Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 322

 

А.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар, хохирогч О.Б-, Б.Х- болон тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 294 дугаар магадлалтай, А.А-д холбогдох 1803006920413 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, краны оосорлогч, дохиочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт А-н А.

А.А- нь согтуурсан үедээ 2018 оны 08 дугаар сарын 12-ны 13 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны эцсийн буудал руу явдаг “Одонт”-ын 23-04 тоот хашааны баруун талын замд “Тоёота Приус” загварын 52-92 УБН дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд, Б.Х-ийн жолоодож явсан “Тоёота Приус” загварын 17-10 УБН дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Х.А, Х.И нарын амь нас хохирч, О.Б, Б.Х- нарын эрүүл мэндэд хүнд, Д.Э, М.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Д.А, Б.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.А-ийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, согтуугаар үйлдсэн, хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар А.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 6 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.А-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч А.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж гомдол гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан .. шударга ёсны зарчим, мөн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж буцааж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлийг тодорхой заасан ба шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд А.А-ийн гэм буруу болон зүйлчлэлийн хувьд маргаагүй бөгөөд тус хэргийн субъектив шинжийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба гэм буруугаа анхнаасаа чин шударгаар хүлээн зөвшөөрч хохиролд 3,000,000 төгрөг төлсөн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан үзэж магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хэлсэн саналдаа “Давж заалдах гомдол гаргах хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан, харин хэргийг хянан хэлэлцэх үед тухайн хуулийн заалт түдгэлзсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн. Хэргийн бодит байдлаас харахад бага насны 2 хүүхдийн амь нас эрсэдсэн, 3 хүний биед хүнд гэмтэл, 2 хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан томоохон хэмжээний осол гарсан. Шүүхээс хэдийгээр хохирлын хэмжээг тогтоож өгсөн боловч шүүгдэгчийн талаас энэ талаар ямар нэг санаачилга гаргаагүй, хохирогчийн зовлон, жаргалыг хуваалцах талаар ямар нэг үйлдэл хийгээгүйд гомдолтой байгаа. Иймд шүүгдэгч өөрийн гэм бурууг ойлгоогүй, хүн ёсны хувьд хохирогчийн ар гэрээс уучлалт гуйгаагүй, энэ хэргийн улмаас учирсан хохирол нэгэнт арилахгүй учраас Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн тухайн зүйл заалтад ангид зааснаар ялын дээд хэмжээг оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэг үйлдлээр хэд, хэдэн хохирол учирсан, тухайн зүйл хэсгүүдэд заасан ял оногдуулж, нэмж нэгтгэн ял оногдуулах боломжтой гэсэн саналыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байсан, үүнийгээ дэмжиж байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ял шийтгэлийг оногдуулсан байна. Тухайн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан гомдлыг үндэслэн А.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд А.А- нь согтуугаар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “Шударга ёсны зарчим”, “Эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцээгүй гэсэн дүгнэлт хийж хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. 

Анхан шатны шүүх А.А-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээр дурдсан үндэслэл, шаардлага болон гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээг харгалзан түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хууль тогтоогчоос тодорхойлсон хорих ялын хэмжээний дунджаас дээгүүр тодруулбал, оногдуулж болох хорих ялын гуравны хоёроос дээш буюу 6 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.        

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 294 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН