Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1496

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01040 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн хариуцагч Ч.Г-, Н.Г-, П.М- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 113 944 443 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа:

Ч.Г-, Н.Г- нар нь Хас банктай 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1510005993 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 110 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 365 хоногийн 25.2 хувийн хүүтэй авсан. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2204020128 дугаартай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Доржийн гудамж, 18-2 байрны 17 тоот, 99 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн 22-22 УНБ улсын дугаартай улаан өнгийн авто машиныг барьцаалсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл 56 694 517 төгрөг, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү нь нийтдээ 29 647 983 төгрөгийг төлсөн. Ч.Г-ийн Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 53 305 486 төгрөг байгаа. Хэдийгээр үндсэн зээл, хүү төлж байгаа боловч зээлийн гол нөхцөл болох эргэн төлөлтийн хувиар ноцтой зөрчигдөж байгаа. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Банкны зүгээс хариуцагч нараас зээлийн төлбөрийг удаа дараа шаардаж байсан. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банкны эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 1510005993 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 53 305 483 төгрөг, хуримтлагдсан хүү нь 52 504 580 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 134 379 төгрөг, нийт 113 944 442 төгрөгийг хариуцагч Ч.Г-, Н.Г-, П.М- нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын төлбөрийг сайн дураар төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон хариуцагч Ч.Г-, Н.Г- нарын төлөөлөгч П.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн П.М- миний бие, “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Г-ийн өр төлбөрийн асуудлыг өөрийн биеэр бүрэн хариуцах бөгөөд төлж барагдуулна. Би бол хуулийн чиглэлийн хүн биш болохоор ойлгохгүй байна. н.Ганхуяг, Ч.Г-, 110 000 000 төгрөгийн зээл авсан. 110 000 000 төгрөгөөс үндсэн зээл, хүүгийн төлбөрт 89 000 000 гаруй төгрөг төлсөн. Одоо 113 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгохгүй байна. Үндсэн зээлийн төлбөр болох 53 000 000 төгрөгийг төлөх шийдвэр гарсан тохиолдолд төлөхөд бэлэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч П.М-, Ч.Г-, Н.Г- нараас 113 944 442 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 22-22 УНД улсын дугаартай, Chevrolet Camaro маркийн суудлын автомашин, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Б.Доржийн гудамж, 18/2 дугаар байрны 17 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020128 дугаартай, 99 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 955 822 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.М-, Ч.Г-, Н.Г- нараас 955 822 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 110 000 000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 3 жилийн хугацаатай зээлийн гэрээний дагуу зээлсэн байх бөгөөд жилийн 25.2 хувийн хүү тооцжээ. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон ба энэ хүртэл хугацаанд нэхэмжлэгчид нийт 86 339 500 төгрөгийг төлсөн байна. Үүнээс 29 644 983 төгрөгийг хүүд суутгажээ. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоож өгсөн ба тус 216.4 дэх хэсгээс харвал тэргүүн ээлжид үндсэн үүрэг, хамгийн сүүлд хүүг төлөхөөр байна. Тэгэхээр “Хас банк” тэргүүн ээлжид нэхэмжлэгчийн төлсөн 86 339 500 төгрөгөөс хүүг суутгаж авалгүйгээр үндсэн зээлээс хасах ёстой. Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрөөс ердөө 56 694 517 төгрөгийг хасаж, 53 305 483 төгрөгийн үлдэгдлээс хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцсон байна. Энэ үлдэгдлээс тооцсон ч жилийн хүү нь 13 432 981 төгрөг болж байгаа ба гэрээ дуусгавар болсон 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх 2 жил, 2 сарын хугацаанд 52 504 580 төгрөгийн хүү, 8 134 379 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү үүсэх учиргүй, хүүгийн тооцооллыг буруу тооцсон байна.

“ХБ” ХХК-ийг төлөөлөн шүүхэд санхүү хариуцсан захирал Г.Эрдэнэбаяр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Г.Эрдэнэбаяр нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд биш. Мөн Г.Эрдэнэбаяр нь иргэн Д.Батцэнгэлд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлөөлөх эрх олгосон итгэмжлэл олгожээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал олгох боломжтой болохоос дамжуулан, албан тоотоор шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгож байгаа нь хуульд нийцэхгүй. Энэ дагуу төлөөлөгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргах ч эрхгүй. Зээлийн гэрээний барьцааны зүйл болсон орон сууц нь иргэн П.Амартүвшингийн өмчлөлд шилжсэн байна. Анхан шатны шүүх уг үйл баримтыг үнэлэхдээ бүртгэлийн үнэн зөв эсэхийг бүртгэлийн байгууллага хариуцна гэжээ. Гэхдээ баримтаар барьцаа хөрөнгө нь зээлдэгч нарын өмчлөлд биш, энэхүү хэрэгт оролцоогүй иргэний өмчлөлд байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүрэг барьцаа хөрөнгөөр хангагдах боломж огт байхгүй. Үүргийн гүйцэтгэл болсон барьцааны зүйл нь барьцаанд бүртгэлтэй, энэ нь хүчин төгөлдөр байсан бол уг орон сууцны өмчлөх эрх шилжих боломжгүй. Эндээс байхгүй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Д.Мэндбаяр, Ч.Г-, Н.Г- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 87 755 649 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 113 944 443 төгрөг гаргуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны 53 305 483 төгрөгийг хариуцагч нар төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1510005993 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 110 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу эргүүлэн төлөх үүргийг хүлээсэн, мөн өдрийн 1510005993-01 тоот баталгаат ипотекийн гэрээгээр хариуцагч П.М-ын өмчлөлийн  Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Б.Доржийн гудамж, 18/2 дугаар байрны 17 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020128 дугаартай 99 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, мөн Кевролет Камаро маркийн суудлын автомашиныг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

            Гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээнд заасныг биелүүлэх үүрэгтэй.

 

            Зээлдүүлэгч Хас банк нь зээлийн хөрөнгө болох 110 000 000 төгрөгийг Ч.Г-ийн Хас банк дахь 1510005993 тоот дансанд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлснийг зээлдэгч хүлээн авч, зээлийн төлбөрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 450 000 төгрөгийг төлснөөс хойш зээл төлөөгүй бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 21-ний байдлаар үндсэн зээлд 56 694 517 төгрөгийг төлж, 53 305 483 төгрөгийн үлдэгдэлтэй, хүүгийн төлбөрт 29 623 242 төгрөг төлж, 30 680 585 төгрөгийн үлдэгдэлтэй, нэмэгдүүлсэн хүүд 3 791 322 төгрөг төлж, 3 769 580 төгрөгийн үлдэгдэлтэй, нийт 87 755 649 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсныг нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлээр шаарджээ.

           

            Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар хүүд 21 823 995 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 364 799 төгрөг, нийт 26 188 794 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

 

2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд 36 сарын хугацаатай уг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээлдэгч нь 42 470 247 төгрөгийн хүү төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 29 623 242 төгрөгийг зээлийн хүүд төлсөн нь тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нь  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээр шаардаж буй хүүгийн хэмжээ 52 504 580 төгрөг болж, төлсөн хүүгийн хамт тооцвол 82 127 822 төгрөг болж гэрээний эргэн төлөх хуваарьт заасан хүүгээс 39 657 757 төгрөгөөр илүү хүүгийн төлбөрийг шаардаж байгааг хууль ёсны давуу байдлаар хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй талаарх Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүхэд анх нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийн гэм буруутай байдлын улмаас төлбөр төлөх хугацаа хойшилсон гэж үзэхээргүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээр шаардаж буй хүүгийн төлбөрийн хэмжээ гэрээгээр тогтоосноос хэт өндөр байгаа, зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэхэд зээлдэгчийн гэм буруутай байдал нөлөөлсөн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг залруулах боломжтой.

 

Харин зөвхөн үндсэн зээлийн үлдэгдэл 53 305 483 төгрөгийн төлбөрийг төлөх талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд уг дүнгээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож 87 755 649 төгрөгийн төлбөр шаардсаныг хангах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх нэхэмжлэл гаргасан үеийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээ буюу 87 755 649 төгрөгөөр хангаж, үлдэх 26 188 794 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Б.Доржийн гудамж, 18/2 дугаар байрны 17 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020128 дугаартай 99 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, мөн Шевролет Камаро маркийн суудлын автомашиныг худалдан борлуулах замаар зээлийг төлүүлэхийг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Шүүхийн барьцааны зүйл П.Амартүвшингийн өмчлөлд шилжсэнээр барьцаалагчийн шаардах эрх үгүйсгэгдэхгүй талаарх дүгнэлт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцэх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01040 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “113 944 442 төгрөг” гэснийг “87 755 649 төгрөг” гэж, “олгосугай” гэснийг “олгож, үлдэх 26 188 793 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагч Д.Мэндбаяр, Ч.Г-, Н.Г- нараас 955 822 төгрөг” гэснийг “хариуцагч Д.Мэндбаяр, Ч.Г-, Н.Г- нараас 596 728 төгрөг” гэж гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 955 822 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ