Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2016/0574

 

“Үнэн-Анд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Төмөрсоль, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Төгөлдөр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор “Үнэн-Анд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга, Сонгон шалгаруулалтын комисст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч  “Үнэн-Анд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Демси трейд” ХХК-ийн захирал М.Тэмүүжинд, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/8457 дугаар бүхий “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2016 оны 05 дугаар сарын 12-ний өдөр гардуулсан үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, дээрх талбайн сонгон шалгаруулалтад “Үнэн-Анд” ХХК-ийг шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Сайр уулын М-48-117-ВГ планшейтийн код, СШ 6-7 талбайн кодтой хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад “Үнэн-Анд” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж гуравдагч этгээдэд олгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/2457 дугаар бүхий “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг холбогдох эрх бүхий этгээдэд гардуулаагүй хүргүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн үзэхэд хангалттай тогтоогддог.

Тодруулбал, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдлийг “Демси трейд” ХХК-ийг төлөөлөн гардаж авсан О.Оргил гэгч нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...”Демси трейд” ХХК-ийн захирал М.Тэмүүжингээс авлагатай байсан тул барьцаа болгож авсан... “ гэж шүүхэд мэдүүлсэн нь анхнаасаа санаатайгаар компанийн үйл ажиллагаанд саад учруулах гэсэн үйлдэл болох нь харагдаж байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, 64 дүгээр зүйлийн 64.2-т бичгээр олгосон итгэмжлэлд тавигдах шаардлагыг хуульчилсан байна. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Пүрэвжав 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдлийг “Демси трейд” ХХК-ийг хуулийн дагуу болон итгэмжлэлээр төлөөлөх эрхгүй О.Оргил гэх хүнд гардуулсныг анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэсэн нь ноцтой хуульд бус дүгнэлт болж гуравдагч этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдээс хуулийн дагуу мэдэгдлээ гардан авах эрхийг ноцтой зөрчиж байна.

Харин “Демси трейд” ХХК-ийн захирал М.Тэмүүжин нь мэдэгдлийг хуулийн дагуу гардан аваагүй, төрийн захиргааны байгууллагаас гарсан гэдгийг мэдэгдээгүй учир мэдэгдэл гарсан эсэхийг тодруулахаар очиход гардуулсан гэх хариу сонссон тул хуульд заасан хугацаанд гомдол гарган шийдвэрлүүлсэн.

Түүнчлэн О.Оргил /ЦЖ84112076/ гэх хүн “Демси трейд” ХХК-ийг төлөөлөх эрхгүй, тус компанид хамааралгүй этгээд болох нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн гомдлын дагуу 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Ашигт малтмалын газрын хяналт шинжилгээ үнэлгээ статистик-мэдээллийн хэлтсийн дүгнэлтээр тогтоосон байхад шүүх уг баримтыг үгүйсгээгүй атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болжээ.

2. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “...Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна...”, 43.8-д “...Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй...” гэж зааснаас үзвэл сонгон шалгаруулалтын дүн мэдээг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх үүрэгтэй, мэдэгдээгүй тохиолдолд дээрхээс үүсэн гарах маргаанд мэдэгдсэн хугацаагаа нотлох үүрэгтэй болохыг хуульчилсан байна. Хариуцагч нь зохих этгээдэд мэдэгдээгүй ба тухайн компанид огт хамааралгүй хүнд мэдэгдлийг өгсөн алдаатай үйлдэл гаргасан.

3. Анхан шатны шүүх нь Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг буруу тайлбарласан. Тус журмын 10 дугаар зүйлийн 10.1.1-д “...сонгон шалгаруулалтын комиссийн дүгнэлтийг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар баталгаажуулна...” 10.1.4-д “...Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалыг үндэслэн шалгарсан оролцогчид сонгон шалгаруулалтад шалгарсан тухай...мэдэгдлийг хүргүүлнэ...” гэж заасан. Дээрх зохицуулалтаас үзвэл сонгон шалгаруулах комиссийн дүгнэлтийг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар албажуулсны үндсэн дээр мэдэгдлийг хүргүүлэх ба мэдэгдлийг гардан авснаар албан ёсоор сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцогдож төлбөр төлөх хугацаа тоологдож эхлэхээр байна. Өөрөөр хэлбэл, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд гардаж авсан үеэс эхлэн хугацаа тоологдохоор байна. Шүүхээс хэт нэг талыг барьсан, төрийн захиргааны байгууллагын буруутай үйлдэл зэргийг харгалзаж үзэлгүйгээр дүгнэсэн болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаартай тушаалаар Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын Сайр уул нэртэй 3575.84 га талбайд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад шалгарсан “Демси трейд” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс уг сонгон шалгаруулалтын үнэлгээний талаар маргаагүй байна.

Харин Ашигт малтмалын газраас “Демси трейд” ХХК-д шалгарсан тухай мэдэгдлийг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/2457 дугаар албан бичгээр хүргүүлсэн атлаа дахин 05 дугаар сарын 12-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн нь Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 10.1.2, 10.1.3-д тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул тухайн сонгон шалгаруулалтад удаах оноо авсан этгээдийг шалгарсанд тооцохоор заасныг зөрчсөн гэж илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, “Үнэн анд” ХХК-ийг шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, шалгарсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Демси трейд” ХХК-д хаягласан Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/2457 дугаар албан бичгийг О.Оргил гэгчид гардуулан өгсөн бөгөөд тухайн этгээд нь “Демси трейд” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд биш, мөн тухайн компанид ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй болох нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр, анхан шатны шүүх хуралдаанд гэрч О.Оргилын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 10.1.4-д “Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалыг үндэслэн шалгарсан оролцогчид сонгон шалгаруулалтад шалгарсан тухай харин бусад оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг дурдсан мэдэгдлийг хүргүүлнэ”, 11.2-т “Сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогч нь энэхүү журмын 10.1.4-т заасан мэдэгдлийг авснаас хойш тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг ажлын 10 өдөрт багтаан төлнө” гэж зааснаас үзэхэд хариуцагчаас “шалгарсан оролцогч” буюу “Демси трейд” ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдэд шалгарсан тухай мэдэгдлийг хүргүүлэхээр байтал хариуцагч төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас “Демси трейд” ХХК-д мэдэгдэл хугацаандаа очоогүй нь дээрх байдлаар тогтоогдож байна.

Иймээс Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс “2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдлийг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж өгөөгүй” гэж үзэн, мэдэгдлийг зохих журмын дагуу хүргүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох дүгнэлт гаргасны дагуу Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/16 дугаар албан даалгавраар түүнийг баталгаажуулахыг даалгаж, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдлийг “Демси трейд” ХХК-ийн захирал М.Тэмүүжинд гардуулж, алдаагаа залруулсан хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс “О.Оргил нь өөрийгөө “Демси трейд” ХХК-ийн менежер гэж ойлгуулсан, мөн гуравдагч этгээдэд төлбөр төлөх боломжтой байсан” гэх буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй.

Эдгээрээс үзвэл гуравдагч этгээд 2016 оны 05 дугаар сарын 13-нд буюу тогтоосон хугацаанд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний хөлс, сонгон шалгаруулалтын үнийн саналд тусгасан мөнгөн дүнгээ төлж, үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгч “Үнэн-Анд” ХХК-ийг шалгарсанд тооцох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг баримтлан “Үнэн-Анд” ХХК-ийн ““Демси трейд” ХХК-д хүргүүлсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/8457 дугаар бүхий “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан үйл ажиллагааг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, дээрх талбайн сонгон шалгаруулалтад “Үнэн-Анд” ХХК-ийг шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Сайр уулын М-48-117-ВГ планшейтийн код, СШ 6-7 талбайн кодтой хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад “Үнэн-Анд” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР