Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 536

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.С*******

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/894 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.С******* гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлдээ: “...Миний бие Баянгол дүүргийн 2012 оны 02 сарын 20-ны өдрийн Б/37 тоот захирамжийн дагуу Баянгол дүүрэгийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа ба газар эзэмшүүлэх гэрээнлд заагдсан үүргээ газрын төлбөрөө цаг тухайд нь төлсөөр ирсэн билээ. 

Гэтэл үл таних этгээд хууль бусаар миний эзэмшиж байгаа газрарт хашаа барьсан байгаа ба албадан буулгуулах асуудлаар дүүргийн газрын албанд удаа дараа хандасан боловч арга хэмжээ аваагүй болно. Хашаа албадан буулгуулж газар чөлөөлүүлэх асуудлаар Баянгол дүүргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба шийдвэрлэх шатандаа явж байна. Баянгол дүүргийн  Засаг дарга захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3/, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 92.1, 93 дүгээр зүйлийн 93.2,94 дүгээр зүйлийн  94.6, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 6 дугаар зүйлийн 31.3, болно бусад хууль тогтоомжийг нооцтой зөрчиж иргэн миний газар эзэмших эрхэнд ноцтойгоор халдсан байна.

Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргаас 2015 оны 12 сарны 7-ны  өдрийн А/894 тоот захирамж гарч миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр мэдэж газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасанаар дээд шатны Засаг даргад гомдол гагасан ба хариуг 2016 оны 3 дугаар сард хүлээн авч нэхэмжлэл гаргаж байна . Баянгол дүүргийн Засаг дарга даргын 2015 оны 12 сарын 7 ны өдрийн А/894 тоот захирамжийг хүчигүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн П.С*******ад дүүргийн засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20 ны өдрийн Б/37 дугаар захирамжаар 100м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшэн бөгөөд иргэн М.Анараас газар эзэмших эрхийн нэр шилжих баталгаажсан байдаг. 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч ангентлаг Өмчийн харилцааны газрын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/7768 дугаартай албан бичигт “Улаанбаатар хотын Ус сувгийн  удирдах  газраас инженерийн шугас шугам сүлжээ бүхий газарт  газар эзэмшүүлсэн байх тул уг шийдвэрийг цуцлуулах хүсэлт ирүүлэий дагуу 2012оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/37  дугаар захирамжийн иргэн П.С*******ад холбогдох хэсгийг хүчигүй болгож шийдвэрлүүлэхээр ирүүлсэн”-ийг үндэслэн дээрх иргэний газар эзэмших эрхийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/894 дугаар захирамжаар хүчигүй болгож шийдвэрлэсэн.Тус дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 649 дүгээр захирамжаар иргэн М.Анарт газар эзэмшүүлэхдээ Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасанаар “Хот байгуулалтын үйл ажиллгааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно”,үүнд 24.1.6 дахь хэсэгт заасанаар Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх барих гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасанаар Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг ,нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлгөөнд иргэн , аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болхоор заагдсан байна” гэснийг зөрчиж  2011 оны газар зохион байгуулалтын  төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэн М.Анарт хууль бусаар эзэмшүүлсэн байдаг. Иймд Монгол Улсын засаг захиргаа ,нутаг  дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/894 дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.Иргэн П.С*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч П.С*******ын “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/894 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/894 дүгээр захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/7768 дугаар албан бичиг зэргийг үндэслэн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/37 дугаар захирамжийн иргэн Пүрэвдоржийн С*******ад үйлчилгээний зориулалтаар 100 м.кв газар эзэмшүүлсэн байсныг хүчингүй болсонд тооцсугай” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчид Баянгол дүүргийн Засаг даргаас 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээ сунгах, баталгаажуулах,  зориулалт, талбай, байршил өөрчилж байгаа тухай ” Б/37 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо Шунхлай шатахуун түгээх станцын баруун талд үйлчилгээний зориулалтаар бүхий 100 м.кв хэмжээтэй газрыг иргэн М.Анараас эрх шилжүүлэн 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлхээр шийдвэрлэн 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. 

Маргаан бүхий акт гаргах үндэслэл болсон Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/7768 дугаар албан бичгээр “...Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлсэн байх тул уг шийдвэрийг цуцлуулах тухай хүсэлт ирүүлсэн байна. Иймд дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/37 дугаар захирамжийн иргэн П.С*******ад холбогдох хэсгийг  2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүчингүй болгож эргэн хариу өгөх”-ийг мэдэгдсэнийг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон байна гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус зааснаар дүүргийн Засаг даргад өөрийн гаргасан захирамжаа хүчингүй болгох эрх олгогдсон хэдийч тухайн хүчингүй болгож байгаа шийдвэр нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөр бол эрх зүйн урьдчилсан хамгаалалт хийж, холбогдох баримтыг бүрдүүлэн үндэслэл бүхий дүгнэлтийн үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой. Анх уг газрыг 2012 онд хариуцагч Засаг дарга өөрөө захирамж гаргаж нэхэмжлэгчид эзэмшүүлсэн ба тухайн үед инженерийн шугам сүлжээнд хамаарахгүй, хуульд зааснаар үйлчилгээний зориулалтаар иргэнд эзэмшүүлж болох газар гэж үзэж шийдвэрлэсэн атлаа  Нийслэлийн өмчийн харилцааны газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болох хуульд заасан үндэслэлийн алинд ч хамаарахгүй байна.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих мэргэжлийн хяналтыг хууль тогтоомжийн дагуу эрх олгогдсон байгаль орчны хяналтын газар болон ургамал, хорио цээр, эрүүл ахуй, геологи, уул уурхайн зэрэг мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлнэ” гэж заажээ. Үүнээс үзвэл П.С*******ад олгогдсон газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарах эсэх түүнийг ямар зориулалтаар хэрхэн эзэмших боломжтой эсэх талаар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гараагүй байхад Ус сувгийн удирдах газрын албан бичгийг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хууль бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/894 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн А/864 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, иргэн П.С*******ын газар эзэмших эрхийг сэргээсүгэй. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ДУЛАМСҮРЭН