Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 0090

 

 

 

 

 

 

 

О.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Л.Э

Шүүгдэгч                                                       О.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.О, Э.Г /цахимаар/

Нарийн бичгийн дарга                             Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч О.Г,  түүний өмгөөлөгч Э.Г нарын давж заалдах гомдлыг үндэслэн О.Гд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

У овогт О-ын Г,

 

О.Г нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ       аймаг     сум       баг         тоотод оршин суух иргэн С.Нн орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

мөн өндөр настай буюу 77 настай С.Нг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж уг орцны 5 дугаар давхарт зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: О.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч У овогт О-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

    Шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 5 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор /450.000 төгрөг : 15 нэгж = 30 хоног/ тооцож нэг сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Хохирогч С.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Г давж заалдах гомдолдоо:

 

“ ... би 2 удаа тархинд цус харваж хагалгаа хийлгэсний улмаас заримдаа юу хэлж ярьснаа, юу хийснээ санахгүй болчихдог. Юу хийснээ санахгүй гэдэг нь тухайн үед юу хийж байгаагаа мэдэхгүй өнгөрчихсөн байдаг юм. Тэгээд дараа нь санадаггүй. Би 6-22 дугаар байранд нүүж ороод удаагүй байсан болохоор хаалгаа андуурах явдал хэд хэдэн удаа гарсан. Тэгээд л нэг тэгж андуурсан үедээ Н гуайнд орохдоо хаалгыг нь хүчтэй татсан юм шиг байна. Тэгээд ороод шууд ширээн дээр нь унаад өгөхөөр Н гуай түлхэж гаргахад унаад тэгээд л түүнийг зодсон юм байна. Дараа нь хэрэгт байцаагдаж байхдаа л энэ бүгдийг хүмүүсээс сонсож мэдсэн. Би Н гуайг таньж мэдэхгүй, огт харж байгаагүй учраас өндөр настай хүн гэж мэдэхгүй.

 

Харин би Нн биед хүнд гэмтлийг учруулсан гэдгийг зөвшөөрч байгаа. Би хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан ч гэсэн таксинд явж амьдралаа залгуулдаг юм. Одоо миний ар гэрт байгаа эхнэр хүүхдүүд минь орлогогүй болж хүнд байдалтай байгаа байх гэж сэтгэл зовж байна. Би чадлынхаа хирээр хохирогч Н гуайг эмчлүүлэхэд тусалж зардлыг нь төлсөн. Хамгийн сүүлд шүүхээс чөлөө авч яваад самар түүж борлуулаад орлого олж цаашид эмчилгээнд нь зориулж 5 сая төгрөг өгсөн. Цаашид ч тусална. Би энэ хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Миний сахарын хэмжээ 15-20 хүрээд буухгүй байна. Байнга эм ууж, тариулж байгаа ч буурахгүй байна. Хоригдсоноос хойш миний даралт ихсэж мөн нүүр минь муруйчихлаа. Одоо эмчилгээ хийлгэж байгаа ч Улаанбаатар хот явж хорихын эмнэлэгт эмчлүүлэх яриа гараад байна. Би давж заалдах шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхэд биеэр оролцоно гэдгээ эндэхийн дарга, эмч, сувилагч нарт хэлж л байна. Намайг торгуулийн ялаар шийтгэж өгөөч гэж гуйж байна. Би нэгэнт хүн гэмтээсэн хүн шийтгэгдэх ёстой гэдгийг ойлгож байна. Би уг нь тухайн үеийн болсон явдлыг мэдэж санаж байгаа бол бүгдийг хүлээнэ. Даанч огт мэдэхгүй байгаа юм. Энэ нь миний өвчтэй холбоотой байх гэж бодож байна” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г давж заалдах гомдолдоо:

“ ... Хэрэгт цугларсан нотлох баримтаар О.Г нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хохирогч С.Нн гэрт орох болон түүний биед хүнд гэмтэл учруулах үед хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байсан эсэхийг мэдэж байсныг үгүйсгэх дараах нөхцөлүүд тогтоогдсоныг шүүх үнэлээгүй, няцаагаагүй болно.

 ... танихгүй хаалга эвдэж орж ирээд ширээний харалдаа унаад, босоод ирсэн ... орж ирээд юу ч яриагүй архи үнэртсэн, согтуу байсан. Би уг эрэгтэй хүнийг урьд өмнө харж байгаагүй ... Уг залууг гэрээс гарахад намайг татаж унахад миний цээж рүү өшиглөж дэвссэн ... гэх

Гэрч Ү-н мэдүүлэг: Аав минь согтуу хүн хаалга эвдэж орж ирээд ширээний харалдаа унахаар нь уг хүнийг босгож үүдээр гаргахад орцонд унагаад цээж рүү өшиглөсөн гэж ярьсан гэх

Яллагдагч О.Г-н мэдүүлэг: ... Би өөрийн үйлдлийг санахгүй байна ... Би маргааш нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж уулзаж, уучлаарай ахаа гэсэн гэх дээрх гэрч, хохирогч, яллагдагчийн мэдүүлгээр О.Г нь урьд нь хохирогчийг таньж өндөр настайг мэдэхгүй төдийгүй, гэрт нь орох үедээ орсны дараа ч өшиглөх үедээ ч мэдээгүй болох нь тогтоогджээ.

О.Г нь согтуурсан үедээ оюун ухаан нь саатаж, хохирогч Нн орон байранд нэвтрэн, түүний биед халдсан болох нь согтолтын зэрэг шалгасан /2.3хувь/ нотлогдсон. /хх-6х/

Шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээгээр /хх-62х/О.Г нь тархины харвалтын шалтгаант хэсэгчилсэн ойгүйдэл өвчин эмгэгтэй нь тогтоогдсон бөгөөд энэ нь согтууруулах ундаа бага хэмжээтэй хэрэглэсэн ч зөв таних мэдэх чадвар алдагддаг, түр зуурын ой ухаан сарних эмгэг юм. Гаднаас нөлөөлсөн ямар нэг хүчин зүйлийн улмаас ой санамж алдагдах зөв таних зөв сэргээн санаж чадахгүй болохыг ойгүйдэл гэнэ. Ийм нөхцөл байдалтай үедээ О.Г нь бусдын орон байранд нэвтэрсэн, биед нь хохирогч хүрч гэрээс гаргасан процессыг буруу төсөөлж ой ухааны хэвийн байдал алдагдсан үедээ хүнд гэмтэл учруулсан байхад биеэ хамгаалах чадвартайг мэдсэн, мэдсээр байж өшиглөж зодсон гэж дүгнэх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэстэй. Өндөр настан гэдэг нь тэтгэврийн насны иргэнийг шууд ойлгох ойлголт биш бөгөөд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас насны ангиллыг шинэчлэн тогтоохдоо: ахмад нас 60-74, хөгшин нас 74-89, өндөр нас 90-ээс дээш гэж үздэг.

Нөгөө талаар хохирогч Н тэтгэвэр тогтоолгосон баримт хэрэгт авагдсан бөгөөд өөр эрүүл мэндийн хувьд бие хамгаалах чадваргүйг нотлох ийм байдалтай байсан гэж үзэх нотлох баримт авагдаагүй болно. Хохирогч нь О.Г-г гэрт нь орж ирээд юу ч ярихгүй газарт унасан үед нь татаж босгож гэрийнхээ хаалгаар гаргах идэвхтэй үйлдэл хийсэн болох нь түүний мэдүүлгээр нотлогдсоныг ч онцгой анхаарах ёстой байсан. Иймд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж О.Гд торгох ял шийтгэж өгөхийг хүсье. О.Г нь хувийн эрүүл мэндийн шалтгааны хувьд тархи болон нойр булчирхайн өвчний улмаас 60 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан, хохирлыг сайн дураар бүрэн төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзнэ үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Г тайлбартаа: “... Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: “...Зүйлчлэлийг хөнгөрүүлж, ял шийтгэлийг өөрчилж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна... зүйлчлэлийг хөнгөрүүлж, торгох ялаар шийтгэж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Г-н гэм буруу хангалттай тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Э.Г нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч О.Г нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ      аймгийн         сумын         баг             тоотод оршин суух иргэн С.Нн орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

“Хохирогч биеэ хамгаалж чадахгүй” гэсэн ойлголтод бага насны эсвэл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байдлыг хамааруулна.

Харин хуульд заасан “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч дээр дурдсан шалтгааны улмаас өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан, өөрөөр хэлбэл хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг “илэрхий мэдэж, ухамсарласан байдал” гэж ойлгоно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл хохирогч С.Н 77 настай, гадна харагдах байдлаараа өндөр настай гэдэг нь илт мэдэгдэх боломжтой бөгөөд шүүгдэгч О.Г нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөвөөр танин ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай, хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, шинжилгээний дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байх боловч

тэрбээр тархины харвалтын шалтгаант хэсэгчилсэн ойгүйдэл өвчтэйгөөс гадна гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн /2.03 хувь илэрсэн/ байсны улмаас “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэдгийг мэдэж, түүнийг далимдуулж” эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

хохирогч С.Нн “ ... унтаж байхад танихгүй эрэгтэй хүн манай гэрийн хаалгыг эвдэж орж ирээд ширээний харалдаа унаад босоод ирэхээр нь би уг залууг арай хийж нэг юм гэрээсээ гаргахад намайг татаж орц руу гаргаж ирээд орцны шалан дээр унагааж байгаад намайг өшиглөж дэвсэж зодсон ... ” гэсэн мэдүүлэг  /хх 22/,

 

дахин өгсөн “ ... гэрт орж ирэхээр нь би арай хийж нэг юм зууралдаж байгаад гэрээс гаргаж хаалгаа хаан бариулаас нь бариад зогсож байхад уг залуу гадаа хаалгыг хүчтэй татахад би хамт татагдсан, орцонд шалан дээр унахад миний цээжин хэсэг рүү олон удаа хөлөөрөө өшиглөж дэвссэн ... хаалга эвдэж гэрт орж ирээд юу ч ярихгүй байсан ... би уг эрэгтэй хүнийг танихгүй ...” гэсэн мэдүүлэг /хх 26/,

 

гэрч Д.А-н “ ... яагаад өвөөгийн хаалгыг эвдэн орж өвөөг зодох болсон талаар зөндөө асуухад юу ч хариулахгүй байгаад байсан ... огт танихгүй хүн байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 32/,

 

гэрч М.Э-н “ ... шатаар доошоо буугаад 1 давхарт үүдэнд нэг залуу нэлээн согтуу зогсож байсан ... архи согтууруулах ундаа хэрэглэсэн нэлээн согтуу байсан, биеэ хянах чадвар байхгүй, хаана юу хийж байгаагаа мэдэх сөхөөгүй согтуу байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 38/,

 

иргэний нэхэмжлэгч Н.Ү-н “ ... гаднаас танихгүй согтуу эрэгтэй хүн хаалга эвдэн орж ирээд ширээний харалдаа шалан дээр унахаар нь юун хүн бэ, яах гэж байгаа юм гээд уг хүнийг арай гэж босгож үүдээр гаргахад орцонд татаж унагаагаад унасан байхад нь цээжин тус хэсэгт олон удаа хөлөөрөө дэвссэн гэсэн ... Г гэдэг залуу эмнэлэг дээр ирж манай гэр бүлийнхэнтэй уулзсан бөгөөд архи уугаад согтуу байсан, юу ч санахгүй байна гээд уучлалт гуйгаад байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 42/,

 

гэрч Д.М-н “ ... манай нөхрийн цамц       багийн      байрны орцны шатан дээр байж байсан шалтгааныг мэдэхгүй байна. Өөрөөс нь асуухад юу ч санахгүй байна гэсэн ... ” гэсэн мэдүүлэг /хх 45/,

 

шүүгдэгч Э.Г-н сэжигтнээр өгсөн “ ... би архиндаа согтож ухаангүй тасарсан, хэр хэмжээтэй архи ууснаа санахгүй байна. Тэгээд би юу ч санахгүй байгаа, ухаан ороод сэрэхэд Цагдаагийн эрүүлжүүлэх байранд орсон байсан ... уг өндөр настай ахыг огт танихгүй, урьд өмнө уулзаж байгаагүй ... ” гэсэн мэдүүлэг /хх 67/,

 

анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.Нн өгсөн “ ... хаалга чанга дуугарахад босоод иртэл явган ширээн дээр тэгнээд унасан. Тэгээд би гаргах гэтэл гарахгүй байсан, арай хийж гаргаад хаалгаа хаах гэтэл бариул нь эвдэрсэн байсан, хаалганаас татахад би унасан ... тухайн үед гэрээ андуурсан юм уу, яасан юм хаалганы түгжээ мулт татаад ороод ирсэн ... надад юу ч хэлээгүй, орж ирээд жижиг ширээн дээр тэрийж унаад гар гэхэд гарахгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 195/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч О.Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан тухайн шинжийн обьектив болон субьектив талын шинж хангалттай тогтоогдоогүй байхад тогтоогдсон мэтээр дүгнэж Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэргийг хэрэглэжээ.

 

Иймд шүүгдэгч О.Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогч С.Нн “...миний бие одоо О.Гд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байна. Оногдуулсан ялыг хөнгөлөхөд татгалзах зүйлгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсье” гэсэн,

иргэний нэхэмжлэгч Н.Ү-н “...надад гомдол саналгүй, цаашид аавд эмчилгээ хийлгэх шаардлагатай, О.Г нь бие муу өвчтэй юм билээ. Олон жилийн ял эдлэх хэцүү гэж бодож байгаа тул түүнд оногдуулсан ялыг хөнгөлж, хорихгүйгээр шийтгэж өгнө үү” гэсэн хүсэлтүүд болон

 

шүүгдэгч О.Г нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож 9.256.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нөхөн төлсөн байдал болон шүүгдэгч нь 2020 оноос чихрийн шижин 2 дугаар зэрэг гэж оношлогдон уг өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон, 2021 оны 02, 05 дугаар саруудад тархинд цус харвалт өгсний улмаас тархины харвалтын шалтгаант хэсэгчилсэн ойгүйдэл өвчтэй гэх эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тухайн зүйл, хэсэгт заасан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн, нийт торгох ялыг 10.450.000 төгрөгөөр тогтоож, О.Г-н цагдан хоригдсон 40 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр тооцож ял эдэлсэнд тооцон хасаж, түүний эдлэх ялыг нь 9.850.000 төгрөгөөр тогтоож,

шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож хорих ялын нэг хоногоор солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд дурдсан боловч иргэний нэхэмжлэгчийн уг эрхийг дурдалгүй орхигдуулжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Э.Г нарын “...ял хөнгөрүүлж өгнө үү ” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын

             “ ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг” ...,” гэснийг

                                                                                                                                                               “ ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг”...,” гэж,

                                                                                                                                                             шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 5 сар хорих ялаар...” гэснийг

           “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар...” гэж,

            шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн, нийт ялыг 10.450.000 төгрөгөөр тогтоосугай” гэж тус тус өөрчилж,

            шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...С.Н...” гэсний дараа “..., иргэний нэхэмжлэгч Н.Ү нар...” гэж нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

             2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч О.Г-н цагдан хоригдсон 40 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр тооцож ял эдэлсэнд тооцон хасаж, түүний эдлэх ялыг  9.850.000 төгрөгөөр тогтоосугай.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Гд оногдуулсан 9.850.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-г сулласугай.

             5. Шүүгдэгч О.Г болон түүний өмгөөлөгч Э.Г нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ