Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1424

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.У-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00965 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ө.У-гийн хариуцагч “Б” ХХК-д  холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 802 759 төгрөг гаргуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим өргөө 48 байрны 63 тоотоос ашиглалт, хог, лифт гэх мэт нэрээр мөнгө нэхэмжлэхгүй байхыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс хасалт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, С.Шаравын гудамжинд байрлах Эрчим өргөө-48 орон сууцыг дахин төлөвлөлтөөр буюу хуучин 4 давхар байрыг нурааж шинээр 16 давхар 182 айлын орон сууцыг “А” ХХК2016 оны 10 дугаар сард барьж ашиглалтад оруулсан. Манайх хуучин 4 давхар байр байх үед амьдарч байсан бөгөөд шинэ ашиглалтад орсон 48 дугаар байрны 63 тоотод оршин суудаг билээ. Ашиглалтад орсны дараа 2017 оны 02 дугаар сараас сууц өмчлөгчдийн холбооны буюу засвар үйлчилгээ, хог, лифт, харуул, жижүүр, автомашины зогсоол, гадна гэрэлтүүлэг, камер, орчны тохижилт гэх мэт асуудлыг Баатардулаан хан орон сууцны контор хариуцаж байна гэж биднээс ашиглалт, хог, лифт гэх нэрээр сар болгон мөнгө хурааж ирсэн. Бидэнд санхүүгийн тайлан ирүүлэхдээ харуул 3 хүн, үйлчлэгч 3 хүн, цахилгаанчин, лифтчин, нягтлан бодогч, ашиглалт хариуцсан ажилтан гэх хүмүүс ажиллуулдаг, тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, лифтний мэргэжлийн байгууллагатай гэрээ хэлцэл хийсэн учир тэдэнд бас мөнгө төлдөг гэж тайлбарлаж мөнгө авсаар ирсэн. Гэтэл манай байранд нэг харуул, нэг үйлчлэгчээс өөр ямар ч хүн ажилладаггүй, ямар ч лифтний компанитай гэрээ хэлцэлгүй, халтар цэвэрлэсэн болоод өндөр настай хөдөлмөрийн чадваргүй харуул гэх хүний ажиллуулснаас өөрөөр ямар ч ажил хийгээгүй, орон сууцны байр шинээрээ эвдэрч хэмхэрч “Баатардулаан хан” ОСНААК биднээс хууль бусаар мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжсөөр байна. Манай байрны оршин суугчид албан ёсоор “Эрчим өргөө-48” СӨХ-г 2018 оны 1 дүгээр сард байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд биднээс мөн СӨХ-ны мөнгө болох лифт, хог, ашиглалт засвар үйлчилгээ гэх мөнгө банкаар дамжуулан нэхэмжилж бид төлдөг. Гэтэл “Баатардулаан хан” ОСНААК нь энэ мөнгийг биднээс давхар нэхэмжилж мөнгөө төлөхгүй бол ус дулааныг чинь хаана, лифтийг чинь зогсооно гэж хууль бусаар шаарддаг. Мөн банкинд очоод СӨХ-ны мөнгийг салгаж төлөх гэхээр боломжгүй гэх хариултыг өгдөг бөгөөд хууль бусаар алданги тооцдог. “Эрчим өргөө-48” СӨХ-д ажлыг нь хүлээлгэж өгдөггүй, мөн харуул гэх хүн нь байнга ажлын байран дээрээ согтуу байдаг, байрны зогсоол болон орцонд бие засдаг хүнийг харуул жижүүрээр ажиллуулж байгаа нэрээр мөнгө нэхэж хаалга үүд тогшиж, заримдаа ус, дулааныг хүртэл хязгаарлаж байна. Мөн манай байрны лифтийг Хөлөг элеватор гэх компани ашиглалтад оруулсан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд засвар үйлчилгээг бүрэн хариуцсан байдаг. Гэтэл “Баатардулаан хан” ОСНААК нь оршин суугчдаас лифтний засвар үйлчилгээ нэрээр мөнгө хурааж хохироодог байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч засвар үйлчилгээ хийж байгаагүй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдоно. Мөн айл бүрээс хогны мөнгө нэрээр сар болгон 2500 төгрөгийг хурааж авдаг байсан боловч Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд мөнгийг төлдөггүй, 2017, 2018, 2018 онд нийт 2 160 000 төгрөгийн өртэй байдаг. Иймд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим өргөө 48 дугаар байрны 63 тоотоос лифтний засвар үйлчилгээ нэрээр сар болгон 6000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарыг хүртэл нийт 180 000 төгрөг, хог тээвэрлэлт ачилтын мөнгө гэж сар болгон 2500 төгрөгийг 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарыг хүртэл нийт 75 000 төгрөг, нийт 255 000 төгрөгийг хурааж үндэслэлгүй хөрөнгөжсөн. Ашиглалт нэрээр сар бүр 23 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарыг хүртэл 690 000 төгрөг болох бөгөөд үүнээс харуул, үйлчлэгч, нягтлан бодогч гэх хүмүүсийн цалингийн өөрт ногдох хэсгийг хасахад 547 759 төгрөг болох бөгөөд энэ мөнгийг мөн үндэслэлгүйгээр авч хөрөнгөжсөн тул үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө болох нийт 802 759 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулж өгнө үү. Цаашид “Баатардулаан хан” ОСНААК-оос Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим өргөө 48 дугаар байрны 63 тоотоос ашиглалт,хог, лифт гэх нэрээр мөнгө нэхэмжлэхгүй байхыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс хасалт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр оршин суугчдыг ус, дулаан, эрчим хүчээр хангах, дамжуулан түгээх үйл ажиллагаа явуулдаг. Ер нь барилга ашиглалтанд орж улсын комисс хүлээн авсны дараа ус, дулаан, цахилгаантай холбоотойгоор тусгай зөвшөөрөл бүхий хангах байгууллагууд буюу ОСНААК-дад тухайн барилгын захиалагчийн зүгээс хүлээлгэн өгдөг. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 48 дугаар байрны нь 2016 оны 10 дугаар сард ашиглалтад орж барилгын захиалагч болон оршин суугчдын зүгээс хүсэлт тавьсны үндсэн дээр манай компани тухайн байрны ус, дулаан дамжуулах төв болон гадна доторх инженерийн шугам сүлжээг өмчлөлдөө шилжүүлэн авч 2017 оны 02 дугаар сараас оршин суугчдыг ус, дулаан, цахилгаанаар хангаж эхэлсэн болно. Барилгын тухай хуулийн 14.3, 14.6-д заасан 1+3 жилийн хугацааны хүрээнд барилгын захиалагч болох “Атек” ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт үйлчилгээг шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний үндсэн дээр манай компани тухайн байрны нийтийн эзэмшлийн талбай, орцны цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, лифтний засвар үйлчилгээ, нийтийн эзэмшлийн ус, дулаан, цахилгааны төлбөр, харуул хамгаалалт, үйлчлэгч, хогны төлбөр зэргийг хариуцан ажиллаж ирсэн. “А” ХХКнь дээрх үйл ажиллагааг өөрсдөө явуулах боломжгүй гэж манай компанид хүсэлт тавьснаар “Баатардулаан хан” ОСНААК нь энэхүү СӨХ-ны үйл ажиллагааг нь хүлээн авч өнөөдрийг хүртэлх хугацаанд явуулж байна. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тухайн байрны оршин суугчдаас хэсэг бүлэг хүмүүс хууль бус СӨХ байгуулан явж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн мэдэгдлийг хэд хэдэн оршин суугч албан ёсоор бүх оршин суугчдын гарын үсгийн хамт өгсний дараа Жамъян гэх хүн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Атек” ХХК-д хаягласан “Эрчим өргөө-48” СӨХ-ны бланкбүхий бичгийг манай компанид өөрийн биеэр авчирч өгсөн. Манай компани уг албан бичгийн хариуг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өгсөн бөгөөд тухайн хугацаанаас хойш ямар нэгэн байдлаар дээрх СӨХ-ны үйл ажиллагааг өөрсдөө хүлээн авах талаар нэг ч удаа манайд хандаагүй. Учир нь үнэхээр дээрх Эрчим өргөө СӨХ нь хууль ёсны болсон бол нийтийн эзэмшлийн цахилгаан, хог, ус, дулаан, лифт зэргийн төлбөрийг СӨХ-ны нэр дээр эрх бүхий байгууллагуудад албан ёсоор хүсэлт гарган хандаж дээрх төлбөр тооцооны гэрээг шилжүүлэн авах ёстой байсан боловч ийм үйлдлийг хийгээгүйн улмаас одоо хүртэл манай компани дээр төлбөр нь гарсаар байна. Өөрөөр хэлбэл манай компани нь “Атек” ХХК-ийн хүсэлт болон гэрээний үндсэн дээр дээрх СӨХ-ны үйл ажиллагааг эрхэлж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаатай холбоотой ус, дулаан, цахилгаан, лифт, үйлчлэгч, харуул хамгаалалт, хогны төлбөрийг тухайн зохих байгууллагуудад сар бүрийн 10-ны дотор тушааснаар оршин суугчдын хэвийн амьдрах боломж бүрддэгээс гадна хугацаандаа төлөгдөхгүй тохиолдолд алданги тооцож, хязгаарлалт хийгддэг. Тодруулбал, цахилгаан хязгаарлагдсанаас орц гэрэлгүй болох, лифт зогсох, орц дулаангүй болох, орц, гарааш зэргийг цэвэрлэх ус хаагдах, хог хэт их хэмжээгээр бөөгнөрөх зэрэг нөхцөл байдлууд үүснэ. Энэ хугацаанд ийм нөхцөл байдал огт үүсч байгаагүй болно. Нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 802 759 төгрөг гаргуулах, мөнгө нэхэмжлэхгүй байхыг даалгах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд оршин суугч нь дээрх үйлчилгээний үндсэн дээр тав тухай орчинд амьдарч байгаа болно. Ө.У- гэх хүний талаар бид мэдэхгүй учир нэхэмжлэх эрхтэй этгээд гэдэгт эргэлзэж байна. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 63 тоот нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ус, дулаан ашигласны төлбөрөө төлөөгүйгээс төлбөрийн үлдэгдэл нь 258 302 төгрөг болсон байна. Өөр ямар байгууллагад эсхүл аль СӨХ-д ямар дансаар, ямар байдлаар хэдэн төгрөгийг төлсөн болох нь ойлгомжгүй байх бөгөөд хариуцагч байгууллага нь ямар төлбөрийг давхардуулан авч байгаа болон давхардуулан авсан тухай баримтаа яагаад компанид ирүүлж хасалт хийлгэх эсхүл давхардуулан өгсөн гэдгээ нотолсон баримт гаргаж өгсөн үйл баримт байгаа эсэх нь тодорхойгүй байтал шууд давхардуулан хууль бусаар авсан мэтээр иргэний эрх зүйн харилцаанд үнэнч шударгаар оролцох хуулийн заалтыг зөрчин компанийн нэр хүндэд хууль бусаар халдаж байна гэж үзэхээр байна. Өнөөдрийг хүртэл хугацаанд тус айл нь хоггүй, гэрэлтүүлэг бүхий орчинд байнгын үйл ажиллагаатай цахилгаан шатаар үйлчлүүлж байгааг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Тус байранд ажиллаж байгаа гэх СӨХ нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг эсэх нь эргэлзээтэй бөгөөд СӨХ-ны үйл ажиллагааг явуулахад хамгийн наад захын дундын өмчлөлийн ус, дулаан, цахилгаан, хог, лифтний төлбөр тооцоотой асуудлын хүрээнд эрх бүхий байгууллагатай холбогдсон үйл ажиллагааг актаар хүлээн авах ёстой байтал ийм үйл ажиллагааг хийхгүй атлаа оршин суугчдыг турхирч, ус, дулааны хэрэглээний төлбөрийг ч төлүүлэхгүй байгаагаас компани маш их хэмжээний алдагдалд орж байгаа хариуцлагыг хэн хариуцах нь бүрхэг байна. Манай компани эд хөрөнгийн доголдол, эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй бөгөөд Барилгын тухай хуульд заасны дагуу доголдол, эвдрэл гэмтлийг “А” ХХК3+1 баталгаат хугацаанд хариуцан шийдвэрлэж байгаа болно. Дээрх СӨХ-ны үйл ажиллагааг манай компани баталгаат хугацаанд нь хариуцан ажиллахаар барилгын компанитай гэрээ хийсэн тул “А” ХХКнь гэрээний нэг талын хувьд нэхэмжлэлийн шаардлагатай илүү хамааралтай байгааг шүүх анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Уранхүүгийн хариуцагч “Б” ХХК-д холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 802 759 төгрөг гаргуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим өргөө 48 байрны 63 тоотоос ашиглалт, хог, лифт гэх мэт нэрээр мөнгө нэхэмжлэхгүй байхыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс хасалт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

“Эрчим Өргөө 48” СӨХ болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдээс дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил ашиглалт хамгаалалтыг эрхлэн хариуцах эрх үүргээ хэрэгжүүлж холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 7 дугаар cap хүртэлх хугацаанд Эрчим Өргөө 48 орон сууцны нийтийн эзэмшлийн ашиглалт засвар үйлчилгээг “Б” ХХК хариуцаж ажиллаж байсан байна. гэж дүгнэснийг эс зөвшөөрнө.

“Эрчим Өргөө 48” СӨХ-ны 2019 оны үйл ажиллагааны тайлан, (орцны гадна болон дотор хаалгыг шинэчлэн сольсон, мөн орцны засвар, орон сууцны давхар бүрийг бүрэн камержуулсан 10 000 000 төгрөгийн засвар үйлчилгээ, ажил хийсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн) засвар үйлчилгээний талаарх фото зураг, холбогдох байгууллагаас “Эрчим Өргөө 48” СӨХ-д ирүүлсэн албан тоот, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хангалттай баримт хэрэгт авагдсан байтал анхан шатны шүүх эдгээр баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнэлгүйгээр “Эрчим Өргөө 48” СӨХ-ны үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн гол шаардлага нь оршин суугчдын эрх ашгийг зөрчиж, ажил үүрэгээ гүйцэтгээгүй байж үндэслэлгүй хөрөнгөжөөд байгаа асуудал юм. Хариуцагч “Б” ХХК нь манай байранд 1 харуул, 1 үйлчлэгч ажиллуулж дутуу цэвэрлэсэн болоод өнөөдөр настай хөдөлмөрийн чадваргүй хүнийг ажиллуулснаас өөр ямар ч ажил хийгээгүй атлаа биднээс хууль бусаар мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байгаа боловч түүнтэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу гарган өгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлоогүй болно гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

“Б” ОСНААК нь лифт засвар үйлчилгээнд зориулж cap бүр нэг өрхөөс 6 000 төгрөг хурааж авдаг байсан боловч 2020 оны 02 дугаар сарыг дуустал ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй гэдэг нь Барилгын техник, (өргөх механизм)-ийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02-07-025/1703 “Лифтэнд магадлал хийсэн тухай” дүгнэлт “Хөлөг элеватор” ХХК-ийн 35-19, 28/ 19 албан тоот болон бусад баримтаар тогтоогдоно.

“Баатардулаан хан” ОСНААК нь хог тээвэрлэх зориулалтаар нэг өрхөөс 2500 төгрөгийг нийт 169 өрх 7 аж ахуйн нэгжээс хурааж авдаг боловч дүүргийн тохижилт үйлчилгээний төвтэй 60 айлаар хог тээвэрлэлтийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд 2017-2020 оны 3 дугаар cap хүртэл хог тээвэрлэлтийн зардлыг төлөөгүй 3 000 000 төгрөгийн өр хуримтлагдсан. Дээрх тайлбар болон гомдолд дурдсаны дагуу хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарч чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүх нэхэмжлэгч Ө.У-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын талаарх зохигчдын маргаж буй үйл баримтыг тогтоож, эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэхээргүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

            Нэхэмжлэгч Ө.У- нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 802 759 төгрөгийг буцаан гаргуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Эрчим өргөө” 48 дугаар байрны 63 тоот өрхөөс ашиглалт, хог, лифт гэх мэт нэрээр мөнгө нэхэмжлэхгүй байхыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “Б” ХХК нь барилгын захиалагч болох “Атек” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу “Эрчим Өргөө-48” орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, дэвсгэр болон орчны газар, орчны зам, талбайн тохижилтын ажлыг хариуцаж, холбогдох зардлыг оршин суугч, сууц өмчлөгчдөөс төвлөрүүлж, холбогдох газарт шилжүүлж ирсэн нь тогтоогдсон боловч эдгээр үйлчилгээний зардлын нэг айлд ногдох хэмжээг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.5 дахь хэсэгт заасны дагуу хуваарилах асуудлыг сууц өмчлөгчдийн хурлаар хэлэлцэж тогтоосон талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Хариуцагчаас нэг айлд ногдох зардлын хэмжээг өөр өөр байдлаар тодорхойлсон баримтыг шүүхэд гаргаснаас гадна /хх-93, 94, 131, 132/ “Эрчим Өргөө-48” орон сууцны 146 өрхөөс хураасан төлбөр нь гэрээ хийж үйлчилгээ авсан холбогдох газруудад өгөх төлбөрт хүрдэггүй алдагдалтай байдаг гэх тайлбар гаргажээ. Гэвч сууц өмчлөгчдөөс төвлөрүүлсэн зардлын хэдийг нь үйлчилгээ үзүүлсэн мэргэжлийн байгууллагуудад шилжүүлсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөнийг няцаах холбогдох баримтууд хэрэг хэрэгт авагдаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 2 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарыг хүртэлх лифтний засвар үйлчилгээний 180 000 төгрөг, хог тээвэрлэлт ачилтын 75 000 төгрөг, ашиглалтын 690 000 төгрөг төлсөн, үүнээс харуул, үйлчлэгч, нягтлан бодогчийн цалингийн өөрт ногдох хэсгийг төлөх үндэслэлтэй гээд үлдэх 802 759 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлд дурдсан хугацааны нэрлэсэн зардал болох лифт, хог тээвэрлэлт, ашиглалтын зардалд нийт 853 596 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагджээ. /хх-10-24/

 

Зохигчдын тайлбар,  бичгийн баримтууд дээрх байдлаар зөрүүтэй, нэг айлд ямар хэмжээний зардал ногдохыг хуулиар тогтоосон журмын дагуу тодорхойлоогүй байхад дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбоотой зардлын талаарх  зохигчдын маргааныг эцэслэн шийдвэрлэж, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

Шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00965 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 94 020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

                                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ