Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 324

 

         Г.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К-, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 339 дүгээр магадлалтай, Г.Б-т холбогдох 1803004040385 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, аав, эхнэр, хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г-н Б.

Г.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун урд замд “Хьюндай Трак” загварын *** УНТ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, ...арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай БНСУ-ын иргэн К-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Б-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт зааснаар “Монгол даатгал” ХХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10,000,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Өргөжих хаус” ХХК-ниас 21,300,494 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Б-т ял оногдуулж, хэргийн талаар болон эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ “...гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, ...хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулж шийдвэрлэсэн нь логик зөрчилтэй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Замын Цагдаагийн албаны 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №399 дугаартай шинжээчийн дүгнэлтээр явган зорчигч К-г нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, в/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэсэн байхад Замын Цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №492 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтээр явган зорчигч К-г нь явган хүний зохицуулдаггүй гарцын өмнө тодорхой зайд хүүхэд автомашинд мөргөгдөн унасан гэх Б цэг байх тул явган зорчигч явган хүний гарцын тэмдэглэлтэй хэсгээр буюу явганы гарцын үйлчлэх хүрээнд зам хөндлөн гараагүй байх магадлалтай. Иймд замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.

Хэргийн газрын үзлэгээр илэрсэн “Хьюндай Танклорри” загварын *** УНТ дугаартай автомашины дугуйнуудаас үүссэн 12.6 м урттай мөрүүд нь тоормосны мөр байх тул хурдны тооцоололд ашиглаж болохоор байна, гэж зөрүүтэй дүгнэлт гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх аль дүгнэлтийг нь хэрхэн яаж үнэлж, дүгнэсэн нь тодорхойгүй түүнчлэн шинжээч Г.Алтанхуягын мэдүүлэгт /хх-ийн 106-107/ “...жолооч Г.Б-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дугаар заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзсэн харин явган зорчигч тус 1.5 дугаар заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж гарцгүй газраар ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйж гарч байгаа нь осолтой байдал бий болгож байна гэж үзэхээр байна гэж мэдүүлсэн байхад шинжээч Л.Гансүх /хх-ийн 110/ “...явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж шинжээч бид үзсэн гэж мэдүүлсэн. Гэтэл шинжээч В.Балжинням /хх-ийн 112/ “..явган зорчигч Ким нь явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэглэлтэй хэсгээр гараагүй явган зорчигчид үүрэг хүлээлгэсэн дүрмийн заалт зөрчсөн гэж бид үзсэн зэргээр өөр өөрөөр дүгнэж мэдүүлсэн байхад шүүх аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг тодорхой заагаагүй болно.

Г.Б- нь давж заалдах шатны шүүхийн ажиллагааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нэмж 10,400,000 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сайн дураараа нөхөн төлсөн. Тэрээр өмнө нь гэмт хэрэгт шийтгэгдэж байгаагүй, гэр бүлээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж 4 ам бүл тэжээдэг, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлууд болон хохирлын тодорхой хувийг төлж барагдуулан үлдсэн төлбөрийг иргэний хариуцагч “***” ХХК-ний хамт график гарган нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг хэрэглэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж Г.Б-н ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б-ын үйлдэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Шүүх Г.Б-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Г.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн баруун урд замд тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, ...арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай БНСУ-ын иргэн К-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Г.Б-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдан, шүүхээр хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл, шүүгдэгч Г.Б- нь явган зорчигч 16 настай БНСУ-ын иргэн К-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгийг зөв тодорхойлж зүйлчилсэн байна.

Харин шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Г.Б-т анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан гомдлын “...хэргийг бүхэлд нь хянаж шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 339 дүгээр магадлалд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Б-т 1 /нэг/ жил хорих ял оногдуулсугай” гэсэн өөрчлөлтийг оруулж, тогтоол, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН