Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 131

 

    Г.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Пүрэвтогтох,

            шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Т-д холбогдох 1710005740175 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Я овгийн Г-н Т, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “М.. т..” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... дүүргийн ..  дугаар хороо, ... .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..../;

Г.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Кинг тауэр” хотхон руу өөрийн 69-37 УБЧ улсын дугаартай, “Хонда ист” загварын тээврийн хэрэгслээр очиж, 16 дугаар байрны гараж буюу тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, үйлчлэгч Х.Н-н хувцас солих өрөөний сейфэнд байсан А.А-н гээгдүүлсэн байсан 101 ширхэг Япон улсын 10.000-тын мөнгөн дэвсгэрт болох иен буюу 22.230.100 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Т-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Я овогт Г-н Т-г гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Пүрэвтогтох бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, Г.Т-д сонсгосон ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хулгайн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг идэвхтэй үйлдлээр, хэнд ч мэдэгдэхгүйгээр, нууцаар, сэм авч хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авсан шинжтэй байдаг. Харин гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд уг эд хөрөнгө нь өмчлөгч, эзэмшигчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэм буруутай этгээдийн мэдэлд гэнэт орж ирсэн санамсаргүй олдсон эд хөрөнгө байх бөгөөд түүнийг завших гэсэн сэдэлттэй байдаг. Мөн энэ гэмт хэргийн хувьд гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг урьдаас төлөвлөж тооцоолсон идэвхтэй үйлдлээр олж аваагүй, эд хөрөнгө завших санаа сэдэлт нь гээгдэл эд хөрөнгийг олж авсны дараа үүсдэг онцлогтой. Гэтэл яллагдагч Г.Т нь урдаас төлөвлөн, идэвхтэй үйлдлээр машин механизм ашиглан, тусгайлсан хамгаалсан байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн 1710005740175 дугаартай хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл болон хохирогч А.А-н "...нэг үйлчлэгч эмэгтэй олоод шүүгээндээ хадгалчихсан байхад нь шүүгээний хаалгыг нь хүн эвдээд миний гээгдүүлсэн мөнгийг олсон эмэгтэйн шүүгээнээс хүн хулгайлсан байна гэж сонсогдсон. Тэгээд хулгай хийсэн хүн нь баригдаад миний бүх хохирол бүрэн барагдсан..." гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ц-н "...Манай үйлчлэгч нар Н эгчийн сейфийг ухаад олсон мөнгийг нь аваад явсан байна гэсэн. Өрөөний хаалгыг эвдээд сейфийг хөшиж онгойлгоод мөнгийг нь авсан байсан..." гэсэн мэдүүлэг, гэрч Х.Н-н "...Би тэр эд зүйлийг цагаан өнгийн даавуунд боогоод гялгар цэнхэр уутанд хийгээд хувцасны сейфэндээ хийгээд дээрээс нь ажлын хувцаснуудыг тавьсан. Сейфээ цоожлоод бүх үйлчлэгч нар гарсан...Би ирээд үзэхэд миний хувцасны сейфийг эвдээд даавуунд боосон байсан гаднаас олсон ууттай мөнгө алга болсон байсан..." гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Г-н "...Маргааш өглөө нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 09 цаг 30 минутад ажил дээрээ ирэхэд манай өрөөний хаалгыг эвдээд хулгай орчихсон байсан гэсэн тухайн үед би тоглож байна гэж бодсон. Тэгсэн Н-н эгчийн сейфэнд байсан мөнгө алга болсон байсан..." гэсэн мэдүүлэг, яллагдагч Г.Т-н "...Би Даариймаа гэх эмэгтэйг охинынх нь хамт буулгачихаад орой 20 цаг өнгөрч байх үед "Кинг тауэр" хотхон руу буцаж очиж гаражаар нь дотогш нэвтрэн орж, үйлчлэгч нарын өрөөний хаалгыг харчихаад лифтны хаалганы хэсэг зогсож байгаад эргэж буцаж үйлчлэгч нарын өрөөний хаалгыг татаж үзэхэд сул онгойчихсон юм. Тэгээд өрөөн дотор ороод жижиг төмөр хувцасны шүүгээнүүд байхаар нь дээд талын шүүгээ онгорхой байхаар нь доторх зүйлийг нь үзэхэд мөнгө байхгүй байсан, тэгэнгүүт 2 дах төмөр шүүгээг нь татаж онгойлгоод доторх эд зүйлсийг нь үзэхэд Япон улсын иен 10.000-тын дэвсгэртээр 101 ширхэг байсан юм. Ингээд уг мөнгийг аваад буцаад лифт байсан хаалгаар гараад машиндаа суугаад гараад явчихсан..." гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн 361 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1 дэх заалтыг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний буруутай үйлдэл байгаа гэдгийг маш сайн ойлгож, гэмшиж байна...” гэв.

Шүүгдэгч Г.Т-н өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Т-г орон байранд нэвтэрсэн, тээврийн хэрэгсэл ашигласан гэсэн зүйлчлэлд урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан. Тухайн үед миний үйлчлүүлэгч өөрийн эзэмшлийн таксинд явдаг автомашинтайгаа явж байсан. Тийм учраас үүнд тодорхой тайлбар хийх шаардлагагүй байх. Сейф, хаалга нь хоёулаа онгорхой байсан гэж шүүгдэгч мэдүүлдэг. Хаалга өмнө нь хөшигдсөн мөртэй байсныг гэрч нартай уулзсанаар мэдэж авсан. Анхан шатны шүүх хуралдаанд “энэ талаар тодруулж өгнө үү” хүсэлт гаргасан. Үнэхээр учрах саадыг арилгаад хаалгыг эвдэж орсон бол өөр асуудал яригдах байсан. Үйлчлэгч нарт байнга юмыг нь зөөж өгдөг, уг гаражаар орж гардаг хүний хувьд хүний мөнгө орхигдсон байгаа гэдгийг мэдээд авсан боловч маргааш өдөр нь цагдаагийн байгууллагад шүүгдэгч сайн дураараа гэм буруугаа хүлээж очсон. Орон байр, тусгайлан хамгаалсан объектод нэвтрээгүй, гэмт хэрэг үйлдэхээр тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Г.Т нь ам бүл 5 гэдэг боловч эхнэрээсээ салаад 3 жил болсон, сургуулийн насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Түүний хэргээ илчилж ирсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, ар гэрийн болон эрхэлсэн тодорхой ажилтай, ял шийтгэлгүй, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Учир нь,

Прокуророос Г.Т-г хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4  дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх Г.Т-н үйлдсэн гэх хэргийн үйл баримтыг буруу тогтоож, гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.  

Хэргийн хохирогч А.А-н гээгдүүлсэн гэх 10,000 иенийг анх олсон гэрч Х.Н-н хувьд бусдын гээгдэл хөрөнгийг олж буй явдал юм.

Иймд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Г.Т-д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.