| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0004/э |
| Дугаар | 0026 |
| Огноо | 2017-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Цэнд-Аюуш |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн
улсын яллагч: М.Цэнд-Аюуш
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов
шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Т Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706033080405 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Т Б, 199 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ай ди мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Их тойруу гудамжны 73/10 дугаар байрны 47 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй ,РД:ДМ97081813,
Холбогдсон хэргийн талаар:
Т.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Бөянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Венус нэртэй бааранд Г.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийн хүрээнд хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Венус бааранд Ди Жи хийдэг юм. 2017 оны 11 дүгээр сарын 14-с 15-нд шилжих шөнө манайхаар үйлчлүүлж байсан үл таних залуутай ариун цэврийн өрөөнөөс гарч явж байгаад мөргөлдсөн. Тэгтэл зүгээр яваач пизда чинь гээд миний нүүрэнд нэг удаа гараараа цохисон. Би өмнөөс нь зодолдоод баруун гараараа тэр залуугийн хамар хэсэгт 1 удаа цохисон. Надтай маргасан залуу согтуу байсан гэжээ. /хх-ийн 08/
Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 02.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Венус бааранд эхнэр С.А хамт явж байсан бөгөөд 00 орох гээд явж байтал замд 170 см орчим өндөртэй 64-65 жинтэй, 20 орчим насны залуу намайг мөрөлсөн. Би яагаад байгаа юм бэ гэхэд хамар луу цохиод миний хамрыг хугалсан. Бид хоёрт маргалдаж муудалцсан зүйл байхгүй зүгээр л намайг мөрлөөд хамар луу цохисон гэжээ. /хх-н 3-6/, 23/
Гэрч Р.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б нь миний найз байгаа юм. Бид хоёр 10 жилийн найзууд юм. Манай найз төлөв даруу зантай хүний үгийг хүлээж авах чадвартай, ажилч хичээнгүй зантай. Б ам бүл 6-уулаа аав ээж дүү нарыхаа хамт амьдардаг юм. Бид хоёр нэг дор ажиллаад сар гаран болж байгаа юм. Манай найз архи дарс нэг их хэрэглээд байдаггүй юм. Өмнө нь хэрэг түвэгт орж байгаагүй гэжээ. / хх-н 25-26/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б миний найз байгаа юм. Бид хоёр найзлаад 15 жил болж байгаа юм. Төлөв даруу зантай, түргэн уургүй, хүнтэй харьцах чадвар сайтай, архи дарс нэг их хэрэглээд байдаггүй юм гэжээ. / хх-н 27-28/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 8/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 14300 тоот шинжилгээ/ Дүгнэлтэд:
1.Г.Э биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 9/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/хх-н 22-/
Т.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 20-21/
Т.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-19/,
Т.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 10 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 11/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 12/ оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-н 13/ хохирогч Г.Э хохиролгүй, гомдолгүй гэсэн хүсэлт /хх-_н 31/зэрэг болно.
Т.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Бөянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Венус нэртэй бааранд Г.Э мөрлөлөө гэж шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Г.Э биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэ Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 14300 тоот шинжилгээний дүгнэлт /хх-ийн 9/
Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …. 00 орох гээд явж байтал замд 170 см орчим өндөртэй 64-65 жинтэй, 20 орчим насны залуу намайг мөрөлсөн. Би яагаад байгаа юм бэ гэхэд хамар луу цохиод миний хамрыг хугалсан. Бид хоёрт маргалдаж муудалцсан зүйл байхгүй зүгээр л намайг мөрлөөд хамар луу цохисон гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …үл таних залуутай ариун цэврийн өрөөнөөс гарч явж байгаад мөргөлдсөн. Тэгтэл зүгээр яваач пизда чинь гээд миний нүүрэнд нэг удаа гараараа цохисон. Би өмнөөс нь зодолдоод баруун гараараа тэр залуугийн хамар хэсэгт 1 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 08/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Т.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна. Иймд Т.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Т.Батнайрамдал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 ,38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бэсүд овогт Т Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг 15 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Т.Б авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН