Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 331

 

М.М-ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 319 дүгээр магадлалтай, М.М-ад холбогдох 201726020861 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гар утас засварчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, 

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, М овогт М-н М.

М.М- нь 2016 оны 12 дугаар сарын 15-наас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад нийт 8,159,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.М-ын үйлдлээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөртэ” дэлгүүрийн орчим иргэн Т.Б-н халааснаас “Асус” маркийн гар утсыг авч 250,000 төгрөгийн хохирол, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн орчим иргэн Б.Б-н халааснаас Самсунг Эс-5 маркийн гар утсыг авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч М.М-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч М.М-ыг 5 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.М-ын урьд цагдан хоригдсон 351 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М-ын урьд цагдан хоригдсон 552 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьсралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг хянаад зүйлчлэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.3-д заасан “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байна.Тодруулбал:

1. Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалт нь “Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжийг агуулдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж хуульчилж өгсөн. Тэгэхээр хүндрүүлэх шинжгүйгээр үйлдэгдсэн хулгайлах үйлдэл нь 300,000 төгрөгөөс доош хохирол учруулсан байвал гэмт хэрэгт тооцогдохгүй, зөрчил гэж үзэх учиртай. Шүүгдэгч М.М-ын үйлдлүүдийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан шинжийг агуулаагүй гэж үзэж байгаа тул түүнийг 5 удаагийн гэмт үйлдэлд гэм буруутай гэж үзэх нь Эрүүгийн хуульд нийцэж байна.

Нэг ёсны 5 ч бай, 7 бай ямартай ч хэд, хэдэн удаагийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх шинжийг хангаж байгаа эсэхийг нотлон тогтоосны дараагаар л нийт 5, эсхүл 7 удаагийн гэмт үйлдэл гэж үзнэ.

Иймд нь Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх боломжгүй талаар доорхи тайлбарыг гаргаж байна.

“Байнга үйлдэж” гэх тухайд 2017 оны 03 дугаар сарын 21-нээс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд хамаарах 5 удаагийн үйлдэл нь тус бүртээ гэмт хэргийн шинжийг агуулж байгаа үйлдэл мөн боловч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн 1 гэмт хэрэг юм. Нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан, үргэлжилсэн нэг гэмт хэрэг бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулж, “байнга үйлдсэн” гэдэг шинжээр хүндрүүлэн зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй. Тэгээд ч цаг хугацааны хувьд авч үзвэл эхний үйлдэл нь дараагийн үйлдлээсээ 6 сарын өмнө /2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан/ үйлдэгдсэн бөгөөд дараагийн 3 удаагийн үйлдэл нь 19 хоногийн дотор, сүүлийн үйлдэл нь дээрх үйлдлүүдээсээ 3 сар гарангийн дараа үйлдэгдсэн байгааг харахад “тогтвортой, хэвшмэл маягтай, байнгын ажил болгосон” гэж үзэх ямар ч боломжгүй юм.

2. “Амьдралын эх үүсвэр болгосон” гэх тухайд М.М- нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд /2017 оны 03 дугаар сарын 21-нээс 2018 оны 01 дүгээр сарын 16-наас ч өмнөх хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж байсан/ тодорхой ажил хөдөлмөр буюу 2017 оны 09 сараас өмнө барилгын туслах ажил хийж байсан талаарх “Таван огторгуй” ХХК-ийн тодорхойлолт, 2017 оны 09 дүгээр сард “Гар утасны засварчин” мэргэжил эзэмшсэнээс хойш Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гар утас худалдааны төв”-д №5 дугаартай лангуу түрээслэн ажиллаж байсан болох нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

М.М-ыг ажил хөдөлмөр эрхэлж байсан талаарх дээрх нотлох баримтууд байсаар тэдгээрийг анхан шатны шүүх бүрэлдэхүүн “...бусдын эд хөрөнгийг хулгайлж зарж борлуулсан мөнгийг ар гэр, өөрийн ахуй амьдралд зарцуулаагуй бусад зүйлд зарцуулсан нь амьдралын эх үүсвэр болгоогүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. ...гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан... амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь туйлын харамсалтай байна. Зүй ёсоор бол харин ч хууль бус орлогоо юунд, хэрхэн зарцуулсан нь хамгаас их хамаатай бөгөөд тухай орлогыг амьдралынхаа эх үүсвэрт зарцуулсан гэдгийг нотолж байж л 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар зүйлчилж болох үндсэн шинж нь юм.

Нөгөөтэйгүүр М.М- нь дээрх 5 удаагийн үйлдлээс олсон орлогоо амьдралынхаа эх үүсвэрийг болгосон гэх эсхүл үндсэн хэрэгцээндээ зарцуулсан гэж үзэх нотлох баримт эрүүгийн хэрэгт байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг дурдах нь зүйтэй.

Мөн М.М- нь Б.М-н Iphone-7, Э.М-н Iphone-7 Plus зэрэг утсыг биет байдлаар нь тухайн үедээ хохирогч нарт хүлээлгэн өгч байсан, мөн хохирогч Л-н Samsung S-8 утсыг нь М.М-тай хамт явсан Төгөлдөр гэх залуу тухайн үед аваад явсан гэж мэдүүлсэн зэргээс харахад дээрх 3 иргэний утсыг М.М- нь зарж борлуулаад, орлого олж, амьдралдаа зарцуулсан гэж үзэх боломжгүй байна. Харин Ж.Э, П.О нарын утсыг хямд үнээр зараад олсон орлогоо зөвхөн наргих цэнгэх зэрэгт зарцуулжээ.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх “амьдралын эх үүсвэрээ болгосон” гэх гол шинж нь гэмт хэргийг байнга үйлдэж олсон орлогоо гэмт этгээд нь өөрийнхөө амьдралын эх үүсвэр болгосон байхыг л шаарддаг гэдгийг дахин, дахин хэлмээр байна.

Дүгнээд хэлбэл М.М- нь 7 удаагийн үйлдлээр байнга, хууль бус орлого олж, түүнийгээ өөрийнхөө амьдралын эх үүсвэр болгох буюу үндсэн хэрэгцээгээ хууль бус орлогоороо хангаж байсан гэдгийг нотлох нэг ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг бөгөөд түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй гарчээ.

Мөн энэ хэрэгтэй ижил төстэй гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 499 дугаартай тогтоолоос ч харахад М.М- нь үргэлжилсэн үйлдлээр 5 удаагийн хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр үйлдсэн болох нь тодорхой болж байна.

2. Түүнчлэн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Б.Б-н халааснаас алдагдсан 250,000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг М.М- авсан гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй юм. Зөвхөн Б.Б-н араас 3 этгээд дагаж явсан талаар бичигдсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн байдаг бөгөөд тэдгээрийн хэн нь хохирогчийн гар утсыг хулгайлсан болох, эсхүл бүлэглэж хулгайлсан эсэх талаар нотолж тогтоосон баримт хэрэгт байхгүй юм. Хэдий тийм боловч М.М- нь Б.Б-т учирсан 250,000 төгрөгийн хохирлыг төлөхийг хүсч, хичээсэн боловч тухайн хэрэг гарах үед хохирогч нь Улаанбаатар хотод суралцахаар ирээд байр түрээслэж амьдарч байсан, одоо утас нь холбогдохоо больж, түрээсийн байрнаасаа гараад удаж байгаа зэрэг шалтгааны улмаас хохирлыг нь хүлээлгэн өгч чадаагүй юм. Мөн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар хохирлын мөнгө хүлээн авдаг байсан дансаа ашиглахаа больсон байгаа тул хохирлын мөнгийг төлж чадаагүй юм. Хэрэв боломжтой байсан бол төлөхөд бэлэн байсан билээ.

Шүүгдэгч М.М- нь энэ талаар буюу тухайн Б.Б-н утсыг хулгайлаагүй талаараа шүүхэд мэдүүлснийг “гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж үзсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолж тогтоогоогүй байж, өөрөөр нь гэм бурууг хүлээлгэхээр, мөн өөрөө хүлээхгүй байна гэдгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн 6.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон...” гэж хуульчилсан байгааг онцолмоор байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, М.М-ад оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нь 2016 оны 12 дугаар сарын 15-наас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад нийт 8,159,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн М.М-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

М.М- нь 2016 оны 12 дугаар сарын 15-наас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад нийт 8,159,300 төгрөгийн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

М.М-ын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын үндэс болгосон гэх шинжид хамааруулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч М.М-ын 2015 онд үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “танхайрах” гэмт хэргийг энэ гэмт хэрэгтэй нэгтгэсэн байх ба түүний урьд цагдан хоригдсон 201 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцоогүй алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж нийт 552 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан “...хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй, ...Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан хүний эрхийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул М.М-ад оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 319 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН