Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 508

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ү” ХХК

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга буюу сонгон шалгаруулах комиссын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Сайр уулын планшейтийн код, СШ 6-7 талбайн кодтой хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтанд оролцон шалгарсан  “Д” ХХК-д Ашигт малтмалын газраас 2 дахь удаагаа хүргүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, дээрхи талбайн сонгон шалгаруулалтанд манай компанийг шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож “Ү” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Б.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ү” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Ашигт малтмалын газраас 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын нутаг дах Сайр уулын планшейтын код, СШ 6-7 талбайн кодтой хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцон техникийн болон үнийн саналын нийт оноогоор 1-т орсон "Д" ХХК нь Ашигт малтмалын газрын шийдвэрийн дагуу хүргүүлсэн эхний мэдэгдлийн хуульд заасан хугацаанд өөрсдийн санал болгосон үнийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд Ашигт малтмалын газраас дахин мэдэгдэл гаргуулан төлбөрөө төлсөн байгаа тул Ашигт малтмалын газраас 2 дах удаа гарган "Д" ХХК -д хүргүүлсэн 2 дах мэдэгдэлийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Ашигт малтмалын газрын сонгон шалгаруулалт явуулах комиссоос 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын нутаг дах Сайр уулын планшейтын код, СШ 6-7 талбайн кодтой хаигуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад манай компани оролцон техникийн болон үнийн саналын нийт оноогоор 2-оор шалгарсан.

Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/05 тоот албан тоотоор уг сонгон шалгаруулалтаар шалгарсан компани уг талбайд үнийн санал болгосон төлбөрийг төлж барагдуулах хуулийн хугацаа дууссан байгаа тул Ашигт малтмалын газрын мэдэгдлийг биелүүлсэн эсэх, хэрэв биелүүлээгүй тохиолдолд манай компанид уг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох эрх үүсгэж өгөх талаар хүсэлт гаргасан билээ. Гэтэл Ашигт малтмалын газраас манайд ямар нэгэн хариу өгөөгүй.

Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1/07 тоот албан тоотоор "Д" ХХК-д хүргүүлсэн 2 дах мэдэгдэл нь хууль бус бөгөөд сонгон шалгаруулалтын журамд нийцэхгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Сайр уулын планшейтийн код, СШ 6-7 талбайн кодтой хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтанд оролцон шалгарсан  “Д” ХХК-д Ашигт малтмалын газраас 2 дахь удаагаа хүргүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, дээрхи талбайн сонгон шалгаруулалтанд манай компанийг шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож “Ү” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“...Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9, 49.7, 60.9 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын нутаг С нэртэй газар /талбай/-т 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарласан.

Сонгон шалгаруулалтыг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 4 сарын 16-ны өдрийн а/29 дүгээр тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам болон сонгон шалгаруулалт зарласан талбайн талаарх товч мэдээллийг комиссын нарийн бичгийн дарга 2016 оны 3 дугаар сарын 04-ний  өдрөөс сонгон шалгаруулалтыг нээх хүртэлх хугацаа /2016.04.04/-нд өгч ажилласан.

Уг сонгон шалгаруулалтын зар /урилга/-ын дагуу 9 аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтад оролцох саналаа ирүүлсэн бөгөөд саналыг 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 09.00 цагт санал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан нээсэн болно.

Сонгон шалгаруулалтын комисс Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын нутаг С нэртэй 3575.84 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд ирүүлсэн 9 аж ахуйн нэгжийн саналыг үнэлэн дүгнэлтээ гаргаж Ашигт малтмалын газрын даргад танилцуулсан.

Ашигт малтмалын газрын дарга 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн а/18 тоот тушаалаар Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулсан.

Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын нутагт байрлах С нэртэй 3575.84 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд шалгарсан "Д" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/2457 тоот мэдэгдлийг "Д" ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 19, 05 дугаар сарын 12-ны өдөр тус тус гардуулан өгсөн байна.

Иймд "Ү" ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 16, 25-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Д” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“...Манай компани нь Ашигт малтмалын газраас 2016 оны 03 сарын 04-ний өдөр зарлагдсан Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумын нутаг дахь Сайр уулын СШ 6-7 талбайн кодтой хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад 1.119.000.000 / нэг тэрбум нэг зуун арван есөн сая/ төгрөгний үнийн саналаар оролцон шалгарсан ба "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-д заасанчлан тушаал бүхий мэдэгдэлийг 2016 оны 04 сарын 27-ны өдөр албан ёсоор авахаар очиход ...танай компаниас холбогдох хүн ирж авсан... гэх хариуг өгсөн.

Манай компанийн үйл ажиллагааны онцлогтой холбогдуулан төрийн болоод хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудтай харилцах шаардлага бий болсон тохиолдолд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох захирал төлөөлж оролцдог ба мэдэгдэл авах гэж очиход 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр менежер ажилтай н.О******* гэгч үл таних этгээд гардаж авсан байсан.

Тэр даруйд нь Ашигт малтмалын газарт гомдол гаргасан ба 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр дүгнэлт гаргуулсан болно. Тус дүгнэлтэнд ...тус компанийн менежер н.О******* нь /РД:*******/ 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдлийг авсан гэж бичиж үлдээсэн боловч сонгон шалгаруулалтанд ирүүлсэн "Демси Трейд" ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалын 10 дугаар хуудсанд 2016 оны нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын /ажил олгогчийн нийгмийн даатгалын бүртгэлийн дугаар *******/ бүртгэлд менежерээр н.О******* гэх / ЦЖ81112076/ хүн байхгүй байна... цаашлаад ...Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс авсан 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн нийгмийн даатгалын сүлжээний лавлагаанд 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/2457 дугаартай мэдэгдлийг авсан гэх н.О******* /ЦЖ81112076/ нь 1995 оны 01 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарыг дуустал "Демси Трейд" ХХК-д ажиллаж байгаагүй, тус компанийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй байна... гэж дүгнэсэн болно. 

Тус дүгнэлтээр 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрийн дагуу хүргүүлсэн мэдэгдлийг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж өгөөгүй, сонгон шалгаруулалтанд шалгарсан тухай мэдэгдлийг сонгон шалгаруулалтын журмын дагуу хүргүүлэн, хайгуулын тусгай зөвшөөрлииг олгохоор санал, дүгнэлтииг гаргасан байдаг.

Дүгнэлтийн биелэлтийг баталгаажуулах үүднээс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ашигт малтмалын газрын даргын 1/16 тоот дугаартай албан даалгавар гарсны дагуу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдлийг хүлээн авсан болно. Тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний хөлс, сонгон шалгаруулалтын үнийн саналд тусгасан мөнгөн дүнг 2016 оны 05 дугаар сарын 13-ний өдөр холбогдох дансанд тушаасан болно.

Ашигт малтмалын газрын хариуцлагагүй байдлаас үүдэн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэлийг үл таних этгээдэд өгсөн нь хүргүүлсэн гэж үзэхгүй болох нь 2016 оны дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Ашигт малтмалын газрын даргын албан даалгаваруудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл мэдэгдлийг хүргүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч, дахин мэдэгдэл хүргүүлсэн болно.

Ашигт малтмалын газрын даргын шийдвэр гарч түүний дагуу мэдэгдэл хүргүүлэх гэж байгаа тохиодолд албан шийдвэр тушаал гарсныг хэрхэн мэдэгдэх, хүргүүлэх тохиолдолд хэн, ямар этгээдээр хүргүүлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгч гардаж авч буй тохиодолд төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх, эрх бүхий этгээдээс итгэмжлэл олгогдсон эсэхийг огт нягтлаж шалгаагүйгээс үүдэн гарсан төрийн захиргааны байгууллагын алдаатай үйл ажиллагаа болох нь харагдаж байна. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журамд ... Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалыг үндэслэн шалгарсан оролцогчид сонгон шалгаруулалтад шалгарсан тухай.. .үндэслэлийг дурдсан мэдэгдлийг хүргүүлнэ... гэж заасан нь эрх бүхий холбогдох этгээдэд мэдэгдэн хүргүүлсэнийг тооцох бөгөөд хүргүүлсэн үйл ажиллагааны үр дагавар нь шалгарсан этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхолд харшилж, хор, хохирол учруулахуйц байсныг харгалзан үзэж дүгнэлт болон албан даалгаварын дагуу дахин мэдэгдэл хүргүүлсэн нь журмын зорилго, үндэслэлтэй зөрчилдөхгүй байна.

Манай компани нь сонгон шалгаруулалтын үнийн саналдаа тусгасан 1.119.000.000 /нэг тэрбум нэг зуун арван есөн сая/ төгрөг болон тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох, үйлчилгээний хөлс зэрэг холбогдох хураамжуудыг төлөн тусгай зөвшөөрөл авах нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн атал өнөөдрийг хүртэл авч чадаагүй нь манай компанийн үйл ажиллагаанд саад учруулж санхүүгийн хувьд эрсдэлтэй байдалд оруулж байгаа болно.

Иймд нэхэмжлэгч "Үнэн Анд" ХХК-ийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “Ү” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ү” ХХКомпанийн захирал Т.Төмөрсоль тус шүүхэд хандаж “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Сайр уулын планшейтийн код, СШ 6-7 талбайн кодтой хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтанд оролцон шалгарсан  “Д” ХХК-д Ашигт малтмалын газраас 2 дахь удаагаа хүргүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, дээрхи талбайн сонгон шалгаруулалтанд манай компанийг шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож “Ү” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүрүүлэх тухай” албан бичгийн хууль зүйн үндэслэлийн талаар маргахгүй, харин уг албан бичгийг Д ХХК-д 2 дахь удаагаа хүргүүлсэн хариуцагчийн үйлдлийг илт хууль бус захиргааны акт гэж маргаж байна.  

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Сайр уулын планшейтийн код, СШ 6-7 талбайн кодтой хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтанд 9 аж ахуйн нэгж оролцон үнийн саналаа ирүүлсэн байх ба Д ХХК нь 1 119 000 000 /нэг тэрбум нэг зуун арван есөн сая/ төгрөгийн үнийн саналаар шалгарч 1 дүгээрт, Ү ХХК 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгийн үнийн саналаар 2 дугаарт тус тус шалгарчээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар  бүхий “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрийн 1 дэх заалтаар Д ХХК-д Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын Сайр уул нэртэй 3575,84 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, энэ шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулах, зохих байгууллагад мэдэгдэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 6/2457 дугаар бүхий “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай”  албан бичгээр Д ХХКомпанийн захирал М.Т*******д “...хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэлээ...тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр 519 000 төгрөгийг Сангийн яамны Төрийн сан дахь Улсын төсвийн ******* тоот, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөгийг Төрийн сан дахь Улсын төсвийн ******* тоот дансанд мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор, сонгон шалгаруулалтын үнийн саналд тусгасан мөнгөн дүн болох 1 119 703 999 төгрөгийг Төрийн сан дахь Улсын төсвийн ******* тоот дансанд мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор тушаах үүрэгтэйг мэдэгдэн, заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүчингүй болох”-ыг анхааруулжээ.

Хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаас үзвэл Д ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дээр дурдсан төлбөрүүдийг бүрэн төлсөн болох нь тогтоогдов. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 6/2457 дугаар бүхий “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай”  албан бичгийг 4 сарын 19-ний өдөр хүлээж аваагүй, 5 сарын 12-нд албан ёсоор хүлээж авсан тул энэ өдрөөс эхлэн төлбөр төлөх хугацааг тоолно, хугацаанд нь төлбөрөө төлсөн гэж маргаж байна.

  Хариуцагч байгууллагаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн дээрхи албан бичгийн 2 дахь хуудасны доод хэсэгт “Д” ХХК-2711184, менежер О.О******* 2016 оны 4 дүгээр сарын 19-нд Сайр уул нэртэй сонгон шалгаруулалтын мэдэгдлийг хүлээж авлаа, ЦЖ84112076 ******* гэж тэмдэглэснээс үзвэл уг мэдэгдлийг О.О******* гэгч хүн хүлээж авсан нь тогтоогдсон ба О.О******* нь шүүхэд “...уг мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг 4 сарын 19-нд Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Паас хүлээж авсан...Д ХХК-ийн захирал Т*******гээс авлагатай тул барьцаа болгож авсан...4 хоногийн дараа бичгийг захирал Т*******д өгсөн...” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн болно.

Гуравдагч этгээд Д ХХК-иас Ашигт малтмалын газрын хяналт шинжилгээ үнэлгээ статистик-мэдээллийн хэлтэст 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүсэлт гаргасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр тус хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Да******* боловсруулж дарга Т.Б******* хянаж “Дүгнэлт” гаргасан байх ба уг дүгнэлтэд “...Д ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалын 10 дугаар хуудсанд 2016 оны нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын бүртгэлд менежер О.О******* гэх ЦЖ84112076 регистрийн дугаартай хүн байхгүй...Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс авсан 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаагаар О.О******* 1995 оны 01 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сарыг дуустал тус компанид ажиллаж байгаагүй, тус компанийн нэр дээр нийгмийн даатгалын шмитгэл төлж байгаагүй байна гээд “Санал дүгнэлт” хэсэгт Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийдвэрийн дагуу хүргүүлсэн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдлийг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж өгөөгүй гэсэн санал дүгнэлтэд хүрлээ, Д ХХК-д сонгон шалгаруулалтанд шалгарсан тухай мэдэгдлийг сонгон шалгаруулалтын журмын дагуу хүргүүлэх,  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох” гэжээ.

2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1/16 дугаар бүхий Ашигт малтмалын газрын даргын албан даалгавар гэх баримтанд Кадастрын хэлтэст “Д ХХК-д сонгон шалгаруулалтанд шалгарсан тухай мэдэгдлийг сонгон шалгаруулалтын журмын дагуу хүргүүлэх,  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, энэ үүрэг даалгаврын биелэлтэнд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүргийг ХШҮСМХ /Г.Б*******/-д үүрэг болгох” гэж дурджээ.  

Үүний дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 6/2457 дугаар бүхий “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай”  албан бичгийг Д ХХК-ийн захирал М.Т*******д 2016 оны 5 сарын 12-нд хүлээлгэн өгсөн байх боловч энэ нь дараахь үндэслэлээр илт хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож байна. Тухайлбал: 

  Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын Аравдугаар зүйлийн 10.1.4-д “сонгон шалгаруулалтын комисс нь төрийн захиргааны байгууллагын даргын тушаалыг үндэслэн шалгарсан оролцогчид сонгон шалгаруулалтанд шалгарсан тухай харин бусад оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг дурдсан мэдэгдлийг хүргүүлнэ” гэж заажээ. 

  Энэ тохиолдолд иргэн О.О******* өөрийгөө Д ХХК-ийн менежер гэж ойлгуулснаар түүнд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн П О.О*******д түүний хүсэлтийг үндэслэн холбогдох баримтад гарун үсэг зурулж “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 6/2457 дугаар албан бичгийг 2016 оны 4 дүгээр сарын 19-нд хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байх тул Д ХХК-д мэдэгдлийг хүргүүлээгүй гэж хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүй, гуравдагч этгээдээс гаргасан  “манай компани мэдэгдлийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээж авсан тул энэ өдрөөс хугацаа тоолно, хугацаандаа төлбөрөө төлсөн” гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй.

Түүнчлэн гэрч О.О******* уг албан бичгийг 4 хоногийн дараа буюу 2016 оны 4 дүгээр сарын 23-нд Д ХХК-ийн захирал М.Т*******д өгсөн гэж мэдүүлсэн, 4 дүгээр сарын 27-нд мэдэгдлээ авахаар Ашигт малтмалын газарт очсоноо гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн, 5 дугаар сарын 03-нд Ашигт малтмалын газарт хүсэлт хүргүүлсэн зэргээс үзэхэд аль ч нөхцөлд гуравдагч этгээд нь журамд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна. 

Иймд Ашигт малтмалын газрын Кадастраас 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “Д” ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан захиргааны байгууллагын үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын Аравдугаар зүйлийн 10.1.2-т “сонгон шалгаруулалтанд шалгарсан оролцогч энэхүү журмын 5.2-т заасан сонгон шалгаруулалтын үнийн саналын төлөөгүй үлдсэн зөрүүг ажлын 5 өдөрт багтаан холбогдох төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна...ажлын 5 өдрийн дотор төлөөгүй бол тухайн талбайн сонгон шалгаруулалтанд удаах оноо авсан оролцогчийг шалгарсанд тооцно” гэжээ.

Журмын энэ заалтаас үзвэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Сайр уулын планшейтийн код, СШ 6-7 талбайн кодтой хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтанд шалгарсан Д ХХК нь сонгон шалгаруулалтын үнийн саналын зөрүүг хугацаанд нь төлөөгүйгээс  удаах оноо авсан оролцогч болох Ү ХХК-ийг шалгарсанд тооцох үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга бөгөөд Сонгон шалгаруулах комиссын даргын Ү ХХК-ийг сонгон шалгаруулалтанд шалгарсанд тооцохоос татгалзаж байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ү ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Д” ХХК-ийн захирал М.Т*******д, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 6/8457 дугаар бүхий “Шийдвэрийн дагуу эдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2016 оны 5 дугаар сарын 12-ний өдөр гардуулсан үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, дээрхи талбайн сонгон шалгаруулалтанд Ү ХХК-ийг шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Сайр уулын планшейтийн код, СШ 6-7 талбайн кодтой хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтанд “Ү” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж гуравдагч этгээдэд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.ДУЛАМСҮРЭН