Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2020/001641

 

 

 

 

 

 

 

    2020        05          11

                           101/ШШ2020/001641

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Д нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: ГК ХХК холбогдох,

 

2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд заагдсан эрх, үүргээ хэрэгжүүлэн дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн төлөөлөгч Ж.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Д нь “ГК” ХХК-тай 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан 70 %-ийн төлбөр болох 16,090 ам.доллар төлж байрныхаа түлхүүрийг гардан авсан. Ингээд үлдэгдэл төлбөрөө төлөх гэтэл “ГК” XXК олдохгүй, бүх данснууд нь хаагдсан байх тул аргаа бараад шүүхэд хандан эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргаж шүүхээс эрэн сурвалжлах шийдвэр гарсан. 2015 оны 4 дүгээр сард “ГК” ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр шоронгоос суллагдан гарч ирэнгүүт бид үлдэгдэл төлбөрийн асуудлыг хөндөн ярьж дансыг нь асуухад дансаа өгөхгүй үлдэгдэл төлбөрийг авахгүй гэж ярих болсон. Ингээд шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох гэхэд шүүх үлдэгдэл төлбөрөө төлөөгүй үндэслэлээр өмчлөгчөөр тогтоохоос татгалзсан тул дахин нэхэмжлэл гаргаж үлдэгдэл төлбөрийг авахыг даалгуулахыг хүсч нэхэмжилсэн. Шүүх төлбөр авагчийн хүсэл зоригийг шүүх шийдэхгүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Манай гэрээ хуулийн дагуу байгуулагдсан, олон удаагийн шүүх гэрээг хүчинтэй гэж үзсэн байх ба гэрээ дуусгавар болгоход “ГК” ХХК-ийн дансны дугаар нь бидэнд олдохгүй байдал үүсээд байна. Манай зүгээс төлбөрийг төлөхдөө гэрээ байгуулсан үеийн ханшаар төлнө гэхээр хариуцагч хүлээн зөвшөөрдөггүй юм.

Иймд 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд заагдсан эрх, үүргээ хэрэгжүүлэн дуусгавар болгохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ГК” ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Д тус компаниас орон сууц захиалсан төлбөрийн үургийн нэг хэсгийг төлөх үүргээ биелүүлхээс татгалзан 15 жил болж байна. Иргэний хуулиар олгогдсон эрхийн дагуу тус компани гэрээнээс татгалзаж авсан, өгсөнөө буцаахыг шаардсан. Харин Б.Д манайхаас алданги, хохирол, талбайн зөрүү нэхэмжилж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор маргасан. Манайх гэрээнээс татгалзаж хохирол төлүүлэх, орон сууцыг суллуулах нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх 6869 ам.долларыг Б.Д манайд төлөх, орон сууцыг Б.Дд өмчлүүлэх шийдвэр гаргасан. Гэвч Давж заалдах шатны шүүхээс манай сөрөг нэхэмжлэл гэрээнээс татгалзсан агуулгатай боловч нэхэмжлэгчид хугацаа олгоогүй гэх үйл баримтыг, Б.Дгийн гэрээний үүргээ биелүүлээгүй үйл баримтыг үндэслэл болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон ба давж заалдах шатны шүүхийн уг шийдвэрийг хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн. Улмаар манай тал шүүхийн шийдвэрийн дараа гэрээнээс дахин татгалзсан албан бичгийг Б.Дд хүргүүлсэн ба тэрээр үүнийг хүлээн зөвшөөрч манайд өгсөн урьдчилгаа төлбөрөө буцаан авч орон сууцыг эргүүлэн өгөхөөр тохиролцсон. Нэгэнт шүүх Б.Дгийн орон сууц өмчлөх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Б.Д гэрээний үүргээсээ, манайх гэрээнээсээ бүрэн татгалзаж өмнө өгсөнөө харилцан буцаахаар тохиролцсон тул Б.Дгийн нэхэмжлэлийг дэмжихгүй. Тэрээр цаг хожин орон сууцанд үнэ төлбөргүй суусаар байхыг л хүсэж байгаа юм. Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг гэрээ байгуулсан 2005 оны ам.долларын ханшаар тооцон төлнө гэдэг бөгөөд манай компани үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “ГК” ХХК-д холбогдуулан 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд заагдсан эрх, үүргээ хэрэгжүүлэн дуусгавар болгохыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “ГК” ХХК нь нэхэмжлэгч гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, манайх гэрээнээс татгалзсан мэдэгдлээ өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч, өгсөн авснаа буцаахаар тохирсон зэрэг шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Б.Д нь “ГК” ХХК-тай 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ №32/30”-г байгуулж,

- захиалагчийн эрх, үүрэг буюу Б.Д нь “Заслын материалаа өөрөө гаргаж гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болно. Энэ нөхцөлд тухайн материалын төсвийн үнэ байрны үнээс хасагдана. Захиалсан барилгынхаа гүйцэтгэлд хяналт тавих эрхтэй. Гэрээнд заасан нөхцлөөр зураг төслийн дагуу барилгын гүйцэтгэл хийхийг шаардах эрхтэй. Сууцныхаа төлбөрийг гэрээнд заасан нөхцлөөр барагдуулна” гэж,

- гүйцэтгэгчийн эрх, үүрэг буюу “Глоб консктракшн” ХХК нь “Гэрээнд заасан нөхцөл, батлагдсан зураг төслийн дагуу байрыг хүлээлгэн өгнө” гэж тус тус заажээ.

 

Орон сууц  нь 80 мкв талбайтай, 3 өрөө, 4 дүгээр давхарт мансардтай, 1 мкв талбайн үнэ нь 287 ам.доллар буюу нийт 22,987 ам.доллар гэж зохигчид тохирсон бөгөөд гэрээний хавсралтад зааснаар Б.Д нь 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 8670 ам.доллар, 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 7420 ам.доллар, нийт 70 хувийн төлбөрийг “ГК” ХХК-д төлсөн, үлдэгдэл 30 хувийн төлбөр болох 6896 ам.долларыг 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.Д нь төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Дээрх 30 хувийн төлбөрийг Б.Д нь өнөөдрийг хүртэл төлөөгүй, харин орон сууцыг 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эзэмшилдээ хүлээн авч, амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1782 дугаартай магадлалаар Б.Дгийн нэхэмжлэлтэй, “ГК” ХХК-д холбогдох Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Сэн 32 дугаар байрны 30 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах, илүү тооцон авсан талбайн төлбөр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй торгууль, засвар хийсэн зардал, нийт 22,833,515 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 48,954,213 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж дахь 32 дугаар байрны 30 тоот байр суллахыг Б.Дд даалгах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй гэж үзэж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2019/00136 дугаартай тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шүүхийн шийдвэрүүдээр зохигчдын хооронд үүссэн 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ болон тохиролцоог Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжтэй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6-д “... Зээлийн үлдэгдэлтэй нөхцөлд байрны өмчлөгч нь компани байх бөгөөд энэ хугацаанд уг байрыг барьцаалан банкнаас зээл авч дараагийн барилгын ажлаа санхүүжүүлэх эрхтэй ...” гэж зааснаар захиалагч Б.Дгийн хувьд гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлснөөр түүний өмчлөх эрх шилжиж, гэрээний үүрэг дуусгавар болохоор байна.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлд Үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болохоор, 240 дүгээр зүйлд Үүрэг дуусгавар болох бусад үндэслэлийг хуульчилсан байх бөгөөд эдгээр зохицуулалтад заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөх гэтэл хариуцагч компани олдохгүй байсан, эрэн сурвалжлуулсан, дансны дугаар нь олддоггүй зэрэг үндэслэлийг тайлбарлаж байх бөгөөд энэ нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байх, гэрээний үүргийг дуусгавар болгох үндэслэл болохгүй юм.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр зохигчдын хооронд байгуулсан 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд заагдсан эрх, үүргээ хэрэгжүүлэн дуусгавар болгохыг хариуцагчид даалгах үндэслэл тогтоогдохгүй буюу худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч нь бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Б.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг удаа дараа шүүх хүлээн авахаас татгалзаж байсан байх бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэртэй холбоотой, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзсэн байгааг дурьдах нь зүйтэй.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн СД бичлэгт үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн бөгөөд уг баримтыг хуульд заасан арга хэрэгслээр олж авч бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “ГК” ХХК-д холбогдуулан гаргасан “2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд заагдсан эрх, үүргээ хэрэгжүүлэн дуусгавар болгохыг даалгах тухай” нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

                       

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.ЭНХЖАРГАЛ