Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1535

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/01079 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Э-ын хариуцагч Т.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 31 784 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Т.Б-д 18 000 000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэг сарын хүү болох 1 440 000 төгрөгийг өгнө үү гэхэд Солонгост очоод явуулна гэж хэлээд хойшлуулсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Солонгосоос ирэхэд нь ярьсан боловч өгнө гэж хэлээд өгөөгүй байна. Иймд үндсэн зээл 18 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 440 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойшхи хугацаанд гүйцэтгээгүй үүрэг 19 440 000 төгрөгөөс алдангийг тооцоход нэг хоногийн 97,200 төгрөг болж байгаа ба 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 127 хоногийг 97 200 төгрөгөөр үржүүлэхэд 12 344 400 төгрөг болж нийт 31 784 400 төгрөгийг Т.Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Д.Э-тай зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулсан. Нэхэмжлэгч Д.Э-аас 18 000 000 төгрөгийг бэлэн ба бэлэн бусаар аваагүй. Харин эхнэр Д.Чимгээгээс мөнгө зээлж мөнгөө хүүгийн хамт Д.Чимгээд өгдөг байсан. Энэ мөнгөндөө гэрээ хийе гэж утсаар дуудаж байгаад нотариат орж гэрээ хийсэн. Иймээс Д.Э- бид хоёрын хооронд гэрээ байгуулагдсан болохоос мөнгө төгрөг өгч авалцсан үүрэг үүссэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2, 466.5, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Т.Б-гаас 26 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-ад олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 784 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 872 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-гаас 287 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Т.Б- давж заалдах гомдолдоо:

... Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хууль болон бусад хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Зохигчид удаан хугацааны турш зээлийн харилцаатай байсан. Талууд 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 18 000 000 төгрөгийг тухайн өдөр зээлдэгч Т.Б-д шилжүүлээгүй боловч Д.Э- түүний эхнэр Д.Чимгээ нараас 2017, 2018 онуудад Т.Б-гийн авч байсан зээлийн үлдэгдэл мөн талаар талууд харилцан маргаагүй. Гэр бүлийн дундын өмч гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан гэжээ. Тодруулбал, 2017, 2018 онуудад зээлийн гэрээг Д.Э- болон Т.Б- нар нь хоорондоо зээлийн гэрээ байгуулж байгаагүй. 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Д.Чимгээ ажил дээрээ Т.Б-г дуудан урьдчилж бэлдсэн зээлийн гэрээг үзүүлэн Т.Б-г гарын үсгээ зураад миний таньдаг нотариат дээр очиж батлуулаад ир гэж явуулсан. Нотариат дээр Т.Б- нь ганцаараа очиж зээлийн гэрээг батлуулсан. Нэхэмжлэгч Д.Э- нь шүүх хуралд нотариат дээр Т.Б-тай цуг очоогүй дараа нь очиж нотариатын бүртгэл хөтлөх дэвтэр дээр гарын үсгээ зурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг нь өөрийнх нь биш, эхнэр Д.Чимгээ нь өмнөөс нь гарын үсгээ зурж нотариатаар батлуулсан гэдгийг шүүх хурал дээр хэлсэн. Иймд шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн атал үнэн зөвөөр шүүн тунгаалгүй хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Шинээр илэрсэн нөхцөл байдлыг тодруулаагүй шийдвэр гаргасан. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний агуулгад Иргэний хуулийн 466 дугаар зүйл тооцоо нийлэх гэрээний агуулга огт дурдагдаагүй байхад 466 дугаар зүйлийн 466.2 466.5 дахь заалтуудыг хамруулан шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш гэж хэлсэн. Иймээс шинээр илэрсэн нөхцөл байдал шүүх хуралдаанд илэрсэн тул дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл бий болсон гэж үзэж байна. Мөн Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.3.1 болон 46 дүгээр зүйлийн 46.2 дахь заалтыг зөрчсөн гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцон хүү алдангийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч Т.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 1 440 000 төгрөг, алдангид 12 344 400 төгрөг, нийт 31 784 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч, “...зээлийн үлдэгдэл төлбөрийг 2019 онд тооцоо нийлж 18 000 000 төгрөг гэж үзэхдээ хасагдвал зохих 4 439 000 төгрөгийг хасаагүй, түүнчлэн 2019 онд 18 000 000 төгрөгийг бодитой хүлээж аваагүй тул зээл гэж үзэхгүй, хүү, алданги тооцох учиргүй, иймд 13 561 000 төгрөгийг л төлөх үндэстэй” гэж маргажээ.

 

Хэрэгт баримтаар авагдсан 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч Т.Б- нь 18 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр , 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлж дуусгах үүргийг хүлээсэн, уг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн хоног тутам 0.5 хувиар алданги тооцож төлөхийг зөвшөөрсөн байх ба /хх4/ 2017, 2018 онуудад авсан зээлийн төлбөрийн үлдэгдлийг гаргаж, 18 000 000 төгрөгт зээлийн гэрээг бичгээр байгуулсан талаар хэн аль нь тайлбарлаж байна.

 

Зээлдэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 18 000 000 төгрөгийг тухайн өдөр бэлнээр хүлээн аваагүй ч нэхэмжлэгч Д.Э-ын эхнэр Д.Чимгээгээс  2017, 2018 онуудад удаа дараа зээлж байсан зээлийн үлдэгдэл болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг давж заалдах шатны журмаар хэргийг хэлэлцэхэд гаргасан.

 

            Харин хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэрээг нотариатаар гэрчлүүлэхэд Д.Э- биечлэн байгаагүй, хожим нь ирж нотариатын тэмдэглэлд гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаснаас гадна зээлийн үлдэгдэл дүнгээр дахин зээл олгосон мэт гэрээ байгуулсан нь хууль бус Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

 

Учир нь хариуцагч Т.Б- Д.Э-ын эхнэр Д.Чимгээгээс өмнө авсан зээлийн үлдэгдэл 18 000 000 төгрөг болохыг үгүйсгээгүй, уг үлдэгдэл төлбөрийг бичгээр баталгаажуулж, эргүүлэн төлөх хугацааг тодорхойлж, хүү болон алданги тогтоосон гэрээ байгуулах эрхийг нөхөр Д.Э-ад зөвшөөрсөн нөхцөл байдал зохигчдын тайлбараар тогтоогдсон, уг гэрээг Т.Б- хүлээн зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсныг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Д.Э-ын хувьд эхнэр Д.Чимгээгийн Т.Б-д зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдлээр тооцоо нийлэх замаар гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээгээр хүү, алданги тогтоосон нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2, 466.5 дахь хэсэгт заасанд нийцсэн, шүүх талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үндсэн төлбөр нь хүүгийн хамт 19 440 000 төгрөг, алдангийг 50 хувиар хязгаарлан 9 720 000 төгрөгөөр тооцвол 29 160 000 төгрөгийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх ба шүүх нэхэмжлэгчийн шаардсан 26 000 000 төгрөгөөр нэхэмжлэлийг хангасан нь талуудын зарчимд нийцнэ.

 

            Хэргийн дээрх нөхцөл байдал, хариуцагчийн өөрийнх нь тайлбараас үзвэл  гэрээг хүчин төгөлдөр бус гэх болон өмнөх төлөгдсөн үлдэгдлийг хасаагүй гэх татгалзал үндэслэлгүй, шүүх зохигчдын маргааны үйл баримтыг тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/01079 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ