү түрээслэгчид шаардах эрх үүссэн эсэхэд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийхэд дараах үндэслэл тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “У” ХХК нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэнгис” кино театрын байр Г блокийн 2, 3 дугаар давхрыг “З” ХХК-иас хүлээлцэх, талбайг чөлөөлж, эд хөрөнгийн жагсаалт гаргах “Ажлын хэсэг”-ийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 026 дугаар тушаалаар байгуулсан байх ба уг ажлын хэсэг 2018 оны 02 дугаар сарын 28-ний өдөр Г блокийн 3 дугаар давхрын эд хөрөнгийг, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Г блокийн 2 дугаар давхрын эд хөрөнгийг тоолон бүртгэж, талбайг чөлөөлсөн болох нь тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн захирамжийн дагуу хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.Золжаргал, А.Хулан, Э.Сийлэгмаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 149-163 дахь талд/

Түүнчлэн, нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч “З” ХХК-иас түрээсийн төлбөр гаргуулах, 92 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр болон 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд түрээсийн 2, 3 дугаар давхруудын талбайг “З” ХХК-иас акт үйлдэж хүлээж авсан. “...Тухайн өдөр “З” ХХК-ийн нягтлан бодогч н.Сийлэгмааг байлцуулж байгаад хүлээж авсан ...” гэж үндэслэжээ. /х.х-ийн 36-40 дэх талд/

Дээр дурдсан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч “У” ХХК нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.1-д тохиролцсон тохиролцооны дагуу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн түрээсийн талбайг албадан шилжүүлж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш удаа дараа эд хөрөнгөө авч түрээсийн талбайг суллаж өгөх талаар хариуцагчид мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч “З” ХХК нь нэхэмжлэгч “У” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэнгис” кино театрын байранд үйл ажиллагаа явуулахгүй байгааг мэдсээр байж тус хаягаар мэдэгдэл хүргүүлсэн гэсэн нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байна. /х.х-ийн 180-181 дэх талд/

Мөн нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эд хөрөнгөө авч, талбайг чөлөөлсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны хохирол нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч “У” ХХК-ийн ажилтан Д.Майдри нь 88548086 дугаарын утаснаас 91999192 дугаарын утсанд “... Манай компани өөрийн агуулахаа ашиглах хэрэгтэй байна. 2019.06.14-ний өдөр ирж авна уу” гэсэн зурвас илгээснээс үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд маргааны бүхий Г блокийн 3 давхрын талбайг түрээсэлж, орлого олох боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй юм. /х.х-ийн 89, 128-131 дэх талд/

          Зохигчид хариуцагч “З” ХХК-ийн Г блокийн 3 давхарт байрлах хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр битүүмжилсэнтэй маргахгүй байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай” 19/12 дугаартай тогтоолоор битүүмжилсэн хөдлөх эд хөрөнгүүдийн битүүмжилсэн шийдвэрийг цуцалж чөлөөлжээ. /х.х-ийн 134-136 дахь талд/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу битүүмжлэгдсэн хөрөнгийг зөөж, шилжүүлэх боломжтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Энэ талаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 602 дугаар тогтоолын хянавал хэсэгт дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй. /х.х-ийн 46-51 дэх талд/

          Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч “З” ХХК-иас 78,463,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг  тус тус удирдлага болгон

 

                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “З” ХХК-иас 78,463,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 550,270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ