Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1363

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01237 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Б-ийн хариуцагч “Э” ТБАГУТҮГ--т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 125 029 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Эрүүл мэндийн хөгжлийн төвд 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Гэвч тус байгууллагын даргын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/75 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01592 дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 768 172 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2112 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 317 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/44 дугаартай тушаалаар намайг ажилд эгүүлэн томилсон. Шүүхийн шийдвэрээр миний 1 сарын дундаж цалин хөлсийг 694 639 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 31 574 төгрөг гэж тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ. Иймд шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс ажилд томилсон 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 13 сар 3 өдрийн хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 125 029 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү. Өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу олговрыг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан нь үнэн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Б- ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг 9 125 000 төгрөг гэж тооцон нэхэмжлэл гаргахдаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01592 дугаар шийдвэрийг үндэслэжээ. Гэтэл уг шийдвэрт П.Б-ийн дундаж цалинг тооцохдоо алдаа гаргаж, өндрөөр тооцсон байсан. Нэхэмжлэгч анх эмнэлгийн чиглэлийн мэргэжилгүй хэрнээ сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин мэргэжилтнээр томилогдсон байсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа байгууллагын зүгээс түүнийг хүлээн авч уулзсан. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй тул мэргэжлийн дагуу ажлын байр санал болгосон. П.Б- өөрөө эргээд хариу өгнө гээд алга болсон. Дараа нь шийдвэр гүйцэтгэлээс албан бичиг ирснээр оронд нь ажиллаж байсан хүнийг халж, түүнийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тушаал гарган буцаан томилсон. Сүүлд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдсэнээр анх санал болгож байсан ажилд мэргэжлийн дагуу шилжүүлэн томилж, одоо ажиллаж байгаа. Байгууллагын зүгээс түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлөхөд татгалзахгүй. Олговрын тухайд эдийн засгийн боломжгүй тул түүнд 3 000 000 төгрөг хүртэлх төгрөгийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан “Э” ТБАГУТҮГ--аас олговорт 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Б-эд олгож, үлдэх 6 125 029 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/75 дугаартай хууль бус тушаалыг гаргаагүй бол П.Б-ийн хувьд хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэх, гүйцэтгэснийхээ цалин хөлсөө тогтмол аваад явах байсан. Өөрөөр хэлбэл тус Б/75 дугаартай хууль бус тушаалыг гаргаснаар П.Б-ийн ажиллах, цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн бөгөөд уг эрхийг шүүхээс сэргээж шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан бөгөөд ажилгүй байсан бүх хугацаанд цалин хөлс авах эрх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтаар хязгаарлагдахгүй гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт нь заавал биелэгдэх шинжтэй хуулийн зохицуулалт юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах байдлаар давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч “Э” ТБАГУТҮГ--т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 125 029 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч 3 000 000 төгрөгийн олговор төлөх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01592 дугаар шийдвэрээр П.Б-ийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 768 172 төгрөг гаргуулан олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2112 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2019/00317 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 694 639 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 31 574 төгрөг гэж тус тус тогтоосон байна. /хх5-14/

 

Хариуцагч “Эрүүл мэндийн хөгжлийн төв”-ийн захирлын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн /хх 19, 43/ байх бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрт заасан олговрыг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид олгосон болох нь хэрэгт авагдсан гүйлгээний баримт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол болон энэ үйл баримтад талууд маргаагүй болно. /хх 15, 45/

 

Харин нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон тушаал гарах өдөр хүртэлх хугацааны олговрыг нэхэмжилж, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас хойш гурван сарын дотор гомдлоо гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

            Учир нь хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарах талаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан. Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх хариуцагчийн үүрэг нь ирээдүйд хийгдэх үүрэгт хамааралтай тул Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх богиносгосон хугацааг хэрэглэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч П.Б- нь захирлын тушаал гарч ажилдаа эргэн орсноор олговор шаардах эрх нь нээгдсэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар тоолбол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дууссан байна. Нэхэмжлэгч нь шүүхэд анх 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШЗ2020/01321 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан, үүнээс өмнөх хугацаанд шүүхэд хандаж байгаагүй гэж өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлажээ. /хх 20-21/

 

Харин нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан боловч хариуцагч олговорт 3 000 000 төгрөг төлөхийг шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн тул шүүх хүлээн зөвшөөрсөн хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцнэ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ