Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1532

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01413 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-ийн хариуцагч С.Х-т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 22 386 085 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа:

С.Х- нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлийн мөнгийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр С.Х-ын данс руу шилжүүлсэн. Хариуцагч нь зээлийн төлбөрөө гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй. Зээл төлөхийг түүний гар утсаар залгах, мессеж бичих зэргээр удаа дараа мэдэгдсэн. Зээлдэгч С.Х- нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4 000 000 төгрөгийн төлөлт хийсэн. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэгч гэрээний 6.2-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж нэмэгдүүлсэн хүү 23 513 төгрөг, хүү 580 068 төгрөг, үндсэн төлбөр 21 782 504 төгрөг нийт 22 386 085 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн хүү 23 513 төгрөгөөс татгалзаж үндсэн зээл 21 782 504 төгрөг, хүү 580 068 төгрөг нийт 22 362 572 төгрөгийг хариуцагч С.Х-аас нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Х-аас 22.362.572 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 881 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Х-аас 269 763 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч С.Х- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. “Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 16.00 цагт товлогдсон бөгөөд хариуцагч С.Х- би товлосон цагт шүүхийн байранд очсон боловч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга аль шүүх хуралдааны танхимд орох талаар мэдэгдээгүй, зарлаагүй бөгөөд миний бие шүүхийн хүлээлгийн танхимд хүлээж байтал шүүх хуралдаан завсарлаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарч ирсэн бөгөөд би ирсэн яах вэ гэж шүүх хуралдааны нарийн бичгийн даргад хэлтэл одоо шийдвэр сонсохдоо орж болно гэсэн. Би тус хэрэг маргаанд хариуцагчаар оролцож өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалж, нэхэмжлэгч талтай мэтгэлцэж оролцох эрхээ хязгаарлуулсанд гомдолтой байх бөгөөд өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК нь хариуцагч С.Х-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22 386 085 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ00123 дугаартай “Зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч нь 25 000 000 төгрөгийг сарын 3.0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт хуваарийн дагуу эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн, зээлийн үүргийн баталгаа болгож, мөн өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр Баянгол дүүрэг 13 дугаар хороо 2д байр 34 тоот 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх9-15/

 

Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу бичгээр байгуулагдсан, хариуцагч С.Х- нь гэрээг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-иас гэрээний дагуу зээлийн хөрөнгө болох 25 000 000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хаан банкны 5111271061 тоот дансанд шилжүүлснийг хариуцагч С.Х- хүлээн авч, зээлийн төлөлтийг 2 удаа хийсэн. /хх16/ Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан болон 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний үүрэг үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч С.Х- нь зээлийн гэрээний 3.2.1, 3.2.4-д заасан зээлийн төлбөрийг зээл, хүү эргэн төлөх хуваарийн дагуу гэрээний 2.1.3-д заасан харилцах дансанд төвлөрүүлэх, зээлийн төлбөрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргээ зөрчсөн нь тогтоогдсон тул нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, гэрээний 6.2-т зааснаар гэрээг цуцалж, гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч С.Х-т шүүх 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, үүргийг тайлбарласныг хариуцагч баталгаажуулж гарын үсэг зурсан болон нөлөөллийн мэдүүлэг, хэрэгтэй танилцсан тухай баримтад гарын үсэг зурсан баримт хэрэг авагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа буюу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 23 513 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 22 362 572 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 

Хариуцагч С.Х- нь төлбөрийг төлөхгүй талаар маргаагүй, зээлийн гэрээний үүргээ зөрчсөн нь тогтоогдсон тул түүнээс 22 362 572 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

 

2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхзоригт 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн боловч хариуцагч талаас шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх бөгөөд хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчихгүй.

 

Шүүх хуралдаан товлогдсон өдөр шүүхийн байранд ирсэн байхад шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх боловч шүүх түүнийг хуралдаанд оролцуулаагүй эрхийг нь хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 763 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ