Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1531

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01543 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Э-ын хариуцагч БДЭМТхолбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 5 933 305.25 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр БДЭМТийн харьяа ахмад настан хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан ахлахаар ажиллаж байхад тушаал бууруулж кабинетын эмчээр томилчихсон. Тэгээд эмчээр ажиллаж байхад халсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас үндэслэлгүйгээр халсан тушаал гаргасан. Тэгээд би Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад нэхэмжлэл гаргаад, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилд эргүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарсан. Ажиллах эрх 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сэргэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас 14 хоногийн дараа шүүхийн шийдвэрт Эрүүл мэндийн төв давж заалдаагүй. Энэ хугацаанд хүний нөөцийн ажилтантай холбогдсон. Ажиллах тушаал шийдвэр гаргаагүй учир дахин нэхэмжлэл гаргахад хэрэгсэхгүй болсон. Коронагийн улмаас зам хаагдаад 3 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаад тушаал гаргасан. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага ажилгүй байсан хугацааны цалин гээд байгаа нь хэзээнээс хэдэн төгрөгөөр тооцсон гэдэг нь тодорхойгүй байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. 01 дүгээр сарын 07-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэдгийг мэдэж байсан. Тэгсэн хэрнээ ажиллах эрхээ өөрөө хэрэгжүүлэхгүй байсан. Даргын үүрэгт ажлаас чөлөөлөөд эмчийн ажилд томилсон. Эмчийн ажилд томилсон тушаал хүчингүй болчихсон байхад Иргэний хуулийн 3, 7 дугаар зүйлд зааснаар тухайн хүн хууль мэдэхгүйгээсээ буюу ойлгоогүй бол хууль хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа буюу 3 сарын хугацаа өнгөрсөн гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч БДЭМТөөс цалин олговор 4 630 784 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-ад олгож, энэ шаардлагаас үлдэх 1 302 521 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109 883 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89 042 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо:

... Маргаан шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад Б.Э- нь дутагдал гаргаж 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/400 тоот тушаалаар эмчийн албан тушаалаас чөлөөлсөн. Гэвч эмчийн албан тушаалаас чөлөөлсөнд гомдол шүүхэд гаргаж, тус хэргийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хурлаар хариуцагч тал 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон тушаал хүчинтэй байхад ажилдаа орохгүй эмчийн албан тушаалд томилуулах гээд байгааг асуухад ойлгож нэхэмжлэлээсээ татгалзсан. Нэхэмжлэгч Б/318 тоот тушаалыг хүчингүй болоход дагаж хүчингүй болсон Б/400 тоот тушаалд маргаж өөрийн хууль ёсны эрхээ хэрэгжүүлээгүй ажилдаа очихгүй байсан бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хүний нөөцийн албанаас дуудсан боловч ажилдаа ирээгүй 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл болсон. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ч гэсэн эрхээ хэрэгжүүлээгүй. Б.Э-ыг ажилд орохыг мэдэгдсэн эсэхийг тодруулахаар БДЭМТийн хүний нөөцийн албаны дарга болон ажилтныг гэрчээр асуулгахаар хүсэлт өгсөн боловч шүүх хүсэлтийг хангаагүй бөгөөд хэргийн оролцогчдын эрх тэгш мэтгэлцэх боломжоор хангаагүйд гомдолтой байна. Б.Э- нь намайг ажилд авахгүй байсан, ажлын өрөө хүртэл байгаагүй гэдэг боловч өрөө нь сул дуудахад ирэхгүй байсан гэж хүний нөөцийн албаны дарга ажилчид хэлдэг болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч БДЭМТхолбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 5 933 305.25 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/03365 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Э-ыг БДЭМТ-ийн Ахмадын эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. /хх 17-21/

 

БДЭМТийн даргын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/96 дугаар “Шүүхийн шийдвэрийг хангах тухай тушаал”-аар Б.Э-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон байна. /хх 8/

 

Нэхэмжлэгч Б.Э- нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3365 дугаар шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг тухайн үед нэхэмжлээгүй байх бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/318 дугаар ажлаас чөлөөлөх тушаал гарснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор цалинтай тэнцэх олговортой холбоотой гомдлоо шүүхэд гаргах эрхтэй нь нээлттэй байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй тул 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг шаардах үндэслэлгүй байна.

 

Харин нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэр гарсан буюу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоосон буюу 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасны дагуу нэхэмжлэх эрхтэй бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Хариуцагч нь “...нэхэмжлэгч ажиллах эрхээ өөрөө хэрэгжүүлэхгүй, ажилдаа ирэхгүй байсан” гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

Анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажлын 64 хоног байх бөгөөд 1 өдрийн дундаж цалин хөлс 72 356 төгрөг, нийт 4 630 784 төгрөгийг БДЭМТөөс гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 302 521 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцжээ.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01543 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч БДЭМТ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ