Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00176

 

   

Д.Энхбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/01079 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1535 дугаар магадлалтай,

 

Д.Энхбатын нэхэмжлэлтэй,

Т.Бурмаад холбогдох,

 

31,784,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Т.Бурмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Д.Энхбатаас Т.Бурмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,784,400 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хариуцагч нь ...Д.Энхбат бид хоёрын хооронд гэрээ байгуулагдсан болохоос мөнгө өгч авалцсан зүйл байхгүй, харин эхнэр Д.Чимгээгээс мөнгө зээлж, мөнгөө хүүгийн хамт Д.Чимгээд өгдөг байсан, энэ мөнгөндөө гэрээ хийе гэж дуудаж байгаад Д.Энхбаттай гэрээ хийж нотариатаар батлуулсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/01079 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2, 466.5, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Т.Бурмаагаас 26,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Энхбатад олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,784,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1535 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/01079 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Т.Бурмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт ...анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна гэж дүгнэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, тэгш эрхийн зарчмыг алдагдуулж хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбар, мэдүүлгийг үнэлж үзэхгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн болон хэргийн оролцогч бус этгээдийн тайлбар мэдүүлэг, тоо тооцооллын алдаатай баримтыг үндэслэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх нь тэдгээр зөрчил, алдаа дутагдлуудыг илрүүлж арилгахгүй, харин ч зөвтгөж хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

4.1. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Д.Энхбатын шүүхэд гаргаж өгсөн хавтаст хэргийн 112-р талд байгаа хэргийн оролцогч бус этгээд болох Д.Чимгээгийн гараар бичигдсэн тооцоонд байгаа дүнгээр (31,840,000 төгрөг) Д.Энхбат, Д.Чимгээ, Т.Бурмаа нар 2017, 2018 онуудад Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээг тухай бүр байгуулж байсан байна гэж дүгнэсэн байдаг. Анхан шатны шүүх Д.Чимгээг хэргийн оролцогч бус этгээд гэж тодорхойлсон атлаа түүний гараар бичигдсэн баримтыг үндэслэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Д.Чимгээ нь Д.Энхбатын нэхэмжлэлтэй Т.Бурмаад холбогдох хэрэгт хэргийн оролцогч, гуравдагч этгээд, гэрчийн аль нь ч биш, Д.Энхбат, Д.Чимгээг шүүхэд төлөөлөх эрхгүй, шүүх Д.Чимгээг тухайн хэрэгт хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулаагүй байгаа тул мөн хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүргийг Д.Чимгээ эдлэх эрхгүй, Д.Энхбатын нэхэмжлэлд тайлбар, нотлох баримт гаргах, тэдгээрийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Хариуцагч Т.Бурмаа нь 2020.05.01 өдөр Д.Энхбаттай байгуулсан 2019.09.16-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан. ИХШХШТХ-ийн 73-р зүйлийн 73.1-д зааснаар хариуцагч үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шийдвэрлэхээс өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар заасан байхад анхан шатны шүүх шаардлагаа тодорхойлсон нь ойлгомжгүй гэх шалтгаанаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хариуцагч Т.Бурмаагийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шүүхийн алдаа гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл уг алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж, засаагүй орхигдуулсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020.04.02-ны өдөр анхан шатны шүүхэд бичгээр хүсэлт гаргаж ...Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Энхээг гэрчээр оролцуулах, мөн 2020.05.07-ны өдөр дахин бичгээр гаргасан хүсэлтдээ ...нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Барьцаат зээлийн гэрээнүүдэд байгаа 5,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, 18,000,000 төгрөгийн баримтад байх гарын үсэг нь хариуцагч Т.Бурмаагийнх биш тул шинжээч томилуулах хүсэлтийг тус тус гаргаж байсныг шүүх мөн хангахаас татгалзсан байна. Гэтэл шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх талаар ИХШХШТХ-ийн 38-р зүйлийн 38.6-д заасан байхад анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн нотариатч Б.Энхээг гэрчээр оролцуулах, гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлтүүдийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ноцтой алдаа болох бөгөөд энэ үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь мөн хуулийн 168-р зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасантай нийцнэ гэж үзэж байна.

4.2. Шийдвэр, магадлал нотлох баримтанд үндэслэгдээгүй, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар.

Хэрэгт авагдсан баримтаар Д.Чимгээ нь хариуцагч Т.Бурмаад 2017, 2018 онуудад дансаар мөнгө шилжүүлэн зээлдүүлж байсан боловч Зээлийн гэрээг бичгээр хийдэггүй байсан нь тогтоогдсон. Зээлийн гэрээг бичгээр хийдэггүй байсан, учир нь зээлдэгчид өдөр бүр төлөх өндөр хүүтэй зээл авч, өгч, мөнгө хүүлж байсан байдлаа нууж байсантай холбоотой бөгөөд зээлдэгчээс өдөр бүр авч байсан мөнгөний баримтын хувийг зээлдэгчид тэр бүр үлдээдэггүй, зөвхөн өөртөө авч үлддэг, зээлийн үндсэн төлбөр, хүүнд авсан тооцоог үнэн зөв, шударгаар хийдэггүй байсан, хүүнд гэж авч байсан мөнгөнүүд ямар ч баримтанд тусгагдахгүй, тооцоонд оролгүй үлдэх тохиолдлууд байдаг байсан нь зээлийн маргаан үүссэнээс хойш ил болсон. Д.Чимгээ нь 2017, 2018 онуудад Т.Бурмаад дансаар өгч байсан зээлийн үлдэгдлийг Т.Бурмаатай тооцоо нийлж гаргаагүй байсан атлаа 2019.09.16-ны өдөр 18,000,000 төгрөгийг Т.Бурмаад зээлэх утга бүхий ойлголт өгч, энэ зээлж байгаа мөнгөнөөсөө урд онуудын зээлээс хасч тооцно гэж ойлгуулснаар Т.Бурмаа нь ноцтой төөрөгдлийн улмаас 18,000,000 төгрөгийн зээлийг дахин шинээр авах зээл гэж ойлгон Д.Энхбаттай дээрх зээлийн гэрээг хүү, алданги тооцох нөхцөлтэйгөөр байгуулсан байна. Тухайн үед 2017, 2018 оны зээлийн үлдэгдэл яг хичнээн төгрөг байгааг Д.Чимгээ, Т.Бурмаа нар харилцан тооцоо нийлээгүй, 18,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тохироогүй, ийм тооцоог гаргаагүй байсан. Гэтэл Д.Энхбат, Д.Чимгээ нар 2019.09.16-ны өдрийн Зээлийн гэрээг ашиглан 18,000,000 төгрөг нь урд оны үлдэгдэл мэтээр тайлбарлан хүү, алданги тооцон үндэслэлгүй их хэмжээний мөнгийг Т.Бурмаагаас нэхэмжилж шүүхэд хандсан байдаг. Д.Энхбат нь шударга бусаар 18,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ нь урд онуудын Д.Чимгээгийн Т.Бурмаад өгч байсан зээлийн үлдэгдэл болгож харагдуулахын тулд олон төрлийн хуурамч нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгч байсан.

Тухайлбал: Нэхэмжлэгч Д.Энхбат 2020.04.03-ны өдөр 14 хуудас баримтыг (ХХ-78-91) нотлох баримтаар өгсөн байдаг. Үүний 87-р хуудсанд Д.Чимгээ ...ингээд 5 сая+5,000,000 төгрөг+8,000,000 төгрөг=18,000,000 төгрөг болсон. 3 хувааж зээл, зээлийн хүүг төлж дуусгахаар тохирч 2019.09.16-ны өдөр дахин гэрээ хийж гарын үсэг зуруулж нотариатаар оруулж үлдсэн нь үнэн болно гэсэн бичвэр, мөн 88-91-р хуудаст байгаа барьцаат зээлийн гэрээнүүд бүгд хуурамч нотлох баримтууд болно. Учир нь Д.Чимгээгийн гараар бичсэн болон барьцаат зээлийн гэрээнд байгаа дүнгээр Т.Бурмаа мөнгө авч байгаагүй бөгөөд гарын үсэг нь ч Т.Бурмаагийнх биш юм. Мөн Д.Энхбат нь 2020.04.24-ний өдөр дахин 9 хуудас нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн байдаг. (Х-109-118). Эдгээр баримтуудын 111-р хуудаст Д.Чимгээгийн гараар бичсэн бичвэрээс 12,326,000 төгрөг Бурмаа өгсөн, 19,514,000 төгрөг өгөөгүй үлдсэн төгрөг (Бурмаа), 19,514,000 төгрөг дутуу байсан. Бурмаатай ярилцаад 18,000,000 төгрөгийг хүүтэй нь өгөхөөр тохиров. Зөрүү 1,514,000 төгрөгийг төлөхгүйгээр хасав гэж бичсэн тоо тооцоонуудыг Д.Чимгээ нь Т.Бурмаатай тооцоо нийлж гаргаагүй, ярилцаагүй, тохироогүй атлаа өөрөө зохиож бичсэн байдаг тул энэ тооцоог хариуцагч хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Харин Д.Чимгээгийн бичсэн 113-р хуудаст байгаа Т.Бурмаа 2017.04.06-наас хойш манайд буцаан өгсөн гэх 12,326,100 төгрөгийн дүн бүхий тооцооны жагсаалтанд 2018 онд хариуцагч бэлэн мөнгөөр Д.Чимгээд хүснэгтэнд гарын үсэг зуруулан авч, өгсөн 750,000 төгрөг, омега амин дэмийн 1,559,000 төгрөгийг Д.Чимгээ нь огт оруулж тооцоогүй байгаа болно. Эдгээр 750,000 төгрөг болон 1,559,000 төгрөгийн талаарх баримтыг хариуцагч тал (Х-62,63) шүүхэд гаргаж өгсөн, гэрч Б.Хишигжаргал тодорхой ярьсан (Х-146), омега амин дэмийг авсан, одоо өөрт нь байгаа талаар нэхэмжлэгч Д.Энхбат мэдүүлсэн (Х-132,133) зэргээр нотлогдож байхад анхан шатны шүүх хариуцагч талын Д.Чимгээд өгсөн дээрх бэлэн мөнгө, омега амин дэмийн үнэ болох 2,309,000 төгрөгийг тооцоонд оруулаагүй, нотлох баримтаар үнэлээгүй, энэ талаар шүүх шийдвэртээ хариуцагч 4,200,000 төгрөгийн үнийн дүнгээр үндэслэл бүхий нотлох баримт гаргаж, мэтгэлцэж чадсангүй гэж дээр дурдсан нотлох баримтууд, тоо тооцоолол, үнийн дүнг үгүйсгэсэнд гомдолтой байгаа болно.

Мөн Д.Чимгээгийн бичсэн Т.Бурмаагийн манайд буцааж өгсөн гэх жагсаалт, тооцоонд (Х-113), 2018.03.04-нд 600,000 төг, 2018.02.23-нд 400,000 төгрөгийг Д.Чимгээгээс Т.Бурмаа өглөө нь аваад орой нь бэлнээр буцааж өгсөн байхад Д.Чимгээ нь мөн л тооцоондоо оруулаагүй, түүнчлэн хавтаст хэргийн 146-р хуудаст Д.Энхбат 4,000,000 төгрөг авсан гэж ярьсныг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан байгаа болно.

Иймд дээр дурдсан тоо, тооцооллоор Т.Бурмаа Д.Чимгээд 2017 онд 9,582,000 төгрөгийг өгсөн, 2018 онд Д.Чимгээгийн тооцоо жагсаалтаар 2,744,100 төгрөг (Х-113), хүснэгтээр Д.Чимгээгийн гарын үсэг зурж авсан 750,000 төгрөг (Х-63), омега амин дэм авсан 1,559,000 төгрөг (Х-132,133), 2018.02.03-нд 400,000 төгрөг, 2018.03.04-нд 600,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг өглөө нь аваад орой нь буцааж өгсөн, Д.Энхбатын авсан 4,000,000 төгрөг (Х-63,146), нийт 2018 онд 10,053,100 төгрөгийг бэлэн болон бараа бүтээгдэхүүн хэлбэрээр Д.Чимгээд өгсөн байгаа юм. Ингээд нийт 2017 оны 9,582,000 төгрөг, 2018 оны 10,053,100 төгрөг, нийт Д.Чимгээд өгсөн 19,635,100 төгрөгийг анх дансаар авсан 31,840,000 төгрөгөөс хасч тооцвол үлдэгдэл нь 11,844,900 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм.

Гэтэл Д.Чимгээ, Д.Энхбат нарт 2017, 2018 оны үлдэгдэл 18,000,000 төгрөг байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь 2017, 2018 оны үлдэгдлийг Д.Энхбат, Д.Чимгээ нар Т.Бурмаатай тооцоо нийлээгүй, ярьж тохироогүй атлаа тэд өөрсдөө дур зоргоороо 18,000,000 төгрөг гаргаж ирж байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн түүнчлэн 18,000,000 төгрөгийн тооцоо үндэслэлгүй гэдгийг тэдний өөрсдийнх нь тайлбар тооцоогоор ч үгүйсгэгдэж байгаа болно. 2019.06.16-ны өдрийн 18,000,000 төгрөгийн Зээлийн гэрээг хийхдээ хариуцагч Т.Бурмаа дахин шинээр авч урд үлдэгдлээсээ төлөх зээл гэж ойлгосон болохоос 2017, 2018 оны зээлийн үлдэгдлийг тооцож дахин шинээр байгуулж байгаа зээлийн гэрээ гэж ойлгоогүй, төөрөлдөж байгуулсан гэрээ юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх 2019.09.16-ны өдрийн Зээлийн гэрээг Д.Чимгээ, Т.Бурмаа нарын урд оны зээлийн тооцоо нийлсэн гэрээ гэж өөр өөр эрх зүйн харилцаануудыг хольж, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Дээрх баримт тооцоогоор 2017, 2018 оны зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг байгаагүй, талууд тооцоо нийлж үлдэгдлээ гаргаагүй байхад ноцтой төөрөгдлийн улмаас хариуцагч нь Д.Энхбаттай зээлийн гэрээ хийсэн. 2019.09.16-ны өдрийн Зээлийн гэрээгээр мөнгө шилжээгүй тул Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4-д зааснаар гэрээ байгуулагдсанд тооцохгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Д.Энхбатын дур зоргоороо хүссэн, ямар ч баримт нотолгоонд тулгуурлаагүй хэлсэн 26,000,000 төгрөгийн дүнгээр шүүх нэхэмжлэлийг 26,000,000 төгрөгөөр хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэл, баримтаар Т.Бурмаа нь Д.Энхбатад 26,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр, магадлал нь нотлох баримтанд үндэслээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж, гомдолтой байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Зохигч зээлийн гэрээний харилцаатай байсан, талууд тооцоо нийлж, зээлийн төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1. дэх заалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, шүүх Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1.-д заасан тооцоо нийлэх гэрээ байгуулсан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ, тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөх шаардах эрх үүснэ, тооцоо нийлэх гэрээний дагуу төлөх төлбөрт хүү тооцож болно.

 

Зохигч 2019.09.16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр хариуцагч Т.Бурмааа 18,000,000 төгрөгийг 2019.10.16-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн байна.

 

Хариуцагч нь гэрээнд заасан мөнгийг нэхэмжлэгчээс хүлээж аваагүй гэх боловч тэдгээрийн хооронд өмнө байсан зээлийн гэрээний үүрэг гэдэгтэй маргаагүй, гагцхүү энэ мөнгийг нэхэмжлэгч Д.Энхбат бус түүний эхнэр Д.Чимгээ нэхэмжлэх эрхтэй гэж маргасан байна.

 

7. Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр хариуцагч нь Д.Энхбат болон түүний эхнэр Д.Чимгээ нараас 2017, 2018 онуудад зээл авч байсан, зээлийн харилцаанд Д.Чимгээ болон Д.Энхбат нар ээлжлэн оролцож байсан, тэдгээр нь гэр бүлийн гишүүд тул хамтран зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчид, гэрээний үүргийг Д.Энхбат дангаар шаардаж, нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1.-д нийцжээ.

 

Улмаар гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн төлбөр 18,000,000 төгрөг, хүү 1,440,000 төгрөгийг алдангийн хамт нийт 26,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

8. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

8.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээний хүчин төгөлдөр байдалд зайлшгүй дүгнэлт хийх тул тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгуулахаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй, энэ шаардлагыг хариуцагчийн хариу тайлбартай адилтгах боломжтой.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2. дахь заалтыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

 

8.2. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлыг өөрөө нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 116 дугаар зүйлийн 116.3.-т зохицуулжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасны дагуу тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүх нотлох баримт үнэлэх журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас төлбөрт өгсөн гэх омега болон бэлэн мөнгийг хасч тооцсон талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, хариу тайлбар татгалзаа нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

 

8.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчээс мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэх зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлэх үүрэгтэй.

 

Хариуцагчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийн дагуу 5,000,000, 8,000,000, 18,000,000 төгрөгийн баримт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй, дээрх баримтуудаар нотлогдох үйл баримт болоогүй талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

 

9. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/01079 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1535 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Т.Бурмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас 2020.08.05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД