Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0624

 

2016 оны 9 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0624

Улаанбаатар хот

Б.Ж- нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 501 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ж-н нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 501 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн б/253 дугаар тушаалыг хүчингүй болгон, Б.Ж-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин олговорт 2241377 төгрөгийг олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасан Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна. гэсэн шаардлагад нийцээгүй шийдвэр гаргасан. Иргэн Б.Ж нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/1334 дүгээр тушаалаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны нярваар томилогдсон хэдий ч 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сар хүртэл Хадгаламж зээлийн хоршоодын хураагдсан 800.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүлээн авч, бүртгэл хөтлөөгүй, эд хөрөнгийн тооллого хийгээгүй, хаана ямар хөрөнгө байгааг мэдэхгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байгаа нь тогтоогдсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д "Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг бүртгэн авч хадгалах, түүнийг нэр төрөл, чанар, бүрдлийн хувьд бүрэн бүтэн байлгах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тавьж олгох, үүрэг бүхий этгээдийг эд хариуцагч гэнэ гэж заасан байдаг ба Б.Ж нь ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заагдсан үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж /ажлын байрны тодорхойлолттойгоо танилцаагүй гэх/, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-т заасан Эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед эд хөрөнгийн тооллогыг заавал хийнэ заалтыг зөрчсөн, түүнчлэн албаны шалгалтын дараа хэд хэдэн эд хөрөнгө дутаасан, тус хөрөнгө нь бүртгэл хөтлөөгүйгээс хэн хариуцсан нь тогтоогдохгүй байгаа, хураагдсан автомашины кроп эвдсэн, үр дүнгийн гэрээний биелэлтээ бүтэн жилээр дүгнүүлээгүй гэх зөрчлүүд илэрсэн. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан байдаг ба шүүхээс албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүйг зөвтгөж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасанд нийцэхгүй байна. Дээрх зөрчлүүдтэй холбогдуулж Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/924 дүгээр албан бичгээр Шийдвэр гүйцэтгэх газарт үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан алба хаагчдыг /Б.Ж/ ажлаас чөлөөлүүлэх хүсэлтийг Шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5/288 дугаар албан бичгээр, Стратеги төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвөөс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 81 дүгээр дотоод албан бичгээр тус тус Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газарт хандаж Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2014-2015 оны үйл ажиллагаанд явуулсан шалгалтаар зөрчилтэй гарсан алба хаагч /Б.Ж/-ийг ажлаас халах санал, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газраас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар Зарим албан хаагчийг ажлаас халах тухай дотоод албан бичгээр Б.Ж болон холбогдох алба хаагчдыг ажлаас халах санал Захиргааны удирдлагын газарт ирүүлсний үндсэн дээр /Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад танилцуулагдаж/ түүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6/253 дугаар тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 501 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн б/253 дугаар тушаалыг хэвээр үлдээж өгөхийг хүсье. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хариуцагчаас “... нэхэмжлэгч Б.Ж нь 2014 оны 11 дүгээр сард нярваар томилогдсон боловч 2016 оны 2 сар хүртэл эд хөрөнгийг хүлээн авч, бүртгэл хөтлөөгүй, эд хөрөнгийн тооллого хийгээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, бүртгэл хөтлөөгүйгээс эд хөрөнгө дутаасан, хураасан авто машины кроп эвдсэн, үр дүнгийн гэрээний биелэлтээ бүтэн жилээр дүгнүүлээгүй...” гэж буруутган, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасан төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан боловч гаргасан гэх зөрчлүүд нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна.

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2014-2015 оны үйл ажиллагаанд явуулсан иж бүрэн шалгалтын танилцуулгад “Б.Ж-г Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-т заасныг зөрчсөн” гэх боловч тус заалт хуульд байхгүйн дээр хариуцагчийн тайлбарт дурдаж байгаачлан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-т заасныг хэрэгжүүлэх этгээд нь тухайн байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл, эд хариуцагч ажилтан солигдох үед байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар няравт хариуцах эд хөрөнгийг тооллого хийж, хариуцах эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй атлаа тэдгээрийн үүргээ гүйцэтгээгүйд нэхэмжлэгчийг буруутгаж, ажлаас халах хүртэл сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна.

2015 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг нэхэмжлэгч дүгнүүлж “В” буюу сайн үнэлгээ авсан баримт хэрэгт авагдсан байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлж дүгнэх журмын 2 дугаар зүйлийн 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, танилцуулах үүрэгтэй.”, 2.2-т “Менежер нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төрийн жинхэнэ албан хаагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах” гэж зааснаар нэхэмжлэгч гэрээгээ ирүүлээгүй, хариуцагч энэ талаар шаардсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүйн дээр маргаан бүхий актад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-т заасныг зөрчсөн гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан тул хариуцагчийн 2015 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Нэгэнт нэхэмжлэгчийг сахилгын шийтгэл ногдуулах зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн атлаа зөрчил гаргасан тохиолдолд хэрэглэгдэх сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь буруу болжээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж зааснаар шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад хуульд заасан найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулав.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 501 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг хасаж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ж-д 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор 2,241,377 (хоёр сая хоёр зуун дөчин нэгэн мянга гурван зуун далан долоо) төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгасугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                    О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ