Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 361

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч Н.Пүрэвтогтох,

Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Я овогт Г-ын Т-д холбогдох эрүүгийн 1710005740175 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Мега тенки” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,  Я овогт Г-ын Т,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Г.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр ******* хотхон руу өөрийн **-** УБЧ улсын дугаартай “Хонда ист” маркийн автомашинаар очиж 16 дугаар байрны граж буюу тусгайлсан хамгаалсан байранд нэвтэрч үйлчлэгч Х.Н-гийн хувцас солих өрөөнийхөө сейфенд байсан иргэн А.А-ын гээгдүүлсэн байсан 101 ширхэг Япон улсын 10.000-тын мөнгөн дэвсгэрт /иен/ буюу 22.230.100 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэргийн талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Наран дэлгүүрээр дамжиж гараад автомашины зогсоол дундуур алхаж яваад өөрийн машины хаалгыг онгойлгоод барьж явсан цүнхтэй эд зүйлсээ тавиад энгэртээ байсан ууттай Япон улсын иен мөнгөө байхгүй байгааг мэдээд ирсэн замаараа буцаад мөнгөө хайсан боловч олдоогүй. ...Японы улсын иен 10.000-тын дэвсгэртээр 101 ширхэг байсан ба Монгол мөнгөөр 22.230.100 төгрөг болж байсан. ...Сураг сонссон нэг үйлчлэгч эмэгтэй олоод шүүгээндээ хадгалчихсан байхад нь шүүгээний хаалгыг нь хүн эвдээд миний гээгдүүлсэн мөнгийг олсон эмэгтэйн шүүгээнээс хүн хулгайлсан байна гэж сонсогдсон. Тэгээд хулгай хийсэн хүн нь баригдаад миний бүх хохирол бүрэн барагдсан...” гэжээ. / хх-ийн 24 дугаар хуудас/

 

Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Өрөө рүү ортол үйлчлэгч нар Х.Н бөөн мөнгө олсон гэж яригдаж байсан. Сүүлд нь би Х.Н-гээс болсон асуудлын талаар асуухад сейфендээ хийсэн гэсэн. ...Таксинд явж байхад Б.Ц утсаар залгаж Норовоо эгчийн олсон мөнгөний эзэн нь сураад явж байна гэнэ. Урд СӨХийнхөн сураад сураглаад байна гэнэ. Цүнхтэй доллар байсан гэж байна гэсэн. ...Ингээд би охиндоо “Манай үйлчлэгч Норовоо машины зогсоол дээрээс мөнгө олсон гэсэн...” гэжээ./ хх-ийн 29 дүгээр хуудас/

 

 Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Х.Н эгч “Энэ мөнгийг би гэр рүүгээ аваад явбал хардагдана. Би шкафандаа хийгээд үлдээе” гээд сейфендээ хийгээд цоожилсон. ...Манай үйлчлэгч нар Норовоо эгчийн сейфийг ухаад олсон мөнгийг нь аваад явсан байна гэсэн. Өрөөний хаалгыг эвдээд сейфийг хөшиж онгойлгоод мөнгийг нь авсан байсан...” гэжээ. / хх-ийн 30 дугаар хуудас/

 

Гэрч Х.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би гадаа машины зогсоол дээрээс цагаан гялгар ууттай зүйл олсон. Аваад нохойн хоол хийх гэтэл дотор нь бор цаастай зүйл байсан. Бор цаастай зүйлийн гадна талаар 1 ширхэг бор өнгийн мөнгөн дэвсгэрт харагдсан. ...Би тэр эд зүйлийг цагаан өнгийн даавуунд боогоод гялгар цэнхэр уутанд хийгээд хувцасны сейфендээ хийгээд дээрээс нь ажлын хувцаснуудыг тавьсан. Сейфээ цоожлоод бүх үйлчлэгч нар гарсан. Түмэндэмбэрэл намайг ажил руу явж байхад утсаар “өрөөний хаалга эвдлээд хаясан байна” гэсэн. Би ирээд үзэхэд миний хувцасны сейфийг эвдээд давуунд боосон байсан гаднаас олсон ууттай мөнгө алга болсон байсан...” гэжээ. /хх-ийн 31 дүгээр дугаар хуудас/

 

Гэрч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Маргааш өглөө нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 09 цаг 30 минутад ажил дээрээ ирэхэд манай өрөөний хаалгыг эвдээд хулгай орчихсон байсан гэсэн. Тухайн үед би тоглож байна гэж бодсон. Тэгсэн Х.Н эгчийн сейфенд байсан мөнгө алга болсон байсан...” гэжээ. /хх- ийн 33 дугаар хуудас/

 

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэн А.А-ын гаргасан өргөдөл / хх 6 /, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 7-10 /, Сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх12 /, Хохирлын  мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 15-17/, Иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-45/, Ял шийтгэлийн хуудас /хх-56/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 44-49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр ******* хотхон руу өөрийн **-** УБЧ улсын дугаартай “Хонда ист” маркийн автомашинаар очиж, 16 дугаар байрны граж буюу тусгайлсан хамгаалсан байранд нэвтэрч үйлчлэгч Х.Н-гийн хувцас солих өрөөнийхөө сейфенд байсан иргэн А.А-ын гээгдүүлсэн байсан 101 ширхэг Япон улсын 10.000-тын мөнгөн дэвсгэрт /иен/ буюу 22.230.100 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хянан хэлэлцсэн  нотлох баримтуудыг шинжлэн судлаж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв. Учир нь:

 

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон гэх А.А нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 хороо, ******* хотхоны 116 дугаар байрны зоорийн давхар буюу автомашины гражид ууттай мөнгөө гээгдүүлсэн талаар гомдол гаргаж, улмаар 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор өгсөн тэмдэглэлд "...энгэртээ байсан ууттай Япон улсын иен мөнгө байхгүй байгааг мэдээд буцаад мөнгөө хайсан боловч олоогүй. Би мөнгөө гээгдүүлсэн, хулгайд алдаагүй юм..." гэсэн мэдүүлгийг, /хх-23 тал/,

 

мөн хэрэгт гэрчээр /******* хотхоны үйлчлэгч/ Х.Н-гийн "... Би гадаа зогсоол дээрээс цагаан гялгар ууттай зүйл олсон. Аваад нохойн хоол хийх гэтэл дотор нь бор өнгийн цаастай зүйл байсан. Бор цаастай зүйлийн гадна талаар 1 ширхэг бор өнгийн мөнгөн дэвсгэрт харагдсан. Ингээд ууттай зүйлийг аваад өрөө рүүгээ орсон. Тэр үед үйлчлэгч нар бүгдээрээ байсан болохоор бүгдээрээ харсан. Би тэр эд зүйлийг цагаан өнгийн даавуунд боогоод гялгар цэнхэр уутанд хийгээд эвхэж тавиад хувцасны сейфэндээ хийгээд ажлынхаа хувцаснуудыг тавьсан..." гэх мэдүүлгийг /хх-31 тал/ тус тус өгчээ. Дээрх үйл явдлыг ******* хотхоны үйлчлэгч нар нь гэрчээр мэдүүлгүүд өгчээ.

 

Хулгайн гэмт хэрэг нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшигч, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгодогоор тайлбарлагдана.

 

 Энэ хэргийн хувьд хохирогч А.А нь өөрийн эд хөрөнгө болох мөнгөө хулгайд алдаагүй, гээгдүүлсэн талаар мэдүүлсэн бөгөөд ******* хотхоны үйлчлэгч Х.Н нь гээгдүүлсэн мөнгийг олж, өөрийн хувцасны шүүгээнд хадгалсан талаарх мэдээллийг шүүгдэгч Г.Т нь Д.Д гэгчээс дээрх үйл явдлыг такси үйлчилгээ үзүүлж байх явцдаа мэдсэн үйл баримт тогтоогдож байна.

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Т-ын үйлдэл нь гээгдэл эд хөрөнгийг хаана, хэрхэн байгаа талаар мэдээллийг авсан даруйдаа ******* хотхоны үйлчлэгч нарын хувцас солих шүүгээнээс авсан үйлдлийг шүүх хулгайн гэмт хэрэг бус харин гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Г.Т-ыг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/, хохирогч А.А-ын /хх-22 /, гэрч А.Адилцэцэг /хх-27/, Д.Д /хх-29/, Б.Ц /хх-30/, Ц.Г /хх-32/ нарын мэдүүлгүүд, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Т-д Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч  Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Я овогт Г-ын Т-ыг гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Гэндэнжамцын Г.Т-ыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ