Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1422

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/001641 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Д-гийн хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гаргасан 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд заагдсан эрх, үүргээ хэрэгжүүлэн дуусгавар болгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Д- нь “Г” ХХК-тай 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 70 хувийн төлбөр болох 16 090 ам.доллар төлж байрныхаа түлхүүрийг гардан авсан. Ингээд үлдэгдэл төлбөрөө төлөх гэтэл “Глоб констракшн” XXК олдохгүй, бүх данснууд нь хаагдсан байх тул шүүхэд хандан, эрэн сурвалжлах шийдвэр гарсан. 2015 оны 4 дүгээр сард “Г” ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр шоронгоос суллагдан гарч ирэнгүүт бид үлдэгдэл төлбөрийн асуудлыг хөндөн ярьж дансыг нь асуухад дансаа өгөхгүй үлдэгдэл төлбөрийг авахгүй гэж ярих болсон. Шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох гэхэд шүүх үлдэгдэл төлбөрөө төлөөгүй үндэслэлээр өмчлөгчөөр тогтоохоос татгалзсан тул дахин нэхэмжлэл гаргаж үлдэгдэл төлбөрийг авахыг даалгуулахаар нэхэмжилсэн. Шүүх төлбөр авагчийн хүсэл зоригийг шүүх шийдэхгүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Манай гэрээ хуулийн дагуу байгуулагдсан, олон удаагийн шүүх гэрээг хүчинтэй гэж үзсэн байх ба гэрээ дуусгавар болгоход “Г” ХХК-ийн дансны дугаар нь бидэнд олдохгүй байдал үүсээд байна. Манай зүгээс төлбөрийг төлөхдөө гэрээ байгуулсан үеийн ханшаар төлнө гэхээр хариуцагч хүлээн зөвшөөрдөггүй. Иймд 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд заагдсан эрх, үүргээ хэрэгжүүлэн дуусгавар болгохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Д- тус компаниас орон сууц захиалсан төлбөрийн үүргийн нэг хэсгийг төлөх үүргээ биелүүлэхээс татгалзан 15 жил болж байна. Иргэний хуулиар олгогдсон эрхийн дагуу тус компани гэрээнээс татгалзаж авсан, өгснөө буцаахыг шаардсан. Харин Б.Д- манайхаас алданги, хохирол, талбайн зөрүү нэхэмжилж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор маргасан. Манайх гэрээнээс татгалзаж хохирол төлүүлэх, орон сууцыг суллуулах нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх 6 869 ам.долларыг Б.Д- манайд төлөх, орон сууцыг Б.Д-д өмчлүүлэх шийдвэр гаргасан. Гэвч давж заалдах шатны шүүхээс манай сөрөг нэхэмжлэл гэрээнээс татгалзсан агуулгатай боловч нэхэмжлэгчид хугацаа олгоогүй гэх үйл баримтыг, Б.Д-гийн гэрээний үүргээ биелүүлээгүй үйл баримтыг үндэслэл болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон ба давж заалдах шатны шүүхийн уг шийдвэрийг хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн. Улмаар манай тал шүүхийн шийдвэрийн дараа гэрээнээс дахин татгалзсан албан бичгийг Б.Д-д хүргүүлсэн ба тэрээр үүнийг хүлээн зөвшөөрч манайд өгсөн урьдчилгаа төлбөрөө буцаан авч орон сууцыг эргүүлэн өгөхөөр тохиролцсон. Нэгэнт шүүх Б.Д-гийн орон сууц өмчлөх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Б.Д- гэрээний үүргээсээ, манайх гэрээнээсээ бүрэн татгалзаж өмнө өгснөө харилцан буцаахаар тохиролцсон тул Б.Д-гийн нэхэмжлэлийг дэмжихгүй. Тэрээр цаг хожин орон сууцанд үнэ төлбөргүй суусаар байхыг л хүсэж байгаа юм. Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг гэрээ байгуулсан 2005 оны ам.долларын ханшаар тооцон төлнө гэдэг бөгөөд манай компани үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гаргасан 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд заагдсан эрх, үүргээ хэрэгжүүлэн дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Д-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нар давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

2006 оноос өнөөдрийг хүртэл орон сууцны үлдэгдэл төлбөрийг хүлээн авах хүнгүй, дансаар шилжүүлэх гээд данс нь олдохгүй байгаа нөхцөлд худалдан авагчийн эрхийг Иргэний хуулиар хэрхэн хамгаалах вэ, Улсын комисс хүлээн аваагүй тул байрны мөнгийг өндөр үнээр төлдөг. Мөн орон сууцаа захиран зарцуулж чаддаггүй, 2006 оноос өнөөдрийг хүртэл Америк долларын ханш өсөөд байна. Дээрх эрх зөрчигдсөн үйлдэлд нэхэмжлэгч тал ямар ч буруугүй атал 14 жил хохирч байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь заалтыг зөрчсөн.

Иймд зөрчигдсөн эрхийг шүүх хангахгүй гэж үзсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд заагдсан эрх, үүргээ хэрэгжүүлэн, үлдэгдэл төлбөрийг хүлээн авч, гэрээг дуусгавар болгохыг хариуцагчид даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийг үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, гэрээнээс татгалзаж өгсөн авснаа буцаахаар тохиролцсон гэх үндэслэл заан маргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №32/30 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”-гээр захиалагч Б.Д- нь “Глоб констракшн”-д 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг бариулах, орон сууцны 1 м.кв талбайн үнэ нь 287 ам.доллар бөгөөд нийт 22 987 ам.долларыг төлөх, гүйцэтгэгч буюу “Глоб консктракшн” ХХК нь гэрээнд заасан нөхцөл, батлагдсан зураг төслийн дагуу байрыг барьж хүлээлгэн өгөх үүргийг харилцан хүлээсэн бөгөөд гэрээний хавсралтаар төлбөр төлөх хуваарийг гаргаж, 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 8 670 ам.доллар, 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 7 420 ам.доллар, нийт 70 хувийн төлбөрийг “Г” ХХК-д урьдчилан төлөх, үлдэгдэл 30 хувийн төлбөр 6 896 ам.долларыг 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч Б.Д-гийн  хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гаргасан  орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн  байгууллагад даалгах, зардал хохирол шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1782 дугаартай магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2019/00136 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн, мөн уг шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Д-н гудамж дахь 32 дугаар байрны 30 тоот байрыг суллахыг Б.Д-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр тул уг шийдвэрт дүгнэгдэж, шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар зохигчид дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд гэрээнээс татгалзсаныг нэхэмжлэгч зөвшөөрч, өгсөн авснаа харилцан буцаахаар  тохиролцсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч Б.Д- нь орон сууцыг 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эзэмшилдээ хүлээн авсан, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул үлдэгдэл 30 хувийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Харин төлбөрийг гэрээ байгуулах үеийн ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар төлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх тодруулаагүй, талуудын маргаж буй уг үндэслэлд дүгнэлт өгөөгүй байгааг зохигчдын тайлбарын хүрээнд тодруулбал, 6 896 ам.долларыг Б.Д-гээс 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ханшаар хүлээлгэн өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

 

            Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан тул гэрээний үлдэгдэл төлбөрийг шүүхэд үүргээ гүйцэтгэх, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч тал хүлээн авахгүй байгаа үйлдэл, эс үйлдэлтэй холбоотойгоор шаардлага гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ханш болох 2702.31 төгрөгөөр тооцож, 18 635 129.76 төгрөгийг /6 896 ам.доллар х 2702.31/ нэхэмжлэгч Б.Д-гээс хүлээн авахыг хариуцагч “Г” ХХК-д даалгахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Харин гэрээ байгуулах үеийн буюу 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ханшаар тооцож төлбөрийг гүйцэтгэх нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй тул нэхэмжлэлийн энэ үндэслэлээр хангах боломжгүй.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/001641 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр 6 896 ам.долларыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ханшаар тооцон 18 635 129.76 төгрөгийг нэхэмжлэгч Б.Д-гээс хүлээн авахыг хариуцагч “Г” ХХК-д даалгасугай” гэж,

 

Шийдвэрийн 2 дахь заалтын “... 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “ ...үлдээж, хариуцагч “Г” ХХК-аас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

А.ОТГОНЦЭЦЭГ