Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2264

 

2018 оны 10 сарын 15 өдөр                  Дугаар 183/ШШ2018/02264                              Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Хас банк ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан, 2б байр, 203 тоотод оршин суух,  Их номгон овогт Чинбатын Ганчимэг /РД:ЕС82050805/,

Хариуцагч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюуш, 7 дугаар гудамж, 211 тоотод оршин суух, Боржигон овогт Наранбаатарын Ганмөнх /РД:ЕС84070908/ нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 87,755,649 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, хариуцагч Ч.Ганчимэг, хамтран хариуцагч Н.Ганмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ч.Ганчимэг нь Хас банктай 2014.07.25-ны өдөр 1510005993 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 110 сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 365 хоногийн 25,2%-ийн хүүтэй авсан. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2204020128 дугаартай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Доржийн гудамж, 18-2 байрны 17 тоот, 99 мкв 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн 2222 УНБ улсын дугаартай улаан өнгийн авто машиныг барьцаалсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл 56,694,517  төгрөг, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү нь нийтдээ 29,647,983 төгрөгийг төлсөн. Ч.Ганчимэгийн Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл нь 2018.02.21-ний өдрийн байдлаар 53,305,486 төгрөг байгаа. Хэдийгээр үндсэн зээл, хүү төлж байгаа боловч зээлийн гол нөхцөл болох эргэн төлөлтийн хувиар ноцтой зөрчигдөж байгаа. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ 2017.07.20-ний өдөр дуусгавар болсон. Банкны зүгээс Ч.Ганчимэгээс зээлийн төлбөрийг удаа дараа шаардаж байсан. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банкны эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 1510005993 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2018.02.21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 53,305,483 төгрөг, хуримтлагдсан хүү нь 30,380,585 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,769,580 төгрөг, нийт 87,755,649 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар Ч.Ганчимэгээс гаргуулж өгнө үү. Н.Ганмөнхийг хариуцагчаар татсан болохоор Ч.Ганчимэг, Н.Ганмөнх нараас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэсэн эхний нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. 2 дахь нэхэмжлэлийн шаардлага нь төлбөрийг сайн дураар төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан тусгаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан” гэв.

 

Хариуцагч Ч.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ерөнхийдөө зээлдэж авсан дүнтэй санал нэг байна. Одоогийн байдлаар 87 сая төгрөгийн би болон манай дүү төлөх чадваргүй. н.Мэндбаярыг хариуцагчаар татах боломжгүй бол үл хөдлөх хөрөнгөөр нь үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.  

 

Хариуцагч Н.Ганмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Ч.Ганчимэгтэй адил саналтай байна, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэв.

         

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 87,755,649 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ч.Ганчимэгт холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Н.Ганмөнхийг татсан байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулсан 2014.07.25-ны  өдрийн 1510005993 тоот зээлийн гэрээгээр Ч.Ганчимэг нь 110,000,000 төгрөгийг 36 сарын хугацаагаар, 365 хоногт 25,2 хувийн хүүтэй зээлж авсан байх бөгөөд мөн өдрийн 1510004993 тоот барьцааны гэрээгээр Ү-2204020128 улсын бүртгэлийн дугаартай, 000072302 тоот гэрчилгэний дугаартай, иргэн П.Мэндбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Б.Доржийн гудамж, 18/2 дугаар байр, 17 тоот  99 м.кв 3 өрөө орон сууцыг, мөн 22-22УНД улсын дугаартай, Chevrolet Camaro маркийн суудлын автомашиныг тус тус барьцаалсан байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, Н.Ганчимэгийн дансны хуулга зэргээс үзэхэд хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу  110,000,000 төгрөгийг Ч.Ганчимэгт шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх  үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.1, 4.2-т заасныг үндэслэн  үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож 2017.11.01-ний өдрийн байдлаар нийтдээ 87,755,649 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэсэн заалтад нийцсэн байна.

 

Нэр бүхий хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй бөгөөд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн болно.

 

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах, 156.2 дахь хэсэгт заасан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 458 дугаар зүйлийн  458.1 дэх хэсэгт заасан “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ, 459 дүгээр зүйлийн  459.1 дэх хэсэгт заасан “хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна” гэсэн заалтуудад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ч.Ганчимэг, Н.Ганмөнх зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 87,755,649 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  шийдэв.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.2-т “хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж зааснаар Н.Ганмөнхийг хамтран хариуцагчаар татсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  Ч.Ганчимэг, Н.Ганмөнх нараас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 87,755,649 төгрөгийг  гаргуулж Хас банк ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох Ү-2204020128 улсын бүртгэлийн дугаартай, 000072302 тоот гэрчилгээний дугаартай, иргэн П.Мэндбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Б.Доржийн гудамж, 18/2 дугаар байр, 17 тоот  99 м.кв 3 өрөө орон сууц болон 22-22 УНД улсын дугаартай, Chevrolet Camaro маркийн суудлын автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

           3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 666,928 /596,728+70,200/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 666,928 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгосугай.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ