Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1530

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ГА” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/01328 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ГА” ХХК-ийн хариуцагч Б.Ш-т холбогдуулан гаргасан 28 252 558 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ГА” ХХК нь иргэн Болд овогтой Шийтэртэй Хамтран ажиллах гэрээ байгуулсан. /хүрэл цутгуурын үйлдвэр/ Үүнд шаардагдах тоног төхөөрөмж болох металл хайлах зуух, хэв шатаах зуух, өндөр хүчдэл залгуулах, үйл ажиллагаанд зарцуулагдах хэвний материалын зардлыг “ГА” ХХК гаргахаар тохиролцсон. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр металл хайлах зуух, хэв шатаах зуух хийлгэх тухай 8 722 000 төгрөгийн үнийн дүнтэй “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2019 оны 01 дүгээр сарын 15-ны дотор хийж хүлээлгэн өгөхөөр байгуулсан. Гэрээний дагуу манай компани нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээний үнэ болох 8 722 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өндөр хүчдэл залгуулах төлбөр 2 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр санхүүгийн туслалцаа үзүүлж 100 000 төгрөг нийт 10 822 000 төгрөгийг иргэн Б.Ш-ийн дансруу шилжүүлсэн, Мөн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 5 998 000 төгрөгөөр үйл ажиллагаанд зарцуулагдах З тонн хэв барих материалыг Хятад улсаас худалдан авсан, 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тухайн материалын тээврийн зардал 1 568 000 төгрөг, нийт 7 566 000 төгрөг төлсөн. Тухайн үед манай компани нь дээрх төлбөрүүдийг шилжүүлэх боломжгүй байсан тул төрсөн эх Дулам овогтой Баярцэцэгийн нэр дээр 28 000 000 төгрөгийн үндсэн зээл, 11 025 499.95 төгрөгийн зээлийн хүүгийн зардалтай зээл авч эдгээр үйл ажиллагаанд зарцуулсан. Дээрх төлбөрүүд нь үндсэн зээлийн 65.6714 хувийг /18388000:28000000/ эзэлж байна. Гэвч иргэн Б.Ш- нь анхнаасаа гэрээний дагуу ажиллах сонирхолгүй бөгөөд, хууран мэхлэх замаар өөртөө хөрөнгө оруулалт авч гэрээнд заасан зуухнуудыг хийлгүй өөр зуух хийж үйл ажиллагаагаа дангаараа явуулж байгаа. Гэрээний хугацаа хэтэрсэн, шилжүүлсэн төлбөрийг буцаан нэхэмжлэхэд төлөхгүй байгаагаас манай компанид үүссэн хохирол болох Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу болон бусад шилжүүлсэн төлбөр 8 822 000 төгрөг, “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 19.2-д зааснаар алданги тооцоход нийт 8189958 төгрөг /8 722 000 х 0.3% х 313 ажлын хоног/ болж байна. Хамтран ажиллах гэрээ-ний дагуу 380В хүчдэлийн тог залгах зардалд 2 000 000 төгрөг, “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үйл ажиллагаанд зарцуулагдах 3 тн материалыг 7566000 төгрөгөөр Хятад улсаас оруулж ирсэн. Тухайн материалын хадгалах хугацаа 1 жил байдаг бөгөөд энэхүү нөхцөл байдлаас болж ашиглах боломжгүй болсон цавууны 2 000 000 төгрөг, зээлийн хүүгийн зардлын 65.6714 хувь болох 7 240 600 төгрөг /11.025.499.95 х 65.6714 хувь/ Нийт 28 252 558 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Б.Ш- миний бие Монгол Улсдаа ганц гэж хэлж болох цутгуурчин /цутгах үйлдвэрлэл эрхлэгч/ бөгөөд “ГА” ХХК нь анх надтай захиалгын дагуу цутгуурын бүтээл хийж гүйцэтгэж байхаар хамтран ажиллах санал тавьсан. Би саналыг нь зөвшөөрч Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу Б.Ш- миний бие цутгах үйлдвэрлэлийн байрыг өөрийн хөрөнгөөр барих, мөн өөрийн ур чадвараар металл хайлах зуух, хэв шатаах зуух барих, орж ирсэн захиалгын дагуу цутгуурын баримлыг хийж гүйцэтгэх, харин “ГА” ХХК нь металл хайлах зуух, хэв шатаах зуух барих зардлыг гаргах, “Улаанбаатар буян” ХХК-аас цутгуурын баримлын захиалга авах үүрэгтэйгээр Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн талууд тус бүр өөрсдийн боломжит хувилбараар хөрөнгө оруулан хамтран ажиллаж эхэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бид Хамтран ажиллах гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй 2 гэрээ байгуулсан боловч энэ 2 гэрээ нь бүхэлдээ Хамтран ажиллах гэрээний шинжтэй юм. Ажил гүйцэтгэх гэж нэрлэсэн гэрээгээр тохиролцсон металл хайлах зуух, хэв шатаах зуух хийх ажил нь “ГА” ХХК-д хүлээлгэж өгөөд аваад явах биш хамтын ажиллагааны хүрээнд ашиглах хамтын ажиллагааны үр дүнд бий болж буй хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний шинжгүй билээ. Миний зүгээс “ГА” ХХК-тай хамтран ажиллана гэж итгэн Хамтран ажиллах гэрээний 6.1.4-т заасны дагуу өөрийн эхнэр З.Мэнд-Амарыг “Гурван сайхан GPF” ХХК-д Дундговь аймгийн Гурвансайхан суманд уурхайд тогтоогчоор ажилладаг байсан бөгөөд ажлаас нь гарган цутгах үйлдвэрлэлдээ тогоочоор ажиллуулах гээд хотод авч ирсэн боловч “ГА” ХХК нь “Улаанбаатар буян” ХХК-аас ямар ч захиалга аваагүй бөгөөд металл хайлах зуух, хэв шатаах зуух хийх ажлыг хийлгээгүй өөрөө зогсоосон юм. Түүнээс хойш “ГА” ХХК нь гэрээг цуцлах, татгалзах талаар хууль гэрээнд заасан ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, Хамтран ажиллах гэрээний 19.2-т заасан алдангийн заалт нь гуйцэтгээгуй үүргээс биш гэрээний үнийн дүнгээс бичсэн тул хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хүчингүй юм. Мөн “ГА” ХХК-тай гэрээ байгуулсан боловч тус компаниас ямар нэгэн төлбөр мөнгө надад шилжүүлээгүй. Нэхэмжлэлийг компани гаргаж байгаа эсвэл Т.Пүрэвхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжилж байгаа бусдад шилжүүлсэн төлбөр гэж юу хэлж байгаа нь тодорхойгүй, алданги яаж тооцож байгаа нь тодорхойгүй, материалын зардал, зээлийн хүү гэх мэтээр юу нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Харилцан хөрөнгө оруулалт хийчхээд өөрийгөө хохирсон мэтээр надаас огт үндэслэлгүйгээр 28 252 558 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Ш- миний бие Монгол Улсдаа ганц гэж хэлж болох уран цутгуурчин /цутгах үйлдвэрлэл эрхлэгч/ бөгөөд “ГА” ХХК нь анх надтай захиалгын дагуу цутгуурын бүтээл хийж гүйцэтгэж байхаар хамтран ажиллах санал тавьсан. Би саналыг нь зөвшөөрч Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу Б.Ш- миний бие цутгах үйлдвэрлэлийн байрыг өөрийн хөрөнгөөр барих, мөн өөрийн ур чадвараар металл хайлах зуух, хэв шатаах зуух барих, орж ирсэн захиалгын дагуу цутгуурын баримлыг хийж гүйцэтгэх, харин “ГА” ХХК нь металл хайлах зуух, хэв шатаах зуух барих зардлыг гаргах, “Улаанбаатар буян” ХХК-аас цутгуурын баримлын захиалга авах үүрэгтэйгээр Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн талууд тус бүр өөрсдийн боломжит хувилбараар хөрөнгө оруулан хамтран ажиллаж эхэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Т.Бямбацог гэж хүний данснаас 8 722 000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Энэ мөнгө нь Металл хайлах зуух, Хэв шатаах зуухны материалын зардал бөгөөд бид цаашид хамтран ажиллана гээд гэрээ байгуулсан учир дээрх зуухнуудыг хийх ямар нэгэн ажлын хөлс “ГА” ХХК-аас аваагүй. Өөрсдөө уран зутгуурын захиалга авч намайг ажлаар хангах үүргээ биелүүлээгүй, зуухнуудыг хийх ажлыг өөрсдөө зогсоосон юм. “ГА” ХХК нэгэнт гэрээнээс татгалзаж байгаа бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу миний бие өөрийн оруулсан үүрэг буюу ажлын хөлсөө нэхэмжилж байна. Тус зуухнуудыг хийж гүйцэтгэхэд гарах ажлын хөлсийг Монгол улсын мэргэшсэн төсөвчин Чулууны Баттөмөрөөр үнэлүүлэхэд 13 716 611 төгрөг гарсан. Мөн Хамтран ажиллах гэрээний дагуу миний бие өөрийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 6-91 тоот хаягт байрлах ажлын байрыг барьсан. “ГА” ХХК цаашид хамтран ажиллахгүй байсан юм бол би үйлдвэрлэлийн зориулалттай ажлын байр барихгүй, хувийн сууц барих, эсхүл өөр үйл ажиллагаанд зарцуулж ашиг олох байсан. Тус ажлын байрыг би өөрөө барьсан бөгөөд надад үлдэх учир барилгыг барихад гарсан зардлыг нэхэмжлэхгүй, харин барилгыг барьсан ажлын хөлс 10 850 867 төгрөгийг “ГА” ХХК-аас нэхэмжилж байна. Ажлын хөлсний үнэлгээг Монгол улсын мэргэшсэн төсөвчин Чулууны Баттөмөрөөр гүйцэтгүүлсэн болно.Харилцан хөрөнгө оруулалт хийж намайг илүү хохироочхоод өөрийгөө хохирсон мэтээр надаас үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаад таньж мэддэг хүний хувьд гайхаж байна. Иймд Б.Ш- миний бие болон “ГА” ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу уран зутгуурын үйлдвэрлэлд зориулж Б талаас барьсан үйлдвэрлэлийн зориулалттай ажлын байрыг барьсан ажлын хөлсний зардал 10 850 867 төгрөг, “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний захиалагчийн захиалгын дагуу Металл хайлах зуух, Хэв шатаах зуух хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 13 716 611 төгрөг, нийт 24 567 478 төгрөгийг “ГА” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд металл хайлах зуух, хэв шатаах зуухнуудыг барьсан ажлын хөлсийг 13 716 611 төгрөг гэж дурдсан байна. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 45 хоногийн хугацаанд металл хайлах зуух, хэв шатаах зуухнуудыг хийж, манай компанид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Манай компани нь иргэн Б.Ш-ийн үйл ажиллагааг дэмжиж, итгэл хүлээлгэж 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлын байранд нь өндөр хүчдэл залгуулах төлбөр 2 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээний үнэ болох 8 722 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр санхүүгийн туслалцаа үзүүлж 100 000 төгрөг нийт 10 822 000 төгрөгийг иргэн Б.Ш-ийн дансруу шилжүүлсэн. Гэвч одоо болтол хариуцагч гэрээнд заасан хайлах зуух, хэв шатаах зуухнуудыг хийж өгөөгүйгээс болж манай компани “Улаанбаатар буян” ХХК-аас захиалга хүлээн авч чадахгүй, банкинд үр ашиггүй хүүгийн зардал төлж, үйл ажиллагаа доголдож, ашиг орлогогүй ажиллаж байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Т.Бямбацог гэж хүний данснаас 8 722 000 миний данс руу шилжүүлсэн. Энэ мөнгө нь металл хайлах зуух, хэв шатаах зуухны материалын зардал бөгөөд ямар нэгэн ажлын хөлс аваагүй гэж дурджээ. Ажил гүйцэтгэх гэрээний 12.2-т ажлын хөлсөнд ажлын хөлс, ажил гүйцэтгэхэд шаардагдах зардал, ажил гүйцэтгэгчийн олох орлого, ашиг, туслан гүйцэтгэгч нарын ажлын хөлс, техник, технологи ашиглалтын зардал, үндсэн ажлын зардал, холбогдох татвар, хураамж, /НӨАТ-аас бусад буюу орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хураамж гэх мэт/ болон бусад бүх төрлийн зардал багтсан болно гэж заасан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд хамтран ажиллах гэрээг үндэслэн ажлын байр барьсан ажлын хөлс 10 850 867 төгрөг гэж дурдсан байна. Хамтран ажиллах гэрээнд Б.Ш- ажлын байр барих гэсэн ямар ч үг, өгүүлбэр, агуулга байхгүй. Хамтран ажиллах гэрээг байгуулах үед Б.Ш-ийг жижиг хэмжээний хүрэл цутгуурын үйлдвэрлэл эрхэлдэг ажлын байртай, цутгуурын ажил хийх туршлагатай байсан тул гэрээ байгуулсан. Хариуцагч нь ажлын байрыг өмнө нь барьсан байсан бөгөөд ажлын хөлс нь манай компанийн хамтын ажиллагааны гэрээтэй хамааралгүй болно. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд “ГА” ХХК нь өөрсдөө уран цутгуурын захиалга авч намайг ажлаар хангах үүргээ биелүүлээгүй, Зуухнуудыг хийх ажлыг “ГА” ХХК зогсоосон юм. Ажил гүйцэтгэх гэрээний 16.6. Энэ гэрээний 17.4, 17.5-д заасны дагуу нэг талын санаачилгаар Гэрээг цуцлах тохиолдолд “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг 7-оос доошгүй хоногийн өмнө нөгөө талд бичгээр хүргүүлнэ гэж заасан байхад “ГА” ХХК зуух хийх ажлыг зогсоосон гэдэг нь ор үндэслэлгүй бөгөөд зогсоох талаар бичгээр хүргүүлэх болон аман мэдэгдэл өгөөгүй. Хариуцагч нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд өгсөн тайлбартаа гэрээ цуцлах, татгалзах талаар ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй гэсэн тайлбар өгсөн. Гэрээнд заасны дагуу шаардлага хангасан зуухнуудыг хийж гүйцэтгэх талаар шаардлага удаа дараа тавьж байсан. Иймд иргэн Б, Шийтэрийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийг нотлох бичиг баримт, бодит байдалтай харьцуулан үзэхэд зөрүүтэй, нийцэхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай компанийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ш-ээс 13 183 000 /арван гурван сая нэг зуун наян гурван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ГА” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 069 558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.Ш-ийн “ГА” ХХК-д холбогдуулан 24 567 478 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “ГА” ХХК-ийн 299 213 төгрөг, хариуцагч Б.Ш-ийн 280.800 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш-ээс улсын тэмдэгтийн хураамжид 223 865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ГА” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо:

... Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний талуудын эрх, үүрэг, үүргийн гүйцэтгэл, хариуцлагын талаар талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн боловч энэ гэрээний эх үндэс болсон мөн өдрийн “Хамтран ажиллах гэрээ”, түүнээс үүдэлтэй эрх зүйн фактуудыг үнэлэхдээ учир дутагдалтай хандсанаас нэхэмжлэлийн үнийн дүнгээс 15 069 558 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.

Хамгийн товчоор хэлвэл:

1. Талуүд уран цутгуур хийж ашиг олох гэсэн,

2. Үүний тулд металл хайлуулах, хэв шатаах зуух хэрэгтэй болсон,

3. Энэ үйлдвэрээ ажиллуулахад 220В биш, 380В хүчдэлтэй цахилгаан хэрэг болсон,

4. Уг үйлдвэрт нь зөвхөн уран цутгуур хийхэд ашиглагдах, өөр юунд ашиглагддаггүй түүхий эд материал хэрэг болсон,

5. Энэ бүхнийг зохицуулахад нэхэмжлэгчид тодорхой эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй болсон,

6. Иймд банкнаас зээл авсан,

7. Авсан зээлээ зөвхөн “Хамтран ажиллах гэрээ”-гээ хэрэгжүүлэх үйл явцад л зарцуулсан,

8. Гэтэл гэрээний нөгөө тал болох Б.Ш- үүргээ биелүүлээгүйгээс болж хамтын ажиллагаанд доголдол үүсч, цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлсэн, өөр хаана ч ашиглагдахааргүй цутгуур хийхэд ашиглагдах түүхийн эд материал авсны үр дүнг үгүй хийсэн,

9. Энэ нь нэхэмжлэгч 380В цахилгаан тавиулах, цутгуур хийхэд ашиглагдах, түүхий эд материал бэлтгэх, банкны зээлийн хүү төлөх зэргээр хохирох үндэс болсон,

10. Энэ байдал нь шүүхээр маргаан үүсгэх эхлэлийг тавьсан,

11. Энэ маргааныг утга нь “Хамтран ажиллах гэрээ”-ний зорилго биелэх боломжгүй болсон тул дээрх хохирлоо барагдуулахад байсан зэрэгт анхан шатны шүүх учир дутагдалтай дүгнэлт хийснээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа тул ийнхүү гомдол гаргаж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/01328 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэлийн шаардлагаас 15 069 558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,...” гэснийг хүчингүй болгож энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж хангасан өөрчлөлтийг уг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ш-, түүний өмгөөлөгч Б.Э нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх шийдвэртээ “ГА” ХХК нь Иргэний хуульд заасан аль үндэслэлээр шаардах эрхтэй болохыг тодорхойлоогүй. Хариуцагч Б.Ш-ийн зүгээс Хамтран ажиллах болон Ажил гүйцэтгэх хоёр гэрээ байгуулсан нь хоёулаа Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан “Хамтран ажиллах гэрээ”-ний шинжтэй харилцаа гэж тайлбарласан боловч шүүх “Ажил гүйцэтгэх” нэртэй гэрээ нь аль төрлийн гэрээ болохыг дүгнээгүй. Хариуцагчийн зүгээс эдгээр 2 гэрээ нь Хамтран ажиллах гэрээний шинжтэй гэж үзэж байгаа. Учир нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний зүйл болох Металл хайлах болон Хэв шатаах зуухнууд нь “ГА” ХХК болон Б.Ш- нарын хамтын ажиллагаанд хэрэглэгдэх үйлдвэрлэлийн гол капитал болж үлдэх юм. Гэтэл шүүх уг зуухнуудыг хийж гүйцэтгээд “ГА” ХХК-д хүлээлгэж өгөх ёстой байсан мэт дүгнэсэн. Б.Ш- нь дээрх зуухнуудыг гэрээнд заасан хугацаанд нь хийж гүйцэтгэсэн боловч “ГА” ХХК нь өөрсдөө “Улаанбаатар буян” ХХК-аас захиалга авч ажлаар хангах үүргээ биелүүлээгүй хамтын ажиллагаагаа зогсонги байдалд оруулчхаад өөрсдөө хохирсон мэтээр нэхэмжлэл гаргасан байгаа. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэлийг “ГА” ХХК эсхүл Т.Пүрэвхүүгийн аль нь гаргаж байгаа нь тодорхойгүй. Шүүх иргэний хэрэг үүсгэхдээ “ГА” ХХК нэхэмжлэл гаргаснаар үүсгэсэн боловч нэхэмжлэлд тус компанийн тамга дарагдаагүй, мөн улсын тэмдэгтийн хураамжийг Т.Пүрэвхүүгээр төлсөн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн талуудын байгуулсан Хамтран ажиллах гэрээний 18.6, Ажил гүйцэтгэх гэрээний 16.6-д зааснаар гэрээг цуцлах тохиолдолд 7-оос доошгүй хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй, талууд маргаан гарвал Хамтран ажиллах гэрээний 22.1, Ажил гүйцэтгэх гэрээний 20.1-д “найрсаг байдлаар, зөвшилцлийн замаар харилцан буулт хийх аргаар шийдвэрлэх"-ээр тус тус заасан. Мөн Хамтран ажиллах гэрээний 22.2, Ажил гүйцэтгэх гэрээний 20.2-т тус зааснаар маргаанаа тохиролцож шийдвэрлэж чадаагүй тохиолдолд шүүхэд хандахаар заасан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж гэрээний талуудын чөлөөт байдлыг зааж өгсөн. Иймд уг хуульд заасны дагуу гэрээг цуцлах, татгалзах тохиолдолд хэрхэх, маргаан гарвал хэрхэн шийдвэрлэхээ талууд гэрээндээ зааж өгсөн. Гэтэл “ГА” ХХК-аас гэрээг цуцалж хамтран ажиллахаа болилоо гэж огт хэлж мэдэгдээгүй, асуудлаа зөвшилцөж шийдвэрлэх талаар арга хэмжээ аваагүй байж шүүхэд өгч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “ГА” ХХК нь хариуцагч Б.Ш-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 8 822 000 төгрөг, гэрээнд зааснаар алданги тооцож 8 189 958 төгрөг, хамтран ажиллах гэрээний дагуу гаргасан 380  вольтын хүчдэл залгах зардал 2 000 000, Хятад ард улсаас материал оруулж ирсний зардал 7 566 000 төгрөг, цавууны үнэ 2 000 000 төгрөг, нийт 28 252 558 төгрөг нэхэмжилжээ.

 

            Хариуцагч Б.Ш- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч марган, ажлын байр болон металл хайлуулах болон хэв шатаах зуух хийсний ажлын хөлс гэж нийт 24 567 478 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эсэргүүцэж маргасан.

 

            Нэхэмжлэгч “ГА” ХХК, хариуцагч Б.Ш- нар нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохиролцож бичгээр байгуулсан, уг гэрээгээр хариуцагч нь металл хайлуулах болон хэв шатаах зуухыг захиалагчийн захиалгаар хийх, захиалагч нь ажлын хөлс, материалын зардалд нийт 8 722 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн, ажил гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл ажлыг чанарын шаардлага хангаагүй байдлаар гүйцэтгэснээс хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгээгүй хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги тооцож төлүүлэхээр гэрээгээр тохиролцсон байна.

 

            Захиалагч нь гэрээнд заасан ажлын хөлс болох 8 722 000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн, мөн 100 000 төгрөгийг нэмж төлснийг ажил гүйцэтгэгч хүлээн авсан, хариуцагч энэ талаар маргаагүй.

 

            Харин хариуцагч буюу ажил гүйцэтгэгч Б.Ш- нь зуухыг хийж бэлэн болгосон гэж тайлбарласан ч ажлын үр дүнг захиалагч “ГА” ХХК-д хүлээлгэн өгснөө нотлоогүй байх бөгөөд ажлын үр дүнг хүлээн аваагүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг баримтаар няцаагаагүй байна.

 

            Иймд ажил гүйцэтгэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх бөгөөд ажлын үр дүнг хүлээн аваагүй захиалагчид хөлс төлөх үүрэг үүсэхгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн 8 882 000 төгрөгийг буцаан шаардсаныг хангах нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

            Түүнчлэн талууд ажил гүйцэтгэх гэрээний 17.1 дэх заалтаар ажлыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож төлүүлэхээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтад нийцэх тул нэхэмжлэгч алданги шаардсаныг хууль болон гэрээний дагуу гэж үзнэ.

 

            Иймд алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлан 8 822 000 төгрөгийн хамт, нийт 13 183 000 төгрөгөөр нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

            Харин ажил гүйцэтгэх гэрээ биелэгдээгүйгээс уг гэрээг үргэлжлүүлэх агуулга бүхий хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй байх тул талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-г дүгнэснийг үндэслэн төлбөр тооцохоор заасантай холбоотой зардал нэхэмжилснийг шүүх нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 15 069 558 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, хэргийн нотлох баримтад үндэслэгдсэн байна.

 

            Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, гэрээний дагуу хийсэн гэх металл хайлуулах болон хэв шатаах зуух, ажлын байр нь хариуцагчийн эзэмшилд байх тул ажлын хөлсөнд 24 567 478 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгчээс шаардсан сөрөг шаардлагыг хангах Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/01328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 233 298 төгрөг, хариуцагчаас төлсөн 346 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ