Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0644

 

П.Сүхбатын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий  шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцас нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 536 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор, П.Сүхбатын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэл дэх дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 536 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/864 дүгээр захирамжийг хүчингүй болгож, иргэн П.Сүхбатын газар эзэмших эрхийг сэргээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 536 дугаартай шийдвэрт Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57 2-т “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд тавих мэргэжлийн хяналтыг хууль тогтоомжийн дагуу эрх олгогдсон байгаль орчны хяналтын газар болон ургамал хорио цээр. эрүүл ахуй геологи, уул уурхайн зэрэг мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлнэ” гэж заажээ. Үүнээс үзвэл П.Сүхбатад олгогдсон газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарах эсэх түүнийг ямар зориулалтаар хэрхэн эзэмших боломжтой эсэх талаар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гараагүй байхад Ус сувгийн удирдах газрын албан бичгийг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хууль бус байна гэж дүгнэжээ.

Иргэн П.Сүхбатад эзэмшүүлсэн маргаан бүхий газрын доогуур Нийслэл Улаанбаатар хотын “баруун” бүсийг цэвэр усаар хангах зориулалттай инженерийн шугам сүлжээ дайран өнгөрч байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Ус сувгийн удирдах газрын албан бичиг, зурган үзүүлэлтээр нотлогдож байна. Энэ нь Хот байгуулалтын хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно”. Үүнд: 24.1.6 дэх хэсэгт зааснаар “Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Ус сувгийн удирдах газар нь Нийслэлийн хүн ам, байгууллага аж ахуйн нэгжийг унд, ахуйн хэрэгцээний цэвэр усаар тасралтгүй хангах үндсэн үүрэгтэй байгууллагын хувьд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан “мэргэжлийн хяналтын” чиг үүргийг хэрэгжүүлэгч мэргэжлийн байгууллага юм.

Иймд иргэн П.Сүхбатад 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/37 дугаар захирамжаар 100 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасан “Хот, тосгон бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй. экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ” гэснийг зөрчиж хууль бусаар газар эзэмшүүлсэн тул 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 536 дугаартай шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/894 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийн үндэслэлтэй болохыг тогтоож, иргэн П.Сүхбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримттай холбоотой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П.Сүхбат нь Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээ сунгах, баталгаажуулах, зориулалт, талбай, байршил өөрчилж байгаа тухай” Б/37 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 649 дүгээр захирамжтай М.Анараас 100 м.кв үйлчилгээний зориулалттай газрыг нэр шилжүүлж авчээ.

Уг Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 649 дүгээр захирамжид М.Анарын нэр байхгүй байх бөгөөд энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “М.Анарын нэр дээр 400 дугаар захирамж гарсан. 2011 оны 649 дүгээр захирамж өөр юм. Түүнийг гэрчилгээн дээр буруу бичилт хийж 649 дүгээр захирамж гэж бичсэн байдаг.” гэж тайлбарласан.

Харин хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 400 дугаар захирамжаар М.Анарт 20-р хороо, ЭТӨЧ 34-р цэцэрлэгийн хойно үйлчилгээний зориулалтаар 0,02 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2012 онд газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгохдоо газрын байршлыг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Шунхлай” шатахуун түгээх станцын баруун талд гэж өөрөөр бичсэн байна.  

Иймд анхан шатны шүүх эдгээр зөрүүтэй байдлуудыг дахин шалгаж, М.Анарын эзэмшиж байсан 0,02 га газрын байршил, хил хязгаар, хэмжээг харуулсан кадастрын зураглал байгаа эсэх, 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн эзэмшүүлсэн газар нь орсон эсэх, мөн 0,02 га буюу 200 м.кв газраасаа аль хэсгийг П.Сүхбатад шилжүүлсэн эсэх талаар холбогдох нотлох баримтуудыг цуглуулах нь зүйтэй бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тодруулснаар нэхэмжлэгчид тухайн газар хууль ёсоор нэр шилжсэн эсэх, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхцсан эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх зэрэгт дүгнэлт хийхэд ач холбогдолтой.

 Түүнчлэн анхан шатны шүүх “... П.Сүхбатад олгогдсон газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарах эсэх, түүнийг ямар зориулалтаар хэрхэн эзэмших боломжтой эсэх талаар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гараагүй байхад Ус сувгийн удирдах газрын албан бичгийг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хууль бус ...” гэж дүгнэн маргаан бүхий захиргааны акт болох Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/894 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Ус сувгийн удирдах газар нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д зааснаар хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой мэдээллийн санг байгуулж, байнгын ажиллагааг эрхэлдэг төрийн захиргааны байгууллага байх бөгөөд уг газраас ирүүлсэн “... Улаанбаатар хотын баруун бүсийг цэвэр болон бохир усны зориулалт бүхий инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс газарт газар эзэмшүүлсэн” талаарх албан бичгийг үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй байна. Анхан шатны шүүх уг маргаан бүхий актын үндэслэл болсон  албан бичигт дурдсан маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээний газрын хамгаалалтын бүстэй давхцсан эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно.” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргуулж, тодруулан шийдвэрлэх боломжтой байжээ.

Гэтэл мэргэжлийн байгууллагын албан бичгийг үндэслэн гаргасан маргаан бүхий актыг дээрх байдлаар дүгнэн, нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалуулахыг хүссэн газар эзэмших эрх нь хууль ёсоор үүссэн эсэхэд дүгнэлт хийлгүй маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 536 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ