Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 440

 

А.Г-ын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                Д.Мөнхтуяа,                      

Шүүгчид:                             Л.Атарцэцэг,

                                             Х.Батсүрэн,

                                             Б.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                    П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0401 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.А нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгч А. Г-ын, Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0401 дүгээр магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2, 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан А.Г-ын нэхэмжлэлийг хангаж, Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “35100” гэснийг “70200” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ц.Б нар журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч А.Г нь сахилгын шийтгэл ногдуулсан аймгийн Засаг даргын 2017 оны Б/46 дугаар захирамжийг 2017 оны 12 дүгээр сарын 26-ны өдөр гардан авсан бөгөөд шийтгэлийг үндэслэлгүй, буруу ногдуулсан гэж үзвэл энэ тухай гомдлоо мэдсэнээс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага эсхүл шүүхэд гаргаж болох хуулийн зохицуулалттай. Энэ талаар нэхэмжлэгч тал маргадаггүй.

4. Аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/46, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамж нь тус тусдаа эрх зүйн үр дагавар үүсгэж буй захиргааны акт тул гомдол гаргах хуулийн хугацаа нь тус тусдаа тоологдоно.

5. А.Г нь байгаль орчны салбарын үйл ажиллагааг удирдан чиглүүлэгч, төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий удирдах албан тушаалтан тул Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан үүрэг чиглэл, даалгаврыг “хугацаа заагаагүй” гэсэн үндэслэлээр биелүүлэхгүй байх үндэслэл биш.

6. Байгаль орчин, ногоон хөгжлийн /хуучин нэрээр/ сайдын 2014 оны А/05  дугаар тушаалаар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах” журмын 3 дугаар зүйлийн 3.3-д “тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хүлээж авсан аймаг, нийслэлийн Байгаль орчны газар түүний биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, ажиллуулан дүгнэлтийг 12 дугаар сарын 01-ний дотор гаргуулах” гэж заасан бөгөөд тухайн салбарыг удирдаж буй байгууллагын дарга нь өөрийн байгууллагын эрхлэх асуудалд байгууллагаа бүрэн төлөөлж оролцох үндсэн чиг үүрэгтэй. Мөн журамд “Байгаль орчны газар” гэж заасан нь дээрх асуудал байгаль орчны асуудал эрхэлсэн салбар, байгууллагыг удирдаж буй албан тушаалтан болох А.Г-тай шууд хамааралтай бөгөөд байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, шалгаж хүлээн авах ажил нь холбогдох хууль журмын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагын удирдлагын ажлын хариуцлага, ажлын байрны зорилт, чиг үүрэгтэй шууд хамаарах асуудал юм.

7. Гэтэл Захиргааны хэргийн давж шатны шүүхээс А.Г-д Байгаль орчны газрын даргын хувьд, мөн уг ажлын хэсгийг даргалсантай нь холбогдуулж буруутгасан боловч... албан үүргээ биелүүлээгүй... гэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар Байгаль орчин ногоон хөгжлийн сайд /хуучин нэрээр/-ын 2014 оны А/05 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2014 оны А/402 дугаар захирамж болон удирдамж шийдвэрийг зөрчсөн байх тул аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/02 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болно.

8. Магадлалд “...захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй байх тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй” гэсэн нь А.Г-ын албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхийг хянасан байдлаа үгүйсгэсэн, тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасныг баримталсан нь аймгийн Засаг даргын 2018 оны А/02 дугаар захирамжийг зөвшөөрч байгааг нотолж байна.

9. Иймд, шийдвэрийн аймгийн Засаг даргын 2018 оны Б/02 дугаар захирамжийн шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарласан байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгч А.Г нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн б/46 дугаар захирамж, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн б/02 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг захирамжуудаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байгаа А.Г-д цалин бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

12. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл оногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргах байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн захирамжийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдсон бөгөөд хуулийн дээрх заалтын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дээд шатны байгууллагад гомдол гаргах байжээ. Гэтэл нэхэмжлэгч А.Г нь хуулийн хугацаанд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн б/46 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй.

13. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “гомдол гаргах хугацаа дуусаагүй буюу дуусах өдөр нь дахин сахилгын шийтгэл оногдуулсантай холбоотой уг 2 захирамжийг эс зөвшөөрч хамтад нь хандсаныг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан, гомдол гаргах хугацааг буруу тооцсон, сахилгын шийтгэл тус бүр нь өөр үндэслэлтэй, тус тусдаа үр дагавар учруулсан, бие даасан захиргааны акт тул захирамж тус бүрд хугацааг тоолохоор байна.

14. Түүнчлэн Төрийн албаны салбар зөвлөлөөс хугацаа хэтэрсэн гомдлоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байдал нь нэхэмжлэгчийн гомдол гаргах болон шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг сэргээх хуулийн үндэслэл биш тул б/46 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг шүүхээс хянах үндэслэлгүй.

15. Маргаан бүхий б/02 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь зохицуулалтыг хэрэглэж, “журам зөрчсөн, өгөгдсөн үүргийг биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн албан тушаалын цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд нэхэмжлэгчээс “миний буруутай үйл ажиллагаа, ажлын хариуцлага алдсантай огт холбоогүй” гэж маргажээ.

16. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-05 дугаар тушаалаар баталсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 1.4-т “тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд боловсруулж, ... аймаг, нийслэлийн Байгаль орчны алба хянаж батална” гэж, 3.3-т “төсөл хэрэгжүүлэгчээс ...тайланг хүлээн авсан аймаг, нийслэлийн Байгаль орчны газар түүний биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар байгуулна” гэж тус тус заажээ.

17. Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн а/402 дугаар захирамжаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, шалгаж хүлээн авах, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргыг томилсон байна.

18. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8, 9 дүгээр зүйлийн 9.12 дахь хэсэгт зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд бүх шатны Засаг дарга хяналт тавих эрхтэй, энэ эрхийн хүрээнд аймгийн Засаг даргаас өөрийн дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг болох Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад шаардагдах үйл ажиллагаа явуулахыг даалгах, үүрэг даалгавар хүлээлгэх, түүний хэрэгжилтийг үнэлж дүгнэх бүрэн эрхтэй байна. Нэхэмжлэгчийн эрхэлж буй албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод зааснаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, төслийг үнэлгээнд бүрэн хамруулах, байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлын хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих зэрэг чиг үүрэг нь нэхэмжлэгчийн албан тушаалын чиг үүрэгт шууд хамааралтай, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

19. Тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төсөл хэрэгжүүлэгч нар байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг журамд заасан хугацааны дотор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирүүлээгүй байхад энэ асуудалд байгууллагын өдөр тутмын удирдлага хэрэгжүүлэх үүрэг бүхий нэхэмжлэгчээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй, хугацаанд ирүүлэх талаар арга хэмжээ аваагүй, төлөвлөгөөнд тусгагдсан ажил бүрэн хийгдсэн эсэх талаар нэг бүрчилсэн дүгнэлт гаргаагүй, хавсаргах баримт бичиг дутуу байхад дүгнэлт өгсөн, дүйцүүлэн хамгаалах, нүүлгэх шилжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг дүгнээгүй зэргээр нэхэмжлэгч нь өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргээ хэрэгжүүлээгүй болох нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дотоод аудитын хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

20.Иймээс нэхэмжлэгчид цалин бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан б/02 дугаар захирамж хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн үйлдсэн зөрчилд тохирсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байна.

21. Харин давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий акт “өгөгдсөн үүрэг биелүүлээгүй” гэх үндэслэлээр гарсан байхад “албан үүргээ хангалттай биелүүлсэн эсэхтэй холбоотой, тайланг хүлээн авч ямар нэгэн хэмжээгээр дүгнэсэн, сахилгын зөрчил гаргаагүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

22. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар “албан үүргээ биелүүлээгүй” гэх урьдчилсан нөхцөл нь сахилгын зөрчил гаргасанд тооцогдох байна. Нэхэмжлэгчийн тухайд дээр дурдснаар Байгаль орчны газрын даргын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон, өөрийн чиг үүрэгт хамаарах ажлыг “хамааралгүй” мэтээр тайлбарлаж, албан үүргээ биелүүлээгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

23. Нэхэмжлэгчээс “Ажлын хэсгийн үнэлгээний дүгнэлтээр тусгагдсан асуудлыг зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад хамаатуулсан” гэж маргаж байгааг боловч шүүхээс нэхэмжлэгчийг Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, төсөл хэрэгжүүлэгчийн тайланг үнэлсэн үйл баримттай холбогдуулан буруутгаагүй, харин  Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалын чиг үүрэгтэй шууд холбогдох зөрчил илэрсэн үйл баримттай холбогдуулан буруутгасан болно. Тухайлбал, дээд шатны байгууллагаас батлан гаргасан журмыг хэрэгжүүлэх нь нэхэмжлэгчийн чиг үүрэгт хамааралтай буюу журамд заасан хугацаанд тайлан ирүүлээгүй байхад хяналт тавиагүй, хууль болон төлөвлөгөөнд нэгэнт тусгагдсан дүйцүүлэн хамгаалах, нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар мэргэжлийн удирдлагыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, дээд шатны байгууллагаас уг зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар тодруулаагүй, “журам гараагүй” гэх үндэслэлээр хэрэгжилтэд хяналт тавихгүй орхисон зэргээр байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлын хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна.

24.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0401 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 заалтын “2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн б/46 дугаар захирамжийг хүчингүй болгож” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн б/46 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА      

  ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ