Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00540

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 25 001/ХТ2021/00540

 

 

 

П.Бумцэндийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01237 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1363 дугаар магадлалтай,

 

П.Бумцэндийн нэхэмжлэлтэй,

Эрүүл мэндийн хөгжлийн төв ТБАГУТҮГ-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 9,125,029 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Бумцэнд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлгэрням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Бумцэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Эрүүл мэндийн хөгжлийн төвд 2018.03.01-ний өдрөөс шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Гэвч тус байгууллагын даргын 2018.05.01-ний өдрийн Б/75 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.20-ны өдрийн 181/ШШ2018/01592 дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,768,172 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.03-ны өдрийн 2112 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019.03.07-ны өдрийн 317 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын 2019.08.26-ны өдрийн Б/44 дугаартай тушаалаар намайг ажилд эгүүлэн томилсон. Шүүхийн шийдвэрээр миний 1 сарын дундаж цалин хөлсийг 694,639 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 31,574 төгрөг гэж тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ. Иймд шүүхийн шийдвэр гарсан 2018.07.20-ны өдрөөс ажилд томилсон 2019.08.26-ны өдрийг хүртэлх 13 сар 3 өдрийн хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,125,029 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү. Өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу олговрыг 2019.08.22-нд хүлээн авсан нь үнэн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Бумцэнд ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг 9,125,000 төгрөг байхаар нэхэмжлэл гаргахдаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.20-ны өдрийн 181/ШШ2018/01592 дугаар шийдвэрийг үндэслэжээ. Гэтэл уг шийдвэрт П.Бумцэндийн дундаж цалинг тооцохдоо алдаа гаргаж, өндрөөр тооцсон байсан. Нэхэмжлэгч анх эмнэлгийн чиглэлийн мэргэжилгүй хэрнээ сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин мэргэжилтнээр томилогдсон байсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа байгууллагын зүгээс түүнийг хүлээн авч уулзсан. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй тул мэргэжлийн дагуух ажлын байр санал болгосон. П.Бумцэнд өөрөө эргээд хариу өгнө гээд алга болсон. Дараа нь шийдвэр гүйцэтгэлээс албан бичиг ирснээр оронд нь ажиллаж байсан хүнийг халж, түүнийг 2019.08.26-нд тушаал гарган буцаан томилсон. Сүүлд 2019.10.22-нд байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдсэнээр анх санал болгож байсан ажилд мэргэжлийн дагуу шилжүүлэн томилж, одоо ажиллаж байгаа. Байгууллагын зүгээс түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлөхөд татгалзахгүй. Олговрын тухайд эдийн засгийн боломжгүй тул түүнд 3,000,000 хүртэлх төгрөгийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01237 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан Эрүүл мэндийн хөгжлийн төв ТБАГУТҮГ-аас олговорт 3,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Бумцэндэд олгож, үлдэх 6,125,029 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2018.07.20-ны өдрөөс 2019.08.26-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1363 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.11-ний өдрийн 181/ШШ2020/01237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шат шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас 2018.07.20-ны өдрийн 181/ШШ2018/01592 дугаартай шийдвэр гарсан өдрөөс Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын 2019.08.26-ны өдрийн Б/44 дугаартай тушаал гарах хүртэлх 13 сарын /1 сар 694,639 төгрөг*13 сар=9,030,307 төгрөг/, 3 өдрийн /1 өдөр 31,574 төгрөг*3=94,722 төгрөг/ хугацааны нийт 9,125,029 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 6,125,029 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. П.Бумцэнд нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.20-ны өдрийн 181/ШШ2018/01592 дугаартай шийдвэрээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын 2018.08.01-ний өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдохоор шийдвэрлэгдсэн бөгөөд шат шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга нь 2018.08.01-ний өдрийн Б/75 дугаартай хууль бус тушаалыг гаргаагүй бол П.Бумцэндийн хувьд хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэх, гүйцэтгэснийхээ цалин хөлсөө тогтмол аваад явах байсан. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга нь 2018.08.01-ний өдрийн Б/75 дугааргай хууль бус тушаалыг гаргаснаар П.Бумцэндийн ажиллах, цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн бөгөөд уг эрхийг шүүхээс сэргээж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан бөгөөд ажилгүй байсан бүх хугацаанд цалин хөлс авах эрх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтаар хязгаарлагдахгүй гэж үзэхийн сацуу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт нь заавал биелэгдэх шинжтэй хуулийн зохицуулалт юм. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.11-ний өдрийн 181/ШШ2020/01237 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 1363 дугаартай магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч П.Бумцэнд нь Эрүүл мэндийн хөгжлийн төвд холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 9,125,029 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч П.Бумцэнд шаардах эрхээ алдсан боловч хариуцагчийн 3,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр олговрыг гаргуулж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.7.20-ны өдрийн 181/ШШ2018/01592 дугаар шийдвэрээр П.Бумцэндийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,768,172 төгрөгийг гаргуулан олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.03-ны өдрийн 2112 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.3.07-ны өдрийн 317 дугаар тогтоолоор хянаж, хэвээр үлдээн шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар биелүүлж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2019.8.26-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрт заасан олговрыг олгосон, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч П.Бумцэнд нь шүүхийн шийдвэр гарсан 2018.7.20-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2019.8.26-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,125,029 төгрөг гаргуулахаар 2020.3.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж 2 шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргах эрхтэй гэж хуульчилсан, нэхэмжлэгч П.Бумцэндийн тухайд ажилдаа эргэн орсноор буюу 2019.8.26-ны өдрөөс нэхэмжилж буй олговрыг шаардах эрх үүссэн бөгөөд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар гомдол гаргах гурван сарын хугацааг тоолоход 2019.11.26-ны өдөр дууссан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилж 2020.3.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...ажилгүй байсан бүх хугацаанд цалин хөлс авах эрх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хязгаарлагдахгүй, ...хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт заавал биелэгдэх шинжтэй хуулийн зохицуулалт... гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх байдлаар нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан боловч хариуцагч олговорт 3,000,000 төгрөг төлөхийг шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн тул шүүх зөвшөөрсөн хэмжээгээр цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01237 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1363 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА