Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1534

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/01717 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Э-ы хариуцагч Б.Г-, М.М- нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 71 725 000 төгрөг гаргуулах үндсэн, 78 405 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Э- нь хариуцагч Б.Г-, М.М- нартай хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхант 11-10в тоот хаягт байрлах, 141.04 м.кв талбай бүхий амины орон сууцыг хариуцагч нарт 121 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцоод 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2014 оноос эхлэн энэ асуудал яригдаад 2014 оны 9 дүгээр сард 15 000 000 төгрөгийн үнэ бүхий бараа, материалыг нэхэмжлэгч А.Э-д хариуцагч Б.Г-, М.М- нар хүлээлгэн өгсөн байдаг. Энэ талаар хэн аль нь маргахгүй байгаа. 2014 оны 11 дүгээр сард Б.Г- Л.Ц-гоос 50 000 000 төгрөгийг зээлэн авч, энэ мөнгөө тухайн үедээ шууд А.Э-ы данс руу шилжүүлсэн. Учир нь тухайн үед зээлсэн мөнгийг А.Э-д барилгын төлбөрт тооцон өгөх ёстой байсан, Б.Г- нь өөрөө Хас банкны дансгүй гэсэн шалтгаантай байсан. Нийт урьдчилгаанд 65 000 000 төгрөгийг авсан байсан. Мөн А.Э- нь хариуцагч нарын орон сууцыг барьж дуусгахын тулд Ариг банкнаас зээлсэн байсан 34 775 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч М.М- өөрийн мөнгөөр төлсөн. Ингэснээр нийт уг орон сууцыг барихад нийт 99 775 000 төгрөгийг хүлээж авснаар нийт үнийн дүнгээс 21 725 000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн байсан. Үлдэгдэл мөнгөний талаар тухайн үедээ санхүүгийн хүндрэлтэй байна гэж Б.Г-, М.М- нар гуйж байсан учраас нэхэмжлэгч А.Э- нь 21 725 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг аваад тооцоогоо дуусгах талаар талууд харилцан ярилцаж байсан байдаг. Гэтэл 2014 оны 11 сард хариуцагч Б.Г- нь иргэн Л.Ц-гоос зээлж А.Э-ы данс руу шилжүүлж байсан 50 000 000 төгрөгийг Б.Г- төлөөгүй учраас иргэн Л.Ц- нь эхлээд Б.Г-эд холбогдуулан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл иргэний хэргийн шүүхээр хэдийгээр зээлийн гэрээ байгуулагдаад, эхний 5 сарын хүү болох 1 000 000 төгрөгөөр 5 удаа Б.Г- нь Л.Ц-д хүү төлсөн байдаг боловч яг мөнгө хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, 50 000 000 төгрөгийг А.Э-ы дансанд шилжүүлсэн байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг анхан шатны шүүхээр хэрэгсэхгүй болгосон. Энэ асуудлаар Л.Ц- нь цаашаа давах гомдол гаргаагүй тул шийдвэр хүчин төгөлдөр болсон. Харин Б.Г-ийн хүсэлтийн дагуу А.Э-ы дансаар мөнгийг шилжүүлсэн бөгөөд тухайн мөнгө А.Э-ы дансанд орсон шалтгаанаар Л.Ц- нь А.Э-д холбогдуулаад шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, гарсан шийдвэрийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх тус тус хэвээр үлдээсэн. Б.Г-ээс байрны төлбөрт авсан 50 000 000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр Л.Ц-д А.Э- буцаан төлөх болсон. Б.Г- нь тус мөнгийг байрны урьдчилгаанд өгсөн гэдгийг Л.Ц-гийн Б.Г-эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 ны 5 дугаар сарын 02-ны өдрийн 497 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тухайн үед ажиллагаанд оролцсон гэрч А.Э-ы мэдүүлэг зэргээр 50 000 000 төгрөг ямар зорилгоор А.Э-ы данс руу шилжиж орсон гэдэг нь тогтоогдоно. Урьдчилгаа гэж авсан 99 775 000 төгрөгөөс 50 000 000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр Л.Ц-д төлөгдөхөөр шийдэгдсэн учраас 49 775 000 төгрөгийг байрны урьдчилгаанд авсан болно. Үлдэгдэл 71 725 000 төгрөг төлөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэлийг гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар энэ мөнгийг төлсөн, илүү төлсөн мөнгөө авна гэж маргадаг. Гэтэл төлсөн гэх мөнгөнүүд нь асуудалтай байгаа. 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр А.Э-ы Хаан банкны 5119023359 тоот данс руу М.М-аас орсон 13 800 000 төгрөг нь А.Э- нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Нэткапитал ББСБ”-аас зээлж авсан 15 000 000 төгрөгөөсөө 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 14 000 000 төгрөг болон 800 000 төгрөгөөр нийт 14 800 000 төгрөгийн зарлага гаргаж авсан. Энэ мөнгөө аваад хариуцагч нарт 13 800 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл хариуцагч М.М- бэлнээр аваад өөрийн дансаар оруулаад А.Э-ы Хаан банкны 5119023359 тоот данс руу байрны урьдчилгаа гэсэн утгатай гүйлгээ хийж шилжүүлсэн. Мөн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөн А.Э- нь “Нэткапитал ББСБ”-аас 15 000 000 төгрөгийг зээлж авсан байдаг. Энэ талаар нотлох баримтыг хэрэгт өгсөн байгаа. 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 13 600 000 төгрөгийг өөрийн данснаасаа гаргаад мөн хариуцагч нарт бэлнээр өгч энэ мөнгийг хариуцагч М.М- мөн байрны урьдчилгаа гэсэн утгатай гүйлгээ хийж А.Э-ы Хаан банкны 5119023359 тоот данс руу хийсэн. Ямар учраас А.Э-аас бэлнээр мөнгө аваад буцааж данс руу нь хийгээд байсан бэ гэхээр хариуцагч нар нь худалдан авсан үл хөдлөхөө барьцаалан банкнаас зээл авах гэж байсан ба зээл авахдаа байрны урьдчилгаанд мөнгө хийсэн гэж баримт бүрдүүлэхийн тулд ийм байдлаар зохиомол, дүр эсгэсэн гүйлгээг хийсэн. Энэ талаар нэхэмжлэгч А.Э-ы эхнэр асуудлыг маш сайн мэдэж байгаа. Мөн дээрээс нь хэрэгт авагдсан дансны хуулгууд, орлого зарлагын гүйлгээ хийгдсэн он, сар, өдөр, цаг, минут, хугацаа зэргээс тодорхой харагдана. Бодит байдал дээр М.М-ын шилжүүлсэн гээд байгаа 13 800 000 төгрөг, 13 600 000 төгрөг нь М.М-ын А.Э-д өгөөд байгаа мөнгө биш, харин А.Э-ы өөрийнх нь мөнгө бөгөөд банкнаас зээл авахад урьдчилгаа төлсөн болж харагдах гэж хариуцагч нарын хийсэн зохиомол гүйлгээ юм. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч нар банкнаас зээл аваад 108 000 000 төгрөгийг төлсөн гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр хариуцагч нарын яриад байгаа шиг хэмжээний мөнгийг төлчихсөн байсан бол энэ өдөр 108 000 000 төгрөгийн зээл авах, цаашлаад А.Э-д шилжүүлэх ямар ч үндэслэл байхгүй. Хариуцагч нар 108 000 000 төгрөгийн зээл авч, А.Э-ы данс руу хийлгээд, тэр мөнгөө буцаагаад бэлнээр гаргуулаад аваад явсан байдаг. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цаг 44 минутад М.М-аас А.Э-ы Хаан банкны данс руу орж 7 минутын дараа буюу 18 цаг 51 минутад 108 000 000 төгрөг буцаад бэлнээр зарлага хийгээд гараад явсан. Тухайн үед хариуцагч Б.Г- нь Дарханы Хаан банкны зээл хариуцдаг даргын албан тушаалтай, М.М- нь банкны ахлах теллер хийж байсан. Албан тушаалаа ашиглаад энэ хүмүүсээр мөнгөө бэлнээр гаргуулж аваад үлдэгдэл 21 725 000 төгрөгөө удахгүй өгнө. Зээлээ гаргуулчхаад, ломбардын зээлээ дарж дуусгачхаад буцаагаад танд үлдэгдэл мөнгөө өгнө гэдэг тайлбар хэлээд 108 000 000 төгрөгөө бэлнээр аваад явсан. Илүү төлсөн гэх зүйл байхгүй. Харин ч А.Э- нь хариуцагч нараас төлбөрөө дутуу авсан. Нийт 99 775 000 төгрөгийг төлсөн байсан хэдий ч 50 000 000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр Л.Ц-д олгогдохоор болсон учраас 49 775 000 төгрөгийг төлсөн гэж үзнэ. Тэгэхээр үлдсэн 71 725 000 төгрөгийг өнөөдөр хүртэл төлөөгүй. Үлдэгдэл мөнгөө төлөх талаар хариуцагч нараас удаа дараа шаардаж, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан учраас шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж Б.Г-, М.М- нарын хаягийг олж байсан. Мөн хариуцагч Б.Г- 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч А.Э- болон түүний гэргий Ж.Гармаа нарыг гэртээ байх үед гэрт нь ирж хоорондоо ярилцаж тохиролцоод тооцоо нийлсэн нь энэ хүмүүсийн хооронд төлбөр төлөгдөөгүй байсныг нотолдог. Энэ үед талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор Л.Ц-гоос шилжиж ирсэн 50 000 000 төгрөг дээр нэмээд өмнөх үлдэгдэл 21 725 000 төгрөгийн хамт өгөөрэй гэдэг асуудал яригдахад хариуцагч Б.Г- мөнгө төгрөг хэцүү байна гэсэн асуудал ярилцаж тохиролцоод үлдэгдэл 21 725 000 төгрөгийг 10 000 000 төгрөгөөр тооцож, Л.Ц-гоос авсан 50 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг төлнө гэж үүнийг нь бичгийн хэлбэрт буулгаад тооцоо нийлсэн тодорхойлолт 3 хуудас гар бичмэл байдаг. Мөн 108 000 000 төгрөгийг тухайн үед бэлнээр авч явсантай холбоотойгоор хэрэгт баримт ирсэн. Бид өмнө нь Дарханд үйл ажиллагаа явуулдаг ломбардаас хариуцагч нар зээл авч байсан эсэх талаар лавлагаа гаргуулж байсан. Гэтэл ломбардыг ажиллуулдаг гэх А.Оюун нь тус ломбардаас зээл авч байгаагүй гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн. Гэтэл одоо хэрэгт авагдсан баримтаар Б.Буянсэд болон түүний гэргий А.Оюун нараас зээл аваад, зээлээ төлж барагдуулсан талаар тайлбар, тодорхойлолт дансны хуулга хэрэгт авагдсан байгаа. Ломбардын захирлын гэр бүлээс мөнгө зээлээд эргүүлж төлсөн. Одоо нэхэмжлэгч А.Э- нь мөнгөө дутуу авчхаад, өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгчхөөд, өөрөө хохироод явж байна. Биеийн байдал нь тааруухан байгаа тул эрүүл мэндийн шалтгаанаас болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцоогүй. Өөрөө ирсэн бол илүү тодорхой ярих байсан байх. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох 71 725 000 төгрөгийг хариуцагч Б.Г-, М.М- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Татгалзлын үндэслэл нь хариуцагч Б.Г- болон М.М- нар нь 141 м.кв талбайтай амины орон сууцыг 1 м.кв талбайг 600 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод нийт 84 600 000 төгрөгөөр анх нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч А.Э-д амины орон сууцны урьдчилгаа төлбөрт 2014 оны 9 дүгээр сард 15 000 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч А.Э-ы Хаан банкны 5374300003 тоот дансанд 2 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 400 000 төгрөг, хариуцагч М.М- нь Хаан банкны 5099037188 тоот данснаас нэхэмжлэгч А.Э-ы Хаан банкны 5119023359 тоот дансанд 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 800 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 13 500 000 төгрөг нийт 44 700 000 төгрөгийг төлсөн. 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 800 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан зүйл байхгүй. Дээрх мөнгийг М.М-ын эгч н.М, Б.Г-ийн ах н.Б нараас байрны урьдчилгаанд туслалцаа үзүүлж шилжүүлсэн байдаг нь М.М-ын дансны хуулгаар нотлогддог. Энэ баримт хэрэгт авагдсан байгаа. 2016 оны эхээр нэхэмжлэгч талаас барилгын материалын үнэ өссөн шалтгаанаар 121 500 000 төгрөгөөр байшинг худалдан борлуулахаар санал тавихад хариуцагч нарын зүгээс үнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, төлсөн 44 700 000 төгрөгийг буцааж өгөхийг хүссэн боловч нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар төлбөр төлөх боломжгүй гэх шалтгаанаар арга буюу 121 500 000 төгрөгөөр худалдаж авахаар 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр А.Э-ы Ариг банкнаас зээлсэн байсан 34 775 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч М.М- өөрийн мөнгөөр төлсөн. Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан татварт 2 430 000 төгрөгийг худалдагч тал төлөх байсан боловч дараа буцааж төлнө гээд М.М-аар төлүүлсэн. Эдгээр төлөлтийн дараа хариуцагч нарын зүгээс тухайн орон сууцны 1 дүгээр давхрын гал тогооны өрөөний тааз, 2 дугаар давхрын паркетан шал, ариун цэврийн өрөө, душ зэргийг засварлаагүй, гараашийн хаалгагүй байсан төдийгүй зарим нэг дотор заслууд чанарын шаардлага хангаагүй байсан тул нэхэмжлэгч А.Э- нь гэрээний 121 500 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг хасахаар тохирсон. Хариуцагч М.М- нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкнаас 108 000 000 төгрөгийн зээл авч А.Э-ы Хаан банкны 5374300003 тоот дансанд шилжүүлж төлбөрийг барагдуулсан. Нэхэмжлэгч А.Э- нь хариуцагч нараас илүү авсан 78 405 000 төгрөгийг өгөхгүй өнөөдрийг хүртэл хойшлуулж байсан төдийгүй буцааж өгөх санаа зорилгогүйгээр хариуцагч нараас 71 725 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч А.Э-д амины орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотойгоор 189 905 000 төгрөгийг төлсөн. Үүн дээр 50 000 000 төгрөгийг нэмж тооцвол нийтдээ 239 905 000 төгрөгийг төлөх болоод байгаа. Хариуцагч нарын зүгээс ямар нэгэн байдлаар 50 000 000 төгрөгийн зээл огт аваагүй. Энэ нь шийдвэрт тодорхой дурдагдсан байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Г-, М.М- нарын зүгээс нэхэмжлэгч А.Э-тай 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 121 500 000 төгрөгийн үнэ бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч нар нь 2014 оны 9 дүгээр сард 15 000 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг хүлээлгэн өгсөн. Энэ талаар хэн аль нь маргадаггүй. Мөн А.Э-ы Хаан банкны 5374300003 тоот дансанд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 400 000 төгрөг, хариуцагч М.М- нь Хаан банкны 5099037188 тоот данснаас А.Э-ы Хаан банкны 5119023359 тоот дансанд 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 800 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 13 500 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр А.Э-ы Ариг банкны зээлийг хааж 34 775 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан татварт 2 430 000 төгрөгийг А.Э- төлөх ёстой байсныг өмнөөс нь М.М- төлсөн. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч М.М-ын Хаан банкны 5045241596 тоот данснаас А.Э-ы Хаан банкны 5374300003 тоот дансанд 108 000 000 төгрөг, нийт худалдах, худалдан авах гэрээний дагуу 189 905 000 төгрөгийг А.Э-д өгсөн. Хариуцагч Б.Г-, М.М- нар нь А.Э-ы хүлээлгэн өгсөн байшингийн засварын ажил дутуу, чанарын шаардлага хангахгүй байсантай холбогдуулан гэрээний нийт үнийн дүнгээс 10 000 000 төгрөгийг хасаж тооцож, орон сууц худалдан авах гэрээний үнийн дүнг 111 500 000 төгрөг байхаар амаар харилцан тохиролцсон. Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхант 11-10в тоот хаягт байрлах, 141.04 м.кв талбай бүхий амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үүргийн үнийн дүнгээс 78 405 000 төгрөгийг хариуцагч А.Э-д илүү төлсөн тул А.Э-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 78 405 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт байрны урьдчилгаа гэж А.Э-ы данс руу шилжүүлж байгаа мөнгө нь А.Э-ы “Нэткапитал ББСБ”-аас 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээл аваад 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 11 минутад Худалдаа хөгжлийн банкны данснаасаа гаргасан нь нотлох баримтаар нотлогдоно. Энэ гаргасан зарлага нь эргээд 29 минутын дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутад М.М-ын Хаан банкны 5099037188 тоот данс руу 14 000 000 төгрөгийг бэлэг н.Баянжаргал гэдэг утгатайгаар шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн мөнгийг 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 28 минутад А.Э-ы Хаан банкны 5119023359 тоот дансанд 13 800 000 төгрөгийг М.М-аас байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн байдаг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Мөн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч А.Э- нь Худалдаа хөгжлийн банкны 403143804 тоот данснаас 16 цаг 05 минутад 13 600 000 төгрөгийн зарлага гаргаад 32 минутын дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 37 минутад М.М-ын Хаан банкны данс руу н.Мөнхсайханаас туслалцаа гэдэг утгаар шилжүүлээд эргээд 16 цаг 55 минутад А.Э-ы данс руу М.М-аас байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн байдаг нь мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Тэгэхээр энэ 27 600 000 төгрөг нь угаасаа А.Э-ы мөнгө байсан. Тухайн үед ямар зорилгоор авч байсныг гэрч болон нэхэмжлэгч А.Э- тайлбартаа бичдэг. Таны энэ мөнгийг дансаараа оруулаад таны данс руу хийчихье, зээл авахад урьдчилгаа төлсөн харагдах шаардлагатай байна гэж хэлээд энэ мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Үнэхээр ах, эгч нар нь мөнгө хийсэн бол тэрийгээ нотлох ёстой. 108 000 000 төгрөгийн тухайд 108 000 000 төгрөгийг бэлнээр аваад явсан тухай үйл явдал яригддаг. Хариуцагч Б.Г- нь энэ мөнгөө бэлнээр авч яваад Дархан-Уул аймгийн Түнш ломбардад зээлээ төлөөд, буцаагаад зээл аваад танд өгье, зарим мөнгийг нь өөрийнхөө эхнэр М.М-ын данс руу хийнэ гээд аваад явсан гэж яригддаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлох боломжтой. Гуравдугаарт 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр А.Э-ы Хаан банкны 5374300003 тоот дансаар авсан 2 000 000 төгрөгийг зээлж аваад эргүүлж өгсөн мөнгө гэж А.Э- тайлбарладаг. Тэгсэн хирнээ байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн байдаг. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 400 000 төгрөгийг хариуцагч нарт зээлж өгөөд эргүүлж А.Э-д өгсөн мөнгө, байрны мөнгө биш гэж хэлдэг. 2 400 000 төгрөгийг байрны төлбөр биш, миний зээл юм гэдэг. Хэрвээ мөнгө илүү төлсөн юм бол яагаад А.Э- хариуцагч нарыг эрэн сурвалжилсан байдаг вэ, харин хариуцагч нар 2016 оноос хойш А.Э-ыг эрэн сурвалжлуулаад шүүхэд өгөх байсан байх гэж бодож байна. Анх үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа 78 405 000 төгрөгийг А.Э-д зээлдүүлсэн гэж бичсэн байдаг, Харин сөрөг нэхэмжлэл гаргахдаа илүү төлсөн мөнгөө авна гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй байна. Их  хэмжээний 78 405 000 төгрөг илүү төлсөн юм бол шүүхэд хандах юм уу, шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь хангалттай байхад өнөөдрийг хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлсэн талаар баримт хэрэгт огт авагдаагүй байна. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Б.Г- нь нэхэмжлэгч А.Э-ы гэрт очоод 60 000 000 төгрөгийг төлнө гэх асуудал дээр 2 тал тохиролцоод гарын үсгээр баталгаажуулж тооцоо нийлсэн. Энэ талаар А.Э-д мөнгө өгнө гэх байдлаар тооцоо нийлж гарын үсэг зурж, тодорхойлолт бичиж өгсөн. Энэ үед гэрч болох А.Энхтайвны эхнэр Ж.Гармаа хамт байсан гэдэг. Банкны зохиомол, дүр эсгэсэн гүйлгээнүүдийг ашиглаад сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байна. М.М-, Б.Г- нар нь А.Э-аас авлагатай биш, харин А.Э- нь М.М-, Б.Г- нараас авлагатай. Тиймээс энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Г-, М.М- нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 56 895 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 14 830 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул А.Э-д холбогдох 78 405 000 төгрөг гаргуулах тухай Б.Г-, М.М- нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 516 575 төгрөг, хариуцагч нараас төлсөн 549 975 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-, М.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 442 425 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Э-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдолдоо:

... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/011717 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч М.М-ын Хаан банкны 5099037188 тоот дансанд 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 000 000 төгрөгийг Баянжаргал байрны урьдчилгаанд бэлэг гэх гүйлгээний утгаар 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Мөнхсайханаас туслалцаа гэж 13 500 000 төгрөг хариуцагч М.М-ын ах эгч, ойрын төрөл садан нарын зүгээс шилжүүлсэн байдаг атал анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Энтайваны нь эдгээр мөнгийг хариуцагч М.М-д өгч байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байтал нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь илт хууль зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлт болно. Хариуцагч М.М-, Ж.Гансүх нар нэхэмжлэгч А.Э-ы 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ариг банкны зээлийн дансанд 34 775 000 төгрөг үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны албан татварт 2 430 000 төгрөг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч А.Э-ы Хаан банкны 5374300003 тоот дансанд 108 000 000 төгрөг шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хариуцагч М.М-ын нэхэмжлэгчид шилжүүлсэн 108 000 000 төгрөгийг гэрч Б.Буянсэдийн тайлбараар нэхэмжлэгчээс буцаан авсан болох нь нотлогдсон гэж үндэслэлгүй дүгнэж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээд гэрч байж болно гэж заасан. Гэтэл гэрч Б.Буянсэд нь нэхэмжлэгч А.Э- нь хариуцагч М.М-д 108 000 000 төгрөгийг бэлнээр өгч байсан үйл баримтыг мэдэхгүй, энэ талаар шүүхэд гэрчлэн мэдүүлсэн зүйлгүй, эхнэр А.Оюуны данснаас 57 000 000 төгрөгийг авч М.М-д зээлж байсан гэх тайлбарыг гаргадаг боловч А.Оюуны Хаан банкны 5045273265 тоот харилцах дансыг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар хамтран эзэмшиж байгаагүй болох нь нотлогддог. Нэхэмжлэгч А.Э- нь хариуцагч М.М-д 108 000 000 төгрөгийг өгсөн талаар нотолж чадаагүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар бүрийг эргэлзээгүй үнэн зөв гэж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч М.М-, Ж.Гансүх нарын арилжааны бүхий л банкуудад эзэмшдэг дансны хуулгыг гаргуулсан бөгөөд эдгээр арилжааны банкны хуулгаар хариуцагч нар нэхэмжлэгч А.Э-д 189 905 000 төгрөгийг өгч байсан болох нь нотлогддог атал анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Э-ы Хаан банкны 5119023359 тоот дансанд шилжүүлсэн 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 800 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 13 500 000 төгрөг, нэхэмжлэгч А.Э-ы Хаан банкны 5374300003 тоот дансанд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн 108 000 000 төгрөгийг хариуцагч нарыг санхүүгийн эх үүсвэрээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн үндэслэлгүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч А.Э- нь хариуцагч М.М-, Б.Г- нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 71 725 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 78 405 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч А.Э- нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч М.М-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол Бурхант 11-10в хаягт байрлах 141,04 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч М.М-ын өмчлөлд шилжүүлж, худалдан авагч тал хэлэлцэн тохиролцсон үнэ болох 121 500 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин төлбөрийн үлдэгдлийн хэмжээ маргааны зүйл болсон байна.

 

            Хариуцагч М.М- нь гэрээний зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авсан тул үнийг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний үнээс 56 895 000 төгрөг төлөгдөөгүй гэж шүүх дүгнэхдээ бичгийн баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

 

            Хариуцагч нар нийт 8 удаагийн төлбөрийн шилжүүлгээр үнийг бүрэн төлж, 78 405 000 төгрөгийг илүү төлсөн гэж тайлбарласнаас 2014 оны 9 дүгээр сард барилгын материал хэлбэрээр 15 000 000 төгрөгийг, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр А.Э-ы зээлийн 34 755 000 төгрөгийг төлж, нийт 49 775 000 төгрөгийн төлбөр хийгдсэн тухайд талууд маргаагүй.

 

2014 оны 11 дүгээр сард төлөгдсөн 50 000 000 төгрөгийн талаар маргаан гарч, шүүх уг маргааныг эцэслэн шийдвэрлэж А.Э-аас 50 000 000 төгрөгийг гаргуулан Л.Ц-д олгож шийдвэрлэсэн тул төлбөрөөс хасагдаж үлдэгдэл төлбөр 71 725 000 төгрөг болсон гэж нэхэмжлэгч тайлбарласан нь үндэслэлтэй.

 

Бусад 6 удаагийн төлбөрөөс 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 400 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгө худалдсаны орлого гэх 2 430 000 төгрөг , нийт 4 830 000 төгрөгийг А.Э-д төлөгдсөн гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг нэхэмжлэгч эсэргүүцээгүй.

 

            Хариуцагч М.М- нь 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 800 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 13 500 000 төгрөгийг А.Э-ы ХААН банк дахь 5119023359 тоот дансанд шилжүүлсэн боловч уг мөнгийг өөрсдийнх нь гуйлтаар данснаас гарган, бэлнээр буцааж өгсөн гэж нэхэмжлэгч А.Э- тайлбарлажээ.

 

            Шүүх дээрх 2 гүйлгээг хийсэн цаг хугацаа, мөнгөний эх үүсвэр зэрэгтэй холбоотой бичгийн баримтыг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэн, төлбөрт тооцоогүйг буруутгах боломжгүй байна.

 

            Мөн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн М.М-аас 108 000 000 төгрөгийг нэхэмжлэгч А.Э-ы ХААН банк дахь 53 74300003 тоот дансанд “амины орон сууцны үнэ” гэсэн утгатайгаар шилжүүлснийг мөн цагт нь бэлнээр гарган авч Б.Г-эд буцаан өгсөн, хариуцагч Б.Г- нь уг мөнгийг Дархан-Уул аймаг дахь хүнсний захын урд талд байрлах “Түнш” нэртэй ломбардын зээлд төлөөд, эргэж зээл аваад А.Э-д төлөх 21 725 000 төгрөгөө төлнө гээд аваад явсан гэж нэхэмжлэгч А.Э- тайлбарласан.

 

Гэвч мөн өдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн орой 57 000 000  төгрөгийг Б.Буянсэдэд зээлийн өрөнд М.М-аас төлсөн нь түүний өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Хариуцагч М.М- нь Б.Буянсэдийн эхнэр А.Оюуны данснаас 57 000 000 төгрөгийг бэлнээр гаргуулан зээлсэн байсныг гэрч мөн мэдүүлжээ. Зээлд төлсөн 57 000 000 төгрөгийн эх үүсвэр нь өөр байдлаар нотлогдоогүй тул нэхэмжлэгч А.Э-ы 108 000 000 төгрөгийг Б.Г-эд бэлнээр гаргаж өгсөн гэх тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж шүүх  дүгнэн, гэрээний үнэд тооцоогүйг буруутгах үндэслэлгүй, хариуцагчаас төлсөн гэх 108 000 000 төгрөг болон 27 300 000 /13 500 000 + 13 800 000/ төгрөгийг гэрээний үнэд төлөгдсөн нь тогтоогдоогүй гэж үзнэ.

 

            Зохигчид гэрээний үнийг 10 000 000 төгрөгөөр бууруулснаа хэн аль нь үгүйсгээгүй.

 

            Иймд гэрээний үнэд нийт 54 605 000 төгрөг /49 775 000 + 4 830 000/ төлөгдсөн гэж дүгнэн үлдэгдэл төлбөрийг 56 895 000 төгрөг гэж тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангаж, үлдэх 14 830 000 төгрөгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн         167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/01717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 832 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ