Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0806

 

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0806 

Улаанбаатар хот

“М м ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0639 дүгээр  шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М м ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0639 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 11.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М м ” ХХК-ийн “Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт Цагаан толгой нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан манай өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М давж заалдах гомдолдоо: “ … Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт: “… Дээрхээс үзвэл хууль тогтоогчоос ашигт малтмалын тухай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх эрх хэмжээг Ашигт малтмалын тухай хуулиар, харин тухайн өргөдлийг хүлээн авах журмыг тогтоох эрх хэмжээг Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар тус тус захиргаанд олгосон байх тул хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын газрын даргын 2015 оны А/07 дугаар тушаалаар батлагдсан “...заавар”-ын хүрээнд нэхэмжлэгч байгууллагын өргөдлийг хүлээн авч бүртгээгүйд хариуцагчийг буруутгах боломжгүй байна” гэж үзсэн байна. Шүүхээс тухайн нэг төрлийн харилцааг 2 тусдаа хуулиар зохицуулсан мэт шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна учир нь хууль тогтоогчийн зүгээс нэгэнт бүхий л өргөдөл гомдлыг Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар зохицуулхаар шийдвэрлэсэн бол Ашигт малтмалын тухай хуулинд тусгайлан оруулахгүй байсан. Түүнчлэн иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулинд “Хуулийн этгээдийн өргөдөл гомдлыг хүлээж авах газар, байр, цагийн хуваарийг тогтоох” нь захиргааны байгууллагын эрхийн асуудал гэж үзэж байгаа бол хүлээн авахгүй байх эрх нь мөн тэдгээрийн захиргааны байгууллагын эрх гэж үзэх үү гэсэн асуудал урган гарах бизээ.

Мөн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсний дагуу Уул уурхайн сайдын 2015 оны 23-ны өдрийн 15 дугаар тушаал гарсан уг тушаалаар “Өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох.үйлчилгээний хөлсний хэмжээг” тогтоосон байх бөгөөд уг тушаал нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн сангийн 3515 дугаарт бүртгэгдсэн, уг тушаалыг хэрэгжүүлэн ажилласны төлөө хариуцагчийг буруутгах боломжгүй гэж ээ.

Монгол улсын Засгийн тухай хуулийн 7.2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар нь тогтоол захирамж хэлбэрээр эрх зүйн акт гаргадаг гэтэл хуралдаанаар чиглэл өгсөн үүний дагуу сайд 15 дугаар тушаал гаргасан гэж үзэх түүнчлэн тухайн тушаалаар үнийн тариф тогтоосноос бус өргөдлийн дугаарын цахим хэлбэрээр олгох ямар ч хавсралт байхгүйг шүүх огт анхааран үзсэнгүй.

“М м ” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаан Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх дээр болж тус шүүхийн 2017 оны 8 сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0639 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх маргаан бүхий актыг хэлбэрийн төдий алдаа гарсан процесс талаас хууль зөрчөөгүй байна гэж үзээд шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй харин агуулгаар хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авах эрх ашиг хөндөгдсөн гэж гомдол гаргасныг шийдвэрлэж чадсангүй.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18, 19 дугаар зүйлд зааснаас өөр хэлбэрээр буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох нь хууль зөрчөөгүй байна гэж үзжээ. Ашигт малтмалын тухай хууль нь Ашигт малтмалын талаарх харилцааг нарийвчлан заасан зохицуулалтууд агуулдаг. Энэхүү журамласан зохицуулалтууд нь хайгуулын тусгай зөвшөөрөл авах процессыг нарийвчлан зааж өгснөөр хуулийг хэрэглэхэд Төрийн захиргаа болон харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээдүүдэд илүү хялбар болгосон.

Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг 2015 оны 12 сарын 15-ний өдрөөс хойш хүлээн аваагүй ба энэ үйлдэл нь хуулийн үйлчлэлийг зогсоосон, хуульд нийцээгүй үйлдэл юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0639 дүгээр шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

                Нэхэмжлэгч “М м ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай нь давж заалдах гомдолдоо “... шүүх нэг төрлийн харилцааг 2 тусдаа хуулиар зохицуулсан мэт үндэслэх хэсэгт тусгасан нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, хэрхэн шийдвэрлэх журмыг нарийвчлан зохицуулсан. Харин уг хуулиар төрийн захиргааны байгууллага хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгох, иргэдийн өргөдлийг түргэн, шуурхай, тэгш боломжтойгоор хүлээн авч, шийдвэрлэхийн тулд авах зохион байгуулалтын арга хэмжээ буюу өргөдөл хүлээн авах хэлбэр, газар, байр, цагийн хуваарийн талаар зохицуулаагүй тул энэ талаарх ерөнхий зохицуулалт бүхий Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд явуулсан үйл ажиллагаа гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн гомдолд “... Засгийн газар нь тогтоол захирамж хэлбэрээр эрх зүйн акт гаргадаг, гэтэл хуралдаанаар чиглэл өгсөн үүний дагуу Уул, уурхайн сайд 15 дугаар тушаал гаргасан гэж үзэх, түүнчлэн тухайн тушаалаар үнийн тариф тогтоосноос бус өргөдлийн дугаарын цахим хэлбэрээр олгох ямар ч хавсралт байхгүйг шүүх огт анхааран үзсэнгүй” гэжээ.

Уул, уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох ... үйлчилгээний хөлсийг тогтоосноос үзвэл цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох үйл ажиллагааг дэмжиж, улмаар уг үйлчилгээний хөлсийг тогтоож өгсөн байна.

Хариуцагч нь дээд шатны байгууллагын шийдвэр болох дээрх тушаалын дагуу Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэхдээ ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэн бөгөөд уг ажиллагааг сайжруулах зорилгоор тодорхой хугацаанд өргөдөл хүлээн авах ажиллагааг түр зогсоож, нийтэд мэдээлжээ.

Энэ үед нэхэмжлэгч “М м ” ХХК нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт “Цагаан толгой” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлөө 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасныг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хүлээж аваагүй байх бөгөөд үүнийг Ашигт малтмалын тухай хуульд заасан өргөдөл хүлээн авах үүргээ биелүүлээгүй буюу хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар шаардлага хангасан “түрүүлж ирүүлсэн өргөдөл”-д тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд өргөдөл хүлээн авах ажиллагааг нийтэд зарлаж түр зогсоосон хугацаанд нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авах нь тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Хариуцагчийн дээрх үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй гэсэн ойлголт биш, гагцхүү түр хугацаанд зохион байгуулалтын арга хэмжээ авсан байх бөгөөд нийтэд зарлаж өргөдлийг хүлээн авч эхлэх үед нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй тул “хуулийн үйлчлэлийг зогсоосон, хуульд нийцээгүй үйлдэл” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Энэ талаарх анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0589 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М м ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч “М м ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ