Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0805

 

2017 оны 11 сарын 15 өдөр

 Дугаар 221/МА2017/0805

Улаанбаатар хот

  “М м ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0589 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М м ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0589 дүгээр шийдвэрээр:

Ашигт малталын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1.19-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М м ” ХХК-ийн “Хэнтий аймгийн Баянхутагт сумын нутагт Ишгэн толгой нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан манай өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагаар хүлээн авч бүртгэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Хэнтий амигийн Засаг даргад бичгээр мэдэгдэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М давж заалдах гомдолдоо: ...Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шинжлэн судалсан бичгийн болон бусад баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтйин хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

  1. Нэхэмжлэгч “М м ” ХХК нь 2017 оны 4 сарын 4-ний өдөр “Өргөдөл

бүртгүүлэх тухай” 17/01 албан тоотоор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан солбицлууд бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авахаар өргөдөл гаргаж шийдвэрлүүлэхийг хүсчээ. Улмаар уг өргөдлийг хүлээн авах боломжгүй талаарх хариуг аман хэлбэрээр авснаар мөн өдрөө Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93,1-д зааснаар дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдлоо гаргасан байна. Нэхэмжлэгч компаний дээрх албан тоотыг хүлээж авч албан бичгийн бүртгэлд бүртгэсэн болон нь өргөдлийн хариуг хуулийн хугацаанд хүргүүлсэн болох нь хариуцагч захиргааны байгууллагаас ирүүлсэн ирсэн бичгийн хэвлэх хуудас, гэрч М.М-ын мэдүүлгээр нотлогдож байна.

            Хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн хугацаанд буюу 2017 оны 5 сарын 2-ны өдөр дээрх албан тоотуудын хариуг тус тус хүргүүлсэн байх ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д нийцэж, хариуг хуулийн хугацаанд өргөдөл гаргагчид хүргүүлсэн гэж үзэхээр байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д: “дээд шатны захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэснийг нь нэхэмжлэгч нь харгалзахгүйгээр буюу дээр дурьдсан дээд шатны албан тушаалтны шийдвэрийг авахгүйгээр 2017 оны 4 сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаж,  захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан түүнчлэн шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа манай компаний гомдолд хариу ирүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай юм. Захиргааны ерөнхий хуулийн 37.3-д: “эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэх үүргээ захиргааы байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэжээ. Тэгэхээр нэхэмжлэлийн энэ шаардлагад дурдсан асуудлыг хариуцагч захиргааны байгууллага хуульд заасны дагуу биелүүлээгүй, эсхүл шийдвэрлүүлээгүй нөхцөл байдал тогтоогдохгүй буюу хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ гэжээ.

            Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “М м ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна. Гэтэл 2017 оны 08 сарын 03-ний өдрийн 128/ШШ2017/0589 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй байна, захиргааны байгууллага хуульд заасан үүргээ хуулийн хугацаанд хэрэгжүүлсэн байна гэж тайлбарлажээ.

Хэргийн оролцогч талууд шүүх хуралдаан, мэтгэлцээний явцад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар маргаагүй ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарахгүй асуудал юм.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд шүүгчийн нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг дурдаж өгчээ. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэсэн заалтыг баримтлаагүй бөгөөд манай нэхэмжлэлийг хүлээн авсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй байна гэсэн үндэслэлээр захиргааны хэргийг түдгэлзүүлэх эсхүл хэрэгсэхгүй болгох боломжтой байсан боловч дээрх шалтгааныг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байгаа бөгөөд энэхүү үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэсэн заалтыг зөрчиж байна.

Ашигт малтмалын тухай хуульд Ашигт малтмал, газрын тосны газрын чиг үүргийн талаар мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15 “... ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох ... ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”,  11.1.16 “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” зэргээр тодорхой дурдаж хуульчилж өгчээ.

            Засгийн газрын 2014 оны 07 сарын 28-ны өдрийн “ Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239 дүгээр тогтоолоор улсын хэмжээний нутаг дэвсгэрт шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоож, мөн Засгийн газрын 2015 оны 01 сарын 12-ны өдрийн хуралдаанд улсын нутаг дэвсгэрийн баруун хагаст буюу уртрагийн 104 дүгээр градусаас баруун хэсэгт хамаарах талбайд эхний ээлжинд тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох санал оруулж, энэ талаарх ажлыг зохион байгуулаыг Уул уурхайн сайдад даалгасанаар Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ цахим хуудсанд байршуулжээ. Энэ талаарх хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг шууд үгүйсгэх нотлох баримт байхгүй байна.

            Засгийн газраас даалгасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах ажлыг Ашигт малтмал, газрын тосны газраас авч хэрэгжүүлэхийн тулд өргөдлийг хүлээн авах ажлыг түр зогсоосон хариуцагчийн үйл ажиллагааг шууд шүүхээс хууль зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын дагуу даалган шийдвэрлэх үндэслэлгүй байна. Яагаад гэвэл, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “ энэ хуулийн 18.1-д заасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “ төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна”, 19.2-т “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэснээс үзэхэд батлагдсан маягт буюу цахимаар дугаар олгох ажиллагааг түүнд хамаарах заавар журмыг бүрэн гүйцэд шийдвэрлээгүй, батлаагүй энэ асуудал өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа нь хариуцагч Ашигт малтмалы газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хуульд заасан өргөдлийг шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэх боломжгүй буюу уг хэлтсээс шууд шалтгаалаагүй байна гэж шүүх үзлээ гэжээ.

            Шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ашигт малтмалын тухай хуульд заасан төрийн захиргааны байгууллагын үүргийг дурдсан хэрнээ 2015 оны засгийн газрын газрын хуралдааны шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар авахаар шийдвэрлэсэн байна, одоог хүртэл цахимаар дугаар олгох заавар журмыг бүрэн гүйцэд боловсруулагүй тул хариуцагчийг буруутгах үндэслэл алга хэмээн тайлбарласан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Ашигт малтмалын газрын чиг үүргийг тодорхой зааж өгчээ. Тухайлбал хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15-д “... ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох ... ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”,11.1.16-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” зэргээр тодорхой дурдаж хуульчилж өгчээ.

Мөн хуулийн 19 дүгээр зүйлд төрийн захиргааны байгууллага хуулийн шаардлага хангангаргасан өргөдлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн хийхийг тодорхой зохицуулсан байна.

Гэтэл Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгжийн өргөдлийг 2015 оны 12 сарын 15-ний өдрөөс хойш хүлээн аваагүй юм. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлдөг хуулийн этгээд Монгол улсын үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхтэй.

Төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хэм хэмжээний акт нь хуулиар олгосон эрхийг хаах, хуулийн үйлчлэлийг түдгэлзүүлэх эрх хэмжээгүй юм.

Харин энэхүү үйл ажиллагааг явуулахгүй байгаа шалтгаан нь төрийн эрх бүхий байгууллагаас тодорхой журам заавар батлаагүй гэж тайлбарласан хариуцагчийн тайлбарийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болгон дүгнэлт хийсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр болоогүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн 128/ШШ2017/0589 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... мэтгэлцэх явцад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар маргаагүй байхад ... энэ талаар хуульд нийцэхгүй дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн ...” гэжээ.

 Анхан шатны шатны шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэх үндэслэл бүрдсэн байсан талаар шийдвэрт дурдсаныг нэхэмжлэлийн агуулгын талаар дүгнэсэн гэж үзэхгүйгээс гадна энэ нь нэхэмжлэгчийн байдлыг дордуулсан асуудал биш тул давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Гомдолд “... Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.14, 11.1.15, 11.1.16, 19 дүгээр зүйлд өргөдлийг хүлээн авахаар зохицуулсан байхад хүлээж аваагүй, энэ шалтгаанаа төрийн эрх бүхий байгууллагаас тодорхой журам заавар батлаагүй гэж тайлбарласан хариуцагчийн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт болгон хийсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч төрийн захиргааны байгууллага нь дээд шатны байгууллага болох Уул, уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалын дагуу Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр хүссэн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх ажиллагаагаа улам боловсронгуй болгох зорилгоор орчин үеийн дэвшилтэд техник, технологи ашиглан өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох бэлтгэл ажлыг хангахаар тодорхой хугацаанд өргөдөл хүлээн авах ажиллагааг түр зогсоож, нийтэд мэдээлснийг Ашигт малтмалын тухай хуульд заасан өргөдөл хүлээн авах үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй.       

Нэхэмжлэгч “М м ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст Хэнтий аймгийн Баянхутагт сумын нутагт “Ишгэн толгой” нэртэй тайлбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буюу дээр дурдсан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах ажиллагааг түр зогсоосон хугацаанд гаргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар шаардлага хангасан “түрүүлж ирүүлсэн өргөдөл”-д тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд өргөдөл хүлээн авах ажиллагааг нийтэд зарлаж түр зогсоосон хугацаанд нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авах нь тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/2929 дүгээр албан бичгээр “... Өргөдлийн дугаар олгох цахим системийн өргөтгөл, хүчин чадлыг сайжруулах ажил хийгдэж байгаатай холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өргөдлийн дугаар олголтыг түр хугацаагаар зогсоогоод байна. Иймд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох ажил үргэлжлэн явагдахад танай компани оролцох боломжтой” гэж нэхэмжлэгчид мэдэгдсэний дагуу  хариуцагчаас өргөдлийг хүлээн авч эхлэх үед нэхэмжлэгч нь өргөдлөө гаргаж, шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байх тул захиргааны үйл ажиллагааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Энэ талаарх анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0589 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М м ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч “М м ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР   

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН  

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ