Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 501

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Ж*******

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн б/253 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байх үеийн цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ж******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Миний бие анх 2014 оны 03 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Т.З******* хурандаагийн жолоочоор ажилд орсон. 2014 оны 10 сард Т.З******* хурандаа Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны даргаар явахад нь хамт тус албанд очиж няравын албан тушаалд томилогдон ажилласан болно.

Томилогдон ажилласанаасаа хойш албаны аж ахуйн ажил болон бичгийн цаас, принтерийн хор, төрийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нийгмийн даатгалын мэдээ баталгаажуулах, албаны авто машинуудын асуудал, Хадгаламж зээлийн хоршоодын хураагдсан сэлбэг борлуулах ажилд оролцох, албаны үндсэн хөрөнгийн тооллого, Ю*******-тэй төлбөр тооцоо нийлэх, албан хаагчдын утастай холбоотой аливаа асуудлуудыг шийдвэрлүүлэх ажиллуудыг хийж ирсэн болно.

Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд ажиллаж байх хугацаанд 3 дарга солигдсон бөгөөд 2014 оны 11 дүгээр сард дэд хурандаа Б.Б******* дарга албаны даргаар ирсэн. 2015 он гарсанаас хойш намайг халах саналыг хэд хэдэн удаа гаргаж байсан бөгөөд тэдгээр саналууд нь халах үндэслэлгүй гэдэг шалтгаанаар дуусч байсан. Гэтэл урд нь явуулж байсан саналууд дээр ч мөн энэ удаагийн халах саналыг ямар ч мэдэгдэх зүйлгүй тэр дундаа хурлаар оруулалгүй дахин дахин явуулж намайг ажлаас гэнэт халсан тушаал гарсан ба төрийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Ингэж халахдаа нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12.2.2-г зөрчсөн гэх бөгөөд миний бие энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.Ж******* миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж эхэлсэнээсээ өдийг хүртэл аливаа шийтгэл авч байгаагүй бөгөөд удирдах албан тушаалтаны өгсөн үүрэг даалгаварын чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэж ирсэн.

Дэд хурандаа Б.Б******* дарга ирсэнээр 2007 оноос хойш хураагдсан Хадгаламж зээлийн хоршоодын хөрөнгийг нүүлгэн шилжүүлж намайг тоолж хүлээж авах үүрэг өгсөн боловч тоолох явцад албаны шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга ахмад н.Б******* надад үүрэг өгөн өөр ажилд томилж өөрөө тооллого явуулсан бөгөөд энэ үйлдлийг өнгөрөгч 1 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээр болсон хурал дээр хэлсэнээр дэд дарга н.Б******* санхүүгийн тоолох ажилд оролцох ёсгүй байсан, тоолж хүлээж авах хүнийг нь ажиллуулаагүй гэх шалтгаанаар ажлаас халах шийдвэр гарсан. Мөн 2015 оны албаны жилийн эцсийн үндсэн хөрөнгө тоолох ажлыг хийлгэлгүй ахмад н.Б******* өөрөө хийсэн. Гэтэл дээрх шалтгааныг миний алдаа мэтээр ажлаас халж байгаад гомдолтой байгаа бөгөөд дээрхи тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Төрийн албаны салбар зөвлөлийн хурал дээр 2015 оны 1 дүгээр сард Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд очсон дотоод хяналт шалгалтынхан нь албаны ажлыг шалгасан гэх боловч Б.Ж******* миний ажлыг надтай уулзаж материал авч шалгаагүй байж намайг тус албанд шилжин очсоноосоо хойш юу ч хийгээгүй, орон тоон дээр сул цалин авдаг байсан гэсэн дүгнэлтийг танилцуулсан байсан. Энэ дүгнэлтээ ня-бо бүртгэлийн ёс зүйн дүрмийг ноцтойгоор зөрчсөн гэж тайлбарласан.

Миний бие нь тус албанд ажиллах хугацаандаа хийсэн гүйцэтгэсэн ажил минь баримт нотолгоотой, тушаалтай, гэрчтэй байдаг болно. Иймд дээрхи үндэслэлээр гомдолтой байгаа тул дээрхи үндэслэлүүдийг хүчингүй болгож, ажилд минь эргүүлэн томилож, ажилгүй байх үеийн минь цалинг тооцуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгал, Хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:“... Иргэн Б.Ж******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/1334 дүгээр тушаалаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны нярваар томилогдон улмаар хадгаламж зээлийн хоршоодын хураагдсан сэлбэг хэрэгслийг хүлээн авч хариуцан ажиллаж байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу тус албанд хяналт шалгалт, дотоод аудит хийж, дээрх шалгалтаар эд хариуцагч, дэд ахлагч Б.Ж******* нь 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл Хадгаламж зээлийн хоршоодын хураагдсан эд хөрөнгийг хүлээн авч, бүртгэл хөтлөөгүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-т заасан "Эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед эд хөрөнгийн тооллогыг заавал хийнэ." заалтыг зөрчсөн нь тогтоогдсон. Энэ талаар тодруулахад хүлээн авч бүртгэлд тусгаагүй нь үнэн гэх тайлбар өгсөн байна.

Иргэн Б.Ж******* нь Төрийн өмчийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 1 дүгээр заалт "Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг бүртгэн авч хадгалах, түүнийг нэр төрөл, чанар, бүрдлийн хувьд бүрэн бүтэн байлгах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тавьж олгох, үүрэг бүхий эдгээдийн эд хариуцагч гэнэ" гэх заалт болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүрэгт ажпаа хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон байна.

Тус зөрчилтэй.холбогдуулж Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/924 дүгээр албан бичгээр Шийдвэр гүйцэтгэх газарт үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан алба хаагчдыг /Б.Ж*******/ ажлаас чөлөөлүүлэх хүсэлтийг, Шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5/288 дугаар албан бичгээр, Стратги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвөөс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 81 дүгээр дотоод албан бичгээр тус тус Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газарт хандаж Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2014-2015 оны үйл ажиллагаанд явуулсан шалгалтаар зөрчилтэй гарсан алба хаагч /Б.Ж*******/-ийг ажлаас халах санал, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газраас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар "Зарим албан хаагчийг ажлаас халах тухай" дотоод албан бичгээр Б.Ж******* болон холбогдох алба хаагчдыг ажлаас халах санал Захиргааны удирдлагын газарт ирүүлсэний үндсэн дээр түүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий  газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6/253 дугаар тушаалаар "төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах" сахилгын шийтгэлийг оногдуулсан.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6/253 дугаар тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ж*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Б.Ж*******ы “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн б/253 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байх үеийн цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлүүлөх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн б/353 дугаар тушаалаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны нярав дэд ахлагч Б.Ж*******г “эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч маргаан бүхий акт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн б/353 дугаар тушаалыг  хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь заалтыг зөрчөөгүй...үндсэн хөрөнгө тоолох ажлыг хийлгээгүй байж миний алдаа мэтээр ажлаас халсан...дотоод хяналт шалгалт хийснийг би сүүлд мэдсэн, дүгнэлтийг надад танилцуулаагүй” гэж, хариуцагчаас “...хураагдсан эд хөрөнгийг хүлээн бүртгэл хөтлөөүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-т заасныг зөрчсөн...ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн...холбогдох хэлтэс албадаас ажлаас халах санал гаргасныг үндэслэсэн” гэж тус тус тодорхойлон маргав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн б/253 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д “ төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүритйн 2.3.8-д “ажлын байрны тодорхойлолт, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ албан үүргээ биелүүлээгүй” гэж заасныг тус тус үндэслэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Б.Ж*******ыг ажлын байрны тодорхойрлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь тогтоогдоогүй байхад төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Б.Ж*******ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1334 дүгээр тушаалаар Хорих 429 дүгээр ангийн жолооч Б.Ж*******ыг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны няраваар томилсон байх бөгөөд тус няравын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд  хийх ажлын 1.2-т “Эд хөрөнгийн сахилга батыг хатуу чанд сахиж, өдөр тутмын гүйлгээг анхан шатны бүртгэлийн дагуу үнэн зөв тогтмол хөтөлж, сар бүрийн үлдэгдлийг баталгаажуулж авах” гэж заасан байгаагаас үзвэл Б.Ж******* нь эд хөрөнгийг бүртгэх үүрэгтэй эдгээд мөн болох нь тогтоогдож байна. 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна”, 12.2-т “Хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг дараах тохиолдолд заавал хийнэ”, 12.2.2-т “эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед” гэж тус тус зааснаас үзвэл Б.Ж*******г эд хөрөнгө хариуцагч буюу няравын албан тушаалд шинээр томилогдох үед байгууллагын удирдлагаас эд хөрөнгийн тооллого хийх ажлыг зохион байгуулсанаар эд хөрөнгийг хүлээлгэн өгөх ёстой байсан боловч ийнхүү хүлээлгэж өгөөгүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа болжээ. Өөрөөр хэлбэл эд хөрөнгө хариуцагч солигдох үед эд хөрөнгийн тооллого хийж Б.Ж*******д хүлээлгэж өгөөгүй атлаа түүнийг дээрх дурдсан ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгийг хүлээж аваагүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...холбогдох хэлтэс албадаас Б.Ж*******г ажлаас халах санал ирүүлсэн” гэж байх бөгөөд хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын газрын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 81 дугаартай дотоод албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 5/288 дугаар албан бичиг, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1/924 дугаар бичиг зэргээс үзэхэд 2015 онд хийгдсэн хяналт шалгалтын дүнг үндэслэсэн байна. Уг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Б*******ийн баталсан 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн албаны шалгалт явуулах удирдамжийн дагуу хийгдсэн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хяналт шалгалтын танилцуулгаас үзэхэд “эд хариуцагч Б.Ж******* нь хадгаламж зээлийн хоршоодын хураагдсан хөрөнгийг хүлээн аваагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь заалтыг зөрчсөн” болохыг дурдсан боловч ноцтой зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулах саналтай хүмүүсийн жагсаалтад түүний нэрийг оруулаагүй байна. Харин санхүүгийн чиглэлээр өгсөн саналын 7-д “Хадгаламж зээлийн хоршоодын хураагдсан хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу эд хариуцагчид хүлээлгэн өгч” ажиллахыг албаны дарга, ахлах нягтлан бодогч нарт даалгасан байгаагаас үзвэл уг шалгалтаар Б.Ж*******ыг ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалттай биелүүлээгүй болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу хийсэн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хяналт шалгалтын дүнгээр Б.Ж*******ыг ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзсэн атлаа 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар буюу зөрчил гаргасан гэж үзсэнээс хойш 1 сар 18 хоногийн дараа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн Б/253 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Б.Ж*******ыгуртд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ж*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн б/253 дугаар тушаалыг хүчингүй болгон, Б.Ж*******ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин олговорт 2241377 төгрөгийг олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгасугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.ДУЛАМСҮРЭН