Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 497

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.М*******

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/371 дүгээр болон 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн б/611 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...П*******ийн М******* би 1984 оны 7 дугаар сарын 01-нийн өдрөөс хорих 415-р (Мааньт) ангид инженерээр, 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиргаа боловсон хүчний хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр 5 жил, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны Удирдлагын Газрын даргаар, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс хорих 433 ангийн даргаар тус тус томилогдон ажилласан.

Хорих 433-р ангийн даргаар ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээнд заагдсан үүргээ биелүүлэн 2016 оны үр дүнгийн гэрээг шинээр байгуулан энэ оны 1-р улирлын болон 3-р сарын тус ангийн ажлын тайлан, мэдээг 3 дугаар сарын 28-ны өдөр хугацаанд нь явуулсан.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 6/371 тоот "албап тушаал бууруулан томилох тухай" тушаалыг 4 дүгээр сарын 01-ний өдөр 15.31 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харуул хамгаалалтын тасгийн дарга д/х Ч.М*******, төлөөлөгч а/х н.Баттулга нар урьдчилан надад мэдэгдэлгүйгээр гэнэт ирж танилцуулан х/а Б.Б*******т миний ажлыг хүлээлгэж өглөө.

Тушаалтай танилцаад уг тушаалын үндэслэл болсон " ... Албан хаагчдад тавих хяналт, хариуцлагыг сулруулж ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс албан тушаал бууруулан томилсугай" гэсэн заалтыг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Тушаалд дурьдсан  " ... албан хаагчдад тавих хяналт” гэдэг нь ямар хяналтыг яаж зөрчсөний улмаас ямар үр дагавар үүссэн нь тодорхойгүй бөгөөд "...хариуцлагыг сулруулж ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул..."  гэж заасан атал ямар хариуцлагыг яаж сулруулснаас буюу хариуцлагагүй ажилласан гэдэг талаар миний ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтны тусгайлсан удирдамжтай шалгасан шалгалтын комиссын дүгнэлт, шийдвэр, санал зэргийг надад танилцуулж огт мэдэгдээгүй. "... Албан үүргээ   хангалтгүй биелүүлсэн ..." гэж  дурьдсан  нь  хэдий  үеэс ямар цаг хугацааны ажил үүргийг үнэлж байгаа нь тодорхойгүй байнаа.

Иймд хууль бусаар албан тушаал бууруулан томилсон 2016 оны 3 дугаар сарын31-ний өдрийн Б/371 тоот тушаалыг хүчингүй болгож урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч П.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Нэхэмжлэгч П*******ийн М******* би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны Зсарын31-ны  6//371 тоот " албан тушаал бууруулан томилох " тушаалыг эс зөвшөөрч Төрийн Албаны Зөвлөлд 2016 оны 4-р сарын 06-нд  гомдлоо гаргасан, мөн энэ өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны Удирдлагын Газрын даргад "... гэнэтийн цочиролд орж даралт ихсэн (170хүрч) биеийн эрүүл мэндийн хувьд эмчилгээ, сувилгаа хийлгэх шаардлагатай болсон тул 2016 оны ээлжийн амралтыг олгох"-ыг хүссэн өргөдөл өгсөн боловч шийдвэрлээгүй  тул 13-ны өдрөөс эхлэн 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гараад үргэлжлүүлэн өрхийн эмнэлгийн хяналтанд эмчилгээ хийлгүүлэн ажлаас чөлөөлөгдөх актыг авсан. 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад "... 2015 оны ээлжийн амралтаас биеэр эдлээгүй ажлын 18 хоногийг нөхөн олгохыг хүссэн өргөдөл өгсөн. 27-ны өдөр Төрийн Албаны салбар зөвлөлийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Дээрх нөхцөл байдлуудыг үл харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар 26-ны өдрийн б/611 тоот " Төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан" тушаал гарган ажлаас халсан тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч П.Мөнхгэрзл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/916 дугаар тушаалаар Захиргааны удирдлагын газрын даргаар, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 6/999 дүгээр тушаалаар Хорих 433 дугаар ангийн даргаар, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 6/371 дүгээр тушаалаар Хорих 411 дүгээр ангийн нийгмийн ажилтнаар томилогдсон.

Хурандаа П.М*******ийг албан тушаал бууруулж томилсон шалтгаан нь Хорих ангийн даргын ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд "Ялтны дундаас орголт, гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх арга хэмжээг хуулийн хүрзэнд зохион байгуулж, холбогдох арга хэмжээг шуурхай авч, харуул хамгаалалтын өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирлагаар хангах" гэж заасны дагуу Хорих 433-р ангид ял эдэлж буй ялтны дундаас гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх арга хэмжээг зөв зохион байгуулаагүйгээс 2015 онд ялтны дундаас гарсан зөрчил 2014 оныхоос өссөн үзүүлэлттэй, мөн ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд "Хууль тогтоомж, тухай жилд дэвшүүлсэн зорилтын хүрээнд Хууль зүйн сайдын болон ШШГЕГ-ын даргын тушаалаар батлагдсан дүрэм, журам зааврыг баримтлан удирдан зохион байгуулж..." гэж заасны дагуу албан хаагчдад тавих сахилга, ёс зүйн хяналтыг зөв зохион байгуулаагүй, хариуцлагыг сулруулсны улмаас 2015 онд Хорих 433 дугаар ангийн алба хаагчдад оногдуулсан сахилгын шийтгэл өмнөх оноос өссөн үзүүлэлттэй гарсан.

Мөн хурандаа П.М*******ийн боловсрол, мэргэшил, ажлын туршлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны А/272 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн заавар"-ын 6.9.3-т "ерөнхий газрын хэлтсийн дарга, хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга нь удирдах албан тушаалд 5-аас дээш жил ажилласан, энэ зааврын 3.2.3-д заасан шаардлагыг хангах" гэж заасантай нийцэхгүй бөгөөд хорих ангийн даргын албан тушаалын тавигдах шаардлагад хүрэхгүй байсан. Өөрөөр хэлбэл ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад Удирдлагын магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, удирдлагын чиглэлээр мэргэшсэн, төрийн тусгай албанд 15-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 5-аас дээш жил ажилласан байх гэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн б/371 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т "албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн", Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т "Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана" гэж заасныг тус тус үндэслэсэн бөгөөд хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 6/371 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж, мөн түүний боловсрол, ажлын туршлагад нийцүүлэн албан тушаалд томилсон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

“...Хорих 411 дүгээр ангийн нийгмийн ажилтнаар томилогдсон, хурандаа П.М******* нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т "... шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг албадан эдлүүлэх төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага ..." гэж заасны дагуу хорих ангийн нийгмийн ажилтан нь ялтны талаар мэдээлэл цуглуулан тэднийг нийгэм, сэтгэл зүйн хувьд тогтвортой байлгах, цаашид үзүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлон мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилладаг маш чухал албан тушаалыг нэг юм.

Мөн П.М******* нь цэргийн жинхэнэ алба хаагч бөгөөд Монгол Улсын иргэний цэргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т "төрийн бодлого, цэргийн удирдлагын шийдвэр, захирагч даргын тушаалыг эсэргүүцэхийг хориглоно" гэж заасныг зөрчиж томилогдсон албан тушаалыг хүлээн авалгүй төрийн албаны тасралгүй байх зарчмыг алдагдуулсан ба Хорих 411 дүгээр ангиас П.М*******тэй холбогдож томилсон ажилдаа ирж ажиллахыг хэлж, өвчтэй бол магадлагаагаа авчирч өгөхийг удаа дараа мэдэгдсэн ч биелүүлээгүй.

Хорих 411 дүгээр ангиас 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 143 дугаар албан бичгээр П.М******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 32 өдөр буюу 256 цагийн ажил тасалсан, энэ байдал нь ангийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл тулгарч байгаа тул дараагийн алба хаагчийг томилж, П.М*******ийг халах санал, холбогдох материал ирүүлснийг үндэслэн холбогдох хууль журамд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч П.М*******ийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/371 дүгээр болон 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн б/611 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн б/371 дүгээр тушаалаар Хорих 433 дугаар ангийн дарга П.М*******ийг “албан хаагчдад тавих хяналт, хариуцлагыг сулруулж ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Хорих 411 дүгээр ангийн нийгмийн ажилтнаар албан тушаал бууруулж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн б/611 дүгээр тушаалаар “хүндэтгэн үзэх шалтгаангүй 22 өдөр ажил тасалсан” үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч маргаан бүхий акт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн б/371 дүгээр болон 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн б/611 дүгээр тушаалыг  хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлсэн...албан хаагчдад тавих ямар хяналтыг зөрчиж хариуцлага сулруулсан нь тодорхойгүй...шалгалтын комиссын удирдамж, дүгнэлт, шийдвэр саналыг танилцуулаагүй...эмнэлгийн акттай ээлжийн амралт олгохыг хүссэн өргөдлөө өгсөөр байхад ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...ялтны дундаас гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх арга хэмжээг зөв зохион байгуулаагүйгээс зөрчлийн тоо өмнөх оноос өссөн, албан хаагчдад тавих сахилга, ёс зүйн хяналтыг зөв зохион байгуулаагүй, хариуцлага сулруулснаас албан хаагчдад ногдуулсан сахилгын шийтгэл өссөн...хорих ангийн даргын албан тушаалд тавигдах мэргэжлийн түвшингийн шаардлага хангаагүй...томилогдсон ажлыг хүлээж авалгүй төрийн алба тасралтгүй байх зарчмыг алдагдуулсан” гэж тус тус тодорхойлон маргав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн б/371 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн б/611 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “ төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасныг тус тус үндэслэсэн байх бөгөөд нэхэмжлэгч П.М*******ийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь тогтоогдоогүй байхад түүнийг албан тушаал бууруулж, уг албан тушаал бууруулсан тушаал шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шүүхэд хянагдаж байх явцад төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь П.М*******ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн б/999 дүгээр тушаалаар Захиргаа, удирдлагын газрын дарга П.М*******ийг Хорих 433 дугаар ангийн даргаар шилжүүлэн томилсон байх бөгөөд хэрэгт явагдсан Хорих 433-р ангийн 2015 оны ялтны зөрчлийн судалгаа, албан хаагчдад оногдуулсан сахилгын шийтгэлийн судалгаа зэргээс үзэхэд судалгааг 2015 оны байдлаар бүтэн жилээр гаргасан, П.М*******ийг ажилд томилогдсоноос хойш буюу 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш Хорих 433 дугаар ангид ялтны зөрчил болон албан хаагчдад ногдуулсан сахилгын шийтгэлийн хичнээн нь П.М*******д хамааралтай эсэх нь тодорхойгүй байхад дээрхи зөрчил нь бүхэлдээ П.М*******д хамааралтай мэтээр дүгнэж түүнийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-т “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заажээ.

Маргаан бүхий акт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн б/371 дүгээр тушаалаар “албан хаагчдад тавих хяналт, хариуцлагыг сулруулж ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” үндэслэлээр П.М*******ийг албан тушаал бууруулсан атлаа шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хорих ангийн даргын албан тушаалд тавигдах мэргэжлийн түвшингийн шаардлагыг хангахгүй байсан” гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах хуульд заасан буюу маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/371 дүгээр болон 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн б/611 дүгээр тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.М*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн б/371 дүгээр тушаал,  2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн б/611 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгон, П.М*******ийг Хорих 433 дугаар ангийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин олговорт 4161011 төгрөгийг олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгасугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.ДУЛАМСҮРЭН