Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2016/0573

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2016/0573

Улаанбаатар хот

 

Иргэн П.Мөнхгэрэлийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч П.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нэргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 497 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн П.Мөнхгэрэлийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 497 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Мөнхгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний б/371 дүгээр тушаал, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн б/611 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгон, П.Мөнхгэрэлийг хорих 433 дугаар ангийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин олговорт 4161011 төгрөгийг олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 497 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн б/371 дүгээр болон 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн б/611 дүгээр тушаалуудыг хүчингүй болгон, П.Мөнхгэрэлийг Хорих 433 дугаар ангийн даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэр нь хэт нэг талыг барьсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн шаардлагад нийцээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд...” гэсэн боловч хариуцагчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд хүргүүлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь судалж дүгнээгүй. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд П.Мөнхгэрэлийг албан үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан талаар тусгасан байсан.

2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... хэрэгт авагдсан Хорих 433 дугаар ангийн 2015 оны ялтны зөрчлийн судалгаа, албан хаагчдад оногдуулсан сахилгын шийтгэлийн судалгаа зэргээс үзэхэд судалгааг 2015 оны байдлаар бүтэн жилээр гаргасан, П.Мөнхгэрэлийг ажилд томилогдсоноос хойш буюу 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш хорих ангид ялтны зөрчил болон албан хаагчдад оногдуулсан сахилгын шийтгэл хэчнээн нь П.Мөнхгэрэлд хамааралтай эсэх нь тодорхойгүй байхад дээрх зөрчил нь бүхэлдээ П.Мөнхгэрэлд хамааралтай мэтээр дүгнэж, түүнийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан болох нь тогтоогдож байна” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч шүүх хуралдааны үеэр хэлсэн тайлбартаа П.Мөнхгэрэлийг Хорих 433 дугаар ангийн даргаар томилогдсоноос хойших зөрчлийн талаар ярьсан байдаг.

Мөн Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа “хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

Хорих ангийн даргын ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтод “Ялтны дундаас орголт, гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх арга хэмжээг хуулийн хүрээнд зохион байгуулах ...” гэж, мөн 2 дугаар үндсэн зорилтод “... Хууль зүйн сайд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан дүрэм, журам зааврыг баримтлан удирдан зохион байгуулж, удирдах дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах,....” гэж заасныг тус тус биелүүлээгүйн улмаас алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж байхдаа, ялтнууд ажил хийж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх зөрчил удаа дараа гарсан тул П.Мөнхгэрэлийг албан тушаал бууруулсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байхад шүүх үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан болох нь тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Иймд хуульд нийцээгүй, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн бодитой дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн, мөн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 497 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн б/371 дүгээр болон 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн б/611 дүгээр тушаалуудыг хэвээр үлдээж өнгө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Мөнхгэрэл “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн б/371, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн б/611 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Пүрэвийн Мөнхгэрэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн б/999 дүгээр тушаалаар Хорих 433 дугаар ангийн даргаар 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс шилжүүлэн томилж, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн б/371 дүгээр тушаалаар “...албан хаагчдад тавих хяналт, хариуцлагыг сулруулж ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалгүй биелүүлсэн” гээд Хорих 411 дүгээр ангийн нийгмийн ажилтнаар 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс албан тушаал бууруулан томилж, мөн тус газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн б/611 дүгээр тушаалаар “...2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүй 22 өдөр буюу 176 цагийн ажил тасалсан зөрчил гаргасан гээд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдохгүй байхад албан тушаал бууруулж, уг албан тушаал бууруулсан тушаал, шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шүүхэд хянагдаж байх явцад төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, нэхэмжлэгчийг ажилд томилогдсоноос хойш  Хорих 433 дугаар ангид ялтны зөрчил болон албан хаагчдад ногдуулсан сахилгын шийтгэлийн хэчнээн нь нэхэмжлэгчид хамааралтай эсэх нь тодорхойгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шүүхэд  хүргүүлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь судалж дүгнээгүй. ...Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын дэргэдэх салбар зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд П.Мөнхгэрэлийг албан үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан талаар тусгасан байсан, ...хариуцагч шүүх хуралдааны үеэр хэлсэн тайлбартаа П.Мөнхгэрэлийг Хорих 433 дугаар ангийн даргаар томилогдсоноос хойших зөрчлийн талаар ярьсан, ...хорих ангийн даргын ажлын байрны тодорхойлолтын 1, 2 дугаар үндсэн зорилтод заасныг тус тус биелүүлээгүй нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон, хуульд нийцээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн бодитой дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хэдийгээр П.Мөнхгэрэлийг зөрчил, дутагдал огт гаргаагүй гэж дүгнэх боломжгүй ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Албаны шалгалт явуулах удирдамж”-аар Хорих 433 дугаар ангийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, дотоод аудит хийж, шалгалтын дүнг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн илтгэх хуудсыг хүргүүлснээс хойш буюу 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн б/371 дүгээр тушаалыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн төдийгүй, Илтгэх хуудаст дурдагдсан зөрчлүүдээс хэд нь нэхэмжлэгчид хамааралтай болох нь тодорхойгүй байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зарчимд нийцэхгүй байна.

Хэрвээ нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаандаа зөрчил гаргасан гэж үзсэн бол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах ёстой. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдохгүй байх бөгөөд маргаан бүхий б/371 дүгээр тушаал гарахаас өмнө албаны шалгалт явуулж, зөрчлийг илрүүлсэн баримт байхгүй байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа төвлөрсөн хорих ангиудын дарга нарын 2015 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтэд Хорих 433 дугаар анги нь 79 хувиар “С” гэсэн үнэлгээ авсан байна.

Төрийн албаны зөвлөлийн зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин үнэлж дүгнэх журмын 6.4.3-т “70-80 хүртэл оноо авсан бол “С” буюу “Хангалттай””, 7.1-д “Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно” гээд “С” буюу “Хангалттай” гэж үнэлэгдсэн бол “цалинг нь нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь хэвээр үлдээх, зохих шатны сургалтад хамруулах”, “D” буюу “Дутагдалтай” гэж үнэлэгдсэн бол “албан тушаал бууруулах” гэж журмалсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж албан тушаал бууруулсан нь дээрх журамд нийцэхгүй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрээс үзвэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлсэн байна.

Эдгээр асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна нэхэмжлэгч П.Мөнхгэрэл шүүх дээр б/371 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байх хугацаанд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн б/611 дүгээр тушаал нь илт хууль бус тул П.Мөнхгэрэлийг ажлаас хууль бусаар халагдсан гэж үзэн, ажилгүй байсан хугацааны олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ШҮҮГЧ                                                            Ц.ЦОГТ

            ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР