Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00901

 

 

 

2020 оны 4 сарын 10 өдөр                               Дугаар 183/ШШ2020/00901                                     Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн тоот хаягт оршин суух, А /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, тоот хаягт оршин суух, Б  /РД:/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 5 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.А, хариуцагч Д.Б, нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б надад жуучилж өгсөний дагуу Л.А миний бие 2018 оны 01 сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын рашаан сувилалд Жэм констракшн ХХК-ны рашаан сувиллын засварын ажил хийж гүйцэтгэсэн. Бид хоорондоо рашаан сувиллын подвалийн 3000м.кв талбайн дотоод ажлыг 6 сарын хугацаанд 18 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Д.Б нь хувь хүнтэй гэрээ байгуулдаггүй гээд гэрээ байгуулаагүй. Тэгээд намайг манай компаний нэр дээр гэрээ хийгээд орчих, тэгэхээр манай компани татварыг төлдөг гэхээр нь бид хоёр аман гэрээ хийсэн. 18 000 000 төгрөгөөс бага багаар нь 12 500 000 төгрөгийг өгсөн. 5 дугаар сарын 05-ны өдөр би Хужиртын ажлаа хийж дуусгаад явсан. Би хамт ажиллаж байсан хүмүүстээ өөрөөсөө ажлын хөлсийн өгсөн. Түүнээс хойш мөнгөө ороогүй байна, үлдэгдэл мөнгийг өгнө гэсээр байгаад өдийг хүрсэн тул ажлын үлдэгдэл хөлс 5 500 000 төгрөгийг Д.Бас гаргуулах хүсэлттэй байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оноос ......... констракшин ХХК-д би ажилд орсон. Хөдөө орон нутагт ажиллах ажилчид байхгүй байна гэхээр нь Л.Аийг таньдаг болохоор ирээд ажиллаач гэсний дагуу Л.А, н.......... хоёр ирсэн. Компаниас гэрээ хийе гэхээр нэг хоёроороо ажиллаж байгаа хүмүүстэй гэрээ хийхгүй, хүн амын орлогийн татвар төлж чадахгүй, намайг өөрөө зохицуул гэж хэлсэн. Намайг таньдаг юм чинь ажлыг хийлгэчих гэсэн. Захиалагч нь ......... интэрнэйшил, Жэм контракшин гэдэг компани Хужирт аймгийн Хан хужирт гээд рашаан сувилалын цогцолборын барилгын ажлыг хийсэн. Л.А 18 000 000 төгрөг гэж яриад байгаа. 3 000 мкв подволын ажил байгаа, хийгээд дуусвал 18 000 000 төгрөг гэсэн, 100 хувь дуусгаагүй ажил дээр 18 000 000 төгрөг өгнө гэж яригдаагүй, бүх гүйцэтгэл нь м.кв-аар тооцогдож байгаа. Надаас гадна, захиалагч талын инженер, хяналтын инженер, манай талбайн даамал, захиалагчийн инженерүүд ажлыг хянаад гүйцэтгэл нь бичигдээд явдаг. Л.А ажлаа дуусгаагүй, ажил нь хийгдэж явж байгаад 4 сарын үед Хятадаас хаалга ирээгүй гээд бүх ажил зогссоноос болоод Л.А, н.......... хоёр хотруу буцъя гэхээр нь хаалга ирэхээр та хоёр яах вэ гэхэд хаалга ирэхээр буцаад хүрээд ирье гээд явсан. Сар гаруйн дараа хаалга ирээд Л.А, н.......... хоёрыг ажлаа дуусга гээд дуудахад бид хоёр Ховдод ажил хийгээд явж байна, очих боломжгүй эсвэл бид хоёрыг хүлээж бай гэсэн. Сар орчим хүлээгээд энэ хоёрын хийж байгаад орхисон ажлыг ......... констракшин ХХК-ийн ажилчдаар  хийлгэсэн. Энэ талаар ......... констракшин ХХК-ийн гүйцэтгэлийн маягт, цалингийн тодорхойлолтонд байх ёстой. Ажлыг хийж дуусгасны дараа 6 сарын үед хоёулаа ирээд ажлаа дуусгамаар байна гэхэд нь ажлыг хийж дуусгаад ашиглалтанд орох гэж байна гэхэд энэ хоёр мөнгөө авмаар байна гээд хэрүүл шуугиан болсон. Тухайн үед би объект ашиглалтанд орсны дараа чөлөөлөгдөнө гэсэн хэлцэлтэй байсан болохоор ажлаасаа гарсан байсан. Л.А, н.......... нь хоёр инженерээс мөнгөө авна гэхэд нь та нар ажлаа хийгээгүй тул мөнгийг нь өгөхгүй. Та нарын гүйцэтгэлийг өөр хүмүүсээр хийлгэсэн гэсэн яриа гарсан байсан. Над руу утасдаад байхаар нь та нар ......... констракшн ХХК-иас нэх гэсэн. ......... ХХК-ийн нягтлангийн миний дасруу шилжүүлж байсан мөнгөний хуулгыг аваад хэрэгт өгсөн байсан. Миний дансаар мужаан, плитаны ажилтнуудын гүйцэтгэлийн цалинг дамжуулж өгдөг байсан. Би өөрийнхөө компаниас НӨАТ бичиж ......... компанид өгдөг байсан. Их мөнгөний дүн хараад  намайг мөнгийг авсан гэж ойлгоод байгаа. Би мөнгийг нь авсан зүйл байхгүй. Сүүлд нь энэ хоёр очиж хэл ам хийж байгаад 2 800 000 төгрөг авсанаа нэхэмжлэлд тусгаагүй 5 500 000 төгрөг гээд бичсэн байна. Л.А нь огт хийгээгүй ажлыг анхны аман тооцоогоор гаргасан мөнгөөр бодож 5 500 000 төгрөг нэхэмжилсэн нь бодит бус бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Д.Бд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 5 500 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

            Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Нуган ......... констаркшн ХХК-ийн захирал Бтай тохиролцож, ......... констракшн ХХК-ийн Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлах рашаан сувлалын подвалын 3000 м.кв талбайн дотоод заслын ажлыг 6 сарын хугацаанд 18 000 000 төгрөгийн хөлсөөр хийж гүйцэтгэхээр тохирсон, ажлаа бүрэн хийсэн. Ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 5 500 000 гаргуулна.” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “...ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй, хийсэн ажлын хөлсийг бүрэн төлсөн. Миний бие ......... констракшн ХХК-ийн засалын инженерийн хувьд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулснаас иргэнийхаа хувьд гэрээ байгуулаагүй.” гэж тус тус тайлбарлаж байна.

 

            Нэхэмжлэгч Л.А нь ......... констракшн ХХК-ийн Өвөрхангай аймгийн Хужирт суман дахь рашаан сувлалын подвалын заслын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбар болоод хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банк дахь 5076080903 тоот дансанд “хужирт подвал заслын цалин” гэх утгаар 5 удаагийн шилжүүлгээр нийт 12 500 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтаар тогтоогдож байна.

 

            Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь шаардах эрхтэй юм.

 

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг ба тухайн үр дүн нь ямар шинж чанар, хэмжээтэй байх талаар болон гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга журам, хугацааг талууд хэрхэн тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажлын хөлсийг 18 000 000 төгрөгөөр тохирсон, ажлаа бүрэн гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ хүлээлгэн өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. 

           

Түүнчлэн хариуцагчийн “...Подволын хаалга хятадаас ирээгүй улмаас ажил түр зогссон тул нэхэмжлэгч дуудсан үед буцаж ирж ажлаа дуусгахаар ярилцаж явсан боловч хаалга ирж, түүнийг дуудхад ирж ажлаа дуусгаагүй...” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд шүүх хариуцагчийн гүйцэтгэлээр нь ажлын хөлсийг бүрэн олгосон гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эдгээрээс дүгнэхэд Л.А нь хариуцагч Д.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Аээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 3434.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Аийн 5 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ