Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 182ШШ2020/01328

 

 

 

 

 

 

 

 

              2020        06        03  

        182/ШШ2020/01328

    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Г-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Шт холбогдуулан

 

 28.252.558 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З, Т.Б, хариуцагч Б.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

                                                                            

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 

Г-А ХХК нь иргэн Б.Штэй “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. /хүрэл цутгуурын үйлдвэр/ Үүнд шаардагдах тоног төхөөрөмж болох металл хайлах зуух, хэв шатаах зуух, өндөр хүчдэл залгуулах, үйл ажиллагаанд зарцуулагдах хэвний материалын зардлыг Г-А ХХК гаргахаар тохиролцсон. 2018 оны 12 сарын 4-ний өдөр металл хайлах зуух, хэв шатаах зуух хийлгэх тухай 8.722.000 төгрөгийн үнийн дүнтэй “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2019 оны 1 сарын 15-ны дотор хийж хүлээлгэн өгөхөөр байгуулсан. Гэрээний дагуу манай компани нь 2018 оны 12 сарын 5-нд гэрээний үнэ болох 8.722.000 төгрөг, 2018 оны 11 сарын 23-нд өндөр хүчдэл залгуулах төлбөр 2.000.000 төгрөг, 2018 оны 12 сарын 24-нд санхүүгийн туслалцаа үзүүлж 100.000 төгрөг нийт 10.822.000 төгрөгийг иргэн Б.Шийн дансруу шилжүүлсэн, Мөн "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу 2019-03-20-нд 5.998.000 төгрөгөөр үйл ажиллагаанд зарцуулагдах З тн хэв барих материалыг Хятад улсаас худалдан авсан, 2019-03-24-нд тухайн материалын тээврийн зардал 1.568.000 төгрөг, нийт 7.566.000 төгрөг төлсөн. Тухайн үед манай компани нь дээрх төлбөрүүдийг шилжүүлэх боломжгүй байсан тул төрсөн эх Д.Бн нэр дээр 28 сая төгрөгийн үндсэн зээл, 11.025.499.95 төгрөгийн зээлийн хүүгийн зардалтай зээл авч эдгээр үйл ажиллагаанд зарцуулсан. Дээрх төлбөрүүд нь үндсэн зээлийн 65.6714 хувийг /18388000:28000000/ эзэлж байна. Гэвч иргэн Б.Ш нь анхнаасаа гэрээний дагуу ажиллах сонирхолгүй бөгөөд, хууран мэхлэх замаар өөртөө хөрөнгө оруулалт авч гэрээнд заасан зуухнуудыг хийлгүй өөр зуух хийж үйл ажиллагаагаа дангаараа явуулж байгаа. Гэрээний хугацаа хэтэрсэн, шилжүүлсэн төлбөрийг буцаан нэхэмжлэхэд төлөхгүй байгаагаас манай компанид үүссэн хохирол болох “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу болон бусад шилжүүлсэн төлбөр 8.822.000 төгрөг, “Ажил гүйцэтгэх гэрээ-ний 19.2-д зааснаар алданги тооцоход нийт 8189958 төгрөг /8.722.000 х 0.3% х 313 ажлын хоног/ болж байна. “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу 380В хүчдэлийн тог залгах зардалд 2000000 төгрөг, “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үйл ажиллагаанд зарцуулагдах 3 тн материалыг 7566000 төгрөгөөр Хятад улсаас оруулж ирсэн. Тухайн материалын хадгалах хугацаа 1 жил байдаг бөгөөд энэхүү нөхцөл байдлаас болж ашиглах боломжгүй болсон цавууны 2.000.000 төгрөг, зээлийн хүүгийн зардлын 65.6714 хувь болох 7.240.600 төгрөг /11.025.499.95 х 65.6714 хувь/ Нийт 28.252.558 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Б.Ш миний бие Монгол Улсдаа ганц гэж хэлж болох цутгуурчин /цутгах үйлдвэрлэл эрхлэгч/ бөгөөд “Г-А” ХХК нь анх надтай захиалгын дагуу цутгуурын бүтээл хийж гүйцэтгэж байхаар хамтран ажиллах санал тавьсан. Би саналыг нь зөвшөөрч Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу Б.Ш миний бие цутгах үйлдвэрлэлийн байрыг өөрийн хөрөнгөөр барих, мөн өөрийн ур чадвараар металл хайлах зуух, хэв шатаах зуух барих, орж ирсэн захиалгын дагуу цутгуурын баримлыг хийж гүйцэтгэх, харин “Г-А” ХХК нь метал хайлах зуух, хэв шатаах зуух барих зардлыг гаргах, “У” ХХК- иас цутгуурын баримлын захиалга авах үүрэгтэйгээр Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т заасанд нийцүүлэн талууд тус бүр өөрсдийн боломжит хувилбараар хөрөнгө оруулан хамтран ажиллаж эхэлсэн. 2018 оны 12 сарын 04 өдөр бид Хамтран ажиллах гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй 2 гэрээ байгуулсан боловч энэ 2 гэрээ нь бүхэлдээ Хамтран ажиллах гэрээний шинжтэй юм. Ажил гүйцэтгэх гэж нэрлэсэн гэрээгээр тохиролцсон “метал хайлах зуух, хэв шатаах зуух” хийх ажил нь “Г-А” ХХК-д хүлээлгэж өгөөд аваад явах биш хамтын ажиллагааны хүрээнд ашиглах хамтын ажиллагааны үр дүнд бий болж буй хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний шинжгүй билээ. Миний зүгээс “Г-А” ХХК-тай хамтран ажиллана гэж итгэн Хамтран ажиллах гэрээний 6.1.4-т заасны дагуу өөрийн эхнэр З.Мийг “Г” ХХК-д Дундговь аймгийн Гурвансайхан суманд уурхайд тогтоогчоор ажилладаг байсан бөгөөд ажлаас нь гарган цутгах үйлдвэрлэлдээ тогоочоор ажиллуулах гээд хотод авч ирсэн боловч “Г-А” ХХК нь “У” ХХК-иас ямарч захиалга аваагүй бөгөөд “металл хайлах зуух, хэв шатаах зуух” хийх ажлыг хийлгээгүй өөрөө зогсоосон юм. Түүнээс хойш “Г-А” ХХК нь гэрээг цуцлах, татгалзах талаар хууль гэрээнд заасан ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, Хамтран ажиллах гэрээний 19.2-т заасан алдангийн заалт нь гуйцэтгээгуй үүргээс биш гэрээний үнийн дүнгээс бичсэн тул хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хүчингүй юм. Мөн “Г-А” ХХК-тай гэрээ байгуулсан боловч тус компаниас ямар нэгэн төлбөр мөнгө надад шилжүүлээгүй. Нэхэмжлэлийг компани гаргаж байгаа эсвэл Т.П нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжилж байгаа бусдад шилжүүлсэн төлбөр гэж юу хэлж байгаа нь тодорхойгүй, алданги яаж тооцож байгаа нь тодорхойгүй, материалын зардал, зээлийн хүү гэх мэтээр юу нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Харилцан хөрөнгө оруулалт хийчхээд өөрийгөө хохирсон мэтээр надаас огт үндэслэлгүйгээр 28.252.558 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Ш миний бие Монгол Улсдаа ганц гэж хэлж болох уран цутгуурчин /цутгах үйлдвэрлэл эрхлэгч/ бөгөөд “Г-А” ХХК нь анх надтай захиалгын дагуу цутгуурын бүтээл хийж гүйцэтгэж байхаар хамтран ажиллах санал тавьсан. Би саналыг нь зөвшөөрч Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу Б.Ш миний бие цутгах үйлдвэрлэлийн байрыг өөрийн хөрөнгөөр барих, мөн өөрийн ур чадвараар метал хайлах зуух, хэв шатаах зуух барих, орж ирсэн захиалгын дагуу цутгуурын баримлыг хийж гүйцэтгэх, харин “Г-А” ХХК нь метал хайлах зуух, хэв шатаах зуух барих зардлыг гаргах, “У” ХХК- иас цутгуурын баримлын захиалга авах үүрэгтэйгээр Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т заасанд нийцүүлэн талууд тус бүр өөрсдийн боломжит хувилбараар хөрөнгө оруулан хамтран ажиллаж эхэлсэн. 2019 оны 12 сарын 05 өдөр Т.Б гэж хүний данснаас 8,722,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Энэ мөнгө нь Метал хайлах зуух, Хэв шатаах зуухны материалын зардал бөгөөд бид цаашид хамтран ажиллана гээд гэрээ байгуулсан учир дээрх зуухнуудыг хийх ямар нэгэн ажлын хөлс “Г-А” ХХК-иас аваагүй. Өөрсдөө уран зутгуурын захиалга авч намайг ажлаар хангах үүргээ биелүүлээгүй, зуухнуудыг хийх ажлыг өөрсдөө зогсоосон юм. “Г-А” ХХК нэгэнт гэрээнээс татгалзаж байгаа бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6-д тус тус заасны дагуу миний бие өөрийн оруулсан үүрэг буюу ажлын хөлсөө нэхэмжилж байна. Тус зуухнуудыг хийж гүйцэтгэхэд гарах ажлын хөлсийг Монгол улсын мэргэшсэн төсөвчин Ч.Б р үнэлүүлэхэд 13,716,611 төгрөг гарсан.Мөн Хамтран ажиллах гэрээний дагуу миний бие өөрийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн тоот хаягт байрлах ажлын байрыг барьсан. “Г-А” ХХК цаашид хамтран ажиллахгүй байсан юм бол би үйлдвэрлэлийн зориулалттай ажлын байр барихгүй, хувийн сууц барих, эсхүл өөр үйл ажиллагаанд зарцуулж ашиг олох байсан. Тус ажлын байрыг би өөрөө барьсан бөгөөд надад үлдэх учир барилгыг барихад гарсан зардлыг нэхэмжлэхгүй, харин барилгыг барьсан ажлын хөлс 10,850,867 төгрөгийг “Г-А”  ХХК-иас нэхэмжилж байна. Ажлын хөлсний үнэлгээг Монгол улсын мэргэшсэн төсөвчин Ч.Б р гүйцэтгүүлсэн болно.Харилцан хөрөнгө оруулалт хийж намайг илүү хохироочхоод өөрийгөө хохирсон мэтээр надаас үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаад таньж мэддэг хүний хувьд гайхаж байна. Иймд Б.Ш миний бие болон “Г-А” ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 сарын 04 өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу уран зутгуурын үйлдвэрлэлд зориулж Б талаас барьсан үйлдвэрлэлийн зориулалттай ажлын байрыг барьсан ажлын хөлсний зардал 10,850,867 төгрөг, “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний захиалагчийн захиалгын дагуу Метал хайлах зуух, Хэв шатаах зуух хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 13,716,611 төгрөг, нийт 24,567,478 төгрөгийг “Г-А” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “Г-А” ХХК нь хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд металл хайлах зуух, хэв шатаах зуухнуудыг барьсан ажлын хөлсийг 13.716.611 төгрөг гэж дурдсан байна. 2018 оны 12 сарын 4-нд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 45 хоногийн хугацаанд металл хайлах зуух, хэв шатаах зуухнуудыг хийж, манай компанид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Манай компани нь иргэн Б.Ш-ийн үйл ажиллагааг дэмжиж, итгэл хүлээлгэж 2018 оны 11 сарын 23-нд ажлын байранд нь өндөр хүчдэл залгуулах төлбөр 2.000.000 төгрөг, 2018 оны 12 сарын 5-нд гэрээний үнэ болох 8.722.000 төгрөг, 2018 оны 12 сарын 24-нд санхүүгийн туслалцаа үзүүлж 100.000 төгрөг нийт 10.822.000 төгрөгийг иргэн Б.Шийн дансруу шилжүүлсэн. Гэвч одоо болтол хариуцагч гэрээнд заасан хайлах зуух, хэв шатаах зуухнуудыг хийж өгөөгүйгээс болж манай компани У ХХК-иас захиалга хүлээн авч чадахгүй, банканд үр ашиггүй хүүгийн зардал төлж, үйл ажиллагаа доголдож, ашиг орлогогүй ажиллаж байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд 2019 оны 12 сарын 5-ны өдөр Т.Б гэж хүний данснаас 8.722.000 миний данс руу шилжүүлсэн. Энэ мөнгө нь метал хайлах зуух, хэв шатаах зуухны материалын зардал бөгөөд ямар нэгэн ажлын хөлс аваагүй гэж дурджээ. Ажил гүйцэтгэх гэрээний 12.2. Ажлын хөлсөнд ажлын хөлс, ажил гүйцэтгэхэд шаардагдах зардал, ажил гүйцэтгэгчийн олох орлого, ашиг, туслан гүйцэтгэгч нарын ажлын хөлс, техник, технологи ашиглалтын зардал, үндсэн ажлын зардал, холбогдох татвар, хураамж, /НӨАТ-аас бусад буюу орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хураамж гэх мэт/ болон бусад бүх төрлийн зардал багтсан болно гэж заасан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд хамтран ажиллах гэрээг үндэслэн ажлын байр барьсан ажлын хөлс   10.850.867 төгрөг гэж дурдсан байна. Хамтран ажиллах гэрээнд Б.Ш ажлын байр барих гэсэн ямар ч үг, өгүүлбэр, агуулга байхгүй. Хамтран ажиллах гэрээг байгуулах үед Б.Шийг жижиг хэмжээний хүрэл цутгуурын үйлдвэрлэл эрхэлдэг ажлын байртай, цутгуурын ажил хийх туршлагатай байсан тул гэрээ байгуулсан. Хариуцагч нь ажлын байрыг өмнө нь барьсан байсан бөгөөд ажлын хөлс нь манай компанийн хамтын ажиллагааны гэрээтэй хамааралгүй болно. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд Г-А компани нь өөрсдөө уран цутгуурын захиалга авч намайг ажлаар хангах үүргээ биелүүлээгүй, Зуухнуудыг хийх ажлыг Г-А компани зогсоосон юм гэжээ. Ажил гүйцэтгэх гэрээний 16.6. Энэ гэрээний 17.4, 17.5-д заасны дагуу нэг талын санаачилгаар Гэрээг цуцлах тохиолдолд Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 7-оос доошгүй хоногийн өмнө нөгөө Талд бичгээр хүргүүлнэ гэж заасан байхад Г-А компани зуух хийх ажлыг зогсоосон гэдэг нь ор үндэслэлгүй бөгөөд зогсоох талаар бичгээр хүргүүлэх болон аман мэдэгдэл өгөөгүй. Хариуцагч нь 2020 оны 5 сарын 5-нд шүүхэд өгсөн тайлбартаа гэрээ цуцлах, татгалзах талаар ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй гэсэн тайлбар өгсөн. Гэрээнд заасны дагуу шаардлага хангасан зуухнуудыг хийж гүйцэтгэх талаар шаардлага удаа дараа тавьж байсан. Иймд иргэн Б.Ш-н гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийг нотлох бичиг баримт, бодит байдалтай харьцуулан үзэхэд зөрүүтэй, нийцэхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай компанийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү  гэв.

                                     

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Г-А” ХХК нь хариуцагч Б.Шт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 8.822.000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний дагуу тооцсон алданги 8.189.958 төгрөг, “Хамтран ажиллах гэрээний” дагуу 380В хүчдэлийн тог залгах зардалд 2.000.000 төгрөг, “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үйл ажиллагаанд зарцуулагдах 3 тн материалыг 7.566.000 Хятад улсаас оруулж ирсэн. Тухайн материалын хадгалах хугацаа 1 жил байдаг бөгөөд энэхүү нөхцөл байдлаас болж ашиглах боломжгүй болсон цавууны үнэ 2.000.000 төгрөг, зээлийн хүүгийн зардал 7.240.600 төгрөг, нийт 28.252.558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд үндэслэлээ, ажил гүйцэтгэх гэрээний дагуу металл хайлах зуух, хэв шатаах зуухнуудын гэрээнд заасан хугацаандаа хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Хариуцагч Б.Ш нь нэхэмжлэгч “Г-А” ХХК-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу уран зутгуурын үйлдвэрлэлд зориулж барьсан үйлдвэрлэлийн зориулалттай ажлын байрыг барьсан ажлын хөлсний зардал 10.850.867 төгрөг, “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний захиалагчийн захиалгын дагуу Металл хайлах зуух, хэв шатаах зуух хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 13.716.611 төгрөг, нийт 24.567.478 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Г-А” ХХК болон хариуцагч Б.Ш нарын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдаж /хх-ийн 10-14/, хариуцагч нь металл хайлуулах зуух, хэв шатаах зуухыг хийж өгөх, ажлын хөлс 8.722.000 төгрөгөөр тогтоож, гэрээний хүчинтэй хугацаа 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, гэрээний 12.4-д гэрээний үнийн дүнгийн 100 хувийн урьдчилгаа буюу 8.722.000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 2 хоногт нэхэмжлэхийн дагуу Хааны банкны  тоот ажил гүйцэтгэгчийн дансанд шилжүүлгээр төлнө. Ажил гүйцэтгэгч нь ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл ажлыг чанарын шаардлага хангаагүй байдлаар гүйцэтгэснээс тийнхүү ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлөхөөр заасан ба энэ талаар зохигч маргаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээгээр нэхэмжлэгч “Г-А” ХХК нь ажлын нийт хөлсөнд 8.722.000 төгрөгийг төлөх, гэрээний 11.2-д Талууд ажлын гүйцэтгэлийг хүлээлцэхдээ тал тус бүрээс төлөөллийг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр ажлыг хүлээлцэнэ. 11.3-д Ажлын гүйцэтгэлд хамаарах метал хайлуулах, хэв шатаах зуух нь чанарын өндөр түвшинд хийгдэж хэвийн ажиллагааг харуулсан тестийн зутгуур хийж, тухайн зуухыг ашиглах зааврын дагуу ажилуулж бүрэн хүлээлгэж өгнө. Энэхүү гэрээний нөхцөлийн дагуу “Г-А” ХХК нь гэрээний нийт төлбөр болох 8.722.000 төгрөгийг төлж барагдуулсан. Уг төлбөрийг төлсөн тухайд талууд маргаагүй.  

 

Дээрх ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, ажлын хэмжээ, ажлын хөлс, ажлын үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар талууд гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэх үүрэгтэй ба Металл хайлуулах зуух, хэв шатаах зуух хийх ажлын гэрээг гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны дотор багтаан хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Энэхүү гэрээний дагуу хариуцагч Б.Ш нь дээрх ажлуудыг хийж гүйцэтгэж байсан, гэрээнд заасан ажил буюу Металл хайлах зуух, хэв шатаах зуухыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэж дуусгасан хэмээн тайлбарлан 2020 оны Монгол улсын мэргэшсэн төсөвчин Ч.Бийн гаргасан Иргэн Б.Шийн “Г-А” компанийн мателл хайлах, хэв шатаах зуух угсрах нийт 45 хоногийн ажлын хөлсний нэгдсэн төсөв, З.Мийн Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, “Е” ББСБ-ийн хүү тооцооллын хүснэгт зэргийг  нотлох баримтаар гаргажээ.

 

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагчийн татгалзал тайлбар нь тогтоогдохгүй, Б.Шийг гэрээнд заасан ажлыг гэрээнд заасан хугацааны дотор хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн талаараа “Г-А” ХХК-д мэдэгдсэн баримтгүй байх тул гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Шт гэрээний нийт төлбөр 8.722.000 төгрөг дээр нэмж 100.000 төгрөгийг өгсөн гэж тайлбарласан. Хариуцагч Б.Ш нь 8.722.000 төгрөг дээр нэмж 100.000 төгрөг өгснийг үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн. Талууд үүн дээр маргаагүй болно.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 17 дугаар зүйлийн 17.1-т “Ажил гүйцэтгэгч нь ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл ажлыг чанарын шаардлага хангаагүй байдлаар гүйцэтгэснээс тийнхүү ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө“ гэж заасан бөгөөд талууд гэрээндээ алданги гэж нэрлэн заасан ба гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүй Б.Шээс алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм.

 

Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дууссан, бөгөөд Б.Шээс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үүргээ хугацаа хэтрүүлэх болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийн анз гэнэ“,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заажээ.

  

Иймд дээрх хуульд зааснаар төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 8.822.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 4.361.000 төгрөг, нийт 13.183.000 төгрөгийг хариуцагч Б.Шээс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

“Хамтран ажиллах гэрээний” дагуу 380В хүчдэлийн тог залгах зардалд 2.000.000 төгрөг, “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үйл ажиллагаанд зарцуулагдах 3 тн материалыг 7.566.000 Хятад улсаас оруулж ирсэн. Тухайн материалын хадгалах хугацаа 1 жил байдаг бөгөөд энэхүү нөхцөл байдлаас болж ашиглах боломжгүй болсон цавууны үнэ 2.000.000 төгрөг, зээлийн хүүгийн зардал 7.240.600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч “Г-А” ХХК болон хариуцагч Б.Ш нарын хооронд “Хамтран ажиллах гэрээ”-г 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулжээ. Гэрээ байгуулсан тухайдаа талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч “Г-А” ХХК нь хамтран ажиллах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3-д заасны дагуу 2.000.000 төгрөгийг Б.Шт өгсөн. Мөн бараа материал болох цавууны үнэ 2.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаарджээ.

Хариуцагч Б.Ш нь 2.000.000 төгрөгийг хүлээн авсан тухайдаа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Харин бараа материал болох цавууг хүлээн аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.

 

Нэхэмжлэгч “Г-А” ХХК болон хариуцагч Б.Ш нарын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.1.3-д ...Б тал нь А талаас 380 цахилгаанд холбуулахад туслалцаа 2.000.000 төгрөгийг авах бөгөөд үүний хүрээнд А талтай 4 жилийн хугацаанд хамтран ажиллаж, хугацааны эцэст хангалттай сайн ажилласан гэж үзвэл дээрх төлбөрийг авахгүй байж болно... гэж заажээ. Үүнээс үзэхэд талууд хооронд байгуулсан гэрээг дүгнэсэн эсэх нь тодорхойгүй, гэрээг дүгнэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул уг гэрээний дагуу 2.000.000 төгрөгийг хариуцагч Б.Шээс гаргуулан шийдвэрлэх боломжгүй байна.

 

Бараа материал болох цавууг хариуцагч Б.Шт хүлээн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, Мөн Төрийн банкнаас хүүтэй зээл авч гэрээний дагуу Б.Шт төлбөрийг төлсөн тул зээлийн хүүгийн зардал 7.240.600 төгрөгийг хариуцагч Б.Шээс гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Б.Шээс гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр болох 8.822.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г-А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар нотлогдохгүй байгаа 15.069.558 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаж  2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу уран зутгуурын үйлдвэрлэлд зориулж барьсан үйлдвэрлэлийн зориулалттай ажлын байрыг барьсан ажлын хөлсний зардал 10.850.867 төгрөг, “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний захиалагчийн захиалгын дагуу Метал хайлах зуух, хэв шатаах зуух хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 13.716.611 төгрөг, нийт 24.567.478 төгрөгийг “Г-А” ХХК-иас гаргуулахаар шаардсаныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь Б.Ш нь Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу уран зутгуурын үйлдвэрлэлд зориулж барьсан үйлдвэрлэлийн зориулалттай ажлын байрыг барьсан ажлын хөлсний зардал 10.850.867 төгрөг, “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний захиалагчийн захиалгын дагуу Метал хайлах зуух, хэв шатаах зуух хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 13.716.611 төгрөгийг төлсөн хэмээн тайлбарлан нотлох баримтаар Монгол улсын мэргэшсэн төсөвчин Ч.Баттөмөрийн “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тоотод байрлах /Иргэн Б.Ш/”-ийн эзэмшлийн 84.7 м.2 бүхий Цутгуурын үйлдвэрийн зориулалттай ажлын байрны барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн төсөв, Иргэн Б.Шийн “Г-А” компанийн Металл хайлах, хэв шатаах зуух угсрах нийт 45 хоногийн ажлын хөлсний нэгдсэн төсөв, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15/00005/19 дугаартай Техникийн нөхцөл, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Дээрх баримтуудаас үзэхэд Б.Ш нь хамтран ажиллах гэрээний дагуу цутгуурын үйлдвэрийн зориулалттай ажлын байрны барилга угсралтын ажлыг хийсэн эсэх нь ойлгомжгүй, гэрээний дагуу төлбөр төлсөн эсэх тодорхойгүй, Металл хайлах, хэв шатаах зуух угсрах ажлыг хийхэд илүү зардал гаргасан эсэх 13.716.611 төгрөгийн зардал гарсан эсэх нь ойлгомжгүй байна.

 

Иймд гэрээнд заасан үүргээ “Г-А” ХХК нь биелүүлээгүй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хангах боломжгүй юм. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар  зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Шээс 13.183.000 /арван гурван сая нэг зуун наян гурван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г-А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15.069.558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.Шийн “Г-А” ХХК-д холбогдуулан 24.567.478 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Г-А” ХХК-ийн 299.213 төгрөг, хариуцагч Б.Шийн 280.800 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Шээс улсын тэмдэгтийн хураамжид 223.865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г-А” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ДАВААСҮРЭН