Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 384

 

                                      В.Г-ийн нэхэмжлэлтэй, захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь,                                    

Шүүгчид:                                Д.Мөнхтуяа,

                                              Х.Батсүрэн,

                                             Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “В Ф ХХК-д олгосон 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 002 тоот Түр хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээ, 2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Газар ашиглуулах гэрээ, Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 433 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 12 дахь хэсэг, “В Ф” ХХК-ийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн 153342 тоот гэрчилгээ, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/277 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, В.Г-т түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх 35 м.кв газрыг эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах”,

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0397 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, Х.О

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Г нар. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, өмгөөлөгч М.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

          1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, захиргааны акт Орхон аймгийн Засаг даргын 1998 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот шийдвэрийг үндэслэн В Ф ХХК-д олгосон 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн түр хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээ №002 тоот, 2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн газар эзэмшүүлэх тухай 433 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 12 дахь хэсэг, В Ф ХХК-ийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ №0153342 тоот, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/277 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, 35 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг В.Г-т эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан В.Г-ийн Орхон аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан Орхон аймгийн Газрын алба болон В Ф ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 131 дугаар эзэмшил газрын төлбөрийн гэрээг илт хууль болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0397 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т... гэснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т... гэж өөрчлөн, ...тогтоож, гэсний дараа үлдэх... гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, өмгөөлөгч М.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 397 дугаар магадлалтай В.Г-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцож байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 397 дугаартай магадлалыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул дараах үндэслэлээр,

5. Давж заалдах шүүх Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт хариуцагч нь маргаан бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг Сэлэнгэ рестораны урд байрлах павильоны доорх 35 мкв газрыг “В Ф” ХХК-д эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг олгохдоо Орхон аймгийн Засаг даргын 1998 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжийг үндэслэл болгосон нь илт үндэслэлгүй болжээ.

6. Учир нь Орхон аймгийн Засаг даргын 1998 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжаар “Эрдэнэт-Сэлэнгэ” компанийн өмнө талын 20 м.кв газрыг иргэн Г.Л-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захиргааны акт байх бөгөөд гуравдагч этгээд “В Ф” ХХК-д газар эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан шийдвэр биш болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Тиймээс “В Ф” ХХК-д Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг Сэлэнгэ рестораны урд байрлах павильоны доорх 35 м.кв газрыг эзэмшүүлсэн, ашиглуулсан шийдвэр гаргаагүй байхад 2004 онь 7 дугаар сарын 21-ний өдрийн “Түр хугацаагаар газар ашиглах эрхийн 002 дугаар гэрчилгээ”-ээр гуравдагч этгээд “В Ф” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь илт хууль бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ....” гэсэн нь дараах үндэслэлээр буруу байна.

8. Учир нь Орхон аймгийн Засаг даргын 1998 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжаар дан ганц иргэн аж ахуйн нэгжид газар олгох асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд захирамжийн нэгдүгээр хавсралтаар 20 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 0.1 га газрыг 7 жилийн хугацаагаар түр олгосон байдаг. Үүн дотор байршлын хувьд маргаан бүхий газар байж болзошгүй “Эрдэнэт-Сэлэнгэ” компанийн өмнө талын талбайд” хавтаст хэргийн 20 дахь талд захирамжийн нэгдүгээр хавсралтын 13 дахь хэсэгт 20 мкв газрыг иргэн О.Э, Г.Л нарт тус тус олгосон.

9. Гэтэл давж заалдах шатны шүүх иргэн Г.Л-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захиргааны акт гэж үзэж маргаан бүхий газартай хамаатуулан шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3-д тус тус заасан шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй бөгөөд шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямарч нотлох баримт байж болохгүйг анхаарч үзсэнгүй.

10. Мөн 1998 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар газар олгохдоо 7 жилийн хугацаагаар түр олгосон. Энэхүү 7 жилийн хугацаагаар олгож буй хугацаа нь 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд газар олгосон түр хугацаа дууссан гэх үндэслэлээр хүсэлт гаргасан “В Ф” ХХК-д уг захирамжийг үндэслэл болгон 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 002 дугаартай “Түр хугацаагаар газар ашиглах эрхийн” гэрчилгээ олгосон.

11. Өөрөөр хэлбэл газар олгосон хугацаа дууссан гэх үндэслэлийг “Түр хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээ”-нд үндэслэл болгож заасныг шүүх гуйвуулан тайлбарласан байна. Уг 1998 оны захирамжаар нэхэмжлэгч В.Г-т газар олгосон шийдвэр гаргаагүй байхад В.Г-т олгосон газрыг давхар “В Ф” ХХК-д олгосон мэт тайлбарлан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзсэн нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

12. Газрын тухай хуулийн тавдугаар бүлгээр газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг зохицуулсан ба 27-43 дугаар зүйл хүртэл газар эзэмшүүлэх асуудлыг, 44-49 дүгээр зүйлээр газар ашиглуулах асуудлыг тус тус зохицуулсан байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, маргааныг шийдвэрлэхдээ хэрэглээгүй.

13. Тодруулбал давж заалдах шатны шүүхийн магадлалд “Нэгэнт гуравдагч этгээд “В Ф” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан “Түр хугацаагаар газар ашиглах эрхийн 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 002 дугаар гэрчилгээ гэх анхны захиргааны акт нь илт хууль бус болох нь тогтоогдсон тул энэхүү хууль бус захиргааны актаас хойш гаргасан маргаан бүхий газартай холбоотой “В Ф” ХХК-д холбогдох бүх захиргааны акт буюу Орхон аймгийн Засаг дарга болон “В Ф” ХХК-ийн хооронд байгуулсан 2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр газар ашиглуулах гэрээ, “В Ф” ХХК-д олгосон 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн 0153342 тоот гэрчилгээ, Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 433 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 12 дахь хэсэг, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/277 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсэг мөн илт хууль бус болох нь тогтоогджээ.

14. Өөрөөр хэлбэл илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг бөгөөд хариуцагчийн зүгээс “В Ф” ХХК-д газар эзэмшүүлэхээр, ашиглуулахаар ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй гэж үзэх үндэслэлтэй” гэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

15. Тодруулбал 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Түр хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээ”-г үүнээс хойш гаргасан захиргааны актуудад үндэслэл болгоогүй /“В Ф” ХХК-иас гаргасан газар эзэмших хүсэлтийг үндэслэсэн/ төдийгүй газар эзэмших хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж газар эзэмшүүлэх шийдвэрийг холбогдох захиргааны байгууллага нь гаргаж, гэрчилгээ олгосон нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүхээс дүгнэлгүй Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

16. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: “В Ф” ХХК нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах 35 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай павильоныг улсын бүртгэлийн 2101004267 дугаарт бүртгэж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн 0052611 дугаар бүхий гэрчилгээ олгосон Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0052611 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

17. Үүнтэй холбоотойгоор “В Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл В.Г-ийн нэхэмжлэлтэй хэргийг түдгэлзүүлэх талаар хүсэлтүүдийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй нь буруу болсон.

18. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч В.Г нь “М Ф” ХХК-иас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах Сэлэнгэ рестораны урд байрлах 35 мкв талбай бүхий павильоныг 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдөр худалдан авч уг худалдах худалдан авах гэрээг үндэслэн 2002 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг дахь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн Ү-2101004267 дугаарт бүртгүүлэн 0052611” гэрчилгээ авсан байх ба түүний өмчлөх эрх баталгаажсан бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар В.Г дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна” гэж үзэж дүгнэсэн.

19. Энэ нь хэргийг түдгэлзүүлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шийдвэр гарахад нөлөөлсөн гэх үндэслэлд хамаарахаар байна. Гэтэл энэхүү үндэслэлээр давж заалдах гомдол гаргасаар байтал давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт гомдлын үндэслэлийг тусгасан атлаа уг гомдлын үндэслэлд дүгнэлт хийсэнгүй.

20. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ магадлалд заах үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүйг харуулж байна.

21. Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт В.Г нь павильоныг худалдан авсан буюу 2001 оноос хойш өдийг хүртэл 17 жилийн хугацаанд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн зааснаар маргаан бүхий газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй тул холбогдох байгууллагуудаас түүнд газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаагүй. Энэ нь В.Г-ийг газар эзэмшиж байгаа эзэмшигч, ашиглагч гэж үзэхгүйг харуулж байна.

22. Тодруулбал Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлд Газар эзэмшигч, ашиглагч гэж Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана, 27 дугаар зүйлийн 27.1 Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж тус тус заасан байна.

 23. Иймд В.Г нь газар эзэмшигч, ашиглагч биш болох нь тодорхой байтал В.Г-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж байгаа нь буруу юм. Харин В.Г нь “В Ф” ХХК-ийн эзэмшиж буй газрыг нийт 17 жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр түрээслэн, ламын ажил явуулж, орлого олж ирсэн бөгөөд газрын төлбөрийг огт төлж байгаагүй, газраа эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй зэргээс энэхүү нөхцөл байдал тодорхой харагддаг.

24. Ийнхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 397 дугаартай магадлал үндэслэл бүхий гарч чадаагүй байх тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

25. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

26. Нэхэмжлэгч В.Г нь “В Ф” ХХК-д олгосон 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 002 тоот Түр хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээ, 2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Газар ашиглуулах гэрээ, Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 433 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 12 дахь хэсэг, “В Ф” ХХК-ийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн 153342 тоот гэрчилгээ, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/277 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, В.Г-т түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх 35 м.кв газрыг эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ. 

27. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

28. Нэхэмжлэгч В.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах /Сэлэнгэ рестораны урд/ 35 м.кв талбай бүхий павильоныг 2002 онд “М ф” ХХК-иас худалдан авч өмчлөх эрхтэй болжээ. Уг павильоны өмчлөх эрх анх “Эпо” ХХК-ийн нэр дээр үүссэн, тодруулбал, Эрдэнэт хотын захирагчийн 1998 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжаар анх Г.Л-д уг павильоны доорх 20 м.кв газрыг “павильоны зориулалтаар” эзэмшүүлж, “Эпо” ХХК нь уг газар дээр 35 м.кв талбайтай худалдааны павильон бий болгож, уг эд хөрөнгөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 0011042 дугаар гэрчилгээ авсан байх бөгөөд павильоныг 2001 онд худалдах, худалдан авах гэрээгээр “М ф” ХХК-д шилжүүлж, улмаар тус компаниас нэхэмжлэгч худалдан авч /өмчлөх эрхийн 0052611 дүгээр гэрчилгээний дагуу/ өмчилжээ.  

29. Гэвч нэхэмжлэгч В.Г-ийн өмчлөлийн павильоны доорх газрыг Орхон аймгийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 002 тоот Түр хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээгээр “В Ф” ХХК-д ашиглуулсан байх ба энэхүү гэрчилгээг олгохдоо Г.Л-д анх газар олгосон, Эрдэнэт хотын захирагчийн 1998 оны 08 дугаар захирамжийг үндэслэл болгосон нь илт хууль бус, нэхэмжлэгч В.Г-ийн өмчлөлийн павильоны доорх газрыг “В Ф” ХХК-д ашиглуулахаар гэрчилгээ олгох эрх зүйн үндэслэл байгаагүй нь тогтоогдсон байна.

30. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлийг тодорхойлсон бөгөөд дээрх байдлаар бусдын өмчлөлийн павильоны доорх газрыг гуравдагч этгээдэд ашиглуулах шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байтал Орхон аймгийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 002 тоот Түр хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээгээр гуравдагч этгээд “В Ф” ХХК-д газар ашиглуулсан нь илт хууль бус бөгөөд энэ нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлд хамаарч байна. 

31. Ийнхүү гуравдагч этгээд “В Ф” ХХК-д маргаан бүхий газрыг ашиглуулахаар гаргасан, Түр хугацаагаар газар ашиглах эрхийн 002 дугаар гэрчилгээ илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдсон тул түүнээс хойш, хариуцагчаас  маргаан бүхий газартай холбогдуулж байгуулсан 2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн газар ашиглуулах гэрээ болон гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 433 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 12 дахь хэсэг, “В Ф” ХХК-ийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн 153342 тоот гэрчилгээ, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/277 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсэг зэргийг мөн илт хууль бус захиргааны акт гэж үзэх талаар шүүхүүд зөв дүгнэж, эдгээр захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн шийдэл зөв байна.

32. Харин шүүхүүд тухайн харилцааг зохицуулсан хуулийг зөв хэрэглээгүй, давж заалдах шатны шүүхээс хуулийг буцаан хэрэглэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг хэрэглэсэн нь буруу тул зөвтгөсөн өөрчлөлтийг магадлалд оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

33. Нэхэмжлэгчийн гаргасан, В.Г-т түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх 35 м.кв газрыг эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, шүүхүүд нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр маргаан бүхий газрыг эзэмших талаар хүсэлт гаргаагүй, түүнчлэн В.Г-ийн нэр дээрх, 35 м.кв талбай бүхий павильоны өмчлөлийн талаар маргаантай байгаа  гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй бөгөөд хэргийн оролцогчдоос ийнхүү шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй байна.

34. Дээрх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, түүний өмгөөлөгч М.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0397 дугаар магадлалын 1 дэх заалтын “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6,...” гэснийг “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7,...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА