Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 321

 

М.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж, хохирогч Ж.С- болон түүний өмгөөлөгч Р.Лхамсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр магадлалтай, М.А-д холбогдох 201609000462 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1956 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Аптай аймгийн Халиун суманд төрсөн, 63 настай, дээд боловсролтой, Хөдөө аж ахуйн ус хангамжийн инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт, өндөр насны тэтгэвэрт, ял шийтгүүлж байгаагүй, О овогт М-н А.

М.А- нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдыг залилж нийт 215,500,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.А-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдыг залилж нийт 215,500,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.А-г 6 жил, 8 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч М.А-гаас 125,500,000 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч Д.С-д 15,000,000  төгрөг, Б.С-ад 56,500,000 төгрөг, Ж.С-д 54,000,000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А- болон түүний өмгөөлөгч Б.Дашдорж, М.Жаргалсайхан нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх  тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих зүйлүүдийг хуульчилсан бөгөөд 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, мөн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн дүүрэн нотлож чадаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэх судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан байхад хэрэгт авагдсан эргэлзээ бүхий нотлох баримтуудыг шүүх анхаарч үзээгүй.

Уг хэрэгт миний үйлчлүүлэгч 4 үйлдлээр буруутгагдаж байгаа бөгөөд үйлдэл бүр өөрийн онцлог шинжтэй байхад нэгийг нь нөгөөгөөс ялгаж үзээгүй. Залилан мэхлэх гэмт хэргийн гол онцлог нь бусдын эд хөрөнгийг хуурч, мэхлэж, буцаан өгөх санаа зорилгогүйгээр өөртөө авдаг бол М.А- нь дээрх мөнгийг БНХАУ-руу тоног төхөөрөмж авах зорилгоор шилжүүлсэн уг мөнгөний араас хөөцөлдөж явсан талаар удаа дараа өөрөө болон гэрчүүд мэдүүлж байгаа боловч шүүх анхаарч үзээгүй.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг 215,500,000 төгргний хохирол гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Капитал зууч” ХХК шинжээчийн хөрөнгийн үнэлгээний баримт авагдсан байх бөгөөд уг дүгнэлтэнд “Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар хороо 16 дугаар байрны № 165 тоотод байрлах 50.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны (УБД Ү-2003003540) зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргав /2хх 98/. ...2018 оны 06 дугаар сарын 25 байдлаар 53,000,000 тавин гурван сая”, 2018 оны 06 сарын 25-ны өдрийн “Капитал Зууч” ХХК шинжээчийн дүгнэлтэнд 2018 оны 06 сарын байдлаар 54,000,000 төгрөгөөр үнэлсэн байна /хх 92/. Гэтэл уг хохиролын үнэлгээг гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2014 оны байдлаар буюу гэмт хэрэг гарсан цаг хугацаагаар үнэлэх ёстой байсан.

1. Гэмт хэргийн хохиролд тооцсон үл хөдлөх хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлүүлэх.

2. Б.С-д нарын орон сууц нь дундын өмч байх бөгөөд энэ нь залилан мэхлэх гэмт хэрэг мөн эсэх.

3. М.А- нь 63 настай бөгөөд одоо хэргийн зарим болсон үйл явдлыг санадаггүй нь энэ хүн үнэн зөв мэдүүлэг өгч байгаа эсэх тал дээр Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс шинжээч томилж дүгнэлт гаргуулах.

4. М.А- нь зээл аваад уг мөнгөөр тоног төхөөрөмж авахаар БНХАУ-ийн иргэн Лин Шан гэх иргэнд шилжүүлсэн талаар баримт хэрэгт байдаг бөгөөд уг асуудлын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй бөгөөд уг нөхцөлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах.

5. Зээл авахын тулд “Эко капитал” ББСБ-д ажиллаж байсан Б гэх хүнийг гэрчээр байцаагаагүй энэ хүний талаар 2 гэрч мэдүүлдэг зээлд зуучилсан эсвэл зээл олгосон эсэхийг шалгах.

6. М.А-н хувийн байдал болон түүний эрхэлж байсан уурхайн болон төслийн бизнес, аж ахуйн талаар нь бүрэн гүйцэд тодруулаагүй.

7. “Би Би Жи Эн” болон “Холбоо уул” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байхад тухайн хуулийн этгээдийн талаар улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авч тухай хуулийн этгээдээс тайлбар аваагүй зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох ажиллагааг хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн болон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогч Ж.С-гийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн хэлсэн саналдаа “Гэмт хэргийн хохиролд тооцсон үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцсон. 3 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр талд “Экокапитал” ББСБ нь Ж.С-гийн байрыг 50 сая төгрөгөөр үнэлсэн, барьцаат зээлийн гэрээ хийсэн байгаа. Иргэний 3 шатны шүүхээс М.А-г хамтран амьдрагчаа залилсан гэж шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч Ж.С-д учруулсан хохирлоо барагдуулна гэж М.А- байнга хэлдэг боловч барагдуулдаггүй. Ж.С- нь 3 нялх хүүхэдтэй, өөрөө болон эхнэр нь ажилгүй,  аав нь хэвтэрт байдаг. Одоо байраа хураалгах нөхцөл байдал үүсээд байна.

БНХАУ-ийн иргэн Лин Шан гэх иргэнд мөнгө шилжүүлсэн талаар яриад байна. Хохирогчоос мөнгө авахаасаа өмнө энэ хүн рүү мөнгө шилжүүлсэн байдаг тэгэхээр бусдын байрыг барьцаалж Лин Шанд мөнгө шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй юм. М.А- нь залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч М.А- нь 4 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилан их хэжээний хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг үндэслэн М.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

М.А- нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан мэхэлж, нийт 215,500,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.А-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний буюу 6 жил 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд бүрэн нийцжээ.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх М.А-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн “...хэрэгт ач холбогдол бүхий нотлох ажиллагааг хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН