Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00000

 

 

                                                        Б.Э-ын нэхэмжлэлтэй

                                           иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01543 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1531 дүгээр магадлалтай,

Б.Э-ын нэхэмжлэлтэй,

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдох

Ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 5,933,305.25 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэгийн гаргасан гомдлоор

 Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2019.10.09-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа, Ахмад настан, хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан ахлахаар ажиллаж байхад тушаал бууруулж кабинетын эмчээр томилон эмчээр ажиллуулсан ба 2019.11.29-ний өдөр ажлаас үндэслэлгүйгээр халах тушаал гарсан. Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2019.12.18-ны өдөр ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарч, миний ажиллах эрх 2020.01.07-ны өдөр сэргэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дараа шүүхийн шийдвэрт хариуцагч давж заалдаагүй. Энэ хугацаанд хүний нөөцийн ажилтантай холбогдсон. Ажиллах тушаал, шийдвэр гаргаагүй учир дахин нэхэмжлэл гаргахад хэрэгсэхгүй болсон. Коронагийн улмаас зам хаагдаад 03.18-ны өдөр ажилдаа ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаад тушаал гаргасан. 2019.11.29-ний өдрөөс 2020.03.20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэдэг нь хэзээнээс хэдэн төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь тодорхойгүй байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, 01.07-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэдгийг мэдэж байсан. Тэгсэн хэрнээ ажиллах эрхээ өөрөө хэрэгжүүлэхгүй байсан. Даргын үүрэгт ажлаас чөлөөлөөд эмчийн ажилд томилсон. Эмчийн ажилд томилсон тушаал хүчингүй болчихсон байхад Иргэний хуулийн 3, 7 дугаар зүйлд зааснаар тухайн хүн хууль мэдэхгүйгээсээ буюу ойлгоогүй бол хууль хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа буюу 3 сарын хугацаа өнгөрсөн” гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01543 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс олговор 4,630,784 төгрөгийг гаргуулан Б.Э-д олгох, нэхэмжлэлээс үлдэх 1,302,521 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,883 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89,042 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1531 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01543 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч Б.Э-ыг 2019.10.09-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 318 тоот тушаалаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа, Ахмад настан, хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан даргын албан тушаалаас чөлөөлж ахмадын эмнэлгийн амбулаторын эмчээр томилсон. Шүүхээс дээрх тушаалыг хууль бус гэж тогтоож, хүчингүй болгож, Б.Э-ыг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон бөгөөд зохигчид хэн аль нь гомдол гаргаагүй, шийдвэр 2020.01.07-ны өдөр хүчин төгөлдөр болсон байдаг. Дээрх маргаан шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад Б.Э нь дутагдал гаргаж 2019.11.29-ний өдрийн Б/400 тоот тушаалаар эмчийн албан тушаалаас чөлөөлсөн. Гэвч эмчийн албан тушаалаас чөлөөлсөнд гомдол шүүхэд гаргаж, тус хэргийн 2020.02.10-ны өдрийн шүүх хурлаар хариуцагч тал 2019.12.16-ны өдөр даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон тушаал хүчинтэй байхад ажилдаа орохгүй эмчийн албан тушаалд томилуулах гээд байгааг асуухад ойлгож нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. Нэхэмжлэгч Б/318 тоот тушаалыг хүчингүй болоход дагаж хүчингүй болсон Б/400 тоот тушаалд маргаж өөрийн хууль ёсны эрхээ хэрэгжүүлээгүй, ажилдаа очихгүй байсан бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хүний нөөцийн албанаас дуудсан боловч ажилдаа ирээгүй 2020.02.10-ны өдөр хүртэл болсон. 2020.02.10-ны өдрөөс хойш ч гэсэн эрхээ хэрэгжүүлээгүй. Б.Э-ыг ажилд орохыг мэдэгдсэн эсэхийг тодруулахаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн албаны дарга болон ажилтныг гэрчээр асуулгахаар хүсэлт өгсөн боловч шүүх хүсэлтийг хангаагүй бөгөөд хэргийн оролцогчдын эрх тэгш мэтгэлцэх боломжоор хангаагүй. Энэ талаар давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Харин нэхэмжлэгч тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй. Б.Э-ыг дуудахад ажилдаа ирээгүй. Ажлын өрөө сул байсан талаар гэрч асуулгахаас өөрөөр нотлох боломжгүй байсан. Б.Э нь намайг ажилд авахгүй байсан, ажлын өрөө хүртэл байгаагүй гэдэг боловч өрөө нь сул, дуудахад ирэхгүй байсан гэж хүний нөөцийн албаны дарга ажилчид нотлох болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Э Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 5,933,305.25 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс олговор 4,630,784 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,302,521 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд ажил олгогч ажилтанд ажилгүй байсан хугацааны олговор төлөх үүрэгтэй талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.16-ны өдрийн 102/ШШ2019/03365 дугаар шийдвэр гаргаж, Б.Эг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа, Ахмадын эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон байх бөгөөд уг шийдвэрийг ажил олгогч 2020.03.19ий өдөр биелүүлсэн талаар зохигч маргаагүй.

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгох үүрэгтэй бөгөөд “...ажилгүй байсан...” гэдэгт ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажил олгогчоос ажилд эгүүлэн томилсон тушаал гарах хүртэл хугацааг ойлгоно.

Б.Эг 2019.12.16-ны өдрийн шүүхийн шийдвэрээр өмнөх албан тушаалд эгүүлэн тогтоосон боловч 2020.03.19-ний өдөр хүртэл ажилд томилоогүй байх тул тэрээр ажилгүй байсан хугацааны олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь... олговрыг олгоно...” гэсэнд нийцсэн байна. 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал дахин нотлохгүй, түүнд тусгагдсан үүрэг заавал биелэгдэх ёстой.

Хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв шүүхийн шийдвэрийг 2020.03.19ий өдөр биелүүлсэн атлаа Б.Эг ...2020.02.10-ны өдөр хүртэл ажилдаа ирээгүй, үүнээс хойш ч эрхээ хэрэгжүүлээгүй... гэх хяналтын гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн 2020.05.18-ны өдрийн 7723 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэгийн Б.Гэрэлтуяа, Д.Цэрэннадмид нарыг гэрчээр асуулгах... тухай хүсэлтийг хангахаас татгалзсан талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасантай нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэгийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01543 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1531 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэгийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

                             ШҮҮГЧИД                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                    Х.СОНИНБАЯР

                                                                                   Д.ЦОЛМОН         

                                                                             Х.ЭРДЭНЭСУВД