Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0009

 

2017 оны 12 сарын 27 өдөр

 Дугаар 221/МА2018/0009 

Улаанбаатар хот

    “М д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд “А а ж э э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0749 дүгээр  шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0749 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М д” ХХК-ийн “Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг, Алтай нэртэй газар 3169.31 га талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргасныг тогтоож, NE-025216 дугаар бүртгэлийн өргөдлийг сэргээж, тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ … Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 6/757 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга  Н.Ч-ын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдлээр:

1. Танай компанийн Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсч гаргасан NЕ-025216 дугаар өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 53 дугаартай “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй” гэсэн санал ирүүлсэн тул засаг даргын саналыг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Кадастрын хэлтсийн даргын 378 дугаар шийдвэрээр уг өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

2. Иймд өргөдлийн бүртгэлээс хасагдсан NЕ-025216 дугаартай өргөдөлд өгсөн Засаг даргын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” хэмээн “М д” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/02 дугаар хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн 6/757 дугаар мэдэгдэл нь Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсэгт заасны дагуу дахин захиргааны акт гаргах ажиллагааг явуулах нь хууль нийцнэ хэмээн үзэж нэхэмжлэлийн уг шаардлагыг гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0749 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д “Нэгэнт нэхэмжлэгч нь маргаан бүхий 6/757 дугаар албан бичгийн үндэслэл болсон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул 6/757 дугаар албан бичгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь 6/757 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох шаардлагаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэр нь хууль бус, илт хууль бус тул дахин шийдвэрлэх үүрэгтэй, иймээс 6/757 дугаар мэдэгдэл нь хууль бус хэмээн маргаагүй, мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэртэй маргаагүй.

Харин Кадастрын хэлтсийн даргын 378 дугаар шийдвэрийг гаргах үеийн бодит нөхцөл байдал өөрчлөгдсөн, уг шийдвэрийн үндэслэл болсон Засаг даргын санал өөрчлөгдсөн, уг өөрчлөлт нь хаяглагч этгээдэд эерэг үр дагавартай байгаа тул Захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх нь хуульд нийцнэ, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын уг талбарт “М д” ХХК нь хуулийн шаардлагад нийцсэн хайгуулын өргөдлийг хамгийн түрүүнд гаргасан этгээд тул хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхтэй хэмээн үндэслэн маргасан юм.

Хэдийгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Засаг даргын зөвшөөрөхгүй саналыг үндэслэн” хэмээн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан хэдий ч нэхэмжлэгч нь 378 дугаар шийдвэрийн үндэслэл болсон Захиргааны акттай маргаж захиргааны албан тушаалтанд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсаны дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих” тухай санал ирүүлсэн.

Засаг дарга нь захиргааны актын үндэслэл болсон саналаа өөрчилж, эрх зүйн өөр үр дагавар бүхий санал ирүүлээд байхад уг саналыг хүлээн авч шийдвэрлэхгүй хэмээн хуулийг тайлбарлан хэрэглэх боломжгүй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсэгт “захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эерэгээр өөрчлөгдсөн” бол Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч хаяглагдсан этгээдийн хүсэлтээр захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно хэмээн зохицуулснаар хэрэгжих ёстой билээ.

Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг анхаарч үзэлгүйгээр зөвхөн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэртэй маргаагүй тул 6/757 дугаар мэдэгдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй хэмээн үзэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байгаа бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч захиргааны дахин акт гаргах ажиллагааг хийснээр 378 дугаар шийдвэрийн эрх зүйн үр дагавар дуусгавар болох үйл баримтыг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт Аймгийн Засаг дарга нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно, Ашигт малтмалын газрын даргын тушаалаар баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4.5 дахь хэсэгт “Аймаг Нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, ... шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө” хэмээн тодорхой заасан байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 53 дугаартай “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй” гэсэн санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийн заалтыг хангаагүй, тодорхой үндэслэл заалгүйгээр зөвхөн олгохыг зөвшөөрөхгүй хэмээн санал өгсөн бөгөөд уг саналыг хуульд заасан үндэслэлээр татгалзсан санал мөн эсэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс шалгасны үндсэн дээр шийдвэр гаргах байтал хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүй “М д” ХХК-ийн өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрлэсэн.

Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь “М д” ХХК-ийн хамгийн түрүүнд гаргасан өргөдөлд өгсөн Засаг даргын саналыг хуульд нийцсэн гэж үзээд татгалзах шийдвэр гаргасан мөртлөө дахин уг талбарт 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл хүлээн авч шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйл ажиллагаа болсон тул дахин захиргааны акт гаргах ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг, Алтай нэртэй газарт 3169.31 гектар талбайд хамгийн туруунд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээд нь “М д” ХХК болохыг тогтоож хүлээн зөвшөөрөх шаардлагын тухайд шүүхийн шийдвэрийн 19 дэх хуудас, үндэслэх хэсгийн 2-т “нэхэмжлэгчийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Алтай нэртэй газарт 3169.31 га талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан гэдэгтэй хариуцагч маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг болно” хэмээн дүгнэсэн боловч нэхэмжлэлийн уг шаардлагыг ханган шийдвэрлээгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй, 52.5.3 дахь хэсэгт нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг тогтоохоор заасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хариуцагч маргадаггүй гэх үндэслэлээр хангахаас татгалзсан нь хууль бус байна.

Учир нь нэхэмжлэгч “М д” ХХК нь Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг, Алтай нэртэй газарт 3169.31 гектар талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээд болохыг тогтоолгосноор Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан хууль ёсны эрх, ашиг сонирхол үүсэх үр дагавартай хуульд заасан уг үр дагавар нь нэхэмжлэлийн бусад шаардлагын эрх зүйн үндэслэл болох шалтгаантай байхад анхаарч үзэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтэст “М д” ХХК-ийн NЕ-025216 дугаар бүртгэлтэй өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг, Алтай нэртэй газарт 3169.31 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэхийг даалгах 128/ШШ2017/0749 дүгээр шийдвэрийн 19 дэх хуудас, үндэслэх хэсгийн 2-т “ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон байхаар тодорхойлсон тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хариуцагчийн үйлдэл тогтоогдоогүйн дээр орон нутгийн өөрөө удирдах онцгой эрх бүхий Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналаар тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байх тул өргөдлийг сэргээж дахин шийдвэрлэхийг даалгах үндэслэлгүй байна” хэмээн үндэслэж нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 19.4, 19.5 дахь хэсэгт заасны дагуу орон нутагт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх саналыг Аймгийн Засаг дарга ирүүлнэ, Засаг дарга нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч эцсийн саналыг өөрөө ирүүлэхээр заасан байхад шүүх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр татгалзсан байна хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Тодруулбал Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авалгүйгээр дан ганц аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дэмжихгүй санал ирүүлсэн, уг санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй, татгалзлын үндэслэл нь хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй байсан тул нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Засаг даргад хандан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан.

Уг гомдлын дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих” тухай санал ирүүлсэн байх бөгөөд Засаг дарга урьдчилан шийдвэрлэх журмаар дахин захиргааны акт гаргасан байхад захиргаа уг актыг хүлээн авч шийдвэрлэх үүрэггүй гэж хуулийг тайлбарлан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 18.1 дэх хэсэгт заасан эрхийг зөрчиж байна.

Мөн шүүх Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар дэмжсэн саналыг нэхэмжлэгч нь авахдаа захиргааны албан тушаалтанд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн хэмээн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй нөхцөл байдлыг дүгнэсэн, захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж шийдвэрээ гаргасан байхад тэр хоорондын хугацааг тоолон захиргааны байгууллага гомдол гаргах хугацаа дууссанаас хойш шийдвэрээ гаргасан тул тэр шийдвэр хүчингүй гэх ойлгомжгүй үндэслэл бичсэн нь хуульд нийцэхгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0749 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.

Ашигт малтмалын газар “М д” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсч гаргасан NE-025216 дугаартай өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 53 дугаар “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй” гэсэн санал ирүүлснийг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр уг өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, 6/3700 тоотоор мэдэгджээ.

Үүнээс хойш нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэхээр гаргасан гомдлын дагуу авсан гэх Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Дэмжиж байна” гэсэн саналыг хариуцагч Кадастрын хэлтэст ирүүлснийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж хариу өгчээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... хариуцагчийн 6/757 дугаар мэдэгдэл нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсэгт заасны дагуу дахин захиргааны акт гаргах ажиллагааг явуулах нь хуульд нийцнэ хэмээн үзэж нэхэмжлэлийн уг шаардлагыг гаргасан” гэжээ.

“М д” ХХК нь Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзах үндэслэл болсон Засаг даргын санал өөрчлөгдсөнтэй холбоотой тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж өгөхийг хүссэн байхад хариуцагч нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 378 дугаар шийдвэр гарсан гэж нэгэнт шийдвэрлэгдсэн гэх агуулгаар 6/757 дугаар албан бичгээр хариу өгсөн нь дахин шийдвэрлүүлэх хүсэлтийн агуулгатай тохирохгүй байгаа боловч нэхэмжлэгчийн хувьд эерэгээр өөрчлөгдсөн нөхцөл байдал буюу Засаг даргын “Дэмжсэн” санал нь Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “... Засаг дарга ... сум, ... аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ... төрийн захиргааны байгууллагад хариу өгөх ...” гэж заасны дагуу гарсан санал биш, бодит нөхцөл байдал нь нэхэмжлэгчид эерэгээр өөрчлөгдсөн гэх үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчид “дахин шийдвэрлэх”-ийг даалгах боломжгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

            Нөгөө талаас хэрэв Засаг дарга урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар урьд нь гаргасан “Дэмжихгүй” гэсэн саналаа хянаж, хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, улмаар “Дэмжинэ” гэсэн санал гаргасан бол Кадастрын хэлтэс нь уг хууль бус саналыг үндэслэн гаргасан 378 дугаар шийдвэрээ хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй бол захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжтой, ингэснээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хамгийн түрүүнд гаргасан өргөдлийг дахин шийдвэрлэх боломжтой болно.  Түүнчлэн Захиргааны ерөнхий хууль тухайн үед хүчин төгөлдөр болоогүй байсан тул хариуцагчийг уг хуулийг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй боловч бодит нөхцөл байдал өөрчлөгдсөн үед аливаа захиргааны байгууллага хуульд нийцүүлэн шударга ёс, тэгш байдлыг хангах үүднээс дахин авч үзэж шийдвэрлэх бүрэн эрхтэй.

Гэвч энэхүү дахин авч үзэж шийдвэр гаргах ажиллагаа нь урьд нь захиргааны акт хууль ёсны дагуу гарсан боловч тухайн үеийн бодит болон эрх зүйн нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд тэрхүү өөрчлөгдсөн хууль зүйн фактад тохируулж хуульд нийцүүлэн дахин шийдвэр гаргахыг ойлгох бөгөөд хууль бус актаа хүчингүй болгох, эсхүл өөрчлөхөөс ялгаатай захиргааны үйл ажиллагаа юм.

            Иймээс “М д” ХХК-иас хариуцагчид хүргүүлсэн аймгийн Засаг даргын “Дэмжсэн” санал нь урьд өгсөн “Дэмжихгүй” саналаа хууль бус гэж үзэж хүчингүй болгоогүй, мөн тухайн үеийн бодит нөхцөл байдал буюу “Дэмжихгүй” саналын үндэслэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрүүд өөрчлөгдөөгүй, мөн эрх зүйн нөхцөл байдал ч өөрчлөгдөөгүй байх тул өргөдлийг дахин шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч “М д” ХХК-ний анх “Дэмжихгүй” гэсэн Засаг даргын 51 дүгээр саналыг хууль бус гэж үзэж урьдчилан шийдвэрлүүлэхээр гаргасан

гомдлыг аймгийн Засаг дарга зохих журмын дагуу шийдвэрлээгүйд тус компани буруугүй тул зохих журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.

Нэхэмжлэгч нь “хамгийн түрүүнд өргөдөл гаргасан болохыг тогтоолгох” шаардлага гаргасан боловч энэхүү нөхцөл байдлыг хэн ч үгүйсгээгүй, захиргааны байгууллага өргөдлийг хүлээн авч бүртгэсэн нь баримтаар батлагдаж байгаа, хариуцагч энэ талаар маргаагүй тул шүүхээс тогтоох шаардлагагүй бөгөөд нэхэмжлэлийн бие даасан, тусдаа шаардлага гэж үзэхээргүй байна.

Харин хариуцагч нь “М д” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргын татгалзсан саналыг үндэслэн 378 дугаар шийдвэрээр татгалзаж шийдвэрлэснээс хойш нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад тухайн талбайд дахин өөр компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь нэхэмжлэгчийг “хамгийн түрүүнд шаардлага хангасан өргөдөл гаргасан” нөхцөл байдлыг алдагдуулахад хүргэж байгаа хууль бус үйл ажиллагаа байх бөгөөд энэ нь төрийн үйл ажиллагаанд баримтлах шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “ ... “М д” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч хянан шийдвэрлэж дууссаны дараа систем дээр тухайн хүсэлт гаргасан талбайд тусгай зөвшөөрөл авах өргөдлийг хүлээн авах хэсэг нээлттэй болж харагддаг учир аж ахуйн нэгжүүд өргөдөл гаргадаг ... гуравдагч этгээдийн өргөдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргын саналыг үндэслэн мөн адил татгалзаж шийдвэрлэсэн ...” гэснээс үзэхэд тусгай зөвшөөрөл олгогдоогүй байна.

Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан талбайд дараагийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа хариуцагчийн ажиллагаа хууль бус талаарх нэхэмжлэгчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлтэй боловч энэ нь нэхэмжлэлийг шууд хангах үндэслэл болохгүй. Харин хариуцагч нь нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, орон нутгийн захиргааны байгууллагуудын урьд нь гаргасан шийдвэр хууль бус болох нь тогтоогдоогүй тохиолдолд дахин тухайн талбайд өргөдөл хүлээн авах ажиллагаа явуулж болохгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн “хамгийн түрүүнд шаардлага хангасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан” үр дагавар бүхий нөхцөл байдлыг хэвээр хадгалах үндэслэл болно.   

 Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шажинбатаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0749 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч “М д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР   

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ