Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1461

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00901 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.О-ийн хариуцагч Д.Б-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 5 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б- надад зуучилж өгсний дагуу Л.О- миний бие 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын рашаан сувилалд “Жэм констракшн” ХХК-ийн рашаан сувиллын засварын ажил хийж гүйцэтгэсэн. Бид хоорондоо рашаан сувиллын подвалын 3 000 м.кв талбайн дотоод ажлыг 6 сарын хугацаанд 18 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Д.Б- нь хувь хүнтэй гэрээ байгуулдаггүй гээд гэрээ байгуулаагүй. Тэгээд намайг манай компанийн нэр дээр гэрээ хийгээд орчих, тэгэхээр манай компани татварыг төлдөг гэхээр нь бид хоёр аман гэрээ хийсэн. 18 000 000 төгрөгөөс бага багаар нь 12 500 000 төгрөгийг өгсөн. 5 дугаар сарын 05-ны өдөр би Хужиртын ажлаа хийж дуусгаад явсан. Би хамт ажиллаж байсан хүмүүстээ өөрөөсөө ажлын хөлсийг нь өгсөн. Түүнээс хойш мөнгө ороогүй байна, үлдэгдэл мөнгийг өгнө гэсээр байгаад өдийг хүрсэн тул ажлын үлдэгдэл хөлс 5 500 000 төгрөгийг Д.Б-ас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оноос “Ж” ХХК-д би ажилд орсон. Хөдөө орон нутагт ажиллах ажилчид байхгүй байна гэхээр нь Л.О-ийг таньдаг болохоор ирээд ажиллаач гэсний дагуу Л.О-, н.Өлзийсайхан хоёр ирсэн. Компаниас гэрээ хийе гэхээр нэг хоёроороо ажиллаж байгаа хүмүүстэй гэрээ хийхгүй, хүн амын орлогын татвар төлж чадахгүй, намайг өөрөө зохицуул гэж хэлсэн. Намайг таньдаг юм чинь ажлыг хийлгэчих гэсэн. Захиалагч нь “Жем интэрнэйшил”, “Жэм констракшин” гэдэг компани Хужирт аймгийн Хан хужирт гээд рашаан сувиллын цогцолборын барилгын ажлыг хийсэн. Л.О- 18 000 000 төгрөг гэж яриад байгаа. 3 000 м.кв подвалын ажил байгаа, хийгээд дуусвал 18 000 000 төгрөг гэсэн, 100 хувь дуусгаагүй ажил дээр 18 000 000 төгрөг өгнө гэж яригдаагүй, бүх гүйцэтгэл нь м.кв-аар тооцогдож байгаа. Надаас гадна, захиалагч талын инженер, хяналтын инженер, манай талбайн даамал, захиалагчийн инженерүүд ажлыг хянаад гүйцэтгэл нь бичигдээд явдаг. Л.О- ажлаа дуусгаагүй, ажил нь хийгдэж явж байгаад 4 сарын үед Хятадаас хаалга ирээгүй гээд бүх ажил зогссоноос болоод Л.О-, н.Ө хоёр хотруу буцъя гэхээр нь хаалга ирэхээр та хоёр яах вэ гэхэд хаалга ирэхээр буцаад хүрээд ирье гээд явсан. Сар гаруйн дараа хаалга ирээд Л.О-, н.Ө хоёрыг ажлаа дуусга гээд дуудахад бид хоёр Ховдод ажил хийгээд явж байна, очих боломжгүй эсвэл бид хоёрыг хүлээж бай гэсэн. Сар орчим хүлээгээд энэ хоёрын хийж байгаад орхисон ажлыг “Ж” ХХК-ийн ажилчдаар  хийлгэсэн. Энэ талаар “Ж” ХХК-ийн гүйцэтгэлийн маягт, цалингийн тодорхойлолтод байх ёстой. Ажлыг хийж дуусгасны дараа 6 сарын үед хоёулаа ирээд ажлаа дуусгамаар байна гэхэд нь ажлыг хийж дуусгаад ашиглалтад орох гэж байна гэхэд энэ хоёр мөнгөө авмаар байна гээд хэрүүл шуугиан болсон. Тухайн үед би объект ашиглалтад орсны дараа чөлөөлөгдөнө гэсэн хэлцэлтэй байсан болохоор ажлаасаа гарсан байсан. Л.О-, н.Өлзийсайхан нь хоёр инженерээс мөнгөө авна гэхэд нь та нар ажлаа хийгээгүй тул мөнгийг нь өгөхгүй. Та нарын гүйцэтгэлийг өөр хүмүүсээр хийлгэсэн гэсэн яриа гарсан байсан. Над руу утасдаад байхаар нь та нар “Жем констракшн” ХХК-аас нэх гэсэн. “Жем” ХХК-ийн нягтлангийн миний данс руу шилжүүлж байсан мөнгөний хуулгыг аваад хэрэгт өгсөн байсан. Миний дансаар мужаан, плитаны ажилтнуудын гүйцэтгэлийн цалинг дамжуулж өгдөг байсан. Би өөрийнхөө компаниас НӨАТ бичиж Жем компанид өгдөг байсан. Их мөнгөний дүн хараад  намайг мөнгийг авсан гэж ойлгоод байгаа. Би мөнгийг нь авсан зүйл байхгүй. Сүүлд нь энэ хоёр очиж хэл ам хийж байгаад 2 800 000 төгрөг авснаа нэхэмжлэлд тусгаагүй 5 500 000 төгрөг гээд бичсэн байна. Л.О- нь огт хийгээгүй ажлыг анхны аман тооцоогоор гаргасан мөнгөөр бодож 5 500 000 төгрөг нэхэмжилсэн нь бодит бус бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.О-ийн 5 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.О- давж заалдах гомдолдоо:

... Миний бие нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар заслын ажлын нийт хөлсийг 18 000 000 төгрөгөөр ярилцаж тохирсон гэдгээ хэлсэн.

Хариуцагч Д.Б- нь энэ тухай маргаагүй ажлын нийт хөлсийг 18 000 000 төгрөгөөр хүлээн зөвшөөрсөн атал баримтаар нотлоогүй гэж нэхэмжлэгч талын шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрснийг амаар тохирч байгуулсан аман тохироогоор хэлцлийн гол нөхцлөө тохирсон байгааг авч үзээгүй шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Мөн хариуцагчийн “подвалын хаалга хятадаас ирээгүйн улмаас ажил зогссон, ажлаа дуусгаагүй" гэсэн тайлбар нь миний данс руу “Жем констракшн” ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2 816 190 төгрөг шилжүүлсэн хуулгаар үгүйсгэгдэж байхад уг байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй шийдвэр гаргасан. Хариуцагч нь намайг ажлаа дутуу хаяж явсан тул “Жем констракшн” ХХК-аас ажлыг дуусгасан гэж тайлбарласан, хэрвээ би ажлаа дутуу хаяж явсан бол надад мөнгө шилжүүлэхгүй байсан. Мөн хариуцагч нь энэ 2 816 190 төгрөгийг миний ажлын үлдэгдэл хөлс болох 5 500 000 төгрөгөөс шилжүүлсэн гэж байгаа боловч энэ бол миний “Жем констракшн” ХХК-тай тусдаа хийсэн ажлын хөлс юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.О- нь хариуцагч Д.Б-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 5 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй, хийсэн ажлын хөлсийг бүрэн төлсөн. Би нэхэмжлэгчтэй “Жем констракшн” ХХК-ийн заслын инженерийн хувьд гэрээ байгуулснаас иргэнийхээ хувьд гэрээ байгуулаагүй” гэж маргажээ.

 

Хариуцагч Д.Баттулгын “Компани нэг хоёроороо ажиллаж байгаа хувь хүмүүстэй гэрээ хийхгүй, хүн амын орлогын татвар төлж чадахгүй, намайг өөрөө зохицуул гэсэн болон подвалын заслын ажлыг Л.О-ээр хийлгэхээр захиалж, хөлсийг 18 000 000 төгрөгөөр тохирсон” гэх тайлбар, ажлын хөлсийг Д.Баттулгын дансаар дамжуулж төлсөн байдлаас үзвэл түүнийг компанийг төлөөлж нэхэмжлэгчтэй гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Л.О- нь “Жем констракшн” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Хужирт суман дахь рашаан сувиллын подвалын заслыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн, захиалагч хийсэн ажлынх нь хөлсөнд 12 500 000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, түүний эзэмшлийн Хаан банк дахь 5076080903 тоот дансанд “хужирт подвал заслын цалин” гэх утгаар 5 удаагийн төлбөр шилжсэн баримтаар тогтоогдсон, /хх6-8/ талуудад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүсчээ.

 

Харин нэхэмжлэгч нь ажлын нийт хөлсийг 18 000 000 төгрөгөөр тохирсон, ажлаа бүрэн гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ хүлээлгэн өгсөн байхад хөлсийг бүрэн төлөөгүй гэж 5 500 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр шаардсан боловч гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийж дуусган хүлээлгэж өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Хариуцагч Д.Баттулгын “...Подвалын хаалга хятадаас ирээгүй байсны улмаас ажил түр зогссон тул нэхэмжлэгч дуудсан үед буцаж ирж ажлаа дуусгахаар ярилцаж явсан боловч хаалга ирж, түүнийг дуудахад ирж ажлаа дуусгаагүй...” гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй.

 

Иймд хариуцагч төлбөрөө бүрэн төлөөгүй гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж шүүх зөв дүгнэсэн бөгөөд 18 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэж, үр дүнг захиалагчид хүлээлгэн өгснөө нотлоогүй байхад 5 500 000 төгрөгийн үлдэгдэл хөлсийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй болно.

 

Шүүх хэргийн дээрх нөхцөл байдал, зохигчдын маргаанд хамааралтай нотлох баримтыг зөв үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй байгаа  талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

            Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг гэхийг 3434.1 гэж техникийн алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00901 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 3434.1...” гэснийг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2020/07468 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ